Л.Цог: Миний амьдралын нугачаа ийм болж таарлаа

9-р сарын 12, 2012 1:08 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 313

М.ГАНЦЭЦЭГ

 

УИХ-ын дэд дарга Л.Цогтой ярилцлаа. Тэрээр Үндсэн хууль батлалцсан туршлагатай улстөрч, хуульч юм. Л.Цог дарга зургаа дахь парламентад орж ирснээс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Тэрээр 22 жилийн улс төрийн замналынхаа тухай ийн ярьж байна.

 

-Та Үндсэн хууль батлалцаж, анхны УИХ-ын шавыг тавьж явсан хүн. Улс төрд орсон түүхээсээ хуваалцаач?

-1990 оны анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон юм. АИХ-аас намайг Улсын Бага Хурлын гишүүн болгосон. Бага Хурлаас Хууль зүйн байнгын хорооны анхны даргаар томилж байлаа. Мөн Үндсэн хууль батлах улсын комиссын гишүүн болж, 1992 онд Үндсэн хууль баталсны дараа  анх­ны парламентыг орхи­сон юм. Түүнээс хойш 20 жилийн дараа хоёр дахь удаагаа хууль тогтоох бай­гууллагын гишүүнээр Орхон аймгаас сонгогд­лоо.

-20 жилийн өмнөх, одоогийн парламентын ялгаа, онцлог танд хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Ялгаа их байна. Би нэг зүйлээр бахархаж яв­даг. Монголын түүхэнд Улсын Бага Хурал шиг хууль тогтоох байгууллага дахиж бий болохгүй. Анх­дагч байсан, хувийн өмч байгаагүй учир өмч дага­сан хувийн ашиг сонирхол гэж байгаагүй. Хуучин тогтолцоог ну­рааж, шинэ тогтолцоог хэрхэн бий болгох вэ гэсэн оюун бод­лын уралдаан болж өнгөр­сөн. Энэ үед л Монголын дөрөв дэхь Үнд­сэн хуулийг баталсан. Хүний эрх, эрх чөлөөг хангасан том бүлэг орж, төрийн эрх мэдлийг гурав хуваасан. Үндсэн хуульд хяналт тавих ме­ханизм бий болсон. Өмнөх гурван Үндсэн хуулиас ялгаатай ардчилсан Үндсэн хууль болсон гэж болно.1999-2000 онд хоёр удаа Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон нэмэлтийг эс тооцвол бид зах зээлд шилж­сэн ардчилсан Үнд­сэн хуулийг баталж чадсан.

Тухайн үеийн анхны парламентын шавыг тавьж байхад ажиллах нөхцөл, ахуй хангамж, Тамгын газрын бүрэлдэхүүн, хүч чадал одоогийнх шиг байгаагүй. Өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. Энэ утгаар байрандаа байгаагүй хөгжсөн байна. Одоо бол УИХ-ын гишүүд туслах­тай, зөвлөхтэй, Тамгын газар хангалттай орон тоотой, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болжээ. Энэ нь хууль тогтоох байгууллагад тав тухтай ажиллах том боломж мөн. Тэр үед гишүүд туслахгүй, Тамгын газар тусдаа ч байсангүй. 22 жилийн дараа пар­ламентыг эргэж харахад надад сонин сэтгэгдэл төрж байгаа. 

-Үндсэн хуулийн нэмэлтийг олон хүн буруутгадаг. Парламент ёс, төрт ёсонд сөргөөр нөлөөлсөн гэдэг. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчсөн нэмэлт оруулсан учир төрийн тогтолцоо гажсан. Үүнийг арилгахаар шинэ парламент хүчтэй ажиллах ёстой. Одоо УИХ-д бүлэг байгуулах хэмжээний гурван том нам байна. Ардчилсан нам, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, одоогоор бүлэг байгуулаагүй Ардын нам бий. Мөн ИЗНН ч байгаа. Монголын парламентыг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд ухаалаг ажиллаж, эр зориг гаргавал төрийн тогтолцооны гажиг арилна. Шинэчлэлийн Засгийн газар өөрчлөлт, шинэтгэлээ суурь Үндсэн хуулиа барьж хийх том чиглэл бий. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд засах томоохон алхмыг ч хийх ёстой. Засгийн газар бүхэл­дээ өнөөгийн нийгмийн амьдралыг огцом өөд нь татах том бодлого явуулах ёстой. Манайх том газар нутаг, цөөн хүн амтай, их баялагтай, хоёр том гүрний дунд оршиж буй геополитикийн нөхцөлд байгаа энэ үед дэлхийн эдийн засгийн хямралыг харгалзсан том бодлого явуулж чадвал Монголын ард түмний амьдрал өөдөлнө. Үндсэн хуульд заасны дагуу байгалийн баялаг тухайн ард түмний өмч байх ёстой учир ард түмэнд түлхүү өгөх, Оюутолгойн гэрээг засах ажлыг энэ парламент, Засгийн газар хийх ёстой.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж улс төрийн тогтолцоог гажуу­дуулсан нь улстөрчид, намууд өөрсдөө биз дээ?

-Одоо харахад улс төрийн тогтолцооны субъектууд дотроос хамгийн болж бүтэхгүй, үймүүлж будилуулдаг, хариуцлагагүй нь улс төрийн намууд мөн. Намуудыг төрийн дээр биш, төртэй зэрэгцүүлэхгүй, түүнийг орлодог ч биш, хууль зүйн утгаараа Засгийн эрхийн төлөө тэмцдэг иргэний нийгэм, төрд тусалдаг байхаар эрх зүйн орчинг өөрчлөх ёстой юм. Улстөржсөн гажуудлыг арилгах том алхам хийх хэрэгтэй.

-Та УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэдэн онд хашиж байв. Энэ албанд байсан үе үеийн дарга нар мэргэшсэн хуульчид байдаг байх аа?

-1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл Засгийн эрхэнд олуулаа гарахад Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад намайг УИХ-аас томилж байсан. Гурван жилийн дараа Хууль зүйн сайдаар дэвшсэн түүхтэй. Тамгын газрыг хуульч хүн удирддаг олон улсын жишиг бий. Би Тамгын газрын гурав дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа.  Энэ удаагийн УИХ-д  бүлэгтэй намын хувьд  дэд даргаар томиллоо.

-УИХ-ын дэд даргыг бүлэгтэй намаас нэр дэвшүүлэх хуультай. Дэд дарга нь УИХ-ын даргыг эзгүйд орлодог албан тушаал уу, өөр ямар эрх мэдэлтэй байдаг юм бэ?

-Бүлэг байгуулсан нам дэд даргатай байдаг. Дэд дарга нь тухайн на­мын­хаа бүлгийн бод­логыг ерөнхийд нь зохи­цуулахаас гадна УИХ-ын үйл ажиллагаанд удир­дах хэмжээнд оролц­дог, УИХ-ын даргын эзгүйд түүний үүргийг гүйцэтгэдэг. Хийх ажил их бий. Сонгууль бүрт харилцан адилгүй бай­сан. Нэг нам үнэмлэхүй олон болох үед нэг дэд даргатай байсан. Энэ удаад гурван дэд даргатай байх магадлал­тай байна. Ардын нам бүлэг байгуулаагүй учир дэд даргагүй байгаа.

-УИХ-ын дэд даргын хувьд таныг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар томилсон байна лээ. Шинэ ажлынхаа талаар танилцуулаач?

-Өргөн цар хүрээтэй нүсэр ажил л даа. Нийгмийг түгшээсэн их хэлмэгдүүлэлтэд өртсөн олон мянган хүнийг цагаатгах ажил одоо хүртэл дуусаагүй байна. Энэ ажлыг шинэ өнцгөөс харж орчин үеийн хэлмэг­дүүлэлт гаргуулахгүй байх чиг үүрэгтэй ажиллана гэж бодож байгаа.

-Хэлмэгдүүлэлтийг тухайн цаг үед нь биш олон жилийн дараа мэдэж ца­гаатгадаг нь харамсалтай гэдэг. 1920-иод оноос эхэлсэн хэлмэгдүүлэлт өнөөдөр ч арилаагүй гэж зарим хүн ярьдаг?

-Хэлмэгдүүлэлт олон түмнийг хамарсан аймшигтай үзэгдэл. 1930-аад оны хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудлыг хагас зууны дараа ярьж байна. Монгол удмын сангийн­хаа өнгөтэй өөдтэй бүхнээ устгасан. Тэр үеийн коминтерн, гадаад, дотоодын бодлого ч орсон байх. Үнэхээр хэлмэгдсэн учир хүн бүрийг толгой дараалан цагаатгах нүсэр ажил явж байгаа. Нөгөө талаар аймшигт зүйлийг давтахгүй байх нь түүнээс ч дутуугүй хэцүү асуудал. Одоо ч гэсэн хүмүүсийг үзэл бодлоор нь, хэсэг бүлгээр нь, на­маар нь ялгах зүйл байна. Ард түмэн сонор сэрэмжтэй байхгүй бол орчин үеийн хэлмэг­дүү­лэлт болохгүй гэх газаргүй.

-Ирэх дөрвөн жилд парламентад давхар алба­тай байх нь. Намынхаа ажилд оролцох зав олдож байна уу?

-Би МАХН-ын нарийн бичгийн дарга, орон тооны бус албатай. Хууль тогтоох байгуул­лагыг намтай холбох гүүр болох үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. Шинэ тутам байгуулагдаж байгаа УИХ, хамтарсан Засгийн газар байгуулах ажил хугацаа их авч байна. Тиймээс намын ажил руу орох цаг зав хомс юм. Гэхдээ УИХ, Засгийн газар дотор манай намын ч бодлого явж байгаа.

-Сонгуулиас хойш тойрогтоо ажиллав уу?

-Орхон аймагтаа дөр­вөн удаа очсон. Наадмын өмнө очиж баяр ёслолд оролцсон. Чуул­ганы завсарлагаанаар ажиллах боломжтой. Орхон аймагт наадмын дараа үер болж нэлээд хэмжээний хохирол учирсан. Тэр бүхнийг арилгах, санхүү­жил­тийг нь гаргуулахад санаачлагатай ажиллаж байгаа. Энэ бүхнийг аймгийн иргэд, удирдлага ойлгож байгаа болов уу. УИХ-ын гишүүний хам­гийн гол ажил бол сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалж УИХ-д төрийн бодлого боловсруулах, түүнийгээ хууль болгох үүрэгтэй. Энэ жилийн сонгууль холимог тогтол­цоогоор болсон онцлогтой. Тойрогт нэр дэвшиж, үзэл бодлоо уралдуулж өрсөлдөж сонгогдоно гэдэг хүнд. Тиймээс тойргоос сонгогдсон гишүүдийн ачаалал зүйрлэхгүй их.

-Өнгөрсөн хугацаанд гудамжнаас парламент руу довтолдог хүчтэй жагсагч­дын нэг нь та байсан. Одоо парламен­тын дотор, тэр тусмаа том албан тушаал­тан боллоо. Гудамжны тэмцэл өөрч­лөгдөх үү, үргэлжлэх үү?

-Би 1999 онд Хууль зүйн сайдаас огцорсон. Миний огцорсон үнэн шалтгаан бол хээл ха­хуулийг анх удаа илрүүлсэнтэй холбоотой. Төрийн өндөрлөгт байсан хүмүүс, тухайн үеийн УИХ-ын гишүүдийг ил­рүүлс­нийхээ төлөө  огцорсон. Үнэн хэрэг ийм боловч огцруулах өөр шалтгаан олсон л доо. Түүнээс хойш хэдэн жил чимээгүй байлаа. Ингээд 2006 онд тухайн үеийн УИХ Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан. Тэр хууль Үндсэн хууль зөрчсөн, ард түмэн байгалийн баялгаас зохистой эзэмших эрхийг хаалаа гэсэн үзэл бодлоор тэмцэл хийж эхэлсэн. Мөн Үндсэн хууль зөрч­сөн Оюутолгойн гэрээ луйврын гэрээ боллоо гэж тэмцлээ өрнүүлсэн. Үүний хажуугаар 1999-2000 оны Үндсэн хуулийн долоон нэмэлтийг ҮХЦ хүчингүй болгосон ч дахин хэрэглэсээр 12 жил боллоо. Энэ бүхний эсрэг өнөөдрийг хүртэл тэмцэж явна. Гудамжинд зургаан жил тэмцсэн байна. Үүнийг маань иргэд, сонгогчид дэмжсэн болов уу. Одоо ч үзэл бодлынхоо төлөө явна, түүнээсээ ухрахгүй. Гэхдээ тэмцлийн арга өөр болж байгаа шүү. Монголын хууль тогтоох байгуул­лагад орж ирсэн учир оюун бодол, дуу хоолой­гоороо уралдана. Гудамж­ны тэмцэл парламентын тэмцэл болж хувирсан. Үндсэн хуулийн долоон өөрчлөлт, Ашигт малт­малын шинэчилсэн найруулга, Оюутолгойн гэрээг сайжруулахын төлөө дуугарсаар байх болно.

-Таны 22 жилийн улс төрийн амьдралд дарга, сайд, гудамжны жагсагч гээд олон зүйл байжээ. Өнөөдөр УИХ-ын дэд дарга. Ер нь таны тэмцэл, улс төрд эргэж орох эцсийн зорилго юу юм бэ?

-Нийгэм, улс төрийн хүрээнд болж буй бухимдал намайг тэмцэл рүү оруулсан. Миний амьдралын нугачаа ийм болж таарлаа. Мэргэжил маань хуульч, тэгээд ч энэ тогооны араншинг мэддэг учир явсаар байгаад 22 жилийн дараа энэ албыг хашихаар болчихлоо. Төр засгийн бодлого явахгүй, ард түмэн ядуу, хээл хахууль хорт хавдар шиг тархаж, шударга бус явдал хавтгайрснаас  ард түмэн гудамжинд гардаг. Түүнээс тайван амгалан байсан бол ингэж бухимдахгүй байлаа. Энэ бол бичээгүй зүй тогтол юм.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *