Л.Пүрэвдорж өргөдлөө бичих үү?

8-р сарын 27, 2012 9:51 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 352

Ц.ЭРДЭМ

 

Шинэ парламент анх­дугаар чуулганаа өндөр­лөж, ирэх лхагва гаригаас ээлжит бус чуулган зарлан хуралдуулах гэж байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд  Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон 2012 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа билээ. Гэхдээ ээлжит бус чуулганаар  томилгоотой холбоотой асуудлууд орж ирэх магадлалтай байна. Хууль тогтоох дээд байгууллагын бүтэц зохион байгуулалттай холбоотой болон УИХ-ын харъяа зарим байгууллагуудын дарга удирдлагуудыг шинээр томилох асуудлыг намрын чуулган хүртэл хүлээх боломж байхгүй гэж УИХ-ын зарим гишүүн хэлж байна. Ялангуяа эдийн засгийн хямрал үүсээд байгаа энэ үед төрийн мөнгөний бодлогыг барьж байдаг Монголбанкны ерөнхийлөгчийг яаралтай томилох хэрэгтэй гэдэг байр суурь АН дотор давамгайлж байгаа аж.

Ардчилсан намынхны дунд Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан бусаар аль эрт тодорчихоод буй. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Н.Золжаргал, Худалдаа хөгжлийн банкны гүй­цэтгэх захирал Б.Мэдрээ нарын  нэр хэвлэлийн хуудас­наас салахгүй байгаа билээ. Хоёулаа энэ салбар­таа хүлээн зөвшөө­рөгдсөн мэргэжилтнүүд боловч Н.Золжаргал улс төрийн дэмжлэг илүүтэй байгаа гэнэ. Бүр тодруулбал, Н.Золжаргал Монголбанкны ерөнхийлөгч болно гэдэг тодорхой байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна.  Харин одоо Л.Пүрэвдоржийг яаж огцруулж,  өөрийн хүнээ томилох вэ гэдэг нь АН-ынхны хувьд “шүдний өвчин” байгаа хэдий ч улс төрийн хүрээнд байнга хэрэглэдэг “өргөдлөө өгөх”  гэдэг арга энэ удаад давтагдах магадлалтай гэдгийг АН-ынхан нуухгүй байна.

Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Гэвч УИХ-ын ээлжит сонгуулийн дараа Монголбанкны ерөнхийлөгчийг хуулийн хугацаанаас өмнө өөрчилдөг нь бараг жишиг болчихоод буй. Өдгөөгийн төвбанкны тэргүүн Л.Пүрэвдорж 2009 оны эхээр томилогдсон. Ин­гэх­дээ өмнөх ерөнхийлөгч А.Батсүхийг  бүрэн эрхийн хугацаа дуу­сахаас нь өмнө огцруулж, Л.Пүрэв­доржийг томилж байсан билээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *