Л.Пүрэвдорж санхүүгийн шинэ хямрал үлдээгээд буцах боллоо

8-р сарын 31, 2012 10:06 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 275

Ө.БАТХҮҮ

“Манай улсын эдийн  засгийн өсөлт 17  хувьд хүрч дэлхийд  тэргүүлэх  нь  холгүй  юм болж байна” хэмээн  С.Батболдын  Зас­гийн газрынхан баахан шоудсаныг  иргэд  мар­таагүй байх. Ард  түмний амьдралд  наалдаагүй тэр  өсөлтийн сайн  үр  дүнг  үзэж амжаагүй байтал Монголбанкны  ерөн­хий­лөгч огцрох  өргөдлөө  өгөх болсон  нь  өнгөрсөн  хоёр  өдрийн дуулиан  мөн бай­лаа. Энэ  хөдөлгөөний эхлэл нь  шинээр эмхэл­сэн  Засгийн газраас  буюу АН-аас гаралтай байх нь мэдээж. Эхний ээлжинд Л.Пүрэвдорж  ажлаа  өгч  байгаа  юм бол орны хүн  нь хэн  бэ гэсэн асуулт сонирхолтой  байх  учраас  хэвлэлүүд  ч  хэд хэдэн хүний нэрийг гаргаад амж­сан. Тус  банкны  дэд  ерөнхийлөгч Н.Золжар­гал, Худалдаа  хөгжлийн  банкны  захирал  Б.Мэд­рээ, хотын  мээрийн орлогч  асан, эдийн  засагч Да.Ган­болд гэсэн АН-ын харъяатуудын нэг нь төв банкны  ерөнхийлөгч  бо­лох  бололтой. Яг  үнэндээ  тэдний  хэн байх нь  ард түмэнд тийм ч  сонин биш. Харин  зах зээлд  үүсээд байгаа  хямралыг ухаал­гаар анзаарч, Монгол­банкны  явуулсан  буруу  бодлогыг зөв тийш залах  хүн хэрэгтэй байгаа  юм.  Инфляц 20  хувьд  шүргэ­сэн, бараа, үйлчилгээний  үнэ 2-4  дахин өссөн, ам.дол­ларын ханш 1500-д хүрэх дөхсөн, арилжааны банкуудын зээлийн хүү  өсч, зээл  бараг  зогссон  зэрэг нь  манай санхүү­гийн  систем  гүнзгий  хямралд  өртсөнийг илт­гэнэ. Ийм байдалд  хүр­гэхэд  Л.Пүрэвдоржийн  удирдаж  байсан Мон­голбанк  хэрхэн  нөлөөл­сөн бэ гэдгийг цөөн  жи­шээгээр дурдъя. Эдийн засагчдын  баталж буйгаар Монголбанк  жилийн өм­нөөс бодлогын  хүүгээ өсгөж, арилжааны бан­куудын заавал  байлгах  нөөц хөрөнгө нь  5  хувь  байсныг 12  болгож  нэмсэн нь санхүүгийн зах зээлийн өнөөгийн  хям­ралд  хүргэсэн гэж  үзэж  байна.  Иргэдийг  орон  сууцжуулах  төрийн  бод­лого Монголбанкны  буруу эргэлтээс  болж  саатса­ныг энд  дурдаж  болно. Өдгөө манайд үйл ажил­лагаа  явуулж  буй  арил­жааны  14  банкнаас ганц­хан Худалдаа хөгжлийн  банк  л орон сууцны  зээл  гаргаж  байгаа ажээ. Бусад нь  мөнгөө  найдвартай  эргэн төлөх  эх үүсвэртэй эсвэл  барьцаа  хөрөнгө нь  баталгаатай цөөн хэдэн  хүнд л  зээл  олгож  байна.  Төв банк­наас  хэрэгжүүлсэн энэ бүх  үйл  ажиллагаа бан­кууд нь зээлээ  хумьж, хүүгээ  өндөрсгөхөд  хүр­гэсэн.  Хаан банк л гэхэд 365 хоногийн өмнө  орон сууцны зээлийн  жилийн хүүгээ 1,3-1,6-д  барьж  байсан  бол  өдгөө  1,6-2 хувьд хүргэжээ.  Мөн бан­кууд урьдчилгаа төлбөрөө  нэмэх, зээлийн  хугацааг богиносгох гэх мэтээр тавьж буй  нөхцлөө  чанга­руулсан  нь Засгийн  газ­раас  хэрэгжүүлэхээр оролдож  буй  “100  мянган айлын орон  сууц” хөтөлбөрийг үндсэнд  нь  зогсоогоод  байна.

Монголбанк  арилжаа­ны банкуудыг  өөрийн бондоо худалдаж  авахыг тулгасан нь мөн л  зээл зогсоход нөлөөлжээ. Арилжааны  банкууд  эрсдэл  үүрч иргэдэд  зээл  олгосноос  Монголбанкны  бондыг авчихаад санаа амар  болсон  хэрэг.  Ашиг  олохгүй  ч алдагдалгүй  гэдэг үүднээс тэд  бондыг сонгож  байна.  Энэ бүхнээс гадна  уул уурхайн салбар  эрчимтэй  хөгжиж  буйтай  холбоотойгоор цөөн иргэнд  хамааралтай их хэмжээний бэлэн  мөнгө зах зээлд эргэлдэж, бараа бүртээгдэхүүний  үнийг өсгөж  буй нь Монгол Улс удахгүй эдийн  засгийн гүн шоконд орохыг зөгнөж  байна  гэж зарим судлаач  хэлж  буй.

Уг  нь  бол  Л.Пүрэвдорж өмнөх дөрвөн ерөнхийлөгчөө  бодвол Монгол Улсын  эдийн  засгийн  өсөлт  хамгийн өндөр  үед ажилласан азтай  нэгэн. Гэвч ард түмэнд харагдаагүй өсөлт  нь  эцэс  сүүлдээ хямрал үүсгэсэн  үр  дүнтэй  байна. Санхүүгийн зах зээлээ  боомилсон бодлого  хэрэгжүүлсний  гайгаар  гадаад худалдааны тэнцэл  алдагдаж, сонгуулийн  амлалтаас үүссэн бэлэн  мөнгө тараалт нь  инфляц  хөөрөгдөж, Эрээний  наймаачдын халаасанд  очихоос хэтэрсэнгүй.

Яг одоо Монгол­банк­ны  ерөнхийлөгч  хэн  бо­лох вэ  гэдэгт  хамаг ан­хаарал  төвлөрсөн  байна. Харин  Монгол Улсын санхүүгийн  зах зээлд  хям­ралын  “цунами” нэ­лээд өндөр дэгдэж  эхлэс­нийг  эдийн засагчид  онц­гойлон  анхааруулж байна. Л.Пүрэвдоржийн  ажлаа  өгөх ч яах вэ. Хэн нэгэн түүний  ажлыг авч  л  таар­на. Харин  Л.Пүрэвдорж  болон  түүний багийнхны  явуулсан  буруу бодлогоос үүсч, арилжааны  банкуу­даар  дамжин  ард түмний  амьдралд сөрөг нөлөө  үзүү­лэх  болсон  систе­мийн хямралыг яаж түргэн хугацаанд  эрүүлжүүлэх вэ. Ажлаас чөлөөлөгдөх  гэдэг хариуцлага хүлээж  байгаагийн нэр  уг нь биш шүү дээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *