Л.Насанбуян: Би шүүмжлүүлэхээс айдаггүй

7-р сарын 3, 2012 11:47 am Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 591

А.ЦЭЭСҮРЭН

 

Поп хатагтай Б.Сарантуяагийн шавь дуучин Л.Насанбуян “Залуус” буланд уригдлаа. Тэрээр  “Оддын эрэл-2” тэмцээний тэргүүн байрын шагналт, “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны шилдэг оролцогч, “Universe best songs 2012” наадмын хоёрдугаар байрын шагналт гээд чамгүй амжилт гаргаж яваа залуу уран бүтээлч билээ.

 

-Хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ?

-Бага насаа Баянхонгор аймагт өнгөрүүлсэн. Багаасаа л дуулж, бүжиглэдэг хүүхэд байлаа. Арван жилд байхдаа урлагийн үзлэг, тэмцээнүүдэд их оролцдог даруу зантай хүүхэд байсан.

-Танайханд урлагийн хүн байдаг уу?

-Аав ээж хоёр маань Баянхонгор аймагт амьдардаг. Эхээс дөрвүүлээ. Хоёр ах, нэг эгчтэй айлын бага хүүхэд. Жаахан эрх байж магадгүй.  Гэр бүлд маань урлагийн хүн байхгүй. Эмээ маань л уртын дуу сайхан дуулдаг  байсан  гэнэ лээ.

-Дуучин болоход хамгийн ихээр нөлөөлсөн зүйл юу вэ?

-Намайг цэцэрлэгт байхад манай эгч гоё даашинз өмсүүлээд тэмцээнд оруулдаг байсан. Цэцэрлэгт байхдаа “Би эстрадын дуучин” тэмцээнд оролцон алтан медаль авч байсан юм. Тэр их нөлөөлсөн байх. Түүний дараа Баянхонгор аймгийн хүүхдийн “Тэмүүжин” театрт суралцаж, сүүлд СУИС –д орсон.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач?

-Хамгийн сүүлд өөрийн гурав дахь клипээ хийсэн. Гитарчин Г.Буян-Өлзий ахын үг, ая  “Мартлаа гэж үү” гэдэг уянгын дууг дуулсан. Тодорхой хугацаанд бүжгийн багш дээр хичээллэсний дүнд балетчин бүсгүйн дүрд тоглохыг их хичээлээ. Өнгөрсөн хугацаанд их завгүй байсан. 2011 оны найм дугаар сард анхны “Хэзээ ч мартагдашгүй” цомгоо худалдаанд гаргасан. Багшийнхаа “Аргагүй монгол аялгуу” тоглолтод оролцлоо. Багшдаа туслахын хажуугаар Монгол орноороо хамтдаа аялан тоглолт хийлээ. Дараа нь “Universe best songs”-т оролцсон. Дөрвөн сарын турш оролцож шилдэг 25-д үлдсэн. Мөн  Европын орнуудаар багштайгаа хамт явсан. Хамгийн сүүлд “Universe best songs” шилдэг 25 наадмын теле концерт бэлдээд монгол ардын дуу дуулсан. Найм дугаар сард шилдэг 25 кино хийх гэж байгаа. Түүнд гайгүй дүр авчих санаатай. Удахгүй нэг хүнтэй хамтарч уран бүтээл хийх гэж байна.

-Цаг зав багатай ч залуу хүний хувьд чөлөөт цаг гаргадаг байх?

-Алхах сайхан. Бас найзуудтайгаа уулзаад, яриа өрнүүлэх дуртай.  Болж өгвөл кино үзэхийг боддог. Гэхдээ удаан  амраж чадахаа больчихсон байна лээ. Гэртээ амрахаар утгагүй санагдаад юу хийгээд байгаагаа ойлгохгүй болчихдог юм.

-Залуу уран бүтээлчид магтаал, шүүмжлэл хэр ирдэг вэ?

– Мэдээж ирнэ. Хүн бүр өөрийн өөрийн ертөнцтэй. Би өөрийн ертөнцөөр бүтээлээ хийдэг. Түүнд хүмүүс өөрсдийн бодлоо илэрхийлж байдаг. Сая “Universe best songs”-т ороход хүмүүс жаахан шүүмлэлтэй хандаад байх шиг санагдсан. Интер­нэтийн сэтгэгдлүүдээс  харсан. Би эдгээр хүмүүсийн эсрэг байр суурьтай байгаа. Миний үеийн залуу уран бүтээлчид тэр тэмцээнүүдэд эмээгээд ордоггүй байх л даа. Гэхдээ би айгаагүй. Өөрийгөө сориод үзье гэж бодсон учраас оролцсон. Одоогийн сурч мэдсэн зүйл маань надад  хангалтгүй санагддаг. Илүү ихийг сурахыг хүсч, тэмүүлдэг. Тийм болохоор нэг шатаар ч гэсэн ахисан гэж бодож байгаа. Өмнө би монгол дууны тэмцээнд оролцож байсан бол энэ удаа гадаад дууны тэмцээнд орж үзлээ.

-Өөрийг чинь  Б. Сарантуяагийн шавь гэж хүлээж авдаг. Л.Насанбуян гэж ямар хүн юм бэ?

– Үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг. Тоглолтод очиж дуулахдаа ам барихгүйг хичээдэг. Яагаад гэвэл дуугаа сайн дуулбал надад л хэрэгтэй. Ам барьж дуулах утгагүй санагддаг. Мөн олон жилийн дараа өөрийнхөө амьдралыг харахад хийсэн бүтээсэн зүйлтэй байхыг хүсдэг. Тиймээс амьдралаа үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг хүн гэж хэлж болно. Анх “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд оролцоход багш маань надад баяр хүргэсэн. Их сайхан санагдсан шүү. Багаасаа л Сараа эгчийн цомгийг худалдаж аваад дууны үгийг нь бичээд, дагаад л дуулдаг байлаа. “Яг л ийм дуучин болно” гэж боддог байсан. Тэр бодол маань энэ хүнтэй учруулсан байх. Энэ хүний шавь байна гэдэг нэр төр, хариуцлага бай­даг. Бас шулуун шударга, нэг зүйлд тууштай хандаж чаддагаараа багштайгаа адилхан юм шиг санагддаг.

– Магадгүй багш тань танаас өөрийгөө олж харсан юм шиг санагдчихлаа?

-Тэгсэн ч байж магад. Тэр хүний итгэлийг олохын тулд хичээсэн. Утсаар энэ дууг сонсоод өгөөч гээд л холбоотой байдаг. Тэгээд л намайг зааварчилж, сургаж болох уу гэсэн саналыг багш маань таатай хүлээж авсан юм. Багш хэлэхдээ “Би чамайг гэнэт од болоод гараад ирээсэй гэж хүсэхгүй байна. Бүхнийг шат алгасалгүй ахих нь чамд хэрэгтэй” гэдэг. Хэдийгээр миний дуунууд хит болохгүй байгаа ч хэсэг хугацааны дараа сайн дуучин болохыг үгүйсгэхгүй.

-Өөрийг чинь тэмцээнд оролцож, тодорхой хэмжээний амжилт гаргачихаад нэг л даруухан байгаад байна гэдэг?

-Миний хувьд өөрий­гөө хөгжүүлээд явж байгаа. Уран бүтээлээ ч хийж байна. Гэхдээ залуу уран бүтээлчид тулгардаг бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг. Надад одоогоор тогтсон ивээн тэтгэгч  байхгүй. Хэчнээн хийх хүсэл их байвч мөнгөний асуудалд их баригддаг. Яаж хямдхан төсвөөр уран бүтээлээ хийл­гэхэв гэж боддог. Гэх­­дээ багш, аав ээж маань тэр бүгдийг ойл­годог учраас их дэмждэг.

-Урлагийн салбарт хэн мөнгөтэй хүн л гарч ирж байна гэлцдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Сүүлийн үед дуулах гэхээсээ илүү гадаад үзэмждээ хэт анхаардаг хүмүүс ихэсчээ. Дуулах ур чадвараараа бус өөр зүйлээр олны анхаарлыг татаад байгаа юм шиг санагддаг болжээ. Дуугаа маш сайн дуулдаг хүнийг л дуучин гэх ёстой. Гэхдээ олон нийт сонсогчид ч гэсэн ийм зүйл хүсдэг болчихсон учраас тэднээс дутахааргүй байхыг хичээдэг.

– Уран бүтээл хийхэд тодорхой жанрт баригддаг шүү дээ. Таны хувьд?

-Анхны цомог маань поп жанрынх болсон. Дараагийн цомогтоо шинэлэг, цоглог дуу хийнэ. Тиймээс ч шинэ дууны эрэлд явж байна. Гэхдээ аль болох нэг жанрт баригдахгүйгээр бүх төрлөөр дуулах болно. Өөрийгөө олох нь чухал.

– Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Удахгүй болох кинондоо амжилттай тоглоно. Ирэх намраас Солонгосын Халлим их сургуульд сурна. Тэнд очоод солонгосын хөгжмийн урлагийг судалъя гэж бодож байгаа. Уран бүтээлийн судалгаа хийж байгаад дараагийн цомгийн ажилдаа орно доо. Яарч сандарсан зүйл хиймээргүй байна. Өөр мэдрэмжийг дараагийн цомгоороо харуулна.

-Бэрхшээлтэй тулгарахад өөрийгөө яаж зоригжуулдаг вэ?

-”Чадна, би чадна” гэж хэлдэг.

-Үеийн залуустаа хандаж юу хэлэхийг хүсч байна?

-Залуу байна гэдэг эрч хүчтэй байгаагийн шинж. Тиймээс мэргэжилдээ эзэн нь болж эх орноо хөгжүүлье. Мөрөөд­лийнхөө төлөө тууштай зүтгээрэй гэж хэлье.

 

Нийт: 4 Сэтгэгдэл

Maryland
2016 оны 12-р сарын 1

You’ve really imprsseed me with that answer!

Roseanna
2016 оны 12-р сарын 3

Your answer lifts the inceglilente of the debate. http://jmjiim.com [url=http://arentipjgo.com]arentipjgo[/url] [link=http://zgeojrryskm.com]zgeojrryskm[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *