Л.Гүндалай: Манай намд бужигнаан болно гэвэл аравдугаар сард л эхэлнэ

7-р сарын 2, 2013 10:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 568
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.

Д.БОЛОРМАА

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа.

-Та хаагуур явна вэ. Танай нам Засгийн газар, УИХ-д олонхи байхад та ажилгүй яваад байгаа нь сонин юм?

-Одоохондоо хийсэн юм алга. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх, авах гэхчилэн эцгийн үүргээ сайн гүйцэтгэж байна. Гэртээ тэтгэвэртээ гарсан хүн шиг л байна гэх үү дээ.

-Бизнес эрхэлдэг биш билүү?

-Миний эрхэлдэг бизнес очиж суугаад байх том байгууллага биш. Жижигхэн компани шүү дээ. Тэгээд ч 12-13 жилийн турш компани дээрээ очиж байж одоо очоод яах вэ. Ер нь манай гэр бүл ах дүү нар компанийг маань авч яваад болж байна. Дээрээс нь үл хөдлөх хөрөнгөө түрээслэсэн болохоор түүнээс хөөрхөн мөнгө орж ирээд ажил төрөл хайгаад байх шаардлага алга. Хоёрдугаарт, надад бизнес хийж мөнгө олъё гэсэн шунал алга даа. Шунал багатай байх чинь биед амар юм байна.

-Улс төрд байхдаа бужигнуулж явсан хүн гэртээ нам жим суухаар уйдахгүй байна гэж үү?

-Ардчилсан намынхан маань төр, засгийн эрх барьж, дээрээс нь Ерөнхийлөгч маань ялсанд надад сайхан л байна. Ер нь би бол улстөрч хүн. Жирийн нэг улстөрч бас биш. Улс төрийн капиталтай буюу нэр хүнд өндөртэй нэгэн юм шүү. Би өөрийгөө Монголын төрд гавьяатай хүн гэж ойлгодог. Наад зах нь хүүхдийн мөнгийг санаачилжээ. Санаачилга маань одоо ч гэсэн амьдрал дээр хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Гэртээ сууж байгаа ч цаашдаа улс төрийг орхихгүй. Яах вэ, гаднаас нь ажиглахаас биш дотор нь орж бужигнуулсан юм алга. Цаг нь болохоор улс төрдөө эргэн орно гэсэн бодолтой явна.

-Намаа хүнд байх цагт хүч нь болж байсны хувьд засаг авсан энэ үед нь яам эсвэл агентлаг удирдаад явах боломж байсан уу?

-Зарим нэгэн ажил санал болгосон уу гэвэл болгосон. Гэхдээ би өөрөө хүсээгүй. Шууд л “Үгүй” гэчихсэн юм. Ер нь улс оронд, шинэчлэлийн Засгийн газар, ард түмэнд хэрэгтэй ажил, шинэчлэх өөрчлөх ажил байвал хийхэд болохгүй юм байхгүй. Гэхдээ тэр нь ямар ажил вэ гэдэг сонин байна.

-Та намынхандаа Эрүүл мэндийн сайд болъё гэсэн санаагаа хэлсэн гэх юм билээ?

-Шинэчлэлийн Засгийн газар бүрдэх үед нь Эрүүл мэндийн сайд болъё гэж ороход “Болохгүй байна” гэсэн юм. Тэгсэн удалгүй “Элчин сайдаар явах уу” гэхээр нь “Үгүй” гэсэн. Өөр ямар нэгэн албан тушаал хэлээгүй. Ер нь намайг Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга болгоё гэсэн бол дуртай л байх байлаа. Яагаад гэвэл энэ улс оронд болохгүй байгаа нь дэндүү  олон байна. Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүн бүр хуулиас дээгүүр амьдарч байна шүү дээ. Хуулийг өөрийн дур зоргоор зөрчиж, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхэнд нь халдаж байна. Наад захын жишээ гэхэд хүүхэд, хөгшид зугаалах газар гэж алга. Нийтийн эзэмшлийн талбайд нөгөө хэдэн баячууд чинь хашаагаараа түрж орж ирээд эзэн суучихаж. Хэрэв мэргэжлийн хяналтын дарга байсан бол энэ бүх хууль бус явдлыг цэгцлэх байлаа. Байшинг нь нурааж байгаад ч болтугай нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлнө. Миний Монголын ард түмэн чөлөөтэй зорчих, алхах, зугаалах хэрэгтэй байна.

-Баян хүн гэхээр танай нам бас МАН-ын мөнгөтэй эрхмүүд нь байх юм биш үү?

-Надад аль нь ч хамаагүй. Харин ч өөрийнхөө намаас шинэчлэлийг эхлүүлнэ.

-Ардчилсан нам засаг аваад нэлээд хугацаа өнгөрлөө. Шинэчлэлийн Зас­гийн газрын хийж хэ­рэг­жүүлж байгаа ажилд зарим хүн шүүмжлэлтэй хан­даж байна. Хөнд­лөн­гөөс ажиглахад сайн, муу тал харагдаж байна уу?

-Ажил хийж байхад шүүмжлэл байлгүй яах вэ. Энэ бол заавал байх үзэгдэл. Шинэчлэлийн Засгийн газрын ололттой тал нь ажилд томилсон хүнээ “Ажлаа сайн хий. Өөрчил. Шинэчил. Сайжруул” гэж шахаж байгаад юм. Дээрээс нь төрийн албан тушаалд олон жил болоод хагарт­лаа баяжсан нөхдийн идсэн, уусан хэрэг илэрч байгаа энэ үед “Хууль бусаар ажиллавал түүн шиг шийтгүүлнэ” гэж сануулж шударга ажиллахыг шаардаж байгаа нь сайн хэрэг шүү. Ийм сэрэмж авсан нөхөд чинь хууль бус үйлдэл хийхгүй зөвхөн ногдсон ажлаа гүйцэтгэж таарч байна. Тэр ч утгаараа Н.Алтанхуяг даргын Засгийн газрын  хийж байгаа ажил тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч байна гэж харж сууна. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, хэтэрхий барууны ардчилал руу тэмүүлж байна. Тэр өндөр хөгжилтэй барууны орнуудын загвараар Монголыг хөгжүүлэх гэж шахаад байж болохгүй. Ардчилал гээч юм чинь өөрөө төгс биш. Тэгээд ч ардчилсан гэх орнуудын бүх загварын зарим нь  манай улсад тохирохгүй. Нэг тогоон дотор бүгдийг битгий холь. Юм болгонд өөрийн гэсэн гарц, шийдэл байх ёстой. Гагцхүү Монгол гэсэн өөрийн гарц шийдлээ олоод  барууны маягаар хөгжүүлэх ёстой. Түүнээс биш хий хоосон хуулбарлах нь хожим ямар ч үр дүнгүй байх болно. Жишээлбэл, өнөөдөр ашигт малтмалын лиценз олгохгүй гэж мэдэгдэж байгаа нь маш буруу. Ашигт малтмалын лицензийг хааснаар гадаадын хөрөнгө оруулалт зогсч байгаа нь мэдэгдэхүйц ажиглагдаж байна. Ямар уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй, ямард нь хэрэггүй гэдгээ зааглах ёстой. Гадны хөрөнгө оруулалт болгон муу биш. Зөвхөн ялгаж салгаж харах  нь чухал байна.

-Шинэчлэлийн Зас­гийн газар нь шинэчилнэ гэ­хээс  биш “Монгол мал” эсвэл “Атрын аян” гэсэн бүтээлч ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэл бий?

-Миний хувьд том хөтөлбөр гэхээс илүү дунд шатны хөөрхөн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байна.

-Ерөнхийлөгчийн сон­гуу­лиар АН-ын нэр дэвшигч ялалт байгуул­лаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагаж орон нутагт ажиллав уу?

-Баян-Өлгий, Дархан-Уул аймагт ажилласан. На­мын даалгавраар гэх үү дээ. Гэхдээ намын даал­гавар гэхээс илүү тухайн аймгийнх нь Ард­чил­сан намын гишүүд “Сонгуулиар Л.Гүндалайг манай руу явуулж өгөөч” гэсэн санал өгсөн юм билээ.  Тэгээд л намайгаа санаж явуулсан нь тэр. Түүнээс биш сайндаа ч явуулаагүй юм шиг байна.

-Тэгвэл Хөвсгөл аймаг­таа ажиллаж байгаа байх нь?

-Үгүй ээ. Хөвсгөл рүү өнгөрсөн намраас хойш яваагүй.

-Таны тойрог биз дээ?

-Хөвсгөлийн ард түмэн маань намайг “Амар” гэсэн шүү дээ. Надаас уйдсан, намайг голсон. Хоёрдугаарт, Хөвсгөлийн Ардчилсан намынхан “Орон нутгийн сонгуульд битгий оролц. Битгий яваарай” гэсэн болохоор нь очоогүй. Гэвч тэд орон нутгийн сонгуулиар ялагдана лээ. Надгүй учраас ялагдсан. Уг нь Хөвсгөлийн ард тү­мэн намайг Засаг дарга хийх юм болов уу. Сон­гуульд намаа удирдаж орох юм болов уу гэж хү­лээсэн юм шиг байна лээ.

-Аймгийн намын до­тоод зөрчлөөс болж байр сууриа алдаж байгаа юм биш үү?

-Одоо мэдэх юм алга. Ардчилсан нам чинь өөрөө фракцийн нам шүү дээ. Фракцууд нь Л.Гүндалайг явуулж болохгүй гэж захьсан юм шиг байна. Аль нэг фракцийн шахалт байсан гэж ойлгосон. Нэрийг нь хэлээд яах вэ. Ер нь ма­найхан өөрийнх нь фракц биш, өөрийг нь аялан дагахгүй бол өөр намын хүнээс ч дорд үз­дэг болсон байна шүү дээ.

-Та аль фракцийг нь дагадаг юм?

-Фракц гээд явдаггүй. Анхнаасаа бие дааж ямар ч фракцгүй явсан хүн. Тэгж явсаар байгаад дас­сан байна. Тэгээд ч на­дад бусдад ая тал засаад гүй­дэг зан таалагддаггүй юм.

-Фракц гэснээс Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг  тан­гаргаа өргөсний дараа Н.Алтанхуягийн Засгийн газ­рыг унагах тухай яриа бай­на. Энэ талаар сонсов уу?

– Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялсан нь Ард­чилсан намын хийж хэ­рэгжүүлж байгаа ажил сайн байсантай хол­боотой. Ардчилсан нам муу ажилласан бол Ц.Элбэгдорж унах бай­сан юм. Түүнийг Ард­чилсан намтай хамт ажил­луулъя гэж сонгосон гэж ойлгож байгаа. Тэгэ­хээр Ерөнхийлөгч намаа нэг их бужигнуулаад байхгүй болов уу гэж бодож байна. Хэрэв нам дотор бужигнаан болох юм бол ирэх аравдугаар сард эхэлнэ.

-Яагаад аравдугаар сар гэж?

-Одоо бол парламент завсарлана. Улсын баяр наадам гэж амарч явсаар байгаад аравдугаар сард л ажил эхлэх биз. Тэгээд ч үе, үеийн  бужигнаантай улс төр аравдугаар сараас эхэл­сэн байдаг шүү дээ. Нам дотор байгаа фрак­цууд хөдөлсөн тохиолдолд л бужигнаан болно.

-Эрүүл мэндийн салбар нь нурсан байж. Одоо шинэчлэл хийж байна гэх боллоо. Энэ салбарын сайд байсан хүний хувьд хэлэх үг байгаа байх?

-Эрүүл мэндийн салбарт болж байгаа юм байгаа л байх. Гэхдээ би бол болохгүй зүйлийг нь түрүүлж харж байна. Болж бүтэхгүй  ажил нь маш олон юм. Уг нь энэ салбарыг хөл дээр нь татаад босгоход нэг их удахгүй. Зөв бодлого, зөв хөрөнгө оруулалт л хийх хэрэгтэй. Даанч салбарын өндөрлөгт байгаа хүмүүс нь удирдаж чадахгүй байна. Эрх зүй, бүтцийн шинэчлэл гэхээс илүү зөв хөрөнгө оруулалт бодлого хэрэгтэй. Засгийн газар нь Эрүүл мэндийн яамаа тэр чигээрээ ойлгодог байх хэрэгтэй. Уул уурхай, ноос ноолуурт өгч байгаа мөнгөө эрүүл мэндийн салбартаа өгөхөд л  энэ салбар босно. Эрүүл мэндийн салбар бол хүний эрүүл мэнд, амь настай холбоотой. Эрүүл мэндээ алдах юм бол их мөнгө, эрх дарх байгаад хэрэггүй. Өнөөдөр олон хүн залуугаараа хорвоог орхиж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын алдаатай бодлогын буруу. Наад захын жишээ гэхэд  хүүхдүүдийн олонхи нь шүдний өвчтэй байна. Үүнд төрөөс анхаарсан юм алга. Дээрээс нь эмэгтэйчүүдээ хүртэл байгалиараа төрүүлж чадахгүй байна гэхчилэн хэлэх ёстой олон шүүмжлэл байна.

-Та энэ салбарын сайд байхдаа “ДОХ-оос сэргийлье”  гээд бэлгэвч сур­талчилж байлаа. Тэр үедээ инээдэмтэй ч юм шиг сонин үзэгдэл байсан бол одоо эргээд харахад бодитой сурталчилгаа байжээ. Одоо халдвар тээгч­д­ийн тоо 143-т хүрсэн гэж байгаа?

-Намайг 2006 онд сайд болж байхад ДОХ-ын халдвар тээгчдийн тоо 12 хүрсэн байсан. 2005 онд тав байсан ч нэг жилийн дараа 12 болж өссөн нь тэр. Одоо бол 140 гарсан гэдэг нь маш харамсалтай тоо шүү. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэм­жээ­ний дүн байна шүү дээ. Тэгээд ч олон ул­сын байгууллагын тогтоос­ноор нэг тээгчийн цаана 2000 иргэн байдаг гэх юм билээ. Энэ утгаар нь харь­цуулж үзвэл аюултай тоо гарах нь. Гэхдээ үгүй байх гэдэгт итгэж бай­на. Ер нь цаашдаа бэлгэвчийг сурталчилах ёстой. Манай улсад ДОХ-оос гадна бэлгийн замын халдварт өвчлөл өндөртэй гэдэг шүү дээ. Бэлгэвч хэрэглэх нь энэ төрлийн өвчнөөс сэргийлэхэд чухал юм.

-Нэгэн цагт таны “үзэл­цэж” явсан Ц.Ням­дорж болоод гишүүн Ё.От­гонбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, танай намын С.Баярцогт нарыг шалгаж эхэлсэн бай­на. Үүнийг хэрхэн харж байна?

-Ц.Нямдорж бол шал­гах ёстой хүний нэг. Яагаад “МСS”-ийн  үнэтэй байранд өн­дөр хэмжээний түрээс тө­лөөд сууж байна гэж. Ми­ний бодоход тэр бол түрээсийн байр биш ээ. Түрээслээгүй худалдаж авсан байх. Ичсэн нүүрэндээ түрээс­лэсэн гэж хэлсэн биз. Хэ­рэв худалдаж авсан бол тэр их мөнгийг хаа­наас авав гэх асуудал гар­на. Хоёрдугаарт, Ё.Отгонбаяр, Н.Хүрэл­баа­тар нар гэмгүй ца­райлчихаад нэлээд их хууль бус үйлдэл хийсэн юм биш үү. Хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад тэгж л харагдаж байна. Нэг зүйл сонир­хуулж хэлэхэд, “Эрүүл мэн­дийн сайд асан 500 сая төгрөг сейфээ хогийн саванд байжээ. Тэрийг нь цагдаа нар олж авчээ” гэсэн нийтлэл өдөр тутмын сонинд гарсан юм билээ. Тэгсэн хүмүүс  Н.Хүрэлбаатар гэж төсөөлөхгүйгээр “Нөгөө дэггүй, сэргэлэнгээрээ Л.Гүндалай байх нь. Тэгээд ч дагавар хүүхдийн тухай бас гарсан болохоор өнөөх л Л.Гүндалай биз” гэж ярьцгаасан гэнэ лээ. Тэгсэн тэр нь гэмгүй царайтай Н.Хүрэлбаатар болж таарсан. Би хэл­мэгд­чих дөхсөн шүү. Ха­рин С.Баярцогтын ту­хайд бол сайн шалгах ёс­той. УИХ-ын дэд дар­гын албаа өгсөн нь багадна гэж бодож байна. Сайн шалгах ёстой. Ер нь хуулийн нөхдүүд нам харгалзахгүйгээр УИХ-ын гишүүдийг шалгах хэрэгтэй. Хийсэн хэргийг нь тогтоогоод албан тушаалаасаа буухаар нь шүүх хуралд оруулж таслах хэрэгтэй.

-2009 оны Ерөнхий­лөгчийн сонгуулиас хойш МАН таван удаа ялагдлаа. Одоо намаа шинэчлэх ёс­той гэдэгт залуучууд нь нэг­дэж байх шиг бай­на. УИХ-ын гишүүн Н.Ном­той­баяраар ахлуул­сан гишүүд өчигдөр энэ ту­хайгаа албан ёсоор зарласан?

-Энэ намд шинэчилнэ гэдэг ч багадна. Хийсэн үйлдлийг нь харвал бүгд луйвар байж мэ­дэх л юм. Намынхаа байшинг хүртэл улсын төсвөөр барьсан шүү дээ. Миний хувьд шинэчлэх биш орвонгоор өөрчилж  шинэ нам байгуулах ёстой гэж хэлмээр байна. Тэд чинь одоо хонины арьс нөмөрсөн чоно болсон байна шүү дээ. Ардчиллын үйл хэрэгт их саад болж байна. Албан тушаалд байхдаа авлигын хэрэгт холбогдож байсан нь илэрч идээ бээр нь гоожиж эхэлжээ. Эмч хүний хувьд энэ идээ бээрийг шахаж тайраад шинэ нам байгуулах ёстой гэж хэлье.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Sale Fedex Provera Low Price Suche Viagra 100mg Order Accutane Online [url=http://cialiviag.com]cialis generic[/url] Propecia Discount Merck

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *