Л.Энхболд: “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас ард түмний 60 тэрбум төгрөгийг хулгайлсан нь нотлогдлоо

8-р сарын 31, 2018 8:40 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 19
8-31-2й1

С.УЯНГА

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байв. Тухайн үед Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан байсан” гэж мэдээлсэн.  Тиймээс мөргөцөг буюу 268 мянган тонн нүүрсийг хэн авсан, мөнгө нь хаашаа орсныг тогтоохын тулд хууль хяналтын байгууллагад хандаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр “Монголын эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлж эхэлж байна. Уул уурхай нүүрс дагасан маш том мафийн бүлэглэл бий болсон. Монголын ард түмний өмч болсон газар доорх баялгийг нийлж цөлмөдөг, олон жил бугшсан нам дамжсан бүлэглэл бий болсон байна.Монголоос үнэгүй гаргаад гадаадад хэн нэгэн оффшорчны дансанд орчихсон байх вий гэсэн хардлага байна” гэж байв.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас их хэмжээний нүүрс алдагдсан  мэдээл­лийг хил, гааль зэрэг холбогдох байгууллагууд нотолсон талаар өчигдөр дахин хэвлэлийнхэнд хандлаа. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” компанийн талбайгаас 340 мянган тонн буюу 60 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц нүүрс алдагдсан мэдээллийг тодруулав.

УИХ-ын гишүүн  Л.Энхболд “Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас нүүрс алдагдсан асуудлыг  ярьсан. Материалаа дөнгөж сая гар дээрээ авлаа. Танилцуулгад маш олон ноцтой асуудал дурдагдсан. Эх үүсвэргүй нүүрс гаргасан “Тавантолгой транс” компанийн санхүүгийн зарим баримтыг шалгая гэхээр үерт явсан гэдэг тайлбар өгдөг. Монголын ард түмнийг нэг аж ахуйн нэгж доромжилж болохгүй. Магадгүй Эрдэнэтийн 49, 51 хувь “60 тэрбум”, Монголбанктай холбоотой асуудал иймэрхүү халхавчилсан маягаар явдаг юм биш биз гэх хардлага төрүүлж байна. Орон нутгийн  өмчит “Тавантолгой” компани зургаан жил уулын төлөвлөгөөгүй явсан байхад Ашигт малтмалын газар юу хийж байсан юм бэ. Байгаль орчны менежментийн нарийвчилсан төлөвлө­гөө батлуулаагүй бай­хад холбогдох яам, байгуул­лагууд юу хийж байв гэдгийг ярьж, тө­рийн байгууллагуудыг зарчим­тай ажиллуулах ёстой.

Гаалийн ерөнхий газар шалгалтын дүгнэлтдээ эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрсийг “Тавантолгой транс” компани хил гаргасан байна гэсэн. Эх үүсвэргүй гэдэг нь хаанаас авсан нь тогтоогдоогүй гэсэн үг. Гэтэл нүүрс алдагдсан газар бас бий болсон. “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас 268 мянган тонн алдагдсан байна гэдгийг би өмнө нь зарласан. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн “Таван толгой” компанийн инженерүүд хамтарч маркшейдерийн хэмжилт хийж гаргасан хэмжээ. Харин өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдлоо. Тиймээс Монголын ард түмний өмчийг эргүүлж олох, гэм буруутай этгээдүүдийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох ёстой. Буруутай эздээр хохирлыг нөхөн төлүүлэх ёстой.

340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний өмч ард түмний халааснаас алга болжээ. Орон нутгийн Тавантолгойн компаниас 206 компани гэрээгээр нүүрс дамжуулан борлуулдаг юм байна. Үүнээс ганц “Тавантолгой транс” гэдэг компани 390 мянган тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр хил гаргасан. Өөрөөр хэлбэл, аль нэгэн аж ахуйн нэгжээс худалдаж авсан гэсэн санхүүгийн баримт байхгүй гэсэн үг.  Хил хамгаалах ерөнхий газар Монгол Улсын гаалиар 2013-2017 оны хооронд нийтдээ 849121 машин гарсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас 820 мянган машин гарчээ гэсэн мэдээлэл өгсөн. Энэ хооронд 35 мянган удаа хоосон автомашин гарчээ гэсэн мэдээлэл бий.  Нүүрс тээврийн машинууд 80-125 тонн даацтай. Дунджаар 90 тонн гэж бодоход гурван сая тонн нүүрсний асуу­дал босохыг үгүйсгэх­гүй. Засгийн газрын тэм­дэглэлээс харахад хууль хяналтын байгуул­лага шалгах хэрэгтэй” гэв.

Мөн тэрээр мэдээл­лийн­хээ дараа сэтгүүлч­дийн асуултад хариулахдаа “Өнгөрсөн хугацаанд би чимээгүй байсан. Төрийн байгууллагуудын акт гараагүй зүйл дээр популизм хийхийг хүсээгүй. Сүүлдээ “Ажнай” Д. Бат-Эрдэнээс мөнгө аваад чимээгүй болсон гэсэн мэдээлэл тарсан. Тэр хүн “Та үнэхээр баттай баримтад үндэслэж мэдээлэл хийж байна уу” гэж ганц нэг удаа холбогдсон. Би тогтоохгүй, Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг тогтооно гэж хэлсэн байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Тавантолгой транс” компанийн хөрөнгө оруулагч Д.Бат-Эрдэнэ 70 хувь, захирал Д.Дагвадорж 20 хувь эзэмшдэг” гэсэн байна. 2018 оны наймдугаар сарын 22-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингээд тэмдэглэлд, “Энд гарсан хууль зөрчсөн байж болзошгүй зөрчлүүдийг арилгуулахыг холбогдох яамдад үүрэг болгосон. Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Д.Сумъяа­базар сайдуудад үүрэг өгсөн. Асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх, мөрдөн шалгаж лавш­руулах асуудал байгаа бол дахин ажлын хэсэг бай­гуулах ёстой” гэсэн байна. Д.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй бол уулзаагүй” гэсэн тайлбарыг хийлээ.

 Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Монгол Улсын гурван сая иргэний өмчөөс 268 мянган тонн нүүрс алдагдсан болон хоёр компанийн удирдлагууд төлбөр тооцоо барагдуулах нь хууль эрхзүйн чадамжтай эсэхийг тогтоолгохоор АТГ-т хандсан. Гэтэл алга болсон 340 мянган тонн нүүрсний асуудлыг хоорондоо ярилцаад шийдэж болохгүй. Орон нутгийн “Тавантолгой” компанийн захирал төлнө гэж гарын үсэг зурсан нь маш ноцтой. Зөвшөөрөл өгч өөрийнхөө лицензтэй талбайгаар нэвтрүүлж, хулгай хийх боломж олгосон нь ноцтой. Өмнөговийн ард түмний өмчийг алдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ асуудлыг яаралтай шалгах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *