Л.Энх-Амгалан: Талбай дээр жагсах биш, танхимдаа цуглаж асуудлаа шийдье

12-р сарын 28, 2018 12:48 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 8
12-28-1

 

Ч.ЗОТОЛ

Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, улмаар чуулганы ирц бүрдээгүйтэй холбогдуулж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр Төрийн ордонд  мэдээлэл хийв.

Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч  улс оронд  үүссэн үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганд мэдээлэл хийх хуваарьтай байсан. Гэвч ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Өчигдөр ҮАБЗ-өөс УИХ-д албан бичиг ирсэн. Үүнд өнөөдөр, маргаашдаа чуулганы ирцээ бүрдүүл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, ҮАБЗ-ийн даргын хувьд үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийнэ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Үүнийг намуудын бүлэгт болон зургаа дахь удаагаа чуулганы хуралдаанд суугаагүй 30 гишүүнд хүргүүлсэн.

Өнгөрсөн долоо хоногт хоёр ч  Байнгын хороо хуралдсан. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор агаарын бохирдол, хүн амын дундах өвчлөлийн асуудлыг хэлэлцсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын даргыг огцруулах нэр бүхий гишүүдийн гаргасан шаардлагыг хэлэлцээд хуульд нийцээгүй, хууль зүйн  үндэслэлгүй байгаа тул чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ тухай албан бичгийг УИХ-д ирүүлсэн.

Он гарах гэж байна. Маргааш /өнөөдөр/  энэ жилийн хамгийн сүүлийн чуулган. Он гарахаас өмнө хуулийн дагуу Засгийн газрын гишүүдийг томилох ёстой.

УИХ-ын 75 гишүүнд хууль санаачлах эрх нь бий. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг  ойлголцол, зөвшилцлөөр давж гарна. Жагсаал цуглаан хийх нь  хамгийн зөв шийдэл биш. Учир нь ард түмэн төр барих эрхээ сонгосон 75 гишүүнээр дамжуулан эдэлж байгаа. Тиймээс  Д.Сүхбаатарын талбайд жагсах биш, чуулганы танхимд орж ирээд асуудлаа  хэлэлцэж шийдэх ёстой.  Ийм хуулийн зохицуулалттай. 40 гишүүн бол ямар ч хуулийг батлах хангалттай ирц бүрдүүлэлт юм” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин