Концессын мөнгийг л Майдар хот руу шилжүүлчихье

11-р сарын 6, 2018 9:34 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 46
11-6-9

 

С.САРУУЛ

Концессын асуудал “томрохоороо” улс төрийг яаж эргүүлж, самарч болдгийг эрхэм гишүүд эрх биш ойлгосон биз. Дээгүүрээ хуваарилсан долоон концесс бүхэл бүтэн Засгийн газрыг кабинетаар нь огцруулах хөшүүрэг болж байв. Энэ тухайгаа ч  Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын суудлаасаа буухдаа хэлж байсан удаатай.

Тэгвэл ирэх оны төсөв баталж үймсэн эдгээр өдрүүдэд ч концессын хэрүүл намжсангүй. Хэдийгээр эрх баригч намын 65 гишүүн сөрөг хүчний есөөр дутахгүйгээр төсвөө хүч түрэн баталсан ч дахин тодотгол хийх, мөн Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих асуудал сөхөгдөх нь тодорхой болж байна. Төрийн тэргүүн болоод сөрөг хүчнийхэн төсөв дээр ингэж их бухимдаж, акцент өгөөд байгаагийн учир нь Майдар эко хот төсөлд мөнгө төсөвлөөгүйд байгаа аж.

Уг нь Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэж, тэнд “Майдар хот” төсөл хэрэгжүүлж, үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийхийг дэмжсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирэх оны төсөвт  Майдар хотын бүтээн байгуулалтыг шуурхайлах, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих талаар тохирсон ч Майдар хотод мөнгө тавих нь битгий хэл ЕТГ-ын  зардлыг танасан нь сөрөг хүчний угшилтай Ерөнхийлөгч болоод АН-ынхныг ийнхүү уурсуулаад байгаа гэх. АН-ын бүлэг өчигдөр хуралдаад “Ерөнхийлөгч төсөвт хориг тавибал дэмжинэ” гэж мэдэгдсэн.

Ийнхүү төсөв тойрсон улс төр өрнөж, албан тушаалын “барьцаа” ч явж байгаа бололтой. Тиймээс МАН-ынханд Ерөнхийлөгчийг тайвшруулах нэг арга байна. Тэртээ тэргүй гишүүдийн дуусаагүй концессыг санхүүжүүлэхээр тусгасан нь хүчтэй шүүмжлэл дагуулж байгаа энэ үед нэр бүхий гишүүдтэй холбоотой концессын санхүүжилтыг л Майдар төсөл рүү шилжүүлчихье. Бүр тодруулбал, концесс авсан нь нэгэнт ил болчихсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нарт хуваарилсан концессын төлбөрөө Майдар руу өгчихөж болно. Ингэж эрх баригчид өөрсдийнхөө хүмүүст хуваарилсан концессоосоо татгалзаж  чадвал энэ Засгийн газар, парламентын нэр ч цэвэр үлдэнэ. Төсөвт тодотгол хийнэ, хориг тавина гэх Ерөнхийлөгчийн уур ч гарна шүү дээ. Эцэст нь эх нь эцэхгүй, тугал нь турахгүйгээр  яг таарна гэсэн үг.

Концессын ажил гэдэг  өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, хүлээлгэж өгсөний дараа зардал мөнгөө авдаг хууль журамтай. Гэтэл 2019 оны төсөвт ажил нь дуусаагүй нэр бүхий найман концесст санхүүжилт өгөхөөр оруулжээ.  78 225.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Говьсүмбэр аймагт баригдаж буй “Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 42 150.5 тэрбумыг, 6 116.4 тэрбумын төсөвтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн барилгад бүгдийг, 2 806.8 тэрбумын өртөгтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэгийн барилгад бүгдийг, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилгын 2 105.7 тэрбум төгрөгийг бүгдийг, Хөвсгөл аймгийн Тариалан сум дахь Соёл, спортын цогцолборын 3 616.5 тэрбум төгрөгийг бүгдийг, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын гүүрийн 767.5 сая төгрөгийн бүгдийг, 26 640.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Дархан, Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай автозамын 2.630 тэрбум төгрөгийг, Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган дэд бүтэц барих 25 724.6 тэрбум төгрөгийн 2.0 тэрбумыг ирэх 2019 онд улсын төсвөөс гаргах гэж байна.

Энэ дунд Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийг хийж буй “Алтай трест” ХХК-ийн авах 42 105.5 сая төгрөгөөс 5 000.0 саяыг, Яармагийн хүүхдийн эмнэлгийг барьж буй “Томо бюлдинг” ХХК-ийн авах гэж байсан 2 000.0 сая төгрөг, нийлээд 7 000.0 сая төгрөгийг Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн 220 кв-ын хоёр хэлхээт ЦДАШ, дэд станц барьж буй “МАК” компанид өгөхөөр шийдсэн зэргээр өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, С.Бямбацогт нартай холбоотой концесс бий. Өмнөх Засгийн газрын үед Ж.Мөнхбатын хадам ахын “Засаг чандмань майнз” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам,   Н.Номтойбаярын МАК компани Чойр-Цагаан суваргын чиглэлд 220 КВ-ын хоёр хэлхээ шугам барих, С.Бямбацогтын “Алтай трест” ХХК нь Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төслийн  концессыг 78тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан асуудал хөндөгдөж байсан юм.

Тэгэхээр хэдийгээр өнөөдөр цаасан дээрх төсөл төдий байгаа ч ажлаа даруйхан эхэлбэл хөрөнгө оруулагчид нь бэлэн. 2020 онд Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулна гэж зорьж буй Майдар төсөлд ирэх оны төсөвт суулгасан концессын гэрээг шилжүүлчихвэл улс төрийн хэрүүл ч намжина. Улс орон ч өнгө нэмэх биш үү.  Майдар эко хот төслийн удирдагч Л.Баяртуул “2020 онд Азийн хүүхдийн наадам болох ёстой л доо. Бид нар өнгөрсөн жилийн арванхоёр дугаар сараас хойш л Засгийн газарт хүсэлт тавьсан. Ажлаа эхлүүлмээр байна аа гээд. Азийн хүүхдийн их наадамд зориулаад Их сургуулийн хотхон барих гэсэн юм. Улаанбаатарын нэг томоохон их сургууль тийшээ нүүгээд оччихвол ачаалал тодорхой хэмжээгээр хөнгөрнө. Тэр хотхоныг ашиглалтад орохоос өмнө 2020 оны наймдугаар сард Азийн хүүхдийн наадмыг зохион байгуулъя гэж зорьж байгаа юм. Азийн хүүхдийн их наадмаар 10 мянган хүн гадаадаас ирнэ. Тэднийг багтааж, шингээх боломж Улаанбаатарт байхгүй. Зочид буудал хангалттай бус. Төлбөрөө төлөөд байрлах зочдоо авна уу гэхээс наадамд ирсэн хүүхдүүдийг байрлуулах нь юу л бол. Гэвч орон нутгийнхан нь цааргалсаар байгаад зөвшөөрөл нь гартлаа удчихлаа. Асем болоход гурав, дөрвөн мянган хүн л ирэхэд Улаанбаатарт хүлээж авах гэж яалаа. Одоо 10 гаруй мянган хүн ирнэ. ажлаа даруйхан эхэлбэл хөрөнгө оруулагчид нь бэлэн.Амжвал амжина” гэж хэвлэлд ярьсан байна лээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *