“Конец” болоогүй концессын гэрээг санхүүжүүлдэг болоо юу?!

10-р сарын 25, 2018 7:20 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 18
10-25-1

Б.ДАМДИН-ОЧИР

Монгол Улс анх удаа 2010 онд Концессын тухай хуультай болж байв. Тэр үед мөнгөө барьсан ажил гүйцэтгэгчид олшроод, төр тэдэнд боломж олгож ийм хуультай болж байлаа.

Бас засаг төрийн сан хөмрөг дульхан байх үед концесс шиг хэрэгтэй юм үгүй гэдгийг гадаад дотоодын туршлагаас манай дарга нар олж мэдсэн юм.

Ер нь бол энэхүү концессын ажил гэдэг нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр тухайн ажлыг гүйцэтгэдэг. Дараа нь захиалагчаас мөнгөө авдаг. Товчхондоо, ажлаа дуусгаад, хүлээлгэж өгсний дараа зардал мөнгөө авдаг үйл ажиллагаа гэсэн үг.

Харамсалтай нь энэ хууль батлагдсанаас 1-2 жилийн дараагаас концессын ажил гүйцэтгэчихээд төлбөрөө авч чадаагүй компани хэдэн арваараа гарч ирсэн юм.

За тэгээд, иймэрхүү нугалаа гарахад манайхан яаж ашиглахаа маш сайн мэднэ. Төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй Сангийн яам концесс гүйцэтгэсэн компаниудын “горооны газар” болж хувирсан юм.

Одоо ч гүйцэтгэлийн төлбөрөө авъя гэсэн компаниудын хүсэлт Сангийн яаманд овоолоостой байна.

Ийм гэрээ улсад ашигтай. Улсын хэтэвч нимгэн зузаан аль ч үед бүтээн байгуулалт явж байдаг сан тал бий.

Гэхдээ манайхан юмыг хэтрүүлдэг. Хууль баталснаас хойш энд ч, тэнд ч гэрээ байгуулаад ёстой баллаж өгсөн. Сүүлдээ хамаа замбараагүй хийсэн концессын гэрээндээ дарамтлуулаад алийгаа алдаж байгаа юм. Эдийн засаг хүндэрсэн нөхцөлд ганц Сангийн яамыг бус Засгийн газрыг тэр чигт нь дэнжигнүүлэх аюултай гэдгийг мэдэрцгээсэн дээ.

Уг нь 2016 оны сонгуульд МАН ялсны дараа, наймдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “…Эдийн засаг хүндэрсэн шалтгаан бол автозамын асуудалтай яах аргагүй холбогдоно. Мөн өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэгч компаниуд гүйцэтгэсэн ажлынхаа хөрөнгө мөнгийг авч чадаагүй асуудал ч бий. Сангийн яаманд нийт 20 төсөл арга хэмжээний 30,4 тэрбум төгрөгийн хүсэлт хүргүүлсэн боловч 26.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байна. Үүний цаана олон компани хийсэн ажлынхаа мөнгийг авч чадахгүй маш их хүндрэлтэй байдал үүсээд байна” гэж ярьж байлаа.

Бас 2018 оны нэгдүгээр сард Нийслэлийн Засаг дарга С.Батболд “…Бид өнгөрсөн жил 140 тэрбум төгрөгийн концессын гэрээний өрийг дарсан. Энэ онд бусад өрийг бүрэн барагдуулахаар төлөвлөж байгаа” гэж мэдэгдсэн байдаг.

Концессын бодло­гогүйн үр дагавар л даа. Тэр ч байтугай концессын гэрээ гээч зүйл бүхэл бүтэн Засгийн газрыг унагах хөшүүргэ болсныг бид харсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газар ганцхан жил ажиллаад концессын “долоохон” гэрээнээс болоод огцорсон байдаг шүү дээ.

 Ж.Эрдэнэбат огцрохынхоо өмнө тэр гэрээнүүдийн талаар “…Намайг сайд нартаа концесс хувааж өгсөн гэж буруутгасан. Долоон концессын асуудал манай Засгийн газартай нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ эдгээр долоон концессын тав нь өмнөх Засгийн газруудын үед шийдвэр нь гарсан, гэрээгээ байгуулсан,  ажил нь эхэлсэн төслүүд байгаа юм. Өмнөх гэрээгээр бол эдгээр таван концессын эргэн төлөлтийг 2017, 2018 оноос эхлэн улсын төсвөөс  хийхээр байсныг ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор хойшлуулж 2020, 2021 он болгосон. Ингэж зөвшилцөх явцдаа концесс тус бүрийн үнийн дүнг бууруулж, нийтдээ 280 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж улсын төсвөөс эргэн төлөх ачааллыг бууруулсан. Үлдэж буй хоёр концессын тухайд  Дорноговийн зам, Хан-Уул дүүргийн эмнэлэг хоёр байгаа” гэсэн юм.

Бас одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр үед Шадар сайд байхдаа “…Би ч гэсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэсэн байр суурин дээр байдаг хүн. Гэхдээ тогтвортой байдал гэсэн нэрийн доор болж бүтэхгүй, шударга бус зүйлсийг хаацайлан хамгаална гэсэн үг биш. Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонирхолтой компаниудад 807.8 тэрбумын концесс өгдөг бусармаг явдлыг тогтвортой байлгах гээд байгаа юм уу” гэж хэлээд огцруулж байлаа.

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч бас концессын гэрээнээс болж бүдэрч магадгүй алдааг хийх гэж байна. Засгийн газрыг нь унагадаггүй юм гэхэд Концессын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болох нь тодорхой байна.

2019 оны төсөвт ажил нь дуусаагүй нэр бүхий найман концесст санхүүжилт өгөхөөр оруулжээ.  78 225.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Говьсүмбэр аймагт баригдаж буй “Чойр” дэд станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд 42 150.5 тэрбумыг, 6 116.4 тэрбумын төсөвтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн барилгад бүгдийг, 2 806.8 тэрбумын өртөгтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэгийн барилгад бүгдийг, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилгын 2 105.7 тэрбум төгрөгийг бүгдийг, Хөвсгөл аймгийн Тариалан сум дахь Соёл, спортын цогцолборын 3 616.5 тэрбум төгрөгийг бүгдийг, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын гүүрийн 767.5 сая төгрөгийн бүгдийг, 26 640.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Дархан, Эрдэнэтийн авто замаас Сант сум, Орхон сум чиглэлийн 22.2 км хатуу хучилттай автозамын 2.630 тэрбум төгрөгийг, Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ор бүхий төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган дэд бүтэц барих 25 724.6 тэрбум төгрөгийн 2.0 тэрбумыг ирэх 2019 онд улсын төсвөөс гаргах гэж байна.

Мэдээж хэрэг, ажил нь дууссан компаниудад гэрээний дагуу гүйцэтгэлийн төлбөрийг өгөх ёстой. Гэтэл энд хаа байсан 2020, 2021 онд дуусах хоёр ч ажил орчихсон байна. Тэднийх нь нэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгаан болж байсан нэгэн гишүүний хувьдаа авсан гэрээ байх жишээтэй.

Нөгөөдүүл нь ч бас ирэх онд ажил нь дуусаа ч билүү, үгүй ч билүү. Гэтэл ажлаа хийж, хүлээлгэж өгчихөөд мөнгөө авч чадахгүй өчнөөн олон компани байгаа шүү дээ.

Юутай ч ирэх 2019 оны төсөвт концесстой холбоотой иймэрхүү хэмжээний мөнгө “зоосон” байна.

Ерөөсөө эндээс нэг л зүйл тов тодорхой харагдаж байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН ялах уу. Одоогийнх шиг 65-уулаа биш юм гэхэд засаг барих хэмжээнд суудал авах уу гэдэг асуулт энэ намын гишүүдэд тавигдаад удаж байна. Хариулт нь тун тоогүй гараад байгаа. Үгүй гэж. Тиймээс дор бүрнээ “…Дараагийн сонгуулиар яах вэ” л гэцгээж байна. Яахаа мэдэхгүй хүмүүс байна, аргаа олсон нь ч олон байна.

Дээрх “аян”-ы хүрээнд эрхэм гишүүн маань ингэж концессын гэрээнийхээ төлбөрийг олж авч байгаа бололтой. Ном журмаар нь 2020 оны төсөвт суулгачихаар АН-ынхан гарч ирээд өгөхгүй ч байж мэднэ гэж бас тооцоолсон биз.

Юутай ч энэ бүхнийг үзэн ядаад байсан Ерөнхий сайдын үед “конец” болоогүй концессын гэрээг санхүүжүүлдэг боллоо доо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *