Кон Шин Чан: Эрүүл мэндийн салбарын хөгжилд эмч, өвчтөн хоёрын үнэлэмж чухал

6-р сарын 28, 2018 9:59 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 26
6-28-7

Б.ТУУЛ, Б.ПУНЦАГ

Тайванийн эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшил дэлхийд болон Азид дээгүүрт бичигддэг. Тиймээс тус улсын эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллаж буй “Алтан гар”-тай шилдэг эмч нарын нэг,  Зүрх судасны их эмч Кон Шин Чантай ярилцах боломж олдсон юм. Тэрээр Тайванийн Батлан хамгаалахын үндэсний хүрээлэн буюу Хятадын уламжлалт анагаах ухааны үндэсний академийг төгссөн байна. Түүний энэ сургууль Тайванийн хамгийн өндөр төвшний, хамгийн эртний цэргийн сургууль гэдгээрээ онцлог юм.

Тайваньд олон орны оюутан ирж суралцдаг. Гэтэл танай эмнэлгийг ганцхан монгол оюутнуудыг сонгож үнэ төлбөргүй үзлэгт хамруулсан гэсэн сайхан мэдээ сонслоо?

-Би нэг түүх яръя. Одоогоос хоёр жилийн өмнө нэг монгол иргэн бидэнтэй ирж уулз­сан юм. Тэрээр хавдартай гэж Монголд оношлогдсон юм билээ. Бид тэр эмэгтэйд үзлэг, шинжилгээ хийтэл хавдар биш байсан. Тэр бүсгүй өөрийгөө хав­дартай гэж сонсоод сэт­гэл санаагаар ихэд хямарснаас гадна хав­дартай өвчтөнүүдэд уул­­га­даг эмийг удаан хугацаанд уусан байсан. Харин хавдар биш гэдгээ мэдээд сэтгэл санаа нь сэргээд нутаг буцсан. Энэ үйл явдал бидэнд нэг зүйлийг мэдрүүлсэн. Бид цаашид Монголын эмч нартай хамтран ажиллаж, туршлага солилцох хэрэгтэй  юм байна гэдэгт санаа нэгдсэн. Ингэж бидний үйл ажиллагаа Монгол руу чиглэсэн.

Манай улсад олон монгол оюутан суралцаж  байгааг сонссон. Тэд эцэг эхээсээ хол, хэнд хаана хандаж, эмчлүүлэхээ мэдэхгүй байгаа шүү дээ. Тиймээс бид монгол оюутнуудыг үнэ төлбөргүй бүх төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэ жил хоёр дахь удаагийн үзлэгээ зохион байгууллаа. Хоол унд, шинжилгээний төлбөр, эмч нарын үзлэг бүгд үнэ төлбөргүй.

Сүүлийн үед манайхан Монголд эмчлэгдэх бо­ломжгүй, онош нь тодор­хойгүй өвчин туссан үедээ эрүүл мэндийн салбараараа тэр­гүү­­лэгч орнууд руу явж,  эмнэл­­гийн үйлчилгээ авдаг бол­­сон. Танайхыг зорин ирж байгаа монголчуудын хувьд ямар онош давамгайлж байна вэ?

-Монгол Улс газар зүйн байршлын хувьд жаа­хан алслагдмал боло­хоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай өвчтөнүүд ихэвчлэн БНСУ, БНХАУ-ыг зорьдог. Гэхдээ сүүлийн үед монголчууд Тайванийг зорих нь нэмэгдэж байна. Тэд ихэвчлэн буруу оноштой ирдэг. Бид  тухайн өвчнийг нь хэн сайн оношилж, эмчилж байна, тэр эмч рүүгээ явуулдаг.

Тайванийн эрүүл мэндийн салбарын бусдаас ялгарах онцлог, голлох зарчим нь юу байдаг вэ?

-Манайх эрүүл мэндийн  чанар, үйлчилгээ, үр нөлөөг чухалчилдаг. Түү­нээс гадна эм хангамж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, эрүүл мэндийн батал­гаат стан­дарттай учраас дэлхийд хүлээн зөв­шөө­рөгдсөн. Тайванийн эмч нар үйлч­лүүлэгчдээ нэн тэргүүнд тавьж, түүнд цаг заваа харамгүй зарцуулж, эрүүл болгохын төлөө ажилладаг. Тайванийн эрүүл мэндийн салбарын гол  зарчим энэ. Мөн бидний эцсийн зорилго бол тухайн өвчтөний сэтгэл ханамж. Тиймээс бид өвчтөнийг үүдээр орж ирэхэд нь л гэртээ орж ирсэн юм шиг халуун дулаан уур амьсгал мэдрүүлэхийг хүсдэг.

Манай улсад эрүүл мэндийн даатгал байдаг  ч хүн бүр үр шимийг нь хүртэж чаддаггүй. Харин Тайвань  эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээр дэлхийд тэргүүлж байна?

-23 жилийн өмнө Тайваньд эрүүл мэндийн даат­галын асуудлыг ид ярьж байлаа. Тэр үеэс эрчимтэй бодлого, шинэчлэл хийж эхэлсэн гэж ойлгож болно. Улсаас нийт төсвийнхөө 6.5 хувийг эрүүл мэндийн даатгалд зарцуулахаар төсөвлөж, хууль­чилсан. Гэсэн ч өнөө­дөр хүн амын 99 хувь нь эрүүл мэндийн даат­галд хамрагдаж, эм­нэлгийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадаж байна. Тайванийн удирдлагууд ямар өвчтөн, ямар үйлчилгээг хэдэн төгрөгөөр авах вэ, үүнд даатгалын хэдэн хувийг зарцуулах вэ гэдгийг нэг бүрчлэн тогтоож өгсөн байдаг. Ингээд эмнэлэгт даат­­галаар хөнгөлөлт эдэлж үйлчлүүлсэн хүний төлбөрийг Эрүүл мэн­дийн даатгалын сангаас тухайн эмнэлэг рүү нь шил­жүүлдэг. Өөрөөр хэлбэл, маш бага төсвөөр эрүүл мэндийн салбараа хөгжүүлж чадсан.

Бага төсвөөр хөгжүүл­сэн гэхээр гол цэгээ олж бод­логоо явуулсан байх нь. Ажлаа яг юунаас эхэлсэн бол?

-Тайваньд Нийгмийн эрүүл мэндийн яам гэж тусдаа бий. Энэ яамнаас олон нийтийг эрүүл зан үйлд уриалах, эрүүл мэнддээ анхаарах, эрүүл мэндийн даатгалын үр ашиг, ямар үйлчилгээ авах, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, хуваарь, өвчний тухай мэдээлэл, сурталчилгааг сайн түгээдэг. Тиймээс тайваньчууд хуулийн дагуу эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаг. Тайваньд 30 насанд ямар шинжилгээ, үзлэгт орох ёстой вэ, 40, 50 насанд юуг анхаарах ёстой вэ гэдэг ойлголтыг иргэдэд байнга өгдөг. Жишээ нь, 30 насанд эмэгтэйчүүд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой. Энэ шинжилгээг жил бүр Тайванийн эмч нар явуулын лаборатори ажил­луулж, гэрийнх нь ойролцоо очиж үнэ төлбөргүй авдаг. Мөн шулуун, бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээг хоёр жилд нэг удаа үнэгүй авдаг.

Иргэд хэр идэвхтэй хамрагддаг вэ?

-Иргэд идэвхтэй хамрагддаг. Бид үзлэгийн мэдээллийг хэвлэл мэдээл­лийн хэрэгслээс гадна байрных нь цахил­гаан шатанд наачихдаг. Мөн үзлэгт ирсэн хүн бүрт эрүүл мэндийн бүтээгдэхүүн бэлэглэдэг.

Эрүүл мэндийн даатгал эмийн сангуудад хэрхэн үйлчилдэг вэ?

-Ямар ч эмнэлэг, эмийн сангаас эм авсан эрүүл мэндийн даатгал үйлчилнэ. Учир нь эмнэ­лэг бүр өөрийн эмийн сантай. Эмч бичиж өгсөн эмийг л эмийн санч олгоно. Харин дурын иргэн эрүүл мэндийн даатгалаа барьж очоод хүссэн эмээ авах боломжгүй. Үүнийг хуу­лиар хориглосон байдаг.

Монгол эмч нар саяхан Тайваньд ирж туршлага судлаад буцсан гэсэн. Манай улсын ямар эмнэлгүүдтэй хамтран ажилладаг вэ?

-Бид Монголын эмч нар, эмнэлгүүдтэй хамт­ран ажиллаад дөрөв дэх удаагийн уулзалт, сургалтаа зохион байгуулаад байна. ГССҮТ, Арьсны өвчин суд­лалын төвийн эмч нар саяхан /2018.05.18/ Тайваньд ирээд манай холбооны эмнэлгүүдтэй танилцаад явлаа. ГССҮТ-ийн эмч нар өөрсдөө бидэнд санал тавьж, холбогдсон. Бид цахим мэдээллийн сургалт зохион байгуулсан. Мөн Тайванийн эмч нарыг Монголд урьж, мэс засал хийлгэх санал тавьсан. Хэрэв  тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй бол монгол эмч нарыг дагалдуулаад Тайваньд авчирч мэс засал хийх боломжтой. Бидний цаашдын үйл ажиллагаа Монголын эрүүл мэндийн салбарт өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулна.

Цахим мэдээллийн сангийн тухай ярьж байна. Монголд зарим эмнэлэгт энэ ажлыг одоо хийж байна. Цахим мэдээл­л­ийн сантай болс­ноор Тайванийн эмнэлгүү­дэд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Тайвань IT техно­ло­гиороо мөн л дэл­хийд тэргүүлдэг. Энэ бааз дээрээ суури­лаад эмнэлгүүдээ цахим­жуул­сан. Ингэснээр эмч нарын ачаалал буурч, өвч­төнүүдийн стресс үгүй болсон. Мөн эмч, өвчтөний цагийг хэмнэж, ухаалаг технологийг бүрэн утгаар нь ашиглаж, мэ­дээллийн нэгдсэн баазтай болгосон давуу талтай. Тайванийн эрүүл мэндийн салбар эм­чилгээ, үйлчилгээнээс гадна эмнэлгийн ца­хим мэдээллийн нэгд­сэн сан, эмнэлгийн удирдлагын тогтолцоо, халд­варгүйжүүлэлт, эмч нарын сургалтын баазаараа дэлхийд алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Цаашид Монголын эмнэлгүүдтэй энэ дөрвөн давуу талаа түшиглэн хамтарч ажиллахад нээлттэй байх болно.

Танай улс эрүүл мэндийн салбарынхаа эмч, мэргэжилтнүүдийг хэрхэн хөгжүүлдэг вэ. Гадаадын улс орнуудад аваачиж, сургалтад хамруулдаг уу эсвэл дотоодынхоо нөөц бололцоон дээр түшиглэн хөгжүүлж байна уу?

-Энэ асуудлаа до­тооддоо шийддэг. Харин үнэхээр Тайваньд байхгүй шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлсэн тохиолдолд гадаад руу явж туршлага судлуулдаг. Тайванийн анагаах ухааны салбарын хөгжил бусад улс орноос илүү хөгж­сөн байдаг. Тиймээс до­тоодын лаборатори, тех­но­логийг түшиглэн эмч, мэргэжилтнүүдээ хөг­­жүүлдэг. Манай улсад эмч нар долоон жил сурал­цаж төгсдөг. Үүний дараа мэр­гэжлийн эмчийн үе шат гэж бий. Энэ хугацаанд олон сургалт, дадлагыг хийсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, олон шат­лал дамжиж жинхэнэ эмч болно. Дотрын, мэс заслын, гэр бүлийн эм­чээр нарийн мэргэшиж, тусгай зэрэг авна. Ажил­лаж, дадлагажиж байх хуга­цаандаа оноогоо цуг­луулж дараа нь шалгалт өгч нарийн мэргэжлийн эмч болно.

Бүх насаараа суралц­даг байх нь ээ. Тэгвэл эмч нарын нийгмийн асуудал бо­лон хангамж нь хэр байдаг юм бол?

-Тайваньд эмч бол номер нэг үнэлгээтэй. Хамгийн өндөр цалинтай, нийгмийн баталгаатай мэргэжил. Цалин нь хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээнээс тав дахин өндөр. Олон жил зарцуулан суралцаж төгс­сөн ч нийгмийн хангамж, баталгаанд санаа зовохгүй ажлаа хийж чаддаг. Эмч нар нийгэмд өндөр байр суурь эзэлдэг учраас ард түмэн ч бас эмч нарыг  их хүндэтгэдэг. Тайванийн эмч нарын үнэлгээ, нийгэмд өндөр байр суурь эзэлдэг энэ тогтолцоо Японы колоничлолын үеэс улбаатай. БНХАУ-ын хувьд эмчийн мэргэжил II, III эрэмбэлэгддэг бол Тайваньд I бичигддэг.

Цаашид Монголын эрүүл мэндийн салбартай хэрхэн хамтарч ажил­лахаар төлөвлөж байна вэ. Зарим эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлах үйл ажиллагаа яригдаж байгаа гэж сонссон?

-Бид хоёр зорилго тавьсан. Өвчтөнүүдэд чанартай эмчилгээ, үйлчилгээ үзүүлж, сэтгэл хангалуун буцаах. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол эмч нарыг сургах, мэргэшүүлэхэд туслалцаа үзүүлэх юм. Энэ бүхний үр дүн нь ирээдүйд эерэг өөрчлөлтийг Монголын эрүүл мэндийн салбарт авч ирээсэй гэж хүсч байна. Тоног төхөөрөмж бэ­лэг­лэх, хандивлах үйл ажиллагааг цаашид ярил­цаж байж шийднэ. Явц дунд хамтын ажиллагаа улам бүр өргөжих байх гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *