Компаниа ярьдаггүй юм шүү дээ, Б.Наранхүү гишүүн ээ

10-р сарын 26, 2012 11:22 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 208

Ө.СОНОР

Монгол Улс, монгол­чууд, Монголын төр дэн­дүү арчаагүй гэдгээ ганц­хан жишээгээр дэлхий да­хинд таниулж  байх юм. Үр хүүхдийнхээ тоглох  газ­рыг  ашиг  олох зорилготой бизнесийн байгуулла­гуу­дад булаалгачихаад тол­гойг нь илж суудаг төр  ма­найхаас өөр байдаг болов уу, бүү мэд. Бизнесийнх­нийг, УИХ-ын эрхэм  ги­шүү­дийг, монгол төрийг ийм арчаагүй  байгааг нь  таниулж  өгсөн  Монголын залуучуудын холбооны­хонд, А.Мөнхбат даргад харин “Браво” гэх нь  зүй­тэй байх. Бидний мэдэх  хүүхдийн парк уг нь ца­гийн сайханд 32 га газар­тай байжээ.Газраас нь эрх мэдэлтнүүд албан ту­шаа­лаа ашиглан хумсал­саар, хумсалсаар одоо хэчнээн га-д нь амралт, чөлөөт цагийн бүс ба­рихаар болсныг мэдэх хүн ч алга болжээ.

Өмнө нь паркийн газар  ямар байсан, одоо ямар байгааг харсан хүн бүр  толгой сэгсэрч байгааг энд  бичих нь илүүц билээ.

Энэ  бүхэн уржигдар Төрийн ордон дахь Иргэний  танхимд болсон “Паркаа аваръя” хэлэл­цүүлгийн үеэр тодорхой болсон  юм.  Хэлэлцүүлэгт оролцсон  компаниудын удирдлагаас “Та монгол хүүхдүүдийн төлөө авсан газраа буцаан  өгч чадах уу” гэдэг асуулт тавихад бүгдээрээ тойруу замын хариулт  өгч  бултаж  байсныг 2,7 сая мон­гол­чууд харлаа. Бизнесийн байгууллагуудын удирд­ла­гууд ч яахав. Тэд ашиг олох зорилготой учраас ганцхан хэлэлцүүлэгт ороод л газраа “тавиад  туучихна” гэж яаж са­наанд нь багтах вэ. Харин түмний  ит­гэлээр хууль тогтоох байгууллагад сон­гогдсон  УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэдэг  хүн  тэр дунд нь орчихсон “Ганц­хан манай компанийн газрыг авах гэж дайраад байгаа юм уу. Бусад нь ч адилхан авсан. Газраа энэ чигээр нь үлдээчих. Мон­гол хүүхдүүдийн эцэг, эх  ядуу, багачууд паркад тоглож  чадахгүй байна. 10 жил үнэгүй тог­луулъя” хэмээж монгол­чуудын амыг ангайлгаж, чихийг дэлдийлгэж байх юм. Хатуухан хэлэхэд энэ бол хүүхдүүдийг басам­жил­сан, доромжлол юм. Түүний энэ үг тэртэй, тэргүй тоглож чадахгүй юм чинь том паркаар яадаг юм гэсэнтэй агаар нэг сон­согдож “Үхтэл үр харам” гэж зүтгэдэг монгол ээж, аавуудын сэтгэлийг баа­хан  гонсойлгож орхилоо. Хамгийн чухал нь  Б.Наранхүү бол одоо ямар нэгэн бизнесийн байгуул­лагын төлөөлөл  бус Мон­голын ард түмний элч болсон УИХ-ын гишүүн шүү дээ. 

УИХ-ын гишүүн хүн нийгэмд хүлээн зөвшөө­рөгдөх зангарагтай байх ёстой юм. Ард түмэн Б.Наранхүү гэдэг хүнийг “Мон-Уран” ком­панийн захирал биш пар­ламентын гишүүн гэ­дгээр нь хүлээн авч бай­гаа. Гэтэл эрхэм гишүүний “Паркаа аваръя” хэлэл­цүүлэгт хэлсэн үгс хэч­нээн сондгой байв. Ерөөс Б.Наранхүү  өнөөг хүртэл УИХ-ын гишүүн гэсэн нэрэнд дасаагүй, өөрий­гөө компанийн захирал л гэж ойлгодог бололтой. Тэгээд тэгвэл ингэнэ, ингэвэл тэгнэ, бусад нь адилхан гэх мэтийн юм  ярьж байх  юм. “Паркийн газраас эзэмшиж байгаа бүх компаниуд хуулийн дагуу ажиллана гэвэл би газраа чөлөөлөхөд бэлэн. Үнэхээр хүүхдүүдээ гэж  байгаа бол  нийлж байгаад юм хийх хэрэгтэй. 10 жилийн хугацаанд хүүх­дүүдээ үнэгүй тог­луулъя. Одоо бол өндөр үнэтэй паркад тоглох бэлтэй хүн цөөн байгаа. Иргэд сарын цалингаараа нэг л өдөр хүүхдээ тоглуулна гэсэн үг. “Мон Уран” гэдэг ком­пани ганцаараа паркийн газрыг авчихаад өгөхгүй байгаа юм шиг зүйлийг 10  жил ярилаа. Манай ком­панийн хувьд нэг га газар эзэмшиж байгаа. Бүх га­зар шударга  байвал бид ч гэсэн шударгын голд ороод явна. Гэтэл зөвхөн манай компанийн газрыг  авна гээд байвал хүлээн зөвшөөрөхгүй. Бид огт зөвшөөрөлгүй үйл ажил­лагаа явуулаад байгаа юм биш. Бид шүүхийг хүн­дэтгэнэ. Захиргааны хэр­гийн шүүх “Мон-Уран” газар эзэмших зөвшөө­рөлтэй гэсэн шийдвэр гаргасан” гэж УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Мон-Уран” компаниа  төлөөлж ярилаа. Ингэхэд “Ирж яваа цаг” кинонд Маралмаа охин хонио  туу­­гаад явахад нь “Охин  хүүхэд  өөрөө очдоггүй  юм шүү дээ” гэж аав нь хэлд­гийг санаж байна уу. Яг түүн шиг УИХ-ын гишүүн хүн компа­нийнхаа аж­лаар өөрөө олны өмнө ил  гардаггүй юм шүү дээ. Өмнөөсөө өөр хүн явуулд­гийг архаг парламентчдаас суралцаарай. Жишээ татахад “АПУ” ком­па­нийн Г.Батхүү УИХ-ын гишүүн байхдаа компа­нийнхаа тухай ярьдаггүй, бизнестэй нь ижил агуул­га­тай асуудалд санал өгч, үзэл бодлоо илэрхийл­дэг­гүй байсантай ижил гэсэн үг. Ингэж болохгүй хууль ч бий.

Нийтийн албанд ний­тийн болон хувийн со­нирхлыг зохицуулах, со­нирхлын зөрчлөөс урьд­чилан сэр­гий­лэх тухай хуулийн 18 ду­гаар зүйлийн 18.2-т Улсын Их Хурлын болон Засгийн газрын ги­шүүн дараах ажил, албан ту­шаалыг давхар эрхэлж болно.

18.2.1. хууль болон олон улсын гэрээгээр зөв­шөөрсөн ажил; 

18.2.2. нийгэмд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил;

18.2.3. багш, судлаач болон бүтээлч ажил;

18.2.4. хуульд заасан бол өөр өөрийн чиг үүр­гийн дагуу Улсын Их Хур­лын болон Засгийн газрын албан тушаал;

18.2.5. хууль тогтоомж болон Засгийн газрын жур­­маар зөвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал хэмээн заа­сан байдаг юм. Үүнд ком­пани удир­даж олны  өмнө гарах гэж байхгүй байгаа биз. Мөн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн зургадугаар бүлэг, 36.1-д Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дор дурдсан ажил, албан тушаал хавс­ран гүйцэтгэх эрхтэй:

36.1.1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

36.1.2. Улс төрийн на­мын сонгуульт албан тушаал;

36.1.3. төрийн бус бай­гууллагын сонгуульт ал­бан тушаал;

36.1.4. багшлах болон эрдэм шинжилгээний ажил” хэмээн хууль­чил­сан юм. Энэ хуулийн 37 дугаар хэсгийн “Гишүүнд хориглох үйл ажиллагаа” гэдгийн 37.1.10.-т “Бүрэн эрхийнхээ хугацаанд аж ахуй эрхлэх, аж ахуй эрх­лэгч­дийн холбоонд элсэх, аж ахуйн нэгжийг төлөө­лөх болон хяналтын зөвлөлд сонгогдох” хэмээн заасан байдгийг сануу­лахад илүүдэхгүй байх.

Ийнхүү Монголын хүүх­­дүүдийн тоглох газ­раас “хумсалсан” бизнес­мэнүүдийн зарим  нь УИХ-ын гишүүн болчи­хоод хууль, дүрмээ ч мэ­дэх­гүй компанийнхаа ту­хай яриад явж байна. Эд­гээр хүмүүсийн ца­рай­наас ха­ра­хад Үндэс­ний соёл ам­рал­тын хүрээ­лэн­гийн га­зар эргээд хэзээ ч бүтэн  болохгүй юм бай­на.

Мон­голын төр, засаг ний­гэм өөрчлөгдсөнөөс хойш хүүх­дүүдийн гэсэн бүхнийг дандаа булааж ирсэн юм.  Цаа­шид ч бу­лаа­саар байх бололтой.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *