“Киванис-Монгол” клуб үйл ажиллагаагаа амжилттай эхэллээ

1-р сарын 31, 2017 11:43 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 61
1-31-9х

Н.ДАЯН

“Киванис” клуб анх Америкийн Индианаполис хотноо 1915 онд байгуулагдаж, 101 жилийн турш дэлхийн хүүхдийн сайн сайхны төлөө үйлчилж ирсэн байна. Төрийн, ашгийн бус энэ байгууллага нь одоо дэлхийн 90 гаруй оронд өөрийн сайн дурын гишүүдээрээ дамжуулан олон талт хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулдаг. Нийт 600 мянга гаруй гишүүнтэй, 15 мянга гаруй клуб дэлхийн 92 оронд ажиллаж байна. НҮБ-тай хамтран олон төсөл хэрэгжүүлдэг. Одоо дэлхийн хөрснөөс сахуу татранг бүрэн устгах төсөлд сая, сая доллар хандивлаад байна. Киванисын клубын эрхэм зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай олгож, тэднийг бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэж, бодит чадвартай иргэн болгон төлөвшүүлнэ. Дүүргийн хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж, ахлах ангийн сургалтаар бүрэн дунд боловсролыг мэргэжлийн чиг баримжаатай хослуулан олгохыг эрхэм зорилго болгон ажиллаж байгаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар тусгай сургууль дээр Монголд анх удаа “Дэлхийн хүмүүнлэгийн сайн дурын киванис”-ын салбар клуб албан ёсоор“ Киванис- Монгол” клуб нэртэйгээр байгуулагдан ажиллаж байна.

“Киванис- Монгол” клуб гишүүдийнхээ санаачилгаар 55 дугаар тусгай сургуулийн 2г ангийн сурагч Б.Өнөболд нүдний хавдар өвчнөөр өвдсөний улмаас урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 650 мянга төгрөгийн хандив босгож тусламж үзүүллээ. “E mart” худалдааны төв болон “Coffee Lovers“ facebook группын гишүүдэд хандснаар I-V ангийн амьжиргааны төвшин доогуур амьдралтай өрхийн 30 сурагчид хичээлийн хэрэглэл, өдөр өнжүүлэх төв болон бага ангийн сургалтад ашиглах хичээлийн хэрэглэгдэхүүнийг хандивлажээ. Зүүн Азийн бүсийн тусгай олимпын хорооны зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон дөрвөн сурагчийн зардал, ОХУ-ын Буриад улсад болох “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах конкурст оролцох хоёр сурагчийн зардалд дэмжлэг үзүүлэхээр ажиллав. Мөн сургуулийнхаа дэргэд “Хүлэмж” төсөл бичиж, хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Цаашид “Киванис-Монгол” клу­бын гишүүд, дэмжигчид хүүхдийн эрүүл, аюулгүй амьдарч сурч, хөгжих таатай орчинг бүрдүүлэх, тэдэнд тодорхой дэмжлэг үзүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

нэмэлт

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *