Ким Жон Ун ОХУ-д айлчлахаа мэдэгджээ

9-р сарын 10, 2018 8:45 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 14
9-10-5

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко уржигдар Хойд Солонгосын Ажилчны нам байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр Пхеньянд айлчилж удирдагч Ким Жон Унтай уулзаж ерөнхийлөгч Владимир Путины захиаг гардуулсан байна. Харин үүний дараа тэрээр ОХУ-д айлчлахаа мэдэгдсэн гэж Валентина Матвиенко хэллээ. Ким Жон Ун Хойд Солонгост энхтайвныг хүсч байгаа, мөн хоёр Солонгосыг нэгтгэхийг зорьж байгаагаа онцолсон байна. Гэвч удирдагч Ким Жон Уны энэ сарын ажлын хөтөлбөр шахуу байгаа учраас ирэх долоо хоногт Владивостокт болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцох боломжгүй. Өмнөд Солонгостой хэлэлцээр хийхэд оролцоно  гэж Валентина Матвиенко хэлсэн байна. Чуулганд Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдаар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцоно гэв. ОХУ-ын Холбооны зөвлөлийн даргын үзэж байгаагаар Владимир Путинтэй стратеги болон хоёр орны харилцааны тухай асуудлыг хэлэлцэх уулзалтыг хийх нь Ким Жон Уны хувьд их чухал. Тэрээр эдийн засаг, хүмүүнлэгийн болон улс төрийн салбарт ОХУ-тай хамтран ажaиллахыг дэмжиж байгаа гэж Валентина Матвиенко нэмж хэллээ. Мөн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга хэлэхдээ “ОХУ-ын баримталж байгаа чиг хандлага Хойд Солонгосын  эрх баригчдын чиг хандлагатай таарч байна” гэжээ. Харин хоёр орны тэргүүний хийх уулзалт болох газар, цаг хугацааг  гадаад харилцааны шугамаар ярилцаж тохиролцоно гэж Валентина Матвиенко хэллээ. Тэрээр Ким Жон Унтай хийсэн уулзалтынхаа үеэр Пхеньянд тавьсан олон улсын хоригийн тухай хэлэлцсэн. Хойд Солонгостой хамтарч ажиллахын тулд хоригийг цуцлуулах аргыг ОХУ хайх болно гэв. Мөн ОХУ Хойд Солонгосын эрх баригчидтай цуврал уулзалт хийхээр төлөвлөж байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *