“Картын бараанд дугаарладаг шиг…”

8-р сарын 23, 2012 11:03 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 230

Б.ЭНХЗАЯА

 

Цэцэрлэгүүд өчигд­рөөс хүүхдээ бүртгэж эхэл­лээ. Нийслэлд 90 мянга орчим хүүхэд багачууд байдаг ч 66 хувь нь цэцэр­лэгт явж чаддагийг ал­банынхан хэлж байна. Өнгөрсөн жил нийслэлд 308 цэцэрлэг үйл ажил­лагаа явуулснаас 180 нь төрийн өмчийнх байсан бол энэ жил уг тоо “тав”-аар нэмэгджээ. Хоёр, гур­ван хоногийн өмнөөс хүүх­дээ бүртгүүлэхээр цэ­цэр­лэгийн үүдэнд хонон өнжин дугаарласан эцэг, эхчүүд энд тэндгүй байгаа сураг дуулдав. Бид цэцэр­лэ­гийн бүртгэл хэрхэн явагдаж байгааг  сурвалж­лахаар Нийслэлийн тэр­гүүний 135 дугаар цэцэр­лэгийг зорилоо.

Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах тус цэцэрлэгт өглөөний 8.00 цагийн үед очиход 40 гаруй хүн дугаарлаад зогсч байлаа. Цэцэрлэгийн багш нар бага ангийн 20 хүүхэд бүртгэнэ хэмээн эцэг эхчүүдэд хэлжээ. Уг нь VII хорооны хүүхэд багачуудын “дундын өмч” болох тус цэцэрлэг 390 хүүхэд хүмүүжүүлэх хүчин чадалтай ажээ. Гэвч үүнээс хоёр дахин олон хүүхэд энэ хороонд амьдардаг гэнэ.  Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн VII хороо 7518 хүн амтай. Тэдгээрийн 600 гаруй нь цэцэрлэгийн насны багачууд байдаг юм байна. Тиймээс цэцрлэгийн багш нарын хэлсэн цөөхөн “орон тоо”-ны төлөө ийнхүү хонон барин дугаарлахаас өөр аргагүй аж.  Тиймээс эцэг, эхчүүдийн ихэнх нь дэргэдээ халуун савтай хоол, цай тавин, өвлийн хувцастай, сандал түшин зүүрмэглэж хоножээ.

Хөгшид, залуус, жи­рэмсэн эх… гээд урт да­раалалд зогсох эцэг эх­чүүдийн дунд хоёр сартай хүүхдээ тэвэрсэн бүсгүй зогсох аж. Тэр том хүүгээ бүртгүүлэхээр иржээ. Нялх үрийг нь харах хүн­гүй болохоор хар үүрээр тэврээд ирсэн нь энэ гэнэ. Тэрээр бүртгэх хүүхдийн тоо хязгаартайг мэдэж байгаа ч “Таньдаг хүн байгаа. Өнөөдөр хүүхдээ аваад хүрээд ир гэсэн” хэмээн итгэл тээж зогсов.

Харин жил бүр зээ на­раа бүртгүүлдэг “турш­лага”-тай, хоёр хоногийн өмнөөс цэцэрлэгийн хаал­гыг “манасан”  Х.Амар­сайхан ийнхүү ярилаа. Тэрээр хүү, охинтойгоо гурван ээлжээр цэцэр­лэгийн үүдийг сахиж хоносон гэнэ.

 

Х.АМАРСАЙХАН:  УРЖИГДРААС ЭХЭЛЖ ЗОГСЛОО

-Энэ жил 135 дугаар цэцэрлэг бага ангийн 20 хүүхдийг бүртгэж авах юм гэсэн. Энэ сургаар хонож өнжин дугаарлаж байна. Уржигдар зогсоод нуруу татаад бие өвдсөн учир том охиноо зогсоосон. Харин шөнө нь хүүгээ хонууллаа. Зарим хүмүүс хоёр хоногийн өмнөөс эхэлж ирсэн байна лээ. Энэ хүмүүс хүүхдийнхөө төлөө ээлжгүй хонож байна шүү дээ. Жил бүр бүх цэцэрлэг ийм байдалтай хүүхдүүдээ бүртгэдэг. Нийслэлийн хүн ам өсч байгаа хэрнээ цэцэрлэгийн тоо нэмэгдэхгүй юм. Харин одоо боловсролын салбарыг манай дүүргээс сонгогдсон Л.Гантөмөр гишүүн тэргүүлэхээр боллоо. Энэ асуудалд анхаарах цаг нь болсон. Олшроод байгаа баар, рестораныг буулгаж, шинэ цэцэрлэг барих хэрэгтэй

Бүртгэлийн хугацаа эхлэх үед хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд цувран ирсээр цэцэрлэгийн гадна хагас тойрог үүсгэв. Энэ зуур тус Цэцэрлэгийн эрхлэгч гэх эмэгтэй гарч ирэн эцэг, эхчүүдийг багагүй бухимдуулав. Учир нь тэрээр цэцэрлэгийн хүчин чадал тэнд дуугаарласан бүх хүний хүүхдийг авч дийлэхгүйг хэлсэн юм. Төрийн өмчит цэцэрлэ­гүүдэд улсаас олгож буй хоолны мөнгө хүрэхгүй байна гээд, “Хуульдаа ингэж тусгачихаад байна. Өдөрт 1200 төгрөгөөр нэг хүүхэд хооллоход хэцүү. Манай цэцэрлэг хүчин чадлаа хэтрүүлчихвэл 1000 төгрөгөөр хэдэн хүүхэд хооллох вэ. Хоёрхон багш 70 орчим хүүхэдтэй ажиллаж байна. Энэ жил нэг ангид 40-өөс дээш хүүхэд авахгүй. Норм нь тийм байх ёстой. Тиймээс бага ангид 20 хүүхэд бүртгэнэ. Харин дунд, ахлах ангид нэмж авах ямар ч бололцоо байхгүй. Магадгүй хуучин хүүхдээс өөр тийшээ шилжсэн тохиолдолд л орон тоо гарч болно. Бүртгэлийн сүүл­чийн өдөр үүнийг шийд­нэ” гээд дотогш орлоо.

Энэ жилийн цэцэр­лэгийн бүртгэлийн эхний өдөр нийслэлийн бүх цэцэрлэгүүдэд иймэрхүү байдалтай эхэлжээ. Гагц­хүү эцэг, эхийг бухим­дуулах орон тоо, цэцэр­лэгийн удирлагуудын хэл­дэг хүчин чадлын асуудал өмнөх жилүүдэд яригддаг л байсан. Өнөөдөр ч ярьж байна. Сургуулийн өмнөх боловсрол эзэмшвэл зохих 90 мянган хүүхдийг 100 цэцэрлэг нэмж шинээр баривал шингээж болох юм гэдгийг албаныхан тайлбарлаж байгаа. Хувийн цэцэрлэгт өгье гэсэн ч төлбөр нь их, дээд сургуулийнхтай эн тэнцэ­хээр байгаад бухимдах хүн цөөнгүй. Хувийн цэцэр­лэгийн нэг сарын төлбөр 250-500 мянган төгрөг болсныг тэд хэлж байна. Тиймээс улсын цэцэрлэгт хонон өнжин дугаарлаж, бүртгүүлж чадвал болох нь тэр аж. Харин бүртгүүлж амжаагүй зарим нь танил талаараа өөр хороо, дүүргийн цэцэрлэгүүдэд “Хандивын анги” бий бол­гон оруулдаг тухай жил бүр яригддаг. Дээрх цэ­цэрлэгийн үүдэнд дугаар­лаж буй эцэг, эхчүүд эцэстээ горьдлого тасраад “Хандивын анги байдаг бол хүүхдээ өгмөөр байна. Сураг дуулахад 200-300 мянган төгрөгөөр оруулдаг гэсэн” хэмээн ярьж байсан юм.

 

БҮРТГЭЛИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЬЕ”

Цэцэрлэгт хүүхдээ бүрт­гүүлэхээр олон хоно­гоор дугаарласан зарим эцэг эх “Монголчууд зах зээлийн үед шилжиж байх үед картын бараанд ду­гаарлаж байснаас ялгарах зүйл алга” хэмээн бу­химдаж байлаа. Тэдний нэг, Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн С.Түв­шинтөр цэцэрлэгийн бүрт­гэлийг цахим хэлбэрт шил­жүүлж, чирэгдэл үүс­гэхгүй байж болно гэсэн саналыг хэлж байв. Тэ­рээр “Сүүлийн жилүү­дэд цэцэрлэгийн бүртгэлийн асуудлыг шийдэж чадахгүй өнөөг хүрлээ. Яагаад заавал хэн нэгнийг бухимдуулж олон хоногоор дугаарлуулж байх ёстой юм бэ. Хэн, хаагуур ямар хүүхдээ оруулж байгаа нь мэдэгдэхгүй байна. Зах зээлийн нийгэмд шилжиж байх үед картын бараанд дугаарладаг байсан шиг хонож өнжиж байгаа нь иргэдийг бухимдуулж бай­на. Хүмүүс эрүүл мэндээрээ хохирч, зарим нь ажил төрлөө цалгар­дуулж байна. Ямар их бүтээмж алдагдаж байгааг хэмжих аргагүй. Тиймээс цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэх цаг болсон. Өнөөдөр мэдээллийн технологи хурдтай хөгжиж байна. 40-өөс доош насныханд ком­пьютер ашиглаж чадахүй хүн байхгүй. Яагаад үүнийг өнөөдөр хүртэл сэтгэж чадахгүй байгааг ойлгохгүй юм. Хороонд амьдардаг нь үнэн бо­лохыг тодорхойлоод, эцэг, эхчүүдэд админы эрх өгч онлайн системээр бүртгэх боломж бий. Эцэг, эхийг бүртгэх программ гаргаад, зургийг нь скайнердаад оруулчих. Онлайн сис­темээр бүрт­гээд дууссан тохиол­долд уг программаа хаачихдаг байх хэрэгтэй” гэв.

 Сургуулийн өмнөх боловсролын хичээлийн шинэ жил ийнхүү эхэлж байна. Олон арван хүний нойр хоолгүй, даарч хоносон гурван шөнийн хөдөлмөр 20-хон хүнээр хязгаарлагдсан. Бусад нь хүүхдээ хэнээр харуулах, яах ийхээ бодон, гэрийн зүг “ганзага хоосон” бу­цаж байна. “Бүтэн жил хүүхдээ хараад гэртээ суух нь…” гэх олон арван аав, ээжийн сэтгэлд цэцэр­лэгийн тоог нэмээсэй гэх хүсэл буцалсаар…Энэ асуу­­далд салбарын шинэхэн сайд цэг тавихыг ч битүүхэндээ горьдсоор байна, тэд.  

Нийт: 4 Сэтгэгдэл

Charleigh
2016 оны 12-р сарын 1

That’s a smart way of loiokng at the world.

Infinity
2016 оны 12-р сарын 1

That’s not just logic. That’s really selinbse.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *