К.Елена: Донтох эмгэгтэй нэг хүн уушгины хатгалгаатай 60 хүнтэй тэнцдэг

11-р сарын 15, 2018 8:00 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 23
11-15-5й1

С.УЯНГА

Хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөтэй бодистой хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар СЭМҮТийн ахлах мэргэжилтэн К.Еленатай ярилцлаа.

Хар тамхи, мансуу­руулах бодистой тэмцэж буй төрийн бодлогын үр дүнг асуумаар байна. Дэвшилтэй, дутагдалтай зүйл юу байна вэ?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн эхний үе шатны төлөвлөгөөний дагуу  СЭМҮТ дэд хөтөл­бөрүүд баталсан. Сан­хүү­жилттэй холбоотойгоор зарим нэг хад мөргөж байгаа зүйл бий. Гэхдээ зовлонгоо тоочоод зүгээр суусангүй.

Мөрдөөд 15 жил болж байсан донтох эмгэгийг эмчлэх стандартыг энэ жил шинэчиллээ. Өөрөөр хэлбэл, донтох эмгэгийн эмчилгээг олон улсын төвшинд нийцүүлэхийг хичээсэн. Олон төрлийн донтох эмгэгийг эмчлэх буюу ямар шинж тэмдгийн үед ямар эмчилгээ хийх, зөвлөгөө өгөх, цаашид яах вэ гэсэн стандарттай болсон. Нэг дэвшилттэй тал нь энэ жилээс ЕБС-уудад эрүүл мэндийн хичээлээр архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх ойлголтыг өгдөг болсон. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн  мэргэжлийн хүмүүс оролцсон нь сурах бичгийг нэлээдгүй өндөр төвшинд бэлтгэсэн гэж хэлж болно. Эрүүл мэндийн хичээлийг ЕБС-ийн болон сургуулийн өмнөх боловсролоор заах бэлэн аргачлалтай боллоо гэсэн үг. Хамгийн гол нь хичээл заах мэргэжилтэн сургах шаардлага бий. Сургалтууд эхнээсээ явагдаж байна.

Өсвөр насныханд аюулыг сэрэмжлүүлэхдээ болгоомжтой хандахгүй бол сэдэл өгөх, сурталчлах талтай гэдэг юм билээ?

-Хар тамхи, мансууруулах бодис бол маш эмзэг сэдэв. Хүүхдүүдэд болгоомжтой ярьж, хэлэхгүй бол мансууруулах бодисын төрөл, чанарыг тоочоод байвал  хэрэглэж үзэх сэдэл төрөх магадлалтай. Ер нь өсвөр насныхан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, түүнд өртөх асуудал олон шалтгаантай. Маш тодорхой нэг зүйл бол хүүхэд ямар орчинд өсч, торниж байгаагаас л шалтгаалж байна. Насанд хүрэгчдийн хувьд стресс, бухимдал, хангалттай нойртой. Цаашлаад ажил төрөлтэй байгаа эсэх гээд олон зүйл нөлөөлнө.

Хүмүүс чинээлэг гэр бүлд өссөн хүүхэд ман­сууруулах бодис хэрэглэж байна гэж ойлгоод байна. Гэтэл тийм биш. Хэдийгээр шинж­лэх ухааны үн­дэс­лэлтэй хийсэн гэж хэлж болохгүй ч цагдаагийн байгууллага, Хар тамхи мансууруулах бодисоос хамгаалах нийгэмлэгийн хамтарсан судал­гаанаас харахад амьд­ралын төвшнөөс шалтгаа­лахгүй­гээр мансуурлын аюулд өртөж байна. Хүүхэд хоол, хүнс, хувцас гээд бүх хэрэгцээ нь хангагдсан мөртлөө эцэг эхийн хайр халамж дутуу бол бухимдана. Түүнээсээ болоод янз бүрийн буруу зүйлд уруу татагдана, түүнийг шохоорхох сэдэл төрөх эрсдэлтэй. Эцэг эчхүүд хүүхдээ хооллож, хувцаслах ёстой гээд ажлаа нэгдүгээрт тавьснаас хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна. Хүүхдэд зарцуулах зав, биеэр илэрхийлэх тэврэх, үнсэх  хажууд нь байж ярилцах цаг хугацаа хомс. Ухаалаг утаснаас үүдэлтэй хөндий харилцаа ч нөлөөлж байж мэднэ.

Хууль хяналтын байгууллагын тоо баримтыг харахад хар тамхины аюулд өсвөр үеийнхэн илүүтэй татагдаж байна. Яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Өсвөр үеийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс хамгаалахын тулд эрүүл орчин бүрдүүлэх ёстой. Тэр эрүүл орчныг гэр бүлээсээ л олно. Гэтэл монголчуудын  хэв маяг бол амьдралын шаардлагаар өөр улс руу явах, ажил ихтэйгээс хүүхэддээ анхаарч чадахгүй байна. Эцэг эхчүүдийн тэмүүлэл зөвхөн мөнгө болоод байна. Гэтэл хүүхэдтэйгээ орой бүр өдрийг яаж өнгөрүүлсэн, таалагдсан, сэтгэл зовоосон зүйлийнх нь талаар ярилцахыг хэвшил болгох хэрэгтэй.  Хүүхдийг стрессээс  ангижруулж дэвшилттэй талыг нь дэмжиж байх хэрэгтэй. Стресс тайлдаг хамгийн сайн арга бол тэврэлт. Хүүхдийг өдөрт найман удаа тэврэх нь аюулгүй байдлыг мэдрүүлдэг нь  шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан зүйл. Хүүхдээ тэвэрч, үнсэх, ярилцах хамт цагийг өнгөрүүлэх нь хамгийн эрүүл орчин юм. Мөн сургуулийн орчин маш чухал.  Анги дүүргэлтээс эхлээд багш, нийгмийн ажилтны үүрэг чухал.

Харин төрийн болон салбарын яамны бодлогын хувьд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд “Битгий хэрэглээрэй, хэрэглэж болохгүй” гэж хатуу хорихоос илүү түүний оронд сонголт бий болгож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр архи , тамхи, мансууруулах бодис хэрэглүүлэхгүйн тулд сонирхол, чөлөөт цагаа юунд зарцуулж болох вэ гэсэн сонголт, орчин нөхцлийг бий болгох хэрэгтэй. Өсвөр насныханд багаас нь аливаа  таагүй зүйлд үгүй гэж хэлэх, сониуч зангаа зөв хөгжүүлэх аргачлалыг заах нь чухал. Өөрийнхөө зан үйлийг яаж зөв байдлаар авч явах, найз нөхдөө зөв сонгох  зэргээр сонголтын боловсролыг хүүхдэд багаас нь өгч байх хэрэгтэй. Түүнээс хэн нэгний нөлөөгүйгээр гэнэт хар тамхи татна гэж бодож, тэмүүлэхгүй шүү дээ.

Олон нийтийг урьд­чилан сэргийлэх чиглэлээр дагнан хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр бий юү?

-Олон улсын Коломбо хөтөлбөрийг Хуульзүй, дотоод хэргийн яамны дэмжлэгээр Монголд нэвтрүүлээд байна. Коломбо хөтөлбөр эмчилгээний болон урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөртэй. Донтох эмгэгтэй хүнийг хэрхэн эмчлэх, хүүхэд, насанд хүрэгчид гээд олон нийтийг ажлын байр, сургууль, гэр бүлийн орчинд нь мансууруулах бодисоос сэргийлэх юм. Эмчилгээний дэд хөтөлбөрийг энэ оны нэгдүгээр сараас нэвтрүүлж 8-10 хоногийн дөрвөн сургалтыг явууллаа. Гадаадаас мэргэжилтнүүд ирдэг. Түүнээс өмнө бид олон гарын авлагыг орчуулж бэлтгэж, үүний хүрээнд 20 сургагч багшийг бэлтгэж байна.

Ирэх жилээс эхлэх урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд ямар төвшинд аль асуудлыг ярих буюу цагдаа, эмч, багш, Засаг дарга, эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх талаар юу ярих вэ гэдгийг тодорхой болгоно. Олон талын төлөөлөл оролцож амжилттай нэвтрүүлж чадвал олон улсын төвшний зөв аргачлалаар урьдчилан сэргийлэх ажил хийнэ.

СЭМҮТ-ийг сайн дураараа зорьж ирж буй сэтгэцэд нөлөөт бодист донтогчдын тоо нэмэгдэж байна уу?

-Сенсаци дэгдээх дургүй. Гэхдээ бодит мэдээллийг өгөх ёстой учраас ганцхан жишээ хэлье. Намайг 10 жилийн өмнө донтох эм­гэгийн клиникт ажиллаж байхад манайд  жилд 3-5 хүн ханддаг байсан. Сайн дураараа донтох эмгэгээ эмчлүүлэх хүсэлт гаргаж байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл сүүлийн гурван жилд донтох эмгэгийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоо жилд 50-60-аас буухаа больсон. Энэ хүмүүс мөн л хүлээн зөвшөөрсөн шатандаа ирж байгаа. Өсвөр насныхан асран хамгаалагчтайгаа ирдэг.

Сэтгэцэд нөлөөт боди­сонд донтсон хүмүүсийг эмчлэх нь дэлхийн хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байна. Тиймээс дэлхий нийтээр донтох эмгэгтэй хүмүүст хордлого тайлах, сэтгэл заслын эмчилгээ хийгээд жилийн турш мансууруулах бодис хэрэглэхгүй байвал хамгийн өндөр үр дүнтэй гэж тооцдог болсон. Насан туршдаа биш шүү дээ.

Донтох эмгэг бол сэтгэцийн асуудалд ордог учраас хүнд, архаг хэлбэрийнх гэж хэлж болно. Аливаа архаг өвчин  дахилт өгөх магадлалтай байдаг. Мансууруулах бодис ямар хэмжээнд хэрэглэж байсан түүндээ татагдаж, үгүйлнэ. Мансууруулах төрлийн зарим бодисыг хэрэглээд шууд сэтгэцийн хараат байдалд ордог. Эхлээд сэтгэцийн дараа нь биеийн хараат байдалд ордог учраас донтох эмгэгтэй болж байна. ДЭМБ-аас тодорхойлсноор нэг донтох эмгэгтэй хүнийг эмчлэх нь  уушгины хатгалгаагаар өвдсөн оноштой 60 хүнийг эмчлэх хэмжээний  ур чадвар, хүчин чармайлт, мэдлэг зарцуулдаг гэсэн байдаг. Тэгэхээр эмчилгээ удаан хугацаатай, үйлчлүүлэгч болон гэр бүл, эмчээс их тэвчээр шаардана. Эдгэрдэг гэж хэлж чадахгүй ч насан туршдаа сайжралын байдалтай байх боломжтой. Сайжирсны дараа мансууруулах бодисыг дахин бага хэмжээгээр хэрэглэхэд эргээд л анхныхаа хэвэнд оччихдог.

Тууштай байгаад сайжирсан хүмүүс хэр их байна вэ?

-Мэдээж бий. Сайжралын байдалтай ч эмгэгтэй гэж үздэг. Дахин хэрэглэвэл шууд л анхныхаа донтох эмгэгийн хэмжээнд очно. Архи, тамхи ч мөн ялгаагүй сэтгэцэт нөлөөт бодис шүү дээ.

Донтогчдыг урт хуга­цаанд хянадаг тогтолцоо байх шаардлагатай юу?

-Донтох эмгэгтэй хүмүүс урт удаан хугацаанд эмчийн хяналтад байх нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг учраас энэ тогтолцоо зайлшгүй хэрэгтэйгээс гадна нийгмийн талаас нь туслах чухал. Зарим орд HALF WAY HOUSE  эмнэлгээс гарсан хүмүүсийг шууд гэр бүлийн орчинд биш нийгмийн орчинд ижил төстэй сайжралын туршлагатай донтогч нартай хамт амьдруулах хөтөлбөр байдаг.

Донтох эмгэгтэй хү­мүүсийн өвчний нэг шинж  бол хамгийн сүүлийн шатанд илэрдэг бие хүний доройтол. Энэ хүмүүс сайн дураараа эмчилгээнд хамрагдах нь хомс болон нийгэмд аюултай үйлдэл хийх өндөр эрсдэлтэй учраас албад­лагын чанартай эмчилгээнд хамруулах нь зүйтэй. АНУ-д  согтуугаар эсвэл мансуурсан үедээ жолоо барьсан тохиолдолд албадлагын сэтгэл заслын эмчилгээнд шүүхийн шийдвэрээр хамруулдаг туршлага бий.

Олон жил донтох эмгэгтэй тэмцэж байгаа хүний хувьд эрүүл мэндийн талаас нь тогтолцооны хувьд засч, сайжруулах талаар ямар бодолтой явдаг вэ. Тухайлбал, эмчилгээний зардлаас шалтгаалах зүйл байдаг уу? 

– Миний хувьд 20 жилийн өмнө энэ асуудлыг хариуцаж эхэлж байсан. Тэр үед мэдлэг, чадвар ч хомс байлаа. Мансууруулах бо­дис хэрэглэдэг хүн на­дад хандлаа гэхэд гэмт хэрэгтэй холбоотой учраас төрийн албан хаагчийн хувьд цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах ёстой. Гэтэл нөгөө талаас үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах ёстой. Тэр үед цагдаад мэдээлэхдээ “Энэ хүнд хэрэг үүсгэхгүй” гэсэн амлалт авдаг байсан. Өөрөөр хэлбэл, бидэнд хандсан хүнд ямар хүн мансууруулах бодис борлуулж байгаа, ямар хүмүүс нийлдэг гэх хүрээллийг  нь судалдаг байсан. Ийм маягаар хар тамхины сүлжээ илрүүлж, дэвшилттэй ажиллаж байсан үе бий. Гэтэл өнөөдөр мансууруулах бодис хэрэглэгч олон болсон гээд нөхцөл байдал арай өөр болсон. Мөн мансууруулах бодисын үнэ хэд билээ. 10  хоногийн эмчилгээний зардал нэг удаагийн хэрэглээний мансууруулах бодисын үнэд ч хүрэхгүй.

Бараг 20 жилийн өмнө Хятад руу эмчилгээний туршлага судлахаар яваад гайхаж байлаа. Тэнд мансууруулах бодисын хамааралтай хүмүүс өндөр үнэ төлж эмнэлэгт хэвтдэг. Эмнэлгээс гараад 98 хувь нь дахидаг гэж байгаа юм. Ингэж өндөр үнэ төлчихөөд өдөртөө л буцаагаад татчихдаг гэхээр сэтгэлд нэг л бууж өгөхгүй байсан. Одоо бодоход мансууруулах бодисын үнэ өндөр учраас эмнэлэгт хэвтэж хордлого тайлуулсны дараа зургаан тариа хэрэглэдэг байсан бол нэг тариа болж хэрэглээний төвшин багасдаг юм байна. Энэ хэмжээгээр эдийн засгийн хэмнэлт гардаг юм байна л даа. Тиймээс Монголын одоогийн тогтолцоо буюу донтогчдыг үнэгүй эмчлэх ёстой гэсэн байр суурийг дэмждэггүй.

СЭМҮТ донтох эмгэ­гийг төлбөртэй эмчилдэг биз дээ?

-Сэтгэцийн солиорлын эмгэгүүдийг үнэгүй эмчилдэг. Харин донтох эмгэгийн клиник бага зэрэг төлбөртэй. Зуршил донтох эмгэг болдог. Гэтэл сүрьеэ, чихрийн шижингээр өвдье гэж хэн ч хүсдэггүй. Харин мансууруулах бодис хэрэглэж донтоод байна. Хүн өөрийгөө ийм байдалд оруулсан учраас өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой.  Төр хийж өгөх ёстой, үнэгүй эмчлэх ёстой гэсэн бэлэнчлэх бодлого байж болохгүй. Мэдсээр байж мансууруулах бодис хэрэглэж донтох эмгэгтэй болсон учраас хариуцлагыг өөрөө үүрэх ёстой. Миний ярьж байгаа харгис байж магадгүй ч хорт зуршлаас үүссэн донтох эмгэгийг төр үнэгүй эмчлэх шаардлагагүй. Хар тамхи авах мөнгөө яаж ийгээд олчихдог шигээ эмчилгээний мөнгөө өөрсдөө олох ёстой. Бүтэн 10 хоногийн эмчилгээний төлбөрийг нэг удаагийн хэрэглээнд зарцуулж байна шүү дээ.

Донтох эмгэгийн эмгэг жам гэж юу вэ?

-Хүний тархинд донтох эмгэг үүссэн тохиолдолд буцалтгүй өөрчлөлтүүд бий болдог. Тэр хүн бухимдах таагүй байдалд орсон үед бэлэн хадгалсан файл шиг  мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг хэрэглэх хүсэл шууд төрдөг. Донтох эмгэгийн үед сэтгэцийн хараат байдал эхлээд үүсдэг. Дараа нь хэрэглэж байгаа мансууруулах болон сэтгэц нөлөөт бодис хэрэглэгчийн бодисын солилцоонд байнга нөлөөлсний дараа биеийн хараат байдал үүсдэг. Дахин хэлэхэд донтох эмгэг үүссэн тохиолдолд бүрмөсөн эдгэрдэггүй, сайжралын байдалд ордог эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Мансууруулах болон сэтгэц нөлөөт бодисыг ямар нэг шалтгаанаар хэрэглэж өөрийгөө донтох эмгэгт оруулж, сайн дураараа архаг эмгэгтэй болох нь ямар вэ гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.

Донтох эмгэгтэй хүмүүстэй ажиллах эмч, мэргэжилтнүүдийг анхан шатнаас нь бэлтгэх тогтолцоо байна уу. Энэ чиг­лэлийн мэргэшсэн хү­мүүс хангалттай байгаа юу?

-Донтох эмгэг эмчилдэг мэргэжилтнийг бэлтгэхийн тулд анагаахын зургаан жилийн суурь боловсрол шаардлагатай. Дараа нь хоёр жилийн  резидентээр сурч байж сэтгэцийн эмчийн лиценз олгоно. Сэтгэцийн эмгэгийг хүмүүс дан ганц солиорол гэж ойлгодог. Гэтэл сэтгэцийн эмгэг 90 оношийн дунд эргэлдэж байдаг шинжлэх ухаан.

Өнөөдөр анхан шатны нэгж буюу өрхийн эмнэлгийн төвшинд донтох эмгэг эмчилдэг эмч байхгүй. Дүүрэг, аймагт 2-3 эмч, III шатлал болоод ирэхээрээ манайх руу ирдэг. Манайх нийслэл, хөдөө орон нутгийн хаанаас ч авдаг. Манайхаас өрхийн эмч нарт интерактив сур­галт  явуулдаг ч анхан шатны нэгжийн төвшинд донтох эмгэгийг илрүүлэх нь чухал, эмчлэх шаардлагагүй.

 Боловсон хүчний хувьд гадны өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрэхгүй ч манай эмч нар гадаад, дотоодод хангалттай туршлага судалж байна. Бусад орны эмчилгээний стандартаас  хол хоцроогүй. Эмчилгээний үр дүн ч гэсэн ойролцоо 10-20 хувь сайжралын байдалтай. Дэлхийн хэмжээнд донтох эмгэгтэй хүн эмчилгээний дараа нэг жилийн турш дахилт өгөөгүй тохиолдолд 100 хувь эмчилгээний үр дүнтэй гэж тооцдог байна.  Бусад улс орон төлбөр мөнгө, хувийн эмнэлгүүд гээд зохион байгуулалтын хувьд өөр байж болно.Тухайлбал, Тайландад  нэг мужийн дарга нь эмчилгээний төв нээгээд олон нийтэд тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг юм байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *