ИЗНН Ерөнхийлөгчийн сонгуульд дангаар оролцоно

4-р сарын 8, 2013 9:11 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 423
ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болж, УИХ дахь төлөөлөл, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, намын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг сонсч, үнэлэлт дүгнэлт өглөө.

М.ЦЭЦЭГ

ИЗНН-ын Үндэсний хорооны ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болж, УИХ дахь төлөөлөл, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, намын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг сонсч, үнэлэлт дүгнэлт өглөө. ИЗНН нь шинэчлэлийн Засгийн газрын бүрэл­дэ­хүүнд орсны хувьд 2012 оны сонгуулийн “Амьдрал” хөтөлбөрөөсөө бодлого, шинэчлэлийн агуулга бүхий 40-өөд зүй­лийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тус­гуу­лан ажиллаж байна. Ихэнх бодлого нь байгаль орчин, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэсгэхэд чиг­лэжээ. Эдгээрт шаард­лагатай эрх зүйн орчныг өөрчлөхөд УИХ дахь хоёр төлөөлөл идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд БОНХЯ Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нилээд чармайлттай ажиллаж байна. Байгаль орчны яамыг дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн, улс орны хөгжил нь ногоон бодлогод тулгуурлан байж тогтвортой хөгжинө гэсэн үзлийн үүднээс өөрчлөн үндсэн чиг үүргийн статус бүхий Байгаль орчин, но­гоон хөгжлийн яам болгон өөрч­л­өн ажилласныг ги­шүүд сайшаав. Энэхүү үүргийнхээ хүрээнд Монгол Улсын хөгжлийн бүхий л салбарыг хамар­сан, тэдний ажиллагааг ногоон бодлогод суурилан явуулах үзэл баримтлал бүхий “Ногоон соёл иргэншил” стратеги бо­ловс­руулан, хэлэлцүүлж байгааг дэмжин, үүнийг даруй УИХ-аар батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Үндэсний хорооны ги­шүүд хэд хэдэн бодлогын хороонд хуваагдан ажил­ладаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг УИХ дахь төлөөлөл болон яамны бодлоготой холбон ажил­лах нь учир дутагдалтай байгаад шүүмжлэлтэй хан­дав. Мөрийн хөтөл­бөртөө тусгасан бодлогыг хэрэгжүүлэхийн тулд бодлогын хороод нилээд идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай бөгөөд тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг Үн­дэсний хорооны да­раагийн хурлаар хэлэлцэх нь   зүйтэй гэж үзэв.

Ээлжит хурлаар намын дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн даргад итгэл үзүүлэх эсэхийг авч хэлэлцлээ. Намын дотоод ажил хариуцсан дэд дарга Х.Бат-Ялалт хийсэн ажлаа тайлагнасны эцэст, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хү­сэлт гаргасныг гишүүдийн олонх  хүлээн авав. ИЗНН хоёр дэд даргатай бөгөөд гишүүд 100 хувийн саналаар М.Хүрэлсүхэд итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзэв. Харин дотоод асуудал хариуцсан дэд даргын сонгууль явуулж, Соёл, спорт, аялал жуулч­лалын дэд сайд М.Түмэнжаргалыг олонхийн саналаар дэд даргаар сонголоо. Түүнч­лэн гишүүдийн олонх нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Жаргалд итгэл үзүүлэх боломжгүй хэмээн үзэж түүнийг үүрэгт ажлаас нь чө­лөөллөө. Ерөнхий нарийн бичгийн сонгуульд Ц.Ганбат, Б.Хүдэр-Ян нар өрсөлдөж, Ц.Ганбат олонхийн саналаар сонгогдов. 

ИЗНН-ын Үндэсний хорооны дараагийн хурал энэ сарын сүүлээр болох юм байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сон­гуульд ИЗНН хэрхэн оролцох талаар хэлэлцэх аж. Гишүүдийн санал бодлоо хэлж буй байдлаас харахад ИЗНН Ерөн­хий­лөгчийн сонгуульд дан­гаар оролцож, нэр дэвшүү­лэх нь зүйтэй гэсэн байр суурь давамгайлж байв.

   

    

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *