Ивана Гроллова: Монголчууд баталгаа гаргахгүй л бол мөнгөө барьж ирэх хүн ховор

2-р сарын 5, 2015 9:03 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 716
Манай улстай эртний харилцаатай орны нэг нь Бүгд Найрамдах Чех улс.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Манай улстай эртний харилцаатай орны нэг нь Бүгд Найрамдах Чех улс. Дипломат харилцаа тогтоосон 65 жилийн хугацаанд Европын холбооны орнуудаас манайд тууштай тусламж үзүүлсэн нь мөн Чех байсан. Энэ удаад БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг урилаа.

 

-Элчин сайд тан­тай хамгийн сүүлд Чехийн боловсролын үзэс­гэлэнгийн үеэр ярил­цаж, “Erasmus Mundus”хөтөлбөрийн та­лаар нэлээд мэдээлэл авч байсан. Чехэд их, дээд сургуульд суралцах, тэтгэлэгт хамрагдах боломж илүү байдаг гэж сонссон?

-Чехийн боловсролын систем оюутнуудад олон талын боломж олгодог гэж болно. Зарим оюутан интернэтээр дамжуулан суралцахыг хүссэн тусгай мэргэжлийн сургалтын байгууллагаа олдог. Тухайлбал, Карлын их сургуулийн UJOP нэртэй хэлний бэлтгэлийн төвийн нэг салбарт суралцаж болдог. Чех хэлний сургалтын төвд нэг жил сурах сургалтын төлбөр, амьдрах дотуур байр болон хоол хүнс зэрэг нийт зардал 3.5-5 мянган евро болдог. Гэхдээ зардлын хэмжээ янз бүр.

UJOP сургалтын төв нь тухайн сургалтын байгууллагад элсэн орох элсэлтийн шалгалтад зөвхөн хэлний мэдлэгээр зогсохгүй мөн шалгалтын агуулгад нь бэлтгэдэг. Хэрэв оюутан хичээлдээ шамдан суралцаад амжилттай байвал тухайн институтэд элсэн орох 99 хувийн боломж бий. Манай улсын ахлах болон их, дээд сургууль оюутнуудад үнэгүй хэвээр байгаа. Тиймээс дөрөв, таван  жил үнэгүй суралцана.  Чехэд сурч байгаа оюутнуудын эцэг, эх нь зөвхөн хоол хүнс, амьдрах байрны мөнгө өгөх хэрэгтэй гэсэн үг. Улаанбаатарт амьдрах зардлаас илүүгүй зардал гардаг. Түүнчлэн оюутнууд амралтын өдрүүдэд шуудан, цэвэрлэгээ болон хүүхэд асрах агентлаг эсвэл дэлгүүрт зарим нэг цагийн ажил хийжөөрийн зардалдаа нэмэр болох боломжтой.Европын сургуулийн оюутан болсноор автоматаар “Erasmus Mundus” солилцооны хөтөлбөрийн нэг хэсэг болж, суралцах хугацааныхаа тодорхой хэсгийг Европын өөр улсын мэргэшлийн холбоо харилцаа бүхий өөр их сургуульд шилжин суралцаж болно. Европын Холбооны стандартын боловсролын зэрэг эзэм­ших, түүнд маш бага төлбөр төлөх нь оюутнуудын ирээдүйд хийх томоохон хөрөнгө оруулалт болдог гэж бодож байна.

-Хоёр орны харилцааг тодотгох олон зүйл бий. Тэр дундаа Чех бусад орныг бодвол соёл, боловсрол, эрүүл мэнд,үйлдвэрлэл зэрэг манай олон салбарт хөгжлийн тусламжийг тогтвортой үзүүлж байсан. Энэ тухай товчхон дурдахгүй юу?

-Бүгд Найрамдах Чех улс болон Монгол Улс буюу тухайн үеийн Чехословак болон БНМАУ 1950 оны дөрөвдүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэнэ. Манай хоёр орны иргэд 1989 болон 1990-ээд оны эхэн үе хүртэл ижил үйл явдлыг дурсдаг. Монгол, Чех хоёр орон нийгэм, эдийн засгийн хэцүү цаг үе, хүнд шилжилтийг даван туулсан хэдий ч аль аль нь  хөгжлийн өөр төвшнөөс гараагаа эхэлсэн. Хуучин социалист гэж байсан орнуудын дунд анхдагч донор болж Шинэ Чехийн Засгийн газар өөрийн хөгжлийн тусламжаа олгож эхлэх үед Монгол нэн тэргүүнд авч үзэх таван хүлээн авагч орны нэг болсон. 1993 оноос хэрэгжүүлсэн манай төслүүдийн үнийн дүн нийтдээ 49 сая ам.доллартай дүйж байна. Харамсалтай нь тэдгээр төслийн дийлэнхийг сайн ашиглаж, төслөөр шилжүүлэн өгсөн ноу-хау болон технологийг танай төрийн байгууллагууд цаашид илүү өргөн хүрээнд түгээн ашиглахгүй байсаар байна. Хэрэв тэд эдгээрийг ашигласан бол Монгол ирээдүйд гарах шаардлагагүй олон зардлаас өөрийгөө чөлөөлж чадах байсан. Эдгээр төсөл нь голдуу “уйтгартай” техникийн шинжтэй учраас олон нийт бараг анзаардаггүй. Мөн 2000 оны дараа уул уурхайн салбарыг түлхүү анхаарч, үүний зэрэгцээ гоёмсог байшин, барилга барих халуурал танай улсад тохиосон. Ноолуурын салбарыг эс тооцвол Монгол одоогоор ихэвчлэн Европ руу тээвэрлэхэд хэтэрхий өндөр өртөгтэй болох ашигт малтмалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Хөгжлийн өөр төвшнөөс гараагаа эхэлсэн учраас өнөөдөр ч хоёр улсын хооронд хөгжлийн ялгаа байдаг. Харин Чех улсын хувьд энэ хугацаанд баримталж байсан хөгжлийн бодлого юу байв?

-Чехүүд бид “туслах ажилтан”-ы байр суурь дээрээ үүрд үлдэхийг хүсээгүй. Бид үүнийг аливаа зүйлийг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйцээр хэрхэн хийхийг суралцах завшаан болгосон. Хэдэн жилийн дараа бид өөр арга замаар бол ийм түргэн олж авахгүй байсан туршлагыг суралцан хуримтлуулсан. Дараа нь бид өөрсдийн бизнесийг бий болгох, харилцагчдадаа өндөр чанартай үйлчилгээг хямд үнээр үзүүлэх замаар “өөрөө бие даан” ажиллах чадвартай болсон. Тэдгээр гадаадын компаниуд нь биднийг илүү дээр байхыг шахаж эрүүл өрсөлдөөний үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Тиймээс бид шинэ орчинд өөрсдөө өрсөлдөхүйц чадвартай үлдэхийг чармайх ёстой болсон. Монголчууд ч гэсэн үүний адилаар зүгээр бусад хүн юу авчрах, хандивлах буюу хөрөнгө оруулалтынхаа оронд юм авахыг хүлээж болохгүй. Урт хугацаанд цаашид хэрхэхийг бодох хэрэгтэй. Гэнэтийн нэг санаанаас нөгөө рүү зүгээр л үсчих нь тохиромжгүй. Тухайлбал, та өөрийгөө нүүдэлчин гэж нэрлэх үү. Та морь унах эсвэл ямаа саахын тулд өглөө 04:00 цагт босч чадах уу. Хэрэв үгүй бол яагаад нүүдэлч сэтгэлгээгээр хандсан хэвээр байна. Үүнийг ч бас бодох л хэрэгтэй.

-Манайх хөдөө аж ахуйд суурилсан эдийн засагтай орон. Тэгэхээр үүнд ч мөн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж байна уу?

-Монголд уламжлалт нүүдэлчин ахуй амьдралаа хадгалж үлдэх талаар зөндөө сонсдог. Гэвч дуу дуулах, дээл өмсөх нь хангалттай биш. Үнэнийг хэлэхэд нүүдлийн эдийн засаг өөрийн гэсэн хатуу дүрэмтэй. Үүний ихэнх нь социализмийн үеийн өөрчлөлт шинэчлэлтээс болж мартагдсан.Хэрэв үүнийг хүсч байгаа бол та бүхэн эхлээд нүүдэлчдийн эдийн засаг хэмээх ойлголтод дахин суралцах хэрэгтэй. Нүүдэлчин хэвээрээ үлдэхийг шийдсэн танай хүн амын тухайн хэсэгт юуг баталгаатай болгох. Нөгөө талаас хот суурин газрын хүн амыг хангалттай хангамжтай байлгаж, шинэчлэхийг зөвшөөрөхөөс гадна ямар зүйлийг хөгжүүлэх шаардлагатайг ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсвэл бүхэл бүтэн нийгмийн мэдээлэлтэй, мэргэжлийн дарамт шахалт дор Монголын Засгийн газар, УИХ уг балансыг олж барихгүй л бол та нар хөгжилд садаа болсон, эх газар нутгийнхаа уламжлалыг эвдэн сүйтгэсэн гэж бие биеэ буруутгасаар суух болно. Үнэнийг хэлэхэд та нар гадныхныг Монголын газар нутгийн баялгийг хэрхэн ашиглаж байгааг нүдээр харах боловч юугаар ч тус болж чадахгүй зөвхөн ууртай гэрч болон хоцрох болно. Монголчууд өөрсдөө улс төрчиддөө үнэ цэнэтэй усны нөөцийг хамгаалахад нь туслахгүй бол. Нөгөө талаас өвсийг үндэстэй нь идэж, бэлчээрийг доройтоход хүргэдэг ямааны тоо толгойг хязгаарлах хэ­рэгтэйг нүүдэлч малчдад тайлбарлахгүй бол. Цааш­лаад хүн амаа махаар хан­гах болон улмаар удахгүй экспор­тод гаргахын тулд монголчууд мөн уламжлалт бус хэдий ч эко мал аж ахуйг хөгжүүлэхгүй л бол өөрийн улсын хөгжлийг хянаж чадахгүй. Тиймээс монгол хүн бүр өөрийн эзэмшсэн бүх мэр­гэжлээрээ үнэхээр мэр­гэжлийн төвшинд бо­ловс­рох ёстой гэж бодож байна.

-Чехийг жинхэнэ шар айраг, үнэт эдлэл, болор эдлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Болор эдлэл гэхэд 130 гаруй жилийн түүхтэй. Хүнд, хөнгөн үйлдвэрлэл ч жинхэнэ утгаараа хөгжсөн орон.Тэгэхээр хоёр тал европ стандарт, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хэрхэн хамтарч байгаа бол?

-Чехэд үйлдвэрлэсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн орж ирж байна. Чехийн гал тогооны TESCOMA компанийн өндөр чанартай, өнгөлөг хоолны хэрэгсэл, сав суулгыг зарим гэрийн эзэгтэй хэрэглэдэг болж. Эдгээрийг Улаанбаатар дахь Tescoma-ийн төрөлжсөн дэлгүүрт худалдаалдаг. Түүнчлэн гал тогооны тавилга, гэрлийн бүрхүүл цаашлаад BOHEMIA GLASS, BOHEMIA CRYSTAL, CRYSTALEX буюу MOSER зэрэг Чехийн зарим компанийн тансаг зэрэглэлийн шилэн эдлэлийг оруулж ирж байна. Одоогийн байдлаар Монгол руу Чехийн гал тогооны тавилга, шилэн болон болор эдлэл импортлодог нэг, хоёр компани бий. Тухайлбал, Топ Мебель дэлгүүр. Макс группын Монголд импортлон оруулж ирдэг жинхэнэ Чехийн шар айраг Будвайзер (Будвар)-ыг амсч үзсэн гэдэгт итгэлтэй байна. Чех шар айрагнаас гадна мөн та Velkopopovicky KOZEL, STAROPRAMEN зэргийг эндэхийн дэлгүүрээс авч болно. Одоогоор хэд хэдэн компани шинэ гэрээ байгуулахаар сонирхож байгаа. Манай Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтэс Чехийн болор эдлэл, интерьер дизайны зүйлс болон үнэт эдлэлийг энэ жил Монголын зах зээлд олноор оруулж ирэхээр шаргуу ажиллаж байна. Мөн Чех техникийн мэргэжилтнүүдийн ур ухаанаар бий болж боссон тээрэмдэх болон жигнэх технологийг ашиглаж буй нэлээд хэдэн компани бий. Тэдний нэг нь Талх чихэр компани. Махны тухай ярихад Монголын зарим компани бүхэлдээ Европын холбооны чанар, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан “түлхүүр гардуулах гэрээний нөхцөл”-тэйгээр Чехийн компаниудын импортлон оруулж ирсэн жижиг мах бэлтгэлийн цехүүдэд мах боловсруулан савлаж байна. Хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хатансүйх” компани саяхнаас Чехийн MAUTING компанийн үйлдвэрлэсэн экологид ээлтэй ямар нэгэн химийн бодис, давс бусад уусмал ашиглахгүйгээр халуун агаараар утах чингэлэгт өөрсдийн деликатес бүтээгдэхүүнээ утан болгож эхэлсэн. Түүнчлэн HAMANEK нэртэйЧехийн жимсний нухаш, хүүхдийн нэмэлт тэжээл болон HAME компанийн махан нухаш, таташ болон EMKO брэндийн янз бүрийн хольцтой овьёосны нэвсийг ч монголчууд нэг үеэ бодвол өргөн хэрэглэдэг болж.

-Манайд нэг хэсэг гадны хөрөнгө оруулалт боломжийн байсан ч одоо хумигдсан. Мэдээж хөрөнгө оруулалт уул уурхайн салбартай илүү холбоотой байсан. Эргэж сэргээх талаар ч дээр дооргүй ярьж байна. Чех улсын хувьд манайтай хамтран ажиллахаас гадна хөрөнгө оруулах тухайд ямар байдаг талаар сонирхож байна?

-Чехийн хөрөнгө оруулалттай компанийн талаар асууж байгаа учраас бага зэрэг төсөөлөх гээд оролдъё. Одоо та мөнгөө аваад хэлийг нь мэдэхгүй, удаан хугацаанд найзалсан  дотны найз нөхөд эсвэл хамтрагч байхгүй улс руу ашиг олно гэсэн итгэлтэйгээр тэнд очих эсэх нь эргэлзээтэй. Манай компанийн дийлэнх нь жижиг буюу дунд хэмжээнийх байдаг. Тэд сүүлийн 20 жил өөрийн хөрөнгөө хуримтлуулахын тулд шаргуу ажилласан. Гэтэл ямар нөхцөл хүлээж байгаа, ямар хууль тогтоомж, баталгаанд найдаж болох вэ гэдгийгээ  мэдэхгүй байна. Тэднийг мөнгөө хөрш эсвэл Өмнөд болон Зүүн Европын хаа нэгтээх бүр ойрхон бүс нутгийн өөр орнууд биш энд авчруулахын тулд Монголын Засгийн газар ямар хөшүүрэг, баталгааг дор хаяж 20 жилийн хугацаанд санал болгож чадахаас л хамаарна.

-Хоёр орны найрамдалт харилцаа түүний дотор хоёр талын бизнесийн хүрээнийхний үйл ажиллагааг улам эрчимжүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Үүнийг та дэмждэг үү?

-Монгол Улс өнөө үед БНЧУ-ыг өөрийн “гуравдагч хөрш”-ийн бүлэгт албан ёсоор багтаах болсон. “Гуравдагч хөрш” гэдэг нь голчлон газарзүйн байршлын сул талаа даван гарахад тань туслах технологи учраас манай хоёр улс хоорондын харилцаагаа нэг нь донор байж, нөгөө нь хүлээн авагч байх харилцаанаас хувийн бизнесүүдийн хоорондох эдийн засгийн энгийн харилцаа болгон өөрчлөх хөгжлийн төвшинд Монгол одоо хүрсэн гэж бодож байна. Магадгүй газарзүйн байрлал хол, танай улсын төсөв дэх санхүүжилтийн арга хэрэгслийн түр зуурын дутмагшил болон компаниуд арилжааны банкнаас зээл авахад хүндрэлтэй байгаагаас бусдаар би ийм хөгжилд саад болох тийм олон хурцадмал хүндрэлийг олж харахгүй байна. Улс төрийн хувьд бидний харилцаа маш нээлттэй, нөхөрсөг болоод нэн ижил үнэт зүйл дээр тулгуурласан байдаг. Хоёр орны эдийн засаг бие биеэ нөхөхүйц. Бид машин, тоног төхөөрөмж, технологи үйлдвэрлэдэг бол танайд  боловсруулах болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн баазыг хөгжүүлэх, усны нөөц, газар, ой модоо хамгаалах.  Цаашлаад мэдээж үйлчилгээний салбараа хөг­жүүлж, томруулах хэрэгцээ байгаа. Эдгээр нь бүгд Чехийн он удаан жилийн уламжлал болон экспертиз бүхий талбар юм. Танай Засгийн газар шийдвэрлэвэл зохих нийгмийн, боловсролын болон эрүүл мэндийн олон асуудал оршсон хэвээр байгаа. Олон хүн хүнд хэцүү нөхцөлд ядуу буурай амьдарсаар байна. Гэсэн хэдий ч мөн найдвартайг бодолцож ихэвчлэн боломжийн үнэтэйгээр Монголын хүйтэн цаг агаарын нөхцөлд нийцсэн буюу сайн ажилладаг нь аль хэдийнэ батлагдсан Европ чанарын стандартыг хангасан сайн чанартай бүтээгдэхүүн нийлүүлдэг. БНЧУ-аас экспертүүд хөлслөн авах хангалттай мөнгөтэй дотоодын хувийн компаниуд танайд олширсон. Өөрөөр хэлбэл, бизнесийнхэн хамтрах бүрэн боломжтой болсон гэж болно.

-Манай Ерөнхийлөгч саяхан БНЧУ-д  төрийн айлчлал хийлээ. Айлчлал олон талын ач холбогдолтой болсон гэж Монголын тал үзэж байгаа. Энэ талаар тодруулна уу?

 

-Энэхүү айлчлалаар хоёр орны маань урт удаан хугацааны аливаа асуудалгүй найрсаг  харилцаатай байдал мөн түүнчлэн харилцан санал, дүгнэлт гаргахдаа  илүү хялбархан ойлголцдог болохыг юуны өмнө батлан харууллаа. Олон жилийн турш үзүүлж буй хөгжлийн тусламжийн үр дүнг одоо илүүтэйгээр  худалдааны төслүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах хэрэгтэй. Мөн Европын чанар, стандартаар маш ихээр баяжуулах боломжтой Чехийн технологийг ол­борлолтын салбарт болон боловсруулах үйлд­вэрлэлийг  төрөлжүүлэх, дэд бүтцийг байгуулах аль эсвэл хөдөө аж ахуйн салбарт ашиг­ла­хаар тохиролцсон. Олборлолтын салбар гэхэд бидний үйлдвэрлэдэг суурь машинууд мөн экологийн аргуудаар  болон ураны олборлолтынхоо турш­лагаар бая­жуул­сан бай­даг. Чехийн гидро­гео­­ло­гичидтой мөн эр­чим хүчний мэр­гэ­жилтнүүдтэй удаан ху­гацааны туршид хамтран ажиллаж ирсэн талаар ихээхэн дурдагдсан. Хоёр орон маань олон улсын аюулгүй байдал хамтын ажиллагаа болон батлан хамгаалахын чиглэлээр ч их ойрхон түншүүд билээ. Тухайлбал, НАТО, ЕАБХАБ (Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бай­гуул­лага), НҮБ-ийн асууд­лаар гэх мэт. Энэ жил то­хиож буй дипломат ха­рилцаа тогтоосны 65 жилийн ойн арга хэм­жээний хүрээнд айлч­лалтай уялдсан тодорхой үр дүнтэй хамтын ажил­лагаанууд бий болно хэ­мээн баяртайгаар хүлээж байна.      

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *