Итгэлцэлд суурилсан “Лондон” загвар хӨрӨнгийн биржийг донсолгов

7-р сарын 4, 2012 11:36 am Нийтлэгч: Ангилал Эдийн засаг Уншсан: 288

Б.СОЛОНГО

 

“Брокер, дилерийн компаниуд ажил хаялаа” гэсэн мэдээлэл өчигдрийн гол дуулиан байв. Ажил хаялтын шалтгаан нь Монголын хөрөнгийн биржийн нэвтрүүлсэн шинэ системтэй холбоо­той гэж байв. Гэвч үнэндээ ямар ч ажил хаялт болоогүй ажээ. Монголын үнэт цаасны зах зээлд хийсэн түүхэн шинэч­лэлийн улмаас үүс­сэн туулах ёстой хямрал байв.

Хө­рөнгийн зах зээлээ олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх талаар манай улс сүүлийн жилүүдэд эрчимтэй ярьсан. Га­даадын томоохон хө­рөнгийн биржид мар­кетингийн бодлогоо даат­гах тухай олон жил хэлэлцсэний эцэст Лон­дон­гийн хөрөнгийн бирж­тэй стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь жи­лийн өмнөх явдал.

Гадаад, дотоодын хө­рөнгө оруулагчдаас урт хугацааны хөрөнгө татаж, олон улсын зах зээлд мөнгө босгох гарц гэж харсан энэхүү шинэчлэлээ нэг хоногийн өмнөөс хэрэг­жүүлж эхэлсэн юм. “Мил­лениум Ай Ти” нэртэй төл­бөр тооцооны шинэ систе­мийг хэрэгжүүлсэн анхны өдөр брокер, дилле­рийн таван компани 51150 төгрө­гийн арилжаа хий­лээ. Хө­рөн­гийн биржийн цахим хуудаснаа хувьцаа­ны хан­шийн мэдээлэл цагаанаа­раа өнжих болов. Өдөрт дунджаар 30-40 ком­пани тогтмол 100 сая төгрөгийн арилжаа хийдэг Монголын хөрөнгийн биржийн индекс ийнхүү навс унасан нь түүхэндээ анхны тохиолдол боллоо. Брокер, диллерийн компа­ниуд шинэ систе­мийг хү­лээж авахад бэлэн бус байгааг энэ явдал ха­руул­­ж байна. Өчигдрийн байд­лаар шинэ системийн нэг хэсэг болох барьцаа хөрөн­гийн доод хэмжээ 10 сая төг­рөгийг байршуул­сан хоёр компани нэмэг­дэж, арил­жаанд оролцжээ. Хам­гийн гол нь хөрөнгийн зах зээлд гурав дахь орол­цогч буюу арилжааны банк төл­бөр тооцооны гүйл­гээг зо­хи­­цуулах жур­маар нэмэгд­сэн нь брокер, дил­лерүү­дийн хувьд хүнд­рэл­тэй асуудал болж бай­на. Арил­жааны банктай хамт­ран ажиллах гэрээ хийгээ­гүйн улмаас ком­паниуд ийнхүү хувьцаа арилжих боломж­гүй бай­гаа юм. Га­даадын томоо­хон хөрөн­гийн биржүү­дийн ит­гэл­цэлд суурилсан төлбөр тооцооны “Т+3” хэмээх го­рим брокерын компаниуд болон банкуу­дын үл ойл­голцох, тохи­ролцохгүй байх үндэс болсон байна. Ийн­хүү Монголын хөрөн­гийн зах зээл бүгдийг шинээр эх­лүүлж байна. Удаан хуга­цаанд ярьж, олон удаа хойш­луул­сан энэхүү ши­нэч­лэлт ийм явдал үүсгэх нь то­дорхой байсан. Цаа­шид банк болон броке­рууд харил­цан тохи­рол­цож, шинэ системийг хамтдаа ураг­шуулна гэдэгт итгэл­тэй байгаагаа Монго­лын хө­рөн­гийн биржийнхээ илэр­хийлэв. Ха­рин Мон­голын Үнэт цаасны арил­жаа эрх­лэгч­дийн хол­боо­ноос бро­кер, диллерийн компаниу­дад тулгараад буй хүндрэл­тэй асуудлыг шийдэж өгө­хийг хүсч байна. Хоёр та­лын байр суурь ямар байгааг хүргэе. 

Ц.Бүрэнжаргал: Хүссэн, хүсээгүй оролцоно гээд брокеруудыг шахаж байна

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Бүрэнжаргалтай ярилцлаа

 

-Брокерууд ажил хая­лаа гэсэн мэдээлэл цацагд­лаа. Танай холбооноос энэ үйл явдалд ямар тайлбар хийх вэ?

-Шинэ системтэй хол­боотойгоор өмнө нь хө­рөнгийн зах зээлд байгаа­гүй оролцогч орж ирсэн. Тэр нь банк. Бэлэн мөн­гөний гүйлгээг арилжаа­ны банкуудаар хийхээр болсон. Гэвч энэ ажилла­гаа­ны зохицуулалт нь то­дорхой бус байна. Цоо шинэ эхлэл учраас хаана, хаанаа ойлголт дутмаг, нэгдсэн бодлогод хүрч ча­даагүй. Үүнээс болоод компаниуд банкуудтай төлбөр тооцоо хийлгэх гэрээ байгуулж чадахгүй байгаа юм. Гэрээ бай­гуулж чадаагүй ком­пани 10 сая төгрөгөө байр­­шуулах газаргүйн ул­маас арилжаанд оролцох бо­ломж­гүй байна. Тэр­нээс биш 10 сая төгрөгөөс болоод ажил хаяад байгаа юм биш л дээ.

-Банктай гэрээ хийхэд ямар асуудал байна вэ?

-Нэгдүгээрт, банк үйл ажиллагаа явуулахдаа төлбөр авна. Энэ төлбөр дээр тохиролцож чадахгүй байна. Бүгд өөр, өөр шаард­лага тавьж байгаа. Үйл­чилгээ үзүүлэхтэй холбоо­той тавьж бай­гаа шаард­лагууд бро­керуудын санаанд ний­цэх­гүй байна. “Т+3” буюу хувьцаа арилж­­саны төлбө­рийг гурав хоногийн дараа төлөх зохицуулалт байгаа шүү дээ. Хувьцаа худал­даж авахын тулд дансан­даа мөнгө байршуулах шаард­лагагүй. Хувьцаагаа авчихаад гурав хоногийн дараа мөнгөө хийдэг горим руу шилжсэн гэсэн үг. Брокеруудын хувьд ийм нөхцөлд шилжих нь эрс­дэлтэй гэж үзээд байгаа юм. Харил­цагчид хэрхэн хүлээж авах бол гэсэн болгоомжлол байна. Хэрэв хувьцаа худал­даж авсан хүн гурав хоногийн дараа төлбөрөө төлөхгүй бол яах вэ гэсэн эрсдэлтэй. Одоо­гийн жур­маар брокерын ком­пани харилцагчаасаа мөнгөө авч чадаагүй бол төлбөр тооцоог нь хийж байгаа банк өмнөөс нь “Т+3” дахь өдөр үлдэг­дэлгүй болгох ёстой. Дараа нь банк бро­кероос мөнгөө гаргуулах ёстой. Ийм шалтгаанаар бан­кууд манай компа­ниудад хэтэр­хий өндөр шалгуур тавьж барь­цаа хөрөнгийг нэхээд бай­гаа юм. Хоёрдугаарт, төл­бөрөө төлөөгүй хувь­цааг зарж мөнгө олж болно. Гэтэл энэ нь хууль зөрчсөн үйл­дэл болчихно. Дээрээс нь банкууд хувьцааг хө­рөн­гө гэж үзэхгүй байна. Броке­рууд үнэт цаас гэдэг утгаар хувьцааг барьцаа болгох санал­тай байгаа. Иймэр­хүү зөрөлдөөний улмаас гэрээ байгуулж чадахгүй байна. Үүнийг ажил хаялт гэж ойлгож болохгүй л дээ.

-Энэ явдал хөрөнгийн чадамжгүй брокерууд олон байна гэсэн ойлгол­тыг олон нийтэд өгчихлөө?

-Би түрүүнд хэлсэн. 10 сая төгрөгтөө асуудал байгаа юм биш. Зарчмын хувьд тохиролцоонд хүрээгүйн улмаас гэрээ байгуулж чадахгүй байгаа юм. Хөрөнгийн чадам­жийн хувьд одоогийн дүр­мийн санг бүх компани хангаж байгаа. Шинээр өргөн барьсан хуульд дүрмийн сангийн хэмжээг нэлээд нэмэгдүүлсэн. Өнөөдөр хөрөнгийн биржийн ги­шүүн 80 гаруй компани байна. Үүнийг хэтэрхий олон байна гэдэг. Үнэний хувьтай байж болно. Гэхдээ манайд бро­кер, диллерийг тусгаарлах ёстой. Хөрөнгийн бир­жийн арилжаанд оролцож байгаа диллерүүд чадамж­тай, цөөхөн байвал зүгээр. Харин өргөн, уудам газар нутагтай манай улсад хөрөнгийн зах зээлийн ойлголтыг олон нийтэд хүргэхийн тулд брокерууд олон байх хэрэгтэй.

-Системийг шинэчил­сэн эхний өдөр тавхан компани оролцсон байсан. Цаашдаа ер нь яах бол?

-Брокерууд өөр ажил хийх боломжгүй. Тэгэхээр хүссэн, хүсээгүй арил­жаанд оролцож л таарна. Магадгүй эд нар нэгэнт орж ирэх нь тодорхой гээд ша­хаанд оруулж байж мэ­дэх юм. Цаашдаа компа­ниуд ямар нэг байдлаар банкууд­тайгаа гэрээ хийх л байх. Гол нь харилцан бие бие­ний­гээ ойлголцож, буулт хийх зарчмаар хамт­ран ажиллах хүсэлтэй байна.

 

Г.Саруул: Цоо шинэ ажил учир банкууд өндөр шаардлага тавьж байгаа

Монголын хөрөнгийн биржийн бодлого, зохицуулалт хариуцсан дэд захирал Г.Саруултай ярилцлаа.

 

“Миллениум Ай Ти” хэмээх шинэ системийг манай улсад хэрэгжүү­лэх шаардлага байсан уу?

-Лондонгийн хөрөн­гийн биржтэй өнгөрсөн жил хамтран ажиллах гэ­рээ байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчинг сайжруулах, төл­бөр тооцооны шинэ хэл­бэрт шилжих гэх мэт давуу талуудыг харсан хэрэг. Өмнө нь Үнэт цаасны төл­бөр тооцооны төвлөрсөн төвд үндсэн нэг данс бай­даг байсан. Тэр дансанд бүх харилцагчийн мөн­гийг өглөө нь байр­шуу­лаад арил­жаанд оролц­дог бай­сан. Харин одоо төлбөр тооцооны дөр­вөн банк гүйлгээний ажилд орж ирж бай­гаа. Энэ бол Лон­дон­гийн хөрөнгийн бир­жийн зөвлөгөөгөөр олон улсын жишгийн да­гуу хийг­дэж байгаа ажил. Яа­гаад “Т+3” зарчмыг оруул­сан бэ гэхээр дэлхийн томоохон биржүүд “Т+2” юмуу “Т+3” гэсэн загва­рыг барим­тал­даг. Гадаа­дын томоо­хон компаниуд манайд хөрөн­гө оруулалт хийх сонир­холтой. Тэд  “Т+3” загвартай хөрөн­гийн биржид арилжаа хийдэг гэсэн. Тэгэхээр манай арилжаа хэд дахин нэ­мэг­дэх, мон­голын ком­па­ниуд өөрс­дийн зах зээл дээр мөнгө босгох бо­ломжийг нэмэг­дүүлэ­хийн тулд хүс­сэн хүсээ­гүй энэ хэлбэрт шилжиж байгаа юм. Бид эрсдлийг зүгээр орхиогүй. Батал­гааны сан, барь­цаа­ны данс ашиг­лана. Бид­ний зүгээс тодорхой шал­гуу­раа тавь­сан. Барьцаа хөрөнгө, баталгааны сан­даа мөнгө байр­шуул­сан компаниу­дыг арил­жаанд оруулж байна. Эдгээр хө­рөнгө нь бүгд тухайн ком­панийн нэр дээр бай­на гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Төлбөр тооцооны асуу­­­далд заавал банк орол­цох шаардлага бай­сан уу. Банкууд броке­рын компа­ниудад ха­туухан шаардла­гуудыг тавьж байна гэж сонслоо?

-Манай зүгээс бан­куудад өндөр шаардлага тавьсан. Арилжаа хийс­нээс гурав дахь өдөрт төлбөрийг заавал гүй­цэт­гэх ёстой. Брокероос дутуу орсон бол банк гүйцээж төлөх ёстой. Тиймээс зарч­мын хувьд хүчтэй бан­кууд ороосой гэж бодсон юм. Шинэ систем учраас бан­кууд ажлаа өндөр шаард­лага­тайгаар эх­лүүл­сэн байж болох юм. Цаашдаа арилжаа нэ­мэг­дэх хэрээр уян хатан байдал сайжрах байх.  Бид банкуудад шинэ системтэй холбоотой уян хатан байдлыг хангаж ажиллаарай гэсэн хүсэлт тавьсан. Хамгийн сүүлд миний сонссоноор Хас банк 300, Худалдаа хөгж­лийн банк 500 төгрөгийн шимтгэл авна гэсэн. Энэ тийм ч өндөр тоо биш. Өчигдрийн байдлаар хоёр брокер нэмэгдэж арил­жаанд оролцсон. Цаашдаа нэмэгдэх байх.

-Өдөрт 100 саяд эргэлддэг арилжаа 50-хан мянга болтлоо буур­лаа. Цаашид энэ байдал тогт­воржтол маш их алдагдал хүлээнэ шүү дээ?

-Энэ талаар бид бро­керуудтай жилийн өм­нөөс уулзалт хийж эхэлсэн. Тэд бэлэн биш байна гэсэн шалтгаанаар системийг олон удаа хойш­луулсаар ирсэн. Бид тухайн үед нь хүлээн зөв­шөөрсөөр байсан. Харин МХБ-ийн ТУЗ болон Лондонгийн хөрөнгийн биржээс цаг хугацаанд цэг тавьж эхлүүлсэн нь дээр гэж шийдсэн. Магад­гүй ямар нэг байдлаар бро­керуудыг ша­хахгүй бол энэ ажил дахиад ямар ч хуга­цаагаар хой­шилж мэднэ. Тэгэхээр ямар боловч эхлүүлье гэж шийд­сэн. Брокерууд удах­гүй нэмэгдэх болов уу гэж найдаж байна. 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *