Ирланд хүүхдүүд “хүн болох багаасаа”-гийн сайн үлгэр

3-р сарын 12, 2013 10:51 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 366
Ирланд улсын Дублин хотын захиргаа 1.3 сая иргэнийнхээ тогтвортой амьдралын төлөө байнга хөрөнгө оруулалт хийдэг.

Доктор Ч.БАЗАР

Ирланд улсын Дублин хотын захиргаа 1.3 сая иргэнийнхээ тогтвортой амьдралын төлөө байнга хөрөнгө оруулалт хийдэг. 2013 оны нийт төсвийн 26 хувь нь байгаль орчны үйлчилгээнд зориулагдсан хамгийн өндөр хувиар­лалт. Байгаль орчинд зориулагдсан зардал нь ч өндөр, орлого нь өндөр учраас ерөнхийдөө тэнц­вэр барьдаг гэнэ. Төлөв­лөлтөд тогтвортой байдлыг чухалчилж үздэг бөгөөд нийт 5 жилээр хийдэг. Жилээс  жилд тогтвортой байдал нь өсөхөөр төлөв­лөсөн. Нэг сонирхолтой бөгөөд авууштай арга ба­рил нь хотын төлөвлөлтийг Эко сургууль /Green school/-ийн төлөвлөлттэй ягштал уялдуулдаг байна. Үүнд, Эдийн засгийн хөгжил, Байгаль орчны тогтвортой байдал, Шил­жилт хөдөлгөөний ерөнхий байдал, Соёл, орчны таатай байдал /, Хөршийн холбоо зэрэг багц асуудлууд хамаардаг. Эндээс орчны таатай байдлыг тодотгоход, энэ бодлого, үйл ажиллагаа нь биенеэс эрхлэгчид, хэрэг­лэгчид, оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аль алинд зориу­лагддаг аж. Энэ жил гэхэд  л Эко сургууль /Green school/-д 25000 евро, Олон нийтийн байгаль орчноо хамгаалах төсөл /энэ ихэвч­лэн цэцэрлэгт хүрээ­лэнд хичээл, сургалт явуу­лах, номын санг баяжуу­лах зэрэгт зориулагддаг/-д 25000 евро зарцуулахаар төлөвлөжээ.

Яагаад Эко сургуу­лиудтай хамтран ажиллах чухал вэ? Тогтвортой хөгжлийн төлөөхи бод­логоо хэрэгжүүлэх түшиц газар нь сургуулийн орчин аж. Байгаль орчны тогт­вортой байдлын бодлого нь хог хаягдлын менежмент, эрчим хүч хэмнэх, усаа хэмнэх, агаар, усны бо­хирдол, биологийн төрөл зүйлийг хамгаалах, даяарш­сан иргэншлийг хөгжүүлэх зэрэг  бодлогоо хэрэгжүүлэхэд хүүхдүү­дээр дамжуулж тэднийг төлөвшүүлэх, эцэг эх, гэр орныхны нь сэтгэлгээний хандлагад нөлөөлүүлэх улмаар тогтворжуулах арга замыг сонгосон байна. Тухайлбал, дээрхийг хэ­рэг­лэхээс өмнөх байдлыг зөвхөн хог хаягдлаар жи­шээлэхэд, 1990 оноос өмнө газар нутгийн 96 хувь нь хог хаягдалд эзлэгдсэн, жил бүр 3 хувийн өсөлттөй, хүмүүс дуртай газраа хогоо хаядаг, ангилан ялгах менежмент бараа сураггүй байж. Ха­рин Европын Холбооны хог хаягдлын менеж­ментийг хэрэгжүүлснээр 1992 оноос хог хаягдлын бодлогыг хувийн секторт өгч, 1997 онд Дублин хотын хог хаягдлын стан­дарт гаргаж мөрдөн, эдүгээ хогноосоо салж, түүний 44 хувийг нь дахин боловс­руулж байна. Одоо тэд “Хог хаягдал гаргахгүй байх”-ыг гол зорилтоо болгожээ. Энэ бүхнээ дунд сургуулийн хүүх­дүүдтэй хамтран хэрэг­жүүлж, амжилттай ажил­ласан сургуульд Ногоон туг олгож байна. 3730 дунд сургууль Эко сургууль болсон нь нийт сур­гуулийн 88 хувийг эзэлжээ. Хамгийн түрүүн сургууль дээр хог хаягдлын хөтөлбөрийг ам­жилттай хэрэгжүүлээд дараа нь эрчим хүч гэх мэтээр үргэлжлүүлдэг байна. Хүүхдүүд хог хаягдлын чиглэлээр тул­гарч буй асуудлаа өөрчилж чадна гэсэн итгэлтэй байдаг бөгөөд харин яаж гэдгээ шийдэхийн тулд шинэ санаа дэвшүүлэх постерийн уралдаан зо­хион байгуулж, улмаар сайн санаа дэвшүүлснийг нь ил захидал болгон хэв­лүүлж, бусдад түгээх зэргээр ажилладаг аж. Хамгийн авшуутай нь цаа­сан дээрх санаа амьд­ралд хэрэгждэгт л байгаа юм. Хөтөлбөрөө хэрэг­жүүлэхдээ санхүүжүүлэгч /төрийн байгууллага буюу Дублин хотын захиргаа, төрийн яамд/, бизнесийн байгууллага, үйлдвэр­лэг­чид, орон нутгийн за­хиргаа, ИНБ-тай хамтран ажилладаг байна. Үүнийг л олон талт оролцоо, олон талт хамтын ажиллагаа гэдэг байх даа. Хотын захиргаанд бүүр Эко сур­гууль хариуцсан мэргэ­жилтэн байдаг гээч.            

Дублин хот төдийгүй Ирланд улсын байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлого нь угаасаа л Эко сургуультай хамтран ажиллахад оршдог. Эрчим хүч хэмнэх бодлогыг хариуцсан яам нь энэ чиглэлээр ажил­лана. Усных нь өөрийнхөө чиглэлээр ажиллана. Тээврийнх нь бас адил. Гэхдээ зорилтондоо хү­рэхийн тулд Эко сур­гуулийг дэмжих чиглэлээр ажилладаг “An Taisce” буюу “Ирландын төлөөх үндэсний итгэл” уриатай ТТБ-аар дамжуулан бод­лого, менежментээ хэрэг­жүүлдэг. Тус байгууллага нь  Эко сургуулийг дэм­жих үйл ажиллагаандаа хотын захиргаа, яамдаас санхүүжилт авдаг бөгөөд түүнд нь ажилтнуудынх нь цалин хангамж тусгагддаг учраас ажилдаа дуртай, Ирланд улсын тогтвортой хөгжлийн төлөөхи зорил­годоо үнэнч ажилладаг нь уулзсан хүн бүхний яриа­наас илт байв. Тэд тээврийн ачааллыг буу­руулах, хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах нэгэн ашигтай төсөл хэрэгжүүлжээ. Тэр нь дунд сургуулийн хүүхдүүдэд дугуй унаж сургах ажил. Анх 1991 онд төслөө 3 сургууль дээр хэрэг­жүү­лэхэд маш их хөрөнгө зар­цуулж, бас ч муугүй үр дүнд хүрсэн гэнэ. Тэгээд энэ их зардлыг яаж хэм­нэх вэ хэмээн ярилцсаны эцэст хүүхдийн зан төлөв, хандлагад өөрчлөлт хийвэл хөрөнгө хэмнэж болно гэж дүгнэлтэд хүрч, Эко сургуулиудын хөтөл­бөрт оруулжээ. Тэгээд 2006-2008 онд Дублины 45-50 сургуульд туршиж, 2008 оноос нийт Ирланд даяар хичээлийн хөтөл­бөрт оруулжээ. Гол сан­хүүжилтийг нь Тээвэр жуучлалын яам нь хийдэг, жилд 1.9 сая Евро зар­цуулж, нийт 5 жилийн дотор хэрэгжүүлж дуусах юм байна. Энэ хөтөл­бөрийн хүрээнд байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй орчны асуудал бүхэлдээ хөндөгддөг. Сургуулиудад багшлах 18 мэргэжилтэнг бэлтгэсэн, ихэнхи тохиолдолд сайн дурынхныг оролцуулдаг байна. Танайх хангалттай дугуйн замтай юу? хэмээн асуухад одоогоор энэ бол бэрхшээлтэй асуудал, гэхдээ дугуйн замыг бага багаар нэмэгдүүлж байгаа гэж байв. Тэд дугуйн замнаас илүү хүүхдүүд машинаар сургуульдаа ирэх нь багасч байгаа нь сургууль орчны түгжрэл багасч, хүүхдүүдийн хө­дөл­гөөн нэмэгдснээр таргалалт буурч, улмаар машинаас үүдэлтэй агаарын бохирдол буурч, цаашлаад дэлхийн хүлэмжийн хийн ялга­ралтыг  бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Байнгын мони­то­рингоор ч ийм дүн гарчээ. Бидний очсон сургууль дээр хүүхдүүд дугуй унах хөтөлбөрөө илүү сайж­руулж, долоо хоногийн Лхагва гариг бүр “Our WOW day”-ийг зохион байгуулж, явганаар ирсэн хүүхдүүдэд ногоон навч, машинаар ирсэн хүүх­дүүдэд бор навч өгдөг байна. Харин хамгийн их олон хүүхэд алхаж ирсэн ангид “Алтан гутал” цомыг шилжүүлж өгдөг. Нэг ангийнхан ногоон навчаараа өтгөн сагалгар, өндөр мод бүтээсэн байхыг нүдээрээ харав, тэд лав нилээн хэдэн удаа “Алтан гутал” “өмссөн” байхаа. 

Эко бага сургуулиар орлоо, хүүхдүүд биднийг “Монголчуудаа тавтай мо­рил” гэсэн бичиг­тэй­гээр угтав. Монголчууд ирнэ гэсэн сургаар интернетээр орж бидний тухай судал­сан гэнэ. Тэ­гээд төрийн маань далбааг хийн сур­гуульдаа тавь­жээ. Эднийх 3 Ногоон тугтай. Эх­нийхийг хог хаягдлын менежментийг сайн хэрэгжүүлж, удаахыг нь сургуулийнхаа цахилгаан хэмнэх бод­логыг явуулж, гурав дахийг нь усаа хэмнэх үйл ажил явуулж авчээ. Хүүхдүүд дахин хэрэглэж болох хаягдлаар юу хийх талаар байнга уралдаан явуулдаг. Анги бүр цахил­гаан хэмжигч монитортой. Цахилгааныг хэрхэн хэм­нэх талаар байнга мэдээ­лэл авдаг. Усны крантаа зөв хаахыг хүүхэд бүр мэднэ. Хэрэв хэн нь нь алдаа гаргаад ус гоожиж байвал сургуу­лийнхаа Эко зөвлөлд очиж мэ­дэгддэг. Усны сэдэвтэй зургийн болон багт наадмын уралдаан зар­ладаг. Хэрэглээгээ хэм­жээд үзсэн чинь эхний жил нь нэг хүний хэрэглээ 13 литр ус байсан бол дараа жил нь 5 болж даруй 8 литр ус хэмнэжээ. Энэ бүхэн одоо хүүхэд бүрийн хэв­шил дадал болсон зүйл, гэртээ ч, сургуульдаа ч… Тэр бүхний цаана нөгөө бидний дэлхий нийтээрээ яриад байгаа эрүүл, зөв хэрэглээтэй хүн дээр түшиглэсэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг багас­гах /машины хэрэглээгээ багасгах, эрчим хүчээ хэм­­нэх гэх мэт/ дэлхий нийтийн тогтвортой хөгж­лийн зорилт оршиж буй.

Биднийг Ирландын БОЯ-ны Байгаль орчныг хамгаалах агентлагийн Мэдээлэл, сурталчилгаа хариуцсан хэлтсийн дарга Кэвин Форде хүлээн авч яамныхаа бодлогыг танил­цууллаа. “Бүх салбарын бодлого нь байгаль ор­чиндоо ээлтэй, байгаль орчны бодлого нь бусад салбартаа дарамтгүйгээр хөгжих бодлого барьдгаа” тэрбээр хэлэв. Ирландчууд тогтвортой хөгжлийг хан­гахын тулд аль болохоор сэргээгдэх эрчим хүч ашиглах, ногоон хөгжлийг хангах чиглэлээр бодлого явуулж байна. Ногоон үйлдвэрлэл нь томоохон биенэс эрхлэгчдийн нэр төрийн хэрэг болсон гэнэ. Европын холбооны хууль, стандартыг мөрддөг учраас эрх зүйн орчин нь сайн бүрдсэн. Тэрхүү эрх зүйн бодлого нь ерөнхийдөө ногоон эдийн засгийг хөг­жүүлэх, тогтвортой өсөлт, нөөц, ажиллах хүчнийг бий болгох, байгаль орчны төлөвлөлтийг зөв хийх зэргийг зохицуулсан байдаг. Яамны зүгээс Эко сургуулиудад шагнал гар­дуулах, уулзалт хийх зэр­гээр оролцдог. Эко сур­гууль олширч буй нь хүн байгаль орчинтойгоо ха­риуцлагатай хандах ханд­лагад нь өөрчлөлт гарч буй үр дүнгээр хэмжигддэг гэж яам нь дүгнэж байна.

Ирландын сайн турш­лага гэвэл тогтвортой хөгж­лийн төлөө Засгийн газар, яам, хотын за­хиргаа, үйлд­вэрлэгчид, оршин сууг­чид, сургуу­лийн хүүхдүүд, ИНБ бүг­дээрээ хамтран ажил­ладагт байна. Гэхдээ төрийн яамдын ам­жилт нь хүүхдийн төлөвш­лөөр дам­жуулж томчуулд нө­лөөлөх, тэдний ханд­лагыг өөрчлөх, энэ үйл ажил­лагааг ИНБ, сайн дурынх­наар хийлгэдэгт оршиж буй. Монгол­чуудын маань хүн болох багаасаа гэдэг үгийн утга учир тэртээх Ирландад ийнхүү бүрэн утгаараа хэлбэржиж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *