Ипотекийг тогтвортой үргэлжлүүлэх гарц

9-р сарын 14, 2016 9:29 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 60
14360421_1154020411303616_1937292273_o

Д.ОЮУН

Монголбанк Засгийн газартай хамтран 2013 оны зургаадугаар сард орон сууцны ипотекийн жилийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд энэ зээлээр 80 мянга гаруй өрх орон сууцтай болж, 3.8 их наяд орчим төгрөгийн зээл олгогджээ. Харин ипотекийн зээл олголт наймдугаар сараас хойш түр зогсоод байна. Иргэд, олон нийтийн дунд ипотекийн зээл цаашдаа олгогдох уу, хэзээ, хэрхэн шийдэгдэх вэ, бүр мөсөн зогссон уу гэх зэргээр олон хүлээлт үүсээд байна.

Арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрийг өөр зүйлд зарцуулсан гэх зөрчил илэрсэнтэй холбоотойгоор Төвбанкнаас банкуудад шалгалт оруулсан. Шалгалтын дүнг эцэслэж, шийдвэр гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдоно гэдгээ мэдээлсэн. Гэхдээ үргэлжлүүлэн олгохдоо Засгийн газартай хэрхэн хамтрах, санхүүжилтийг ямар нөхцөлөөр яаж олгох вэ гэх зэргийг нарийвчлах шаардлагатай аж. Учир нь энэ оны гуравдугаар сард УИХ-аас Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг баталсан. Үүний санхүүжилтийг Монголбанкнаас хийжээ. Өөрөөр хэлбэл, МИК /Монголын ипотекийн корпораци/ дээр төвлөрөөд байсан 2.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн багцыг тус санд шилжүүлсэн байна. Харин одоогийн байдлаар ипотекийн зээлийн өмчлөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн эрх Засгийн газрын мэдэлд шилжсэн байгаа юм. Тэгэхээр Засгийн газар, Монголбанктай хамтрах замаар Ирээдүйн тэтгэврийн нөөц санд хөрөнгөө төвлөрүүлж, эх үүсвэр олох замаар ипотекийн зээлийн санхүүжилтийг шийдэх болж буй хэрэг.

Дэлхийн банк болон олон улсын бусад байгууллагаас ипотекийн зээлээр дамжин зах зээлд нийлүүлэгдэж буй хөрөнгийн хэмжээг төсөвт тусгах шаардлагатай гэж зөвлөсөн. Цаашдаа Засгийн газар жил бүрийн төсөвтөө тус санд төвлөрүүлэх хөрөнгийг тусгах учиртай. Ингэснээр ипотекээр дамжин зах зээлд нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ тодорхой болох юм. Нөгөөтэйгүүр жил бүрийн төсвийг УИХ-аар баталж, хууль болгон гаргадаг. Хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Тиймээс ипотекийн зээлийн эх үүсвэр цаашдаа илүү “найдвартай” гарт шилжиж байна гэж болно.

Өнгөрсөн хугацаанд Төвбанк ипотекийн зээлийн шаардлагатай эх үүсвэрийг мөнгө хэвлэх замаар шийдэж байсан нь үнэн. Энэ нь эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, валютын ханшид дарамт учруулах эрсдэлтэй. Нөгөөтэйгүүр, хэмжээ хязгааргүй мөнгө хэвлэж, ипотекийн зээлийг санхүүжүүлсээр байх уу гэх асуултад хариултаа нэхсээр байгаа. “Мэдээж байнга мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй” хэмээн эх сурвалж хэлж байна. Цаашид ипотекийн зээлийн санхүүжилтийг мөнгө хэвлэхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэх байр суурьтай байгаагаа Төвбанкны шинэ удирдлагууд илэрхийлж байна лээ.

Ипотекийн зээл нь дундаж давхаргын хуримтлалын тогтолцоог дэмждэг маш чухал тогтолцоо. Монголчууд орон сууцанд орох, утааг бууруулах зайлшгүй шаардлага бий. Тиймээс ипотекийн зээлийн санхүүжилт тасралтгүй, тогтмол олгогдож байх ёстой гэж зарим эдийн засагчид хэлдэг. Энэ нь дундаж давхаргынхныг дэмжиж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэх учиртай. Харин ипотекийн зээлийн тогтвортой, найдвартай санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлага тулгараад буй.  Үүний тулд нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөвт тусгаж, хууль болгон батлах. Хоёрдугаарт, төсвөө сахилга баттай болгож, төсөв мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулвал ипотекийн зээл тогтвортой, найдвартай үргэлжлэх үндэс бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Stitches
2016 оны 12-р сарын 1

So true. Honesty and everything reiodnczeg.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *