Илч дулаан түгээгчдийн нэг өдөр

11-р сарын 2, 2015 10:37 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 187
11-2-8h

Ч.ЗОТОЛ, Б.БАТБААТАР

Хэрэглэгч та гомдол, саналаа ДҮТ-ийн 70047005 дугаарын утсанд өгөөрэй.

Нийслэлчүүдийг дулаан өвөлжүүлж, илч энерги түгээж байдаг “Улаанбаатар дулааны  сүлжээ ТӨХК”-д зочиллоо. 1959 онд анх үүдээ нээж,  56 дахь жилдээ  ажиллаж буй энэ хамт олонтой уулзаад анх  сонссон, уншигч  та бүхэнд дамжуулах хамгийн сайхан мэдээ “Бид өвлийн бэлтгэлээ эртнээс  базаасан. Нийслэл энэ өвөл дулаанаар ажрахгүй” гэсэн хариуцлага, итгэл хүлээсэн үгс байв. Бид дулаан л байвал дулаан дамжуулж  байдаг энэ айлыг  мартчихдаг. Бидний тав, тухыг хангахын төлөө зүтгэж байдаг тэдний ажил, амьдрал нүднээс далд  хэрхэн өрнөж байдгийг ч  тэр бүр мэддэггүй. Тиймээс манай сэтгүүлчид нэг өдөр  “мэргэжлээ сольж”, дулааны инженерүүдийн хамтаар илч, дулаан түгээгчдийн  амьдралыг сурвалжилсан  юм. Гэхдээ зүгээр ч нэг очоод сурвалжилчихаагүй. Компанийн зарим хэсэг улсын тусгай обьектод хамаардаг. Дулааны шугам сүлжээнд гэмтэл гарлаа гэхэд халуун ууранд, хөдөлмөр хамгааллын онцгой тохиолдолд ажилладаг учраас сурвалжлага хийх зөвшөөрөл авна гэдэг амаргүй даваа юм. Долоо хоногийн эхнээс  хэд хэдэн шат дамжлагаар орж байж зөвшөөрүүлснээр баасан гаригийн өглөө 08:00 цагт  тус компанийн  ажилчидтай уралдан  төв байранд нь очлоо.

08:00 ЦАГ  “НИЙСЛЭЛЧҮҮД ЯАЖ ХОНОВ”

Хотын  барометр буюу өглөөний шуурхай. УБДС ТӨХК  08:00 цаг

Компанийн ажилтнууд хурууны хээгээр цагаа бүртгүүлэх зуур, манай сурвалжлагчид харуулд  ажлын  үнэмлэхээ хураалгаж, дотогш нэвтрэх түр үнэмлэх  авч зүүлээ. УБДС ТӨХК-ийн захирал Р.Хайдав “Бидний  юу хийж байдгийг надаас асууснаас хамт олны нэг өдрийн ажилтай танилцчихад дүүрэн хариулттай буцах биз ээ” гэснээр шуурхай хурлын хаалгыг татлаа. УБДС ТӨХК-ийн төв байрны гуравдугаар давхрын хурлын зааланд өглөө бүр болдог  шуурхай хуралд компанийн удирдлагуудаас гадна бүх алба, хэлтсийн дарга нар оролцдог юм байна. Товчхондоо бол “Хот яаж хонов” гэсэн асуултын хариу энд гардаг. Тодруулбал, нийслэлийн дулаан дамжуулах сүлжээтэй холбоотой 24 цагийн мэдээлэл, дулааны шугамд гарсан гэмтэл, дуудлага, хэрэглэгчийн гомдол санал, ажилчдын ирц, шуурхай баг явуулах чиглэл, бригад, хүмүүсийн нэр, машины хуваарь гээд тухайн өдрийн газрын зураг эндээс гардаг юм байна.  Өглөөний шуурхай хуралд мэдээлснээр 70047005 утсанд 10 дуудлага ирсэн. Найм нь орон сууцны байршил асуусан, нэг нь 10 а магситралд хучлага хийх, нөгөө нь 11 е магистралд тохируулга хийх байв. Бас нэг ажил бол   21 дүгээр хороололд дулааны сүлжээнд гарсан гэмтлийг олох ажлыг шалгах тухай  байв. Шуурхай хурлын дараа бүх албад, хэлтэс салбар өөр өөрийн өрөөнд цуглаж  ажлын чиглэл  гаргадаг юм байна. Тэднийг хүлээх зуур  Хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан байцаагч Б.Эрдэнэчимэг манай сэтгүүлчдэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, ажлын байранд мөрдөх журмыг танилцуулж, дуулга малгай, бээлий, хантааз  тарааж өглөө. Тус компанийн техниктэй холбоотой бусад албад инженерүүдийн удирдлагад багтдаг бол хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан тус алба захирлын шууд удирдлагад харъяалагддаг аж. Нийт ажиллагсад болон ажлын чиглэл өөрчлөгдсөн ажилтнуудад аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг танилцуулж заавал зөвлөмжийг байнга өгдөг. Сурвалжлах баг нэг өдөр ажиллах ч гэлээ энэ талын мэдлэг өгч, сургалтад хамруулах ёстой. Сүлжээний усны халуун нэмэгдэх тусам дамжуулах  хоолойн   хуучирч элэгдсэн хэсгүүдэд гэмтэл гарах магадлалтай байдаг хэмээн тэр хэллээ. Энэ үеэр ажлын чиглэлээ  авсан багууд эхнээсээ төв байрны  нэг давхарт байх  ажилчдын цайны газарт  өглөөний цайгаа ууж, машиндаа сууцгааж байв. “Манай ажилчид хүнд нөхцөлд ажилладаг учраас  өглөө заавал цай ууж, хоолоо идээд гардаг журамтай. Өдрийн хоол л гэхэд нэг, хоёрдугаар хоол нийлээд 3500 төгрөгт багтчихдаг юм. Компанийн зүгээс ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцлийг сайтар тооцож чанартай, хямд хоол, ундаар үйлчлэхийг урьтал болгодог” хэмээн Б.Эрдэнэчимэг байцаагч ярьж байна.

08:30  Ш.МӨНХЖАРГАЛ: ЭНЭ ӨВӨЛ ХАЛААЛТ ХЭВИЙН ЯВАХ БОЛОМЖТОЙ

Өглөөний шуурхайн  дараа  үүрэг авсан багууд бэлтгэлээ хангаж явах  чиглэл рүүгээ яаравчлан гардаг.

Албад, хэсгүүд ажлаа хуваарилж дууссаны дараа бид хэд хэдэн газарт очихоор төлөвлөлөө. Түүний өмнө бид тус газрын  Диспетчерийн үндэсний төв /ДҮТ/-өөр орж ээлжийн  жижүүрээс цаг үеийн мэдээ авлаа. Жижүүр:

“ТЭЦ-3-ын өндөр, дунд даралтын гурван хэсэг, ДЦС-2,  Амгалан дулааны станц зэрэг нийт долоон сүлжээ ажиллаж байна. Насосны өргөх станцууд болох Насосны станц-2, 3,4,6,Си-728, е-866 зэрэг нийт зургаан станц ажиллаж байна. 8:30 цагт насосны даралт барьсан, шуудын халууныг 90 хэмд барьж хоносон бол өдрийн горимд 88-аар барих горимд шилжлээ. Гадна агаар -5 градусыг  зааж байна. Сүлжээний нийт  ус 19 мянган тоннын зарцуулалттай ажиллаж байна” гэсэн товч мэдээлэл өглөө.

Халаалт хэвийн явж байгаа эсэх нь тохируулгаас шууд шалтгаалах учраас байнга хянаж байдаг.

УБДС ТӨХК-д нийслэлд үйл ажиллагаа явуулдаг  үйлдвэр аж ахуйн газар, сургууль цэцэрлэг, орон сууц  гээд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон бүх  газар хамаардаг.  Өөрсдөө уурын зуухтай, түүгээрээ халаалтаа шийдэж буй газрууд бол хамаарахгүй. Тус компани ТЭЦ-3, ТЭЦ-2, ТЭЦ-4  станцаас гаргаж буй дулааны эрчим хүчийг хотын дулаан хэрэглэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд өвлийн улиралд хүргэдэг. Ингэхдээ 24 цагийн диспетчерийн удирдлагаар холбогдож ажилладаг нь энэ ажээ. Өөрөөр хэлбэл, энд цахилгаан станц, насосны өргөх станцуудаас эхлээд хэрэглэгчдэд дулаан хэрхэн хүрч байгааг дүүрэг, хороодоор нь  нэгтгэн бүх  мэдээллийг камераар хянаж байдаг аж. ДҮТ-д нэг ээлжинд жижүүр, цахилгаанчин, жолооч ажиллаж, шаардлагатай үед нэмэлт хүч дуудахаар зохион байгуулсан байдаг юм байна. Өвлийн бэлтгэл, тулгамдсан асуудлын талаар Шуурхай удирдлага, тохируулгын албаны дарга Ш.Мөнхжаргалаас тодруулахад “Өвлийн бэлтгэлд шаардлагатай зүйлүүдээ хийгээд явж байна.  Амгалан дулааны станц шинээр ашиглалтад орсон учраас тохируулга дээр анхаарах зүйлүүд бий. Салбарын яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос халаалтыг жигдрүүлэх талаас ажиллаж байна. Энэ бүхний эцэст халаалт энэ өвөл хэвийн явчих байх. Төлөвлөсөн болон засварын ажлуудыг  амжиж хийсэн” гэлээ.

09:30 ЦАГ 

Энэ бүхний эцэст бид шуурхай дуудлагын машинд суулаа. Хэд, хэдэн обьектоор орж ажлын явцыг шалгах үүрэгтэй. Эхний очсон газар ТЭЦ-3-аас гарсан 2000 дахь  шугамд дулаалга, хучлага хийж буй Дулааны шугам сүлжээний ашиглалтын албаны шугамын слесарь Ж.Дамдинжавын ахалсан баг байв.

Өглөө ажил эхэлсэн ч  биднийг очиход хараахан дуусаагүй байсан юм. Төмөр хоолойг тэврэн дулаалга, хучлагын ажлыг хийж буй тэднийг харахад өвлийн тэсгим хүйтэнд  бол хэцүү байх даа  гэсэн бодол төрж байлаа. Аз болоход тэр өдөр дулаахан байсан болохоор тэд биднийг явснаас хоёр цагийн дараа ажлаа дуусгаад буцаж байгаагаа  утсаар  дуулгасан юм.

10:00 ЦАГ

Бидний дараагийн очсон газар Замын цагдаагийн газрын урд хэсэгт байрлалтай газруудын халаалтыг сайжруулахаар дулаан дамжуулах хоолойд тохируулгын шайб тавихаар ажиллаж буй хэсэг байв. Тохируулгын шайб гэдэг нь дунд нь нүхэлсэн жийрэг цаас, эсвэл төмөр хаалт байдаг аж. Тохируулна гэдэг нь  хар ухаанаар бол тэрхүү голд байгаа нүхний дм-ийг  нэг бол жижигрүүлэх, эсвэл томсгодог. Бидний ойлгосноор бол хэт халалттай газар дм-ийг жижигрүүлэх, доголдсон газар нь томсгох ийм л зориулалтай аж. Гэхдээ хэрэглэгчийн хэмжээнээс хамаарч тэрхүү дм-ийн хэмжээг станцын төвөөс тооцоолж өгдөг. Энэ удаа томсгох байдлаар доголдлыг шийдэх гэж буй аж.  Энэ хавийн үйлдвэр, албан газруудын байрны халаалт доголдож байгаа гэсэн гомдол саналын мөрөөр ийнхүү ажиллаж байгааг  Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулааны шугамыг хариуцсан  бригадын дарга Д.Дандар бидэнд тайлбарласан. Хотын дулааны шугам баруунаас зүүн тийш 390-ээд км үргэлжилдэг юм байна. Энэ шугамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг зүүн, баруун, төв гэсэн гурван хэсэгтэй. Түүний зүүн хэсгийг хариуцсан бригадын ажил   ийнхүү өрнөж  байлаа. Энд нэг зүйлийг хэлэхэд, тохируулга, хаалт гэдэг нь дулаан дамжуулах хоолойн бүх хэсэгт  байдаг. Тэр бүгдийг эхнээс нь тохируулж явсаар сүлжээний бүр төгсгөлд очиход тэр хавийн хэрэглэгчдийг гомдолгүй байлгаж чадаж байвал бүх үзүүлэлт хангалттай гэсэн нэг л дүн гардаг  онцлогтой ажээ.

11:00 ЦАГ  ОНЦГОЙ ОБЬЕКТ ОНЦГОЙ БАЙЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

Бага үдэд бид “Насос станц-2” улсын онцгой обьектод ирлээ. Бидний сайн мэдэх “Дөлгөөн нуур”-ын замын урд талд анхааруулах тэмдгийг улаанаар бичсэн хаалганы үүдэнд ирэхэд машинист Д.Энх-Оюун биднийг угтав. Тэрээр дулааны шугамын даралт, температур, параметрүүдийн хэмжээсийг тоон үзүүлэлтээр өгч,  ажил хэвийн явж байгааг мэдээллээ. Дүрмээрээ бол улсын онцгой обьектын газар, хамгаалалтын шугам халдашгүй байх ёстой байдаг аж. Гэтэл энд энэ байдал  зөрчигдөж  нэр бүхий иргэд хамгаалалтын шугам давуулан байшин барьсан явдал гарч, маргаан шүүхийн шатанд явж байгааг УБДС ТӨХК-ийн хуулийн мэргэжилтэн П.Алтанцэцэг өглөөний шуурхай хуралд мэдээлж байсан юм. Газар дээр нь ирээд байдлыг ажиглахад  улсын онцгой обьектын  газар хэдий ч зай талбай багатай, дээр  байшингийн өнцөг давж орж ирснээр хотын төвлөрсөн дулааныг доголдолгүй ажиллуулах өргөлтийн гол насос байрладаг тус газар осол гэмтэл гарлаа гэхэд техник хэрэгсэл, хүн хүч оруулах  боломж муутай болох нь харагдлаа.

Иргэн Батсайхан улсын тусгай обьектын хамгаалалтын шугамыг зөрчиж барилга барьснаас осол, гэмтлийн тохиолдолд аюулгүй ажиллагааны техник хэрэгсэл, ажиллах хүч оруулах боломжгүй болголоо  гэсэн гомдлыг УБДС ТӨХК-аас  шүүхэд гаргажээ.

12:00-13:00  ЦАГ “СӨХ-64”-ИЙНХӨӨН,  ӨРӨӨ  ТӨЛӨӨРЭЙ”

УБДС ТӨХК ТЭЦ-2, ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан цахилгаан станцаас дулаан авч  хэрэглэгчдэд хүргээд, төлбөрийг нь  авч, эргээд  тооцоо хийдэг учраас  нэлээд том  хариуцлагын ачаа  үүрч байдаг компани юм. Гэтэл дулаан авч хэрэглэчихээд төлбөрөө төлдөггүй хувь хүн, албан байгууллага бас байх. Тэр болгоны хойноос хөөцөлдөж, төлбөр тооцоо барагдуулах, түүний зэрэгцээ хэрэглэгчдийн дулаан хангамжийн найдвартай ажиллагаа, дулааны тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг  хянах үүрэг бүхий нийт 54 байцаагч ажилладаг юм байна. Мэргэжлийн асар өндөр үүрэг хариуцлага хүлээдэг учраас эдгээр байцаагчийн 80 гаруй хувь нь дулааны инженер мэргэжилтэй байдаг. Бас дээр нь зан харилцаа, хүнтэй зөв ойлголцох талаар олон зүйл шаардагддаг ажил ажээ. Тэдний нэг байцаагч С.Сарантуяатай уулзлаа. Нөгөөтэйгүүр, сарын сүүлч болж байгааг ч хэлэх үү, тэдний ажил ямар байдлаар өрнөдгийг сонирхох хүсэл төрсөн юм.  Тэрээр дулааныхны хэллэгээр Бага тойруу буюу 4 б магистрал, бидний мэдэхээр бол Улаанбаатар зочид буудал, СӨТ, БСШУЯ, “Туушин” зочид буудал, “Хас” банк зэрэг хотын төвийн хэсгийг  хариуцаж ажилладаг аж.  Бусад хэсгийг бодвол энд дулаан хангамжийн талаар гомдол санал тэр бүр гараад байдаггүй. Харин өр төлбөрийн хувьд асуудал багагүй байдаг аж. Тухайлбал, БСШУЯ-ны хойд талд оршдог “Бага тойруу 64 СӨХ”  буюу 1960-аад онд баригдсан хуучны орон сууцныхан байраа түрээслэчихдэг. Түрээслэгчид нь мөнгөө хугацаанд нь төлдөггүй. Орон сууц атал нэг давхарын байрууд  нь дэлгүүр, цайны газар гэхчлэн бүгд аж ахуйн нэгжийн байр болчихсон. Сүүлийн таван жилд хуримтлагдсан өр нь 49 сая төгрөгт хүрчээ. Энэ өрийг барагдуулахын төлөө С.Сарантуяа байцаагч уйгагүй явж байгаа. Оршин суугчид амьдардаг учраас цахилгаан тасалдагтай адил  өр төлбөрийн улмаас дулааныг хязгаарлаж болохгүй бэрхшээлтэй байдгийг тэрээр ярьж байна.  Бидний уулзсан ганцхан байцаагч гэхэд л ийм бэрхшээлийг сөрж ажиллаж явна. Түүний цаана С.Сарантуяатай адил 53 байцаагч 300 гаруй хэрэглэгчтэй харилцаж,  ажиллаж байгаа. Тэгэхээр дулаан хэрэглэж тохь тухаа хангуулчихаад төлбөрөө төлөхгүй байгаа хэрэглэгчдийг “Өрөө төлөөрэй” гээд сониноороо нэг анхааруулчихмаар санагдсан.

310 хэрэглэгчийн дулаан ашиглалт, хяналт, тооцооллын  бүх үзүүлэлтийг   гар утаснаас мессэжээр  төвийн компьютерт илгээснээр гэмтэл, доголдлыг  шуурхай илрүүлдэг болжээ.

13:00-13:30 ЦАГ  “АМГАЛАН СТАНЦ АСУУДАЛГҮЙ АЖИЛЛАВАЛ, ХОТЫН ЗҮҮН ХЭСГИЙНХЭН  АМГАЛАН” 

“Пума” зочид буудлын  хонгил дахь дулаан халаалтын цогц төхөөрөмжийн ажиллагаатай танилцах завшаан энэ үеэр тохиов. Учир нь хотын төвд, тэнд тийм чухал төхөөрөмж байдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Тэндээс хотын төвийн  10 гаруй томоохон аж ахуй нэгжийн  дулааныг  хангадаг аж. Энэ үеэр сурвалжлах хэсэг УБДС ТӨХК-ийн Дулааны үйлчилгээний албаны дарга Л.Амарбаттай уулзав.

Тэрээр хотын зүүн хэсэг буюу Баруун дөрвөн замаас “Ус-15”-ыг хүртэл  Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийг хариуцдаг энэ хэсэгт  1215 хэрэглэгчийг дулаанаар хангах гэрээ хийсэн. Шинээр 40 гаруй гэрээ хийсэн бөгөөд  өвөлд бэлтгэж бүх хэрэглэгчдийн нягтын шахалтыг  хийх, тоноглолыг угаах ажлуудыг  хийж дууссаныг дуулгав. Мөн Амгалангийн станц ашиглалтад ороогүй байхад хотын дулааны сүлжээний төгсгөлийн хэсэг болох Цайз-16, Шар хадны чиглэлд доголдол гардаг байсан бол энэ жил асуудалгүй болж байгааг онцлоод, гэхдээ одоогоор хүйтрээгүй, цаг чангарах үед энэ станц тогтвортой ажиллавал зүүн чиглэлийн хэрэглэгчдийн гомдол санал багасах байх гэлээ.

13:30-14:00  ЦАГ ШИНЭ ХЭРЭГЛЭГЧ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

Л.Амарбат: Амгалан станц тогтвортой ажиллавал зүүн чиглэлийнхэн энэ өвөл санаа зоволтгүй.

Энэ жил тус компанид 40 гаруй шинэ хэрэглэгч гэрээ хийснийг Л.Амарбат дарга хэлсэн. Дулааны шинэ хэрэглэгчид ямар сэтгэгдэлтэй байгааг сонсохоор Баянзүрх дүүрэгт барьж буй  Баяр-Өргөөн компанийн  “Эрдэнийн 108” хотхоны ажилтай  танилцлаа. Ирэх сард ашиглалт орох тус орон сууцны ажил 90 гаруй хувьтай,одоогоор ашиглалтад оруулах үеийн дулаанаа  аваад байгаа аж. Барилга барихаас өмнө дулааны тооцоо, ачааллын үзүүлэлтүүдийг гаргасан техникийн нөхцлөө авч, шугам сүлжээний угсралтаа  хийсэн бөгөөд бүх ажил  гэрээний дагуу  хурдан шуурхай явж байгааг тус компанийн менежер хэллээ.

14:00-15:30 ЦАГ ХАНЫН МАТЕРИАЛЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН ГОМДЛЫГ ШИЙДЭВ

XXI  хорооллын дэргэдэх дулааны төвийн шугамд гарсан гэмтлийг хайж байна.

Баянзүрх дүүргийн нутаг 13 дугаар хорооллоос  баруун тийш XXI хорооллын нутаг “Содон” хорооллын дэргэдэх  дулааны шугамын гэмтэл хайх ажлын хэсгийн ажилтай танилцахаар гарлаа. Машинаас бууж очвол Дулааны шугам сүлжээний нэгдүгээр хэсгийн бригадын дарга Л.Бадамдорж биднийг  тосч уулзлаа. Энэ хэсэгт дулааны төв шугам хагарсан гэсэн оноштой. Шуурхай баг нэг өдрийн өмнөөс гэмтлийг олохоор хайж байгаа. Одоо замын хажууд кабельтай хэсгээр гараар нүх ухах ажил явж байгааг  тэрээр хэллээ. Энэ нь гэмтэл олдоогүй гэсэн үг аж. Эндээс буцах замдаа бид агаараар явсан дулааны хоолойн тохируулгыг хийх ажилтай танилцлаа. Дулааны шугам сүлжээний 390 гаруй км хоолойн 20 гаруй хувь нь агаараар явсан байдаг. Бусад нь газар доогуур байрласан байдаг аж. 11 е магистрал буюу бидний нэрлэдгээр  Ханын материалын хэрэглэгчдийн тойруу шугам дээрх хаалтад тохируулга  хийсэн юм.  Эндхийн хэрэглэгчид  халаалт доголдож байна гэсэн гомдол ирүүлснийг ийнхүү шийдлээ.

15:30- 16:30 ЦАГ  ХУРДТАЙ АЖИЛЛАНА, ДУЛААНААР НАЙДВАРТАЙ ХАНГАНА 

Дулааны хэмжүүрийн албаныхан мөнгөтэй ажилладаг учраас тусгай зөвшөөрөлтэй хүмүүс байдаг гэж слесарь С.Сэргэлэн хэллээ.

Ажлын цаг дуусахаас урьтан буцах замдаа  Хан-Уул, Үйлдвэр комбинат, Зайсан орчмын хэрэглэгчдийг хариуцдаг  Дулаан  хэмжүүрийн албаны слесарь С.Сэргэлэнтэй уулзахыг зорилоо. Тэрээр тоолуурын бүрэн бүтэн байдал, хэрэглэгчдийн халаалтын параметрүүдэд хяналт тавих, ашиглалтын тоног төхөөрөмжүүдийг хариуцдаг юм байна. Биднийг очиход “Нарны хороолол”-ын ДЦС дээр ажиллаж байв. Ажлын байранд очсоных тэнд ямархуу үйл ажиллагаа явж байгааг газар дээр нь сонирхох завшаан ийнхүү тохиов. Дулаан хэмжүүрийн албаныхан мөнгөтэй ажилладаг гэдэг утгаараа тусгай зөвшөөрөлтэй хүмүүс байдаг аж. Тус компани энэ жил 310 хэрэглэгчид алсын зайнаас мэдээ авах төхөөрөмж суурилуулсан бөгөөд хяналт, шалгалтын бүх ажил хурдтай явж байгааг тэрээр онцоллоо. Бүх үзүүлэлтийг газар дээрээс нь гар утаснаас мессэжээр төв рүүгээ явуулах тохиргоог хийсэн. Төвд очиж буй мэдээллээс  хаана төлбөрөө барагдуулсан, мөн хаана халаалт доголдсон, гэмтэл гарсан зэрэг бүх асуудлыг тоолуурын заалтаас мэдэж болно. Тоолуурын заалт ямар ч үед зөв байдаг учраас  алдаа гарсан тохиолдолд хайлтын системээр илрүүлдэг ажээ. Тиймээс тус хамт олныг   нэг ёсондоо хурдтай ажиллана, дулаанаар найдвартай  хангана гэсэн уриатай ажиллаж байна гэж ойлгож болох юм.

16:30-17:40 ЦАГ АЖЛАА Ч, ХҮНЭЭ Ч ГЭСЭН  ХАЛУУН СЭТГЭЛТЭЙ ИЛЧ ДУЛААН ТҮГЭЭГЧИД

Компанийн удирдлагууд ажилчдынхаа чөлөөт цаг, эрүүл мэндэд анхаарч фитнесс клуб, эмнэлгийн цогц үйлчилгээг бий  болгожээ.

Нэг өдрийн сур­валж­лагын төгсгөлд  УБДС ТӨХК-ийн төв байртай танилцсан юм. Тус хамт олон агуу­лах байсан хуучин барилгаа тохижуулж тов­хий­сэн эмнэлгийн өрөө болгожээ. Дээр нь зай тал­байгаа ашиглан  хоёр давхар сендвичэн барилга барьж фитнесс, ширээний теннис,  сур­галтын өрөө,  соёлын  төвтэй болжээ. Ажилчид чөлөөт цагаа өнгөрүүлэх, эмнэлгийн наад захын тусламж үйлчилгээ авах бүх нөхцөл тэнд ийнхүү  бүрджээ. Ажилдаа ч, хүндээ ч халуун сэтгэлээр  хан­даж,  нийслэл хотын хэмжээнд дулаан түгээж байдаг  хамт олны нэг өдрийн ажил ийм байна. Нэг өдрийг хүний ажил, амьдралын нэг л хором гэвэл   тэдний ажлын үйл явц, амьдралын тойрог ингэж эргэлдэж байдаг  ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ “сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Levitra Effetto Ritardante cheapest cialis 20mg Jnj Priligy Cialis Plus Dapoxetine

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Canada Drug Pharmacy Viagra Wie Teuer Is Expired Amoxicillin Dangerous [url=http://cialibuy.com]cialis 5mg best price[/url] Acticin With Next Day Delivery Buy Birth Control Online Fast Cialis 20mg Erfahrungsberichte

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *