“Их эе”-ийн эргэн тойронд

5-р сарын 4, 2018 4:55 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 98
тйж

Т.САЙХАН

МҮБХ-ны талцал утгаа алдаад байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга эв эеэ олоогүй тохиолдолд нэр бүхий хүмүүсийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна хэмээн анхааруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хоёр хуваагдсан бөхчүүд эсрэг тэсрэг байр суурь илэрхийлсээр байна.

Х.Баянмөнх: Хүч түрэн цэцдийн зөвлөлийг хуралдуулах гэж байна

Энэ долоо хоногт Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй МҮБХ-ны удирдлага сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр Х.Баянмөнх аварга “МҮБХ-ны хурлыг зохион байгуулах комисс байгуулсан. Харамсалтай нь эл комиссын ажил гацчихлаа. Учир нь комисс 19 аймгийн төлөөллийг цуглуулан хуралдаж, дийлэнхийн саналаар МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг 2002 оны бүрэлдэхүүнээр хуралдуулах шийдвэр гаргасан. Гэтэл 2002 оны Цэцдийн зөвлөлийн 15 гишүүн нас барсан. Эдгээр 15 суудалд нөхөж хүн сонгоогүй. Тиймээс би Цэцдийн зөвлөлийг чадамжаа алдсан гэж үзсэн. Гэтэл олонхийн саналаар хүч түрэн шийдвэр гаргаж, тавдугаар сарын 3-нд Цэцдийн зөвлөлийг хуралдуулах гэж байна. Бидний зүгээс хуулиа дагая, дүрмээ баримталъя л гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хууль ёсны холбоог шүүхэд өгчихсөн. Шүүхдэж буй эл хоёр талынхан эв нэгдэлтэй хурал хийх боломж байхгүй” гэсэн юм. Үүнээс гадна Х.Баянмөнх аварга МҮБХ-ны эзэмшилд Монгол бөхийн өргөө байдаггүй гэдгийг мэдээллээ. Монгол бөхийн өргөөг улсын төсвөөс 800 сая төгрөг гаргаж, иргэдээс 600 сая төгрөгийн хандив цуглуулж, нийт 1.4 тэрбум төгрөгөөр барьсан. Гэтэл тус байгууллагын 1015206 гэсэн дугаартай үл хөдлөх хөрөнгийн эзэмшил хаана харьяалагдаж байгааг Улсыг бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс тодруулсан ч бүртгэл нь олдоогүй  гэсэн юм.

 

Р.Нямдорж: Л.Чинбатыг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь огт худлаа

Үүний дараа мөн МҮБХ-ны тэргүүн холбооны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүний албыг хашиж байсан Д.Данзан нар мэдээлэл хийлээ. Анх Р.Нямдорж, Д.Данзан нар Бөхийн холбоог үүсгэн байгуулсан. 28 жилийн хугацаанд Р.Нямдорж удирдсан бөгөөд түүхэнд байгаагүй 60 ажил хийсэн гэдгээ тэд онцлов. Түүнээс гадна Монгол Бөхийн өргөөний нэр хүндийг олон нийтийн дунд харлуулсан утга бүхий нэвтрүүлгийг Х.Баянмөнх аварга тэргүүтэй хүмүүс олон нийтийн хэрэгслээр удаа дараа гаргалаа. Энэ мэдээллээс болж буруу зөрүү мэдээлэл олон нийтийн дунд их гарч байгаад харамсч байгаагаа ч дуулгав. Р.Нямдорж “Чинбатыг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь огт худлаа зүйл. Хурлын талаар анхан шатны шүүхэд ч гомдол гаргаагүй юм шүү. Мөн төлөөлөгч сонгоогүй. Дандаа таньдаг хүмүүсээ дуудсан байсан. Ингээд нутаг усныхнаараа сонгуульт ажлыг явуулсан.
Монголын үндэсний бөхийн өргөө хэний өмч вэ гэдэг нь тодорхойгүй байна гэх мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Бөхийн өргөө бол МҮБХ-ны өмч мөн. МҮБХ-ны 2010 онд хуралдсан 6-р их эеээр баталсан дүрэмд бөхийн өргөөг МҮБХ-ны өмч мөн гэж тусгаж өгсөн байгаа. Мөн тус дүрэмд бөхийн өргөөг зээлийн барьцаанд тавих болон өмчлөхийг хориглосон.
Улсын бүртгэлийн газраас Л.Чинбат нар МҮБХ-ны гэрчилгээ авсан байна. Тэр гэрчилгээндээ үндэслээд тамга авсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн тавдугаар бүлгийн 18.1.8-д Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглоно гэсэн заалт бий.
Тэгэхээр МҮБХ гэдэг энэ байгууллага 1990 онд улсын бүртгэлд бүртгүүлчихсэн, гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа. Дахиад МҮБХ гэдэг байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхийн тулд өмнөх МҮБХ нь татан буугдсан байх ёстой. Хуульд төрийн бус байгууллагын татан буулгах заалт хоёрхон бий.
Үүсгэн байгуулагч нар эрх барих дээд байгууллага, шүүхэд энэ эрх бий. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулж олгосон. Энэ гэрчилгээг олгоход хууль зүйн яамны өндөр албан тушаалтан нөлөөлсөн гэж яригдаж байгаа. Данзан бид хоёр цаашид МҮБХ-нд ажиллахгүй. Гэвч бид бөхийн хөгжлийн төлөө ажил хийнэ” гэлээ.

Их эе”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулна

Эдгээр хоёр хурал болсны дараа Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралд 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон зарим гишүүн оролцож, дараагийн “Их эе” хурлын тов, оролцох гишүүдийн квотыг баталжээ. Түүнчлэн Цэцдийн хурлыг нийт гишүүний олонх нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгожээ.
Тус хуралд УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, өмнөх тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан болон хөдөлмөрийн баатар Л.Чинбатын талынхан буюу улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс оролцжээ. Тус хурлаар ээлжит тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлыг хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг найман хүн хангахаар болов. Тэд тавдугаар “Их эе” хуралд 200 орчим хүн оролцоно гэж тооцоод улсын аварга цолтой бөхчүүдийг шууд оруулахаар тохирчээ.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *