И.Сэр-Од: Бизнесийн хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах нь стратегийн ач холбогдолтой

3-р сарын 22, 2013 9:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 341
Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Одтой ярилцлаа.

Б.УРАН

 Монголын бизнесийн зөвлөлийн дэд захирал И.Сэр-Одтой ярилцлаа.

-Сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалтын орчны өөрчлөлтийн талаар ярих болжээ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Юуны өмнө би эдийн засагч биш учраас та бид­ний яриа энгийн буюу амьдрал дээр болж байгаа бодит нөхцөл байдалд үн­дэслэгдсэн байх болов уу.

Саяхан буюу 10 орчим жилийн өмнө эдийн засаг, нийгмийн харилцаа хям­ралын байдалтай байлаа. Монголын зах зээлийг сонирхох гадаадын хөрөн­гө оруулагч бараг байхгүй,  байгаа нь хэдэн хятад, солонгосын зочид буудал, хоолны газраар л тоолог­дохоор, ирээдүй нь бүрхэг гэж хэлж болох дотоодын хэдэн компаниуд, бизнес эрхлэгчид бор зүрхээрээ төсвийн хуримтлалыг бий болгож нийгмийг авч явсан гэж хэлж болно.

Залуучууд маань бүгд л эх орноосоо гадагш гарахыг эрмэлзэж, түүний төлөө юугаа ч хайрлахгүй бай­далтай байсныг бид бүгд санаж байгаа. Тэр үед төр, засгаас гуравдагч хөршийн бодлого гэсэн нэртэй гэрээ хэлцэл, амлалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн билээ. Өнөөдөр бид бүг­дээрээ л харж байна. Шинэ, шинэв­тэр голдуу машин тэрэгнүүд зам тал­байдаа багтахгүй олширч, 10 жилийн сурагч 2-3 гар утас барьж, гадагшаа гар­сан залуучууд эх орон руугаа тэмүүлж, брэнд бүтээг­дэхүүн, үйлчилгээ­ний соёл өргөжин тэлж байна.

Гэтэл харамсалтай нь сүүлийн үед тодорхой нөхцөл байдлууд өсөлтийг зогсоож цаашдаа сөрөг буюу урьдчилан төлөв­лөг­дөөгүй хүндрэлтэй нөхцөл байдлыг ч бий болгохоор болж ирж байх шиг. 

-Та шинэ Засгийн газ­рын бодлого алдаа дутаг­далтай байна гэж хэлж байна уу. Ерөнхийдөө үндэсний компаниудаа дэмжих нь зүйтэй биш үү?

-Шинэ Засгийн газар гэхээс илүүтэй манай Зас­гийн газрууд, харилцан уялдаатай тогтвортой үр­гэлжлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байгаа нь өөрөө маш их эрсдлийг бий болгоод байна шүү дээ. Дөрвөн жил болоод л нэг шинэ бодлого, том том өөрчлөлт шинэчлэл бий болгохийг зорьдог, өмнөх Засгийн газрын үед хийгд­сэн ажлууд, гэрээ хэлц­лүүдийг дахиад л эргэж хэлэлцдэг, зөв ч бай, буруу ч бай хамаагүй бүгдийг нь өөрчлөх гээд л … Тэгээд магадгүй дараа дөрвөн жилийн дараа нөгөө сөрөг хүчин нь ялахаараа дахиад л бүгд өөрчлөгдөх магадлалтай. Үүнийг тогтвортой зах зээл гэж хэлдэггүй байх. Саяхан Япон улсын элчин Сайд Такэнори Шимизү Эдийн засагч Жаргалсайханы  нэвтрүү­лэгт нь оролцож байхдаа маш тодорхой хэлж бай­сан. “Улс орнууд Монгол Улсын Засгийн газартай гэрээ хэлцэл хийдэг, түүнээс биш аль нэг намтай гэрээ хийдэггүй. Тийм ч байх учиртай. Хэрвээ тийм байж чадахгүй бол хэн итгэж хамтран ажиллах билээ” гэж байсан. Маш тодорхой бөгөөд бо­дууштай үг шүү. Үндэсний компаниудыг дэмжих бод­лого зайлшгүй байх нь зүйтэй.  Гэхдээ шууд меха­н­икаар тийм нөхцөл байдлыг бий болгох бо­ломжгүй шүү дээ. Монголын тэргүүлэх компа­ниуд манай гишүүд байдаг бөгөөд бидэнтэй байнга холбоотой ажил­ладаг. Хамгийн гол нь, та бид хоёрт нэг сайхан биз­несийн санаа, тэр нь олон хүнийг ажлын байраар хангах, олон улсын стан­дартын, эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл бэлэн байлаа гэж бодоход түүнийг бодит ажил хэрэг болгоход хүрэлцэхүйц мөнгө нь байхгүй, түүнийг бүтээхэд шаардагдах олон улсын тэргүүн туршлага, санхүүжилт, но хау нь хэрэгтэй шүү дээ. Үүнийг үндэсний компаниуд хүсэж байна. Хэрвээ та бид хоёрт мөнгө нь байгаад хийж хэрэгжүүлэх арга барилыг нь мэдэж байвал заавал өөр хүнтэй, тэр дундаа гадаадын түнштэй байх ямар хэрэгтэй гэж.

-Өнгөрсөн жил бат­лагдсан Стратегийн ач холбогдолтой салбарт га­даадын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах тухай хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх шиг болсон?

-Өнгөрсөн жил УИХ ын хамгийн сүүлчийн чуулган та­рахаас 2-3 хоногийн өмнө байх, яаран сандран баталсан. Миний бодлоор тодорхой нэг заалтыг, тодруулбал “Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруу­лалттай аж ахуйн нэгжийн өртөгтэй хувьцааг өөр бусад орны төрийн өмчит (магадгүй аль аль нь) компани худалдан авах тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт мэ­дэгдэж зөвшөөрөл авна” гэдэг ч юм уу энгийн бө­гөөд тодорхой нэг заалтыг л хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулчихад болох байсан юм уу гэж боддог. Томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бо­ломжтой салбаруудыг хамруулан ардаа олон олон ойлгомжгүй нөхцөл байдлуудыг бий болгосон энэ хуулийг хэрэгжүүлэх дүрэм нь дөнгөж саяхан батлагдах шиг боллоо. Тодорхой төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийхээр зорьж байсан хөрөнгө оруу­лагчид болон тэр дундаа үндэсний компа­ниудын төслүүдийг сан­хүүжүүлэхээр гэрээ хэлцэл хийгдэж байсан ажлууд зогссон, харзнасан байдалтай байгааг бизнес эрхэлж байгаа бүх хүмүүс мэдэж байгаа. Ер нь дээрх хуулийн агуулгад хамаа­рагдахгүй салбарт сонир­хож байсан хөрөнгө оруу­лагчид хүртэл байдлыг харж эхэлсэн байдалтай байна. 

Тухайн үед УИХ-ын гишүүн байсан одоогийн Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүл өнгөрсөн дөрвөн жилд батлагдсан хуулиуд дотроос хамгийн муу хууль гэж тодорхойлж байсан.

-Яагаад тэгж тодор­хойлсон юм бол?

-Товчхондоо миний дээр хэлсэн “Гуравдагч хөрш” гэж нэрлэгдэх ор­нуудын хөрөнгө оруулалт бодитоор буурах нөхцлийг бүрдүүлэхээр байна гэж тайлбарлаж байсан.  Үнэ­хээр ч тийм байдал болоод байгаатай холбоотой л энэ бүхнийг яриад байгаа хэрэг л дээ. 1800-аад оны сүүлээс магадгүй НҮБ-д албан ёсоор хүлээн зөв­шөөрөгдсөн 1961 оныг хүртэл Монгол Улсын тус­гаар тогтнол туйлын эмзэг байсан. Бидний өвөг дээ­дэс өрнөдийн хөгжингүй орнуудтай харилцаа холбоо тогтоож, тэд­гээрийн дэмжлэгийг авч, хамтран ажиллахыг гол зорилгоо болгон, хэлмэг­дэж, амь насаа зориулж, эцсийн дүндээ та бидний өнөөдөр амьдарч байгаа энэ нийгэм бүрэлдэн бий болох суурийг тавьсан үнэн бодит түүхийг одоо уншихад үнэхээр бахарх­маар байдаг. Гол нь тэд­гээр орнуудын ашиг сонирхолыг өөрийн улсдаа байлгах гэсэн ухаалаг бодлого юм.

Бид юм уу тэд өөр тийшээ нүүгээд явчих биш энэ хоёр том хөршийнхөө дунд л цаашид байж таарна. Энэ газар зүйн байршилдаа дэлхийн нөлөө бүхий орнуудын ашиг сонирхлыг жигд, таатай байлгаснаар манай улсын статус дэлхий нийтэд нэр хүндтэй бас бидэнд өөрсдөд маань ашигтай байж таарна. Бид ямар цэрэг дайнаар хөө­цөлдөх биш тэгэхээр то­моохон орнуудын биз­несийн хөрөнгө оруу­лалтыг тогтвортой барьж байлгах нь стратегийн ач холбогдолтой байдаг байх. 

-Ерөнхийлөгчөөс са­наач­лан УИХ-д өргөн барих гэж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн хувилбар нь энэ нөхцөл байдалтай уялдах байх. Танай Монголын Бизнесийн зөв­лөл энэхүү хуулийн тө­сөлтэй холбоотой хэлэл­цүүлэгт их санаачилгатай оролцож байх шиг байсан?

-Юуны өмнө Ерөн­хийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийг анх удаа УИХ-д оруу­лахаас нь өмнө нээлттэй хэлэлцүүлж санал шүүмж­лэлийг тусгаж байгаа явдалд нь талархах нь зүйтэй.  Манай дэргэдэх хуулийн ажлын хэсгээс 200 гаран хуудас зөв­лөмжийг уг ажлын хэсгийн гишүүд болон 5-6 Элчин сайдын яамдуудын төлөөллийн тухайн улс орнуудын хууль тогтоомж, дүрэм журамтай харь­цуулсан судалгаа, саналд тулгуурлан Ерөнхий­лөгчийн Тамгын газарт хүргүүлж мөн Уул уурхайн ассоциаци тай хамтран уул уурхайн сал­барын­ханы дунд нээлттэй хэлэл­цүүлэг зохион байгуулсан.

Одоо байгаа төслийн агуулгаар бол хуучны системийн буюу төрийн өмчийн оролцоог өргөн хэмжээнд нэмэгдүүлсэн, бизнест төрийн байгуул­лагын оролцоо дарамтыг бүр анхан шатнаас нь дэмжсэн, өөрөөр хэлбэл авилгал бүр өргөн хэм­жээнд байрших магад­лалтай хувилбар гэж манай гишүүд ерөнхийд нь үзэж байгаа. Энд нэг зүйлийг хэлэхэд уг хуулийн төслийг бэлтгэхэд уул уурхай хөгжсөн томоо­хон орнуудын эрхийн харилцааг судалж суурь болгосон гэсэн. Гэхдээ жишээ нь австрали, канад ч юм уу байлаа гэж бодоход тухайн орнууд нь өөрсдөө уул уурхайтай, уурхайгүй эдийн засгийн хувьд чадавхижсан, дотоодын хөрөнгө оруулагчид нь өөрсдөө хүчтэй буюу сан­хүүгийн хувьд чадамжтай байдаг байх тэгвэл бид бас томоохон төсөл хөтөлбөрөө цэвэр өөрсдөө санхүү­жүүлээд явах арай л болоогүй юм шиг.

-Гэхдээ ялангуяа сүүлийн үед гадны хөрөнгө оруулалтын талаар ир­гэдийн дунд бас багагүй шүүмжлэл, яриа бий болоод байгаа юм болов уу?

-Аливаа юм хоёр талтай байдаг байдаг хойно мэдээж маргаантай, засаж залруулах шаард­лагатай асуудлууд байгаа. Угаасаа аль ч улс оронд өмнө ч байсан, ирээдүйд ч байж л таарна. Гэхдээ тэдгээрийг тухайн компани, ажил олгогчтой нь ярьж шийдэж явбал үр ашигтай байх болов уу. Жишээ нь би хувьдаа Монголын мэргэжилтэй ажилтан ямар нэг тусгай мэдлэг, мэргэшил шаар­дагдахгүй ажил дээр гадаадын мэргэжилтэнтэй ижил түвшиний цалин тэтгэвэртэй ажиллах мөн байгаль экологийн тэнц­вэртэй байдлыг хадгалах хэмжээний үйл ажил­лагаа явуулахаа урьдчилан нотолж байж хөрөнгөө оруулж, ашгаа олоод татвараа хуулийн дагуу төлөөд явах гэсэн зарчмын асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талд нь юмыг заавал “баллаж, сохолж” байх ёстой юм шиг шүүмжилж байна гээд бид болж байсан цаашдаа ч “мах гурилаа” идээд өлсөж үхэхгүй яваад байж болно гэсэн өнгөц бодлоор юманд хандаж болохгүй байх.

Одоо олж байгаа эдийн засгийн үр ашиг, нэлээдгүй хугацаа зарж байж бий болгосон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг зүй ёсоор татаж байгаа нэр хүнд буюу тэдгээрийн сонгоод хөрөнгөө хийх боломжтой гэж үзэж байгаа орчин нөхцлөө хад­галж судалгааны байгуул­лагуудын хэлээд байгаа шиг ойрын ирээдүйд одоогийн Өмнөд Солонгос, Катар зэрэг орнууд шиг эдийн засаг, жирийн иргэдийн амь­жиргааны түвшинд хамт хүрье л дээ. Энэ чинь монгол хүн бүр л бодож тэмүүлэх ёстой зүйл биз дээ. Эцсийн эцэст энэ маань цаанаа ямар учир холбогдолтой байдгийг ялангуяа  залуу үе маань сайн ойлгож хандаасай гэж хүсэж байна.  Тэгээд бас улстөрчид, төрийн эрх мэдэлтнүүд маань сонгогч иргэн болгоны үзэл бодолд тааруулж, таалагдах гэж биш, нийт ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх, алсын ирээдүй нь гэрэлтэй харагдаж байгаа зам, бодлогод тууштайгаар бид бүгдийг чиглүүлээд явбал “санаа зөв бол заяа зөв” гэдэг шиг одоо­гийнхоос сайн сайхан ирээдүй биднийг хүлээж байгаа биз ээ. 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Estrace .5 Allevamento Levitra cheap cialis online Kamagra Oral

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *