И.Эрдэнэбаатар: Аливаад хугарлын цэг бий, монголчууд тэвчээртэй байна

9-р сарын 6, 2018 8:44 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 47
9-6-1

Ч.ҮЛ-ОЛДОХ

Эх орон намын дарга И.Эрдэнэбаатартай ярилцлаа.

 

Эх орон нам нэгэн үе УИХ, Засгийн газарт нөлөө бүхий байсан атал сүүлийн үед  чимээгүй байх болжээ?

-Манай нам  улс төрд  чичирч дайрдаггүй. Бусад шиг нэг юм болохоор гарч ирж хашгирдаггүй. Төрийн алба руу  орох гэж чихцэлддэггүй. Чимээгүй байлаа гээд алга болчихож байгаа юм биш. Сая 42 дугаар тойргийн нөхөн сонгууль гээд шуугилдахад хэвлэлийнхэн  “Та нар яагаад чимээгүй байгаа юм” гэж байна лээ. Бид хоорондоо ярилцаад оролцох хэрэггүй гэж шийдсэн.

Манай намынхан мөрөөрөө ажлаа хийж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байгаа. Ер нь өнөөдөр бид  улс төр ярих биш, хөгжлийн асуудалд санаа тавих нь зөв шүү. Өнөөдөр улс орны хөгжил  урагшилж байгаа. Гэсэн ч  илүү үр дүнд хүрэх  боломжууд байсаар атал алдаж байгаад улс төрийн намууд, эх орноо, ирээдүйгээ  гэсэн сэтгэлтэй хүмүүс санаа зовох ёстой.

Тэгвэл  улс орны байдал, төр, засгийн ажлыг та ямар байгаа гэж бодож байна?

-Үүнийг олон талаас нь харах ёстой. Төр улсын ажил ярихаар  уламжлалаа мартаад байж болохгүй. Аль ч улсын ажил хүний ёсонд байдаг суурь зүйлүүдэд  уламжилж явдаг. Өнөөгийн байдлыг дүгнэж  хэлэхэд, дээд хүмүүс суудлаа олохгүй бол доодчууд гүйдлээ олохгүй гэдэг үг ямар гүн утгатай болох нь   харагдана. Үүнийг хэлц үг гэдэг агуулгаар ойлгож болохгүй. Төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс тэр хэмжээндээ хүрч, буурь суурьтай, бодлоготой байх хэрэгтэй байна. Бодлоготой байхын тулд өмнөхөө үгүйсгэж, урдны юм ул болсон гэх  хэрэггүй. Техник, технологи, мэдээ, мэлээллийн шинэ эрин ирсэн гэж байгаа ч бидний өвөг дээдсийн хийж бүтээж ирсэн зүйлүүдийн үндэс суурин дээр өнөөгийн төр улсын ажил, амьдрал явж байгаа. Тиймээс гишгэсэн мөрөө эргэж харж байх ёстой юм.  Өнөөдөр манай улсад нэг л хүндрэл нүүрлэчихээд байгаа нь  төр нь төрөө удирдаад байна уу, төрийн дээр  гараад суучихсан улс төрийн хүчин, янз бүрийн бүлэглэл удирдаж байна уу гэдэг асуудал. Үүнийг зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Одоогоос 10 жилийн өмнө ийм болох нь гэдгийг  улс төрийн зарим хүчин, аливааг эрүүл өнцгөөс хардаг улстөрчид, эрдэмтэд сануулж байсан. Харамсалтай нь үүнийг  хоёр чихнийхээ гадуур үлдээж нам, түүнийг дагасан бүлэглэл, тэр дотроо бие биетэйгээ янз бүрийн байдлаар ойр болсон хүмүүс төрийн толгойд гарч ирсний гай юм.

Та Их эвслийн, Эв нэгдлийн гээд хоёр ч Засгийн газарт сайдаар ажилласан. Аль, аль нь олон намын төлөөлөл бүхий цоохор УИХ, Засгийн газар байсан. Тэр үед Зам, тээврийн хөгжлийн яаманд гарсан  хэрэг шиг талцал хагарал байсан уу ?

-МАН, АН хоёр сүүлийн 30-аад жил Монголын төрийг удирдлаа. Хоёр нам улс орны хөгжлийн төлөө алдаа завхрал гаргахгүй гэж ярьдаг шигээ 1992 онд ямар засаг гарч ирсэн, ямар боловсон хүчнийг сонгож тавьж вэ, дараа нь ямар болж вэ гэхчлэн дүгнэлт хийж болдоггүй юм байхдаа гэж боддог. Сүүлийн үед  төрийн алба, төрийн тогтолцоо, боловсон хүчний бодлого  замбараагүй боллоо. Мөнгө төгрөгөөс эхлэн  хандив өгсөн,  эсвэл өөрсдийг нь дэмждэг хүмүүсийг төрийн албанд тавьдаг байдал руу явж байна. Энэ нь Монголын залуусын ирээдүйдээ итгэх итгэлийг алдагдуулсан. Сурч боловсорч, ажлын туршлага суух замаар ажил амьдралаа авч явдаг байсан тэр ойлголтоос  нь салгаад хаячихлаа. Нам дагасан, бүлэглэлд үйлчилсэн, тэдний гар хөл болж, цүнхийг нь барьж зөөж явж чадах юм бол би амьдралтай залгаж  машин унаатай болох юм байна, байр савтай болох юм байна гэсэн буруу зам руу явчихлаа. Монголчууд капитализмыг алгассаныхаа  горыг тодорхой хэмжээнд амссан. Залуус хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр сайхан амьдардаг гэдгийг  алгасуулж, шууд намын, бүлэглэлийн эрх ашгийн үүднээс ажилладаг болгочихож байна. Үүнээс болж зарим нь хальтирч байна. Үүний тод жишээ сүүлийн хоёр сонгуулиас илэрхий харагдлаа. Боловсон хүчний бодлогод хандах хандлага  өөр боллоо. Сургууль төгссөн залуусаас асуухад “Би  тэр намын, энэ намын хүн шүү дээ” гэх юм. Энэ байдал ирээдүйд асар их хор хохирол авчирна. Тиймээс төрийн эрх  барьж байгаа хоёр  намын  удирдлага  өөрсдийн бодлогод өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Аливаа зүйлд хугарлын цэг гэж бий. Монголын ард түмэн тэвчээртэй, одоогоор шүүмжлээд яриад яваа ч нэг л өдөр нөхцөл байдал өөрөөр эргэж мэднэ. Өнөөдөр багш, эмч нар суулт хийлээ, шаардлага тавилаа гээд янз бүрийн юм болж л байна. Эмч нар тангараг өргөсөн улс, багш нар нийгмийн толгой болсон  сэхээтнүүд. Тэд улс оронд  эвгүй байдал үүсвэл  яах вэ, төр маань ухаарах байх гэж явсаар болохоо байлаа гэцгээж байна. Төр боловсон хүчний бодлогодоо анхаарахгүй бол саяын гарсан шиг байдал үргэлжлэхийг үгүйсгэхгүй.

Энэ гажуудлыг яавал засах вэ?

-Монголын төр Үндсэн  хуульдаа заасан зарчмаар яваад ирсэн бол өнөөдөр  өөр түвшинд хүрчих  байсан. Гэтэл тийм зүйл алга.Монголчууд  Үндсэн  хуульд байгаа, хуулиар заагдсан эрхүүдээ бүгдийг эдэлж чадаагүй. Эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд   зөвхөн өөрсдийн намын эрх ашиг, бүлэглэлийнхээ ашиг сонирхлын  үүднээс асуудалд хандаж, Үндсэн хуульд хүрэх гээд байгаа нь олигтой үр дүнд хүрэхгүй. Манай намын хувьд  Үндсэн хуулийг тодорхой хэмжээнд өөрчилж болно гэж үздэг. Өнөөгийн нөхцөл байдлаас ажиглахад  ийм бүрэлдэхүүнтэй, дээр нь ийм хандлагатай парламент, эрх баригчид олигтой юм хийхгүй гэсэн ойлголт дүгнэлтэд хүрсэн. Нуухыг нь  авах гээд нүдийг сохлох гэгч болохоос өмнө оролдолгүй байж байгаад арай өөр түвшний парламент гарч ирсний дараа өөрчлөлт хийх ёстой. Нөгөө талаас үнэхээр Үндсэн  хуульд гар хүрэх юм бол ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй.

Сая ЗТХЯнд болсон явдлын дараа ийм хүнийг ажилд томилсон нь Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн буруу, даргад нь хариуцлага тооц  гэх мэт яриа гарсан. Ер нь төрийн албанд томилоход юуг анхаарвал зохистой бол

-Зарим нь хуучинсаг сэтгэлгээтэй гэж магадгүй ч би хуучин тогтолцооны сайн зүйлүүдийг авах хэрэгтэй гэж боддог. Монголчууд хүнээ битгий хэл малаа шинжээд энүүгээр хуц тавьчихвал зүгээр юм, тэрүүгээр жинд явъя гээд сонгочихдог, тэрийгээ маш сайн мэддэг байсан ард түмэн. Орчин үед энэ бүхэн алдагджээ. Гадны хууль тогтоомжийг авчраад хуулчихдаг. Тэр нь  монгол ахуй, өнөөгийн улс орны хөгжил, хүмүүсийн боловсрол ёс зүйн түвшинтэй уялдахгүй байгаагаас боловсон хүчний бодлого нь  алдагдсан. Төрийн албан хаагчдыг сонгодог тогтолцоо өөр болчихлоо. Хэдийгээр ТАЗ-ийн тухай хуультай  ч тэнд бүртгэгдсэн, нөөцөд байгаа хүмүүсээ  сонгож авахаа байчихжээ. Бие биедээ хатуухан шаардлага тавьж, хариуцлагатай баймаар байна. Биднийг ажил алба хашиж явахад ТАЗ шинээр байгуулагдаж, хууль нь шинэ тутам, тухайн нөхцөлд бүхнийг зохицуулаад явж байсан. Анкет авчраад өгөхөд “Тэр дарга өгсөн” гээд шууд авчихгүй, судалдаг, ярьдаг, зөвшилцдөг байсан. Улс орны эрх ашгийг намынхаас дээгүүр тавьж чадаж байсан учраас гарц олддог байж. Би хоёр ч удаа салбарын сайд болохдоо  тийм  байдлаар ажилласан. Яам дотроо  талцал хагарал гаргахгүй, хэл амгүй  ажиллах  уур амьсгалыг бүрдүүлж болдог   юм билээ. Манай яам, удирдах бүрэлдэхүүн ийм жишгийг харуулж чадсан. Тиймээс олон  намын цоохор бүрэлдэхүүнтэй ч болоод  байсан.

Өнөөдөр төрд ажиллаж буй хүмүүст юу  дутагдаж байна?

 -Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс ард түмнийхээ  хайр хүндэтгэлийг өөрийн сонгогдсон ажил албанд  сайн ажилласнаар дааж  явах ёстой юм.  Нөгөө талдаа өөрийн биеэ авч яваа байдал, монгол ухаанаараа тэдний итгэлийг хариулах ёстой. Аль ч  төрийн  тухай ярихад  хуучны ноёд шиг отго жинсээр ялгарахгүй нь мэдээж. Юугаараа ялгарах ёстой юм бэ гэвэл,  биеэ авч яваа байдлаараа. Сүүлийн үед УИХ-ын чуулганы танхимд  гудамжинд явж байгаад санд мэнд ороод ирсэн шиг  энгэр заам нь  задгай хүмүүс суугаад эхэлжээ. Монгол төрийн томчууд ийм байгаагүй. Отго жинсээ зүүсэн, ёслолын хувцастай ирж суудаг байсан. Өнөөдөр тэр дэг ёсноос үнэр ч  алга. Дэлхий нийтээр хэвшсэн парламентын гишүүд заавал  зангиа зүүдэг зарчим манайд алга. Эмэгтэй гишүүдэд ч   янз бүрийн асуудал байна. Нээх урт үс задгай тавьчихсан чуулганы хуралдаанд  сууж байна. Саяхан  УИХ-ын даргатай гадны төлөөлөгчид уулзах үеэр ханцуйгүй  хувцастай эмэгтэй дэргэд нь сууж харагдсан.  Монгол гэрийн эзэгтэй гэртээ хоол хийгээд ханцуйгүй хувцастай сууж байгаад  гаднаас хүн ороод ирвэл  дээлээ эгэлдрэглэж, энгэр заамаа товчлоод  мэндэлдэг  байсан биз дээ. Гэтэл өнөөдөр бид  ийм хэмжээнд хүрч очжээ. Энэ бүхэн доош явсаар өнөөдөр яам тамгын газарт архидаж, талцаж, бие биеэ гадуурхаж, хувийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, албан тушаалын төлөө алалцдаг болсон байна. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүнээ гүйдлээ олохгүй гэдгийг ойлгуулах талаас  философич сэтгэлүйч эрдэмтэд  лекц бэлдэж соён  гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Зочин
2018 оны 9-р сарын 6

Оркийн орк гар даа, царайнаас нь л харагдана

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *