Хятадын тал нүүрс татан авалтаа хийхгүй байна

1-р сарын 8, 2019 10:13 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 11
images

Ц.БАЯР

Он гарсаар Гашуунсухайт-Ганцмодны боомтоор нүүрсний тээвэрлэлт жигдрээгүй байна. Өнгөрсөн бямба гаригт /2019.01.05/ гэхэд 165 машин хилээр гарсан ч Хятадын талаас татан авалтаа хийгээгүй байна. Одоогоор гурван уурхайгаас өдөрт 800 орчим машин нүүрс Цагаанхаданд буулгаж байгаа ч хилээр гаргаагүй байна. Хятад улс өнгөрсөн онд 270.9 сая тонн нүүрс импортолсноос коксжих нүүрс 68 сая тонныг эзэлж байна. Нүүрс импортлохгүй байх шийдвэрийг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос өнгөрсөн оны сүүлээр гаргасан. Ингэхдээ эрчим хүчний нүүрсний импортыг бүрэн хориглохоор болсон. Өөрөөр хэлбэл коксжих нүүрс ч хоригт давхар өртөж эхэлсэн. Гэхдээ энэ хориг Монголынх шиг хуурай газрын хил гэхээс илүү усан замаар буюу далайн боомтоор импорт хийдэг компаниуд өртөөд буй.
БНХАУ өнгөрсөн онд нийтдээ 62 сая тонн коксжик нүүрс импортлох төлөвлөгөөтэй байсан ч 68 сая тонныг импортлосон. Харин энэ онд 60 сая тонн болох таамгийг Хятадын тал дэвшүүлээд буй. Ийм нөхцөлд манай улс 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь биелэхэд хүндрэлтэй харагдаж байгааг шинжээчид хэлж байна. Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа “2019 оны төсөвт тодотгол хийх шаардлагагүй. Хятадын талаас шалтгаалаад байсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын гаалийн системийн шинэчлэл хийгдэж нэвтрэх чадвар сайжирсан. Тиймээс энэ оны нэгдүгээр улиралд өдөрт 1200-1500 машин гарч эхэлнэ” хэмээж байсан ч он гараад урд хил дээр байдал иймэрхүү л байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин