Хятадын консулд 70 жилийн хугацаатай газар ЭЗЭМШҮҮЛНЭ

1-р сарын 26, 2018 8:56 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 75
4

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолд БНХАУ-ын талаас Консулын газар байгуулахад зориулж, газар олгох хүсэлт тавьсныг тусгажээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хятадын Консулын газар барихад зориулж хоёр га газар ашиглуулах асуудлыг тусгасан ба уг газрыг 70 жилийн хугацаатай ашиглахаар заажээ.  Энэ төслийг гишүүд дэмжлээ. Үүний дараа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж, гишүүд сонирхсон асуултаа асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Иргэний бүртгэлийн асуудал дээр 16 төрөл зүйлээр бүртгэх юм байна. Энэ дунд хүйс өөрчлөгдсөний бүртгэл, гэрлэлт дуусгавар болсны бүртгэл гэх мэт байна. Гэрлэлт дуусгавар болно гэдгийг хэрхэн ойлгох вэ. Овог, нэр солих байдал сонгууль дөхөөд ирэхээр гардаг. Энэ мэт асуудлаа нэг сайн янзлаад авбал улс орны хөгжлийн суурь тавигддаг юм.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр:

-Иргэний овог, нэрийг нэг л удаа солихоор хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ энэ заалт нь гэрч, хохирогчийн хамгаалалтад байгаа иргэнд хамаарахгүй. Тэр иргэн овог, нэрээ хэдэн ч удаа сольж болно. Сэжигтэн, яллагдагч, ял эдэлж байгаа этгээдийн овог, нэр солихыг хязгаарлаж өгч байгаа. Гэрлэлт дуусгавар болно гэдэгт нас барсан, гэрлэлтээ цуцлуулсан үйл ажиллагааг бүхэлд нь хамруулсан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-2008-2012 онд бүртгэлийн үйл ажиллагаа төгөлдөршүүлэх олон ажил хийсэн. Энэ хүрээнд Монгол Улс иргэнээ анх удаа шинэчлэн бүртгэж, 15 сая баримтыг сканердаж, 680 мянган зөрчлийг арилгасан. Ингээд иргэнийг давхцуулахгүйн тулд гарын хурууны хээгээр баталгаажуулсан. Одоо бүх мэдээлэл цахим болсон тул иргэндээ түргэн шуурхай үйлчлэх хэрэглээ тал руу нь чиглүүлж, хуульчилж өгөх ёстой. Нэгэнт хурууны хээ авсан тохиолдолд иргэн хүн яваад очиход иргэний үнэмлэх шаардлагагүй, хурууны хээгээр үйлчилж болно. Бид энэ дунд “Нэг цэгийн үйлчилгээ”, ТҮЦ машин гэх мэт завсрын шийдэл гаргаж байсан. Одоо энэ бүгд хоцрогдсон. Иргэн хүн төрийн байгууллагад хандахад бичиг баримтын чирэгдэлгүй үйлчилдэг байхад чиглэж байгаа юм. Цахим болж байгаатай холбогдуулан цахим гарын үсэг хэрэглэх ёстой. Цахим гарын үсгийн ажил ямар төвшинд байна вэ?

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү:

-Улсын бүртгэлийн газар Монгол Улсын хамгийн том цахим бааз болж хөгжиж чадсан. Одоо үүнийгээ Монгол Улсын ой санамжид ашиглах ёстой. Цахим гарын үсгийн программыг хийж дууссан. Манай бүртгэлийн байгууллага иргэний үнэмлэхийн үйлдвэртэй. Манайх энэ үйлдвэртээ үнэмлэх хэвлэж байгаа. Тоон гарын үсэг хэвлэх программаа хийж дууссан. Үндсэндээ одоо иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг байршуулах бүх программ хангамжийн ажил дууссан гэж ойлгож болно. Одоо ганцхан төрийн байгууллагаас тоон гарын үсгээ өгчихвөл бид суулгахад бэлэн болчихсон байгаа” гэв.  Уг асуудлыг чуулганы үдээс хойшхи хуралдаанаар  хэлэлцэж эхэлсэн ч дэмжигдсэнгүй. Учир нь гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үзэл баримтлалыг дэмжсэн гишүүдийн санал олонх болж чадсангүй. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дахин санал хураах горимын санал гаргаж, гишүүдээс дахин санал хураасан ч бүтэлгүйтлээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх дараагийн хуулийн төсөл нь хоёулаа иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбоотой байсан тул энэ хоёр төслийг өргөн барьсан төвшинд нь хэлэлцэх бололцоо байна уу, үгүй юу гэдгийг судлах зорилгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил завсарлага авлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *