Хятадын “CNNC” Гурванбулагт ураны төсөл хэрэгжүүлэх зөвшөөрлөө авчээ

7-р сарын 9, 2012 10:26 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 505

Б.СОЛОНГО

 

Хятадын төрийн өмчийн “China National Nuclear Corporation” (CNNC) компани Мон­голд хэрэгжүүлэх ураны төслийнх нь эхний үе шатны ажлуудыг манай улсын Засгийн газар зөв­шөөрсөн гэж мэдэгдлээ. Тэдний хэрэгжүүлэхээр зөвшөөрөл авсан төсөлд  Дорнод аймагт орших Гурванбулаг ураны орд хамаарч байгаа юм. 2004 онд уг ордыг Канадын “Western Prospec­tor” ком­пани өөрийн эзэмшилдээ авсан байсан. Харин 2009 онд Хятадын “CNNC” тус ордыг эзэмшигч компа­нитай нь хамт 25 сая ам.доллараар худалдан авсан юм. Гурванбулаг орд нь ураны үлэмж нөөцтэй гэгддэг Мардайн ордоос баруун зүгт 30 орчим километрийн зайд оршдог. Одоогийн судлагдсан байд­лаараа 10-15 мянган тонн ураны нөөцтэй ажээ.  “CNNC” мэдэгдэлдээ энэ жил байгаль орчны үнэл­гээг боловсруулж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу ол­бор­лолтын өмнөх ажлуу­дыг гүйцэтгэх гэрээ бай­гуулахаар Цөмийн энер­гийн агентлагт мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа хэл­жээ. Уг гэрээнд зааснаар ойрын гурван жилийн хугацаанд ураны төсөл хэрэгжүүлэгч компани төслийн байгаль орчны үнэлгээ, техникийн судал­гаа, барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэх ажээ.

Цаашид цөмийн эр­чим хүчний салбарыг эр­чимтэй хөгжүүлэх бодлого барьж буй Хятад улс ийнхүү Монголын арвин нөөцтэй ураны ордуудыг эртнээс эзэмшилдээ авсан нь эхнээсээ тодорхой болж байна. Гурванбулаг нь Монголын стратегийн ордуудын жагсаалтад багтсан, баялаг нөөцтэй гэдгээрээ онцлог. Манай улсын эдийн засаг урд хөршид экспортолсон нүүрс­ний орлогоос хамаа­ралтай. Ураны салбарыг ч эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж тооцож байгаа. Гэтэл Хятад улс биднээс хэдэн алхмын түрүүнд харж, аль хэдийнэ томоохонд тооцогдох ор­дуудыг эзэмшилдээ авчих­с­ан байна. Тус улсын төрийн өмчит “Чалко” компани ирэх сарын 3 гэхэд нүүрсний Овооттол­гой ордыг өөрийн болгоно гэдгээ мэдэгдсэн. Хам­гийн гол нь тэд хуулиас гадуур юу ч хийгээгүй. Бүх алхмыг Засгийн газрын зөвшөөрөлтэйгээр хийж ирсэн, хийнэ гэдгээ ч мэдэгдсээр байна. Манай улс ашигт малтмалын хууль болон лиценз ол­голтын асуудлыг яаралтай цэгцлэхгүй бол стратегийн жагсаалтад багтсан орд газруудаа ашигт малт­малын хамгийн том худалдан авагчдаа алдсаар байх нь. Хэрэв худалдан авагч үгүй бол нүүрс, зэс, уранаа хэнд зарах вэ. Хятад улс манайхаас бүтээгдэхүүн худалдан авахын оронд өөрсдөө ол­борлоод ашгаа хүртэхийг илүүд үзэх нь тодорхой. Эдийн засгийн урьдчил­сан тооцоогоор Гурван­булаг ордын олборлолтын зардал нэг тоннд 95 ам.доллар байна гэж тогтоосон бол дэлхийн зах зээлд одоогийн байдлаар нэг фунт уран 50 ам.дол­ларын үнэтэй байна. “CNNC” ойрын гурван жилд багтаан олборлолтоо эхлүүлэх ажээ.

1 Сэтгэгдэлтэй

Brynell
2016 оны 12-р сарын 1

I bow down humbly in the presence of such grasentse.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *