Хятадын баруун хязгаарт бослого дэгджээ

4-р сарын 26, 2013 1:27 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Халуун цэг Уншсан: 552
Хятадын Шинжаан-Уйгурын автономит бүсэд хууль сахиулах байгуул­лагын ажилтнууд болон нууц хөдөлгөөнийхний хооронд зэвсэгт мөргөл­дөөн болж 21 хүн амиа алдаад байна.

Н.МӨНХЖИН

 

Хятадын Шинжаан-Уйгурын автономит бүсэд хууль сахиулах байгуул­лагын ажилтнууд болон нууц хөдөлгөөнийхний хооронд зэвсэгт мөргөл­дөөн болж 21 хүн амиа алдаад байна. Цагдаа нар тэдний орон гэрт нэгжлэг хийх үеэр тулаан болжээ. Бослого гаргагчид нь хэн байсан талаар Бээжин­гийн эрх баригчид дуугар­сангүй. Гэвч мэргэжилт­нүү­дийн үзэж буйгаар, үндэстний цөөнх болсон уйгурууд болон хятадуу­дын хооронд мөргөлдөөн болсон аж. Хятадын эрх баригчдын дарамт шахал­тад эгдүүцсэн уйгурууд лалын хэт даврагчдын нө­лөөнд автах нь улам их болоод байгаа юм.

Сүүлийн хэдэн жил бүс нутгийн уугуул иргэд болох уйгурууд нэг бус удаа бослого дэгдээсэн Шинжаанд хямрал, хур­цад­мал байдал хадгалагд­саар байна. Автономит бүс нутгийн Засгийн газрын мэдээллийн албаны тө­лөөлөгчийн мэдэгдсэнээр, өнгөрсөн мягмар гаригийн зэвсэгт мөргөлдөөнд 21 хүн амиа алджээ. Хята­дын албаны эх сурвалжууд бүрэн бус мэдээлэл цацаж байна. Кашгар тойргийн Бачу хошуунд цагдаа нар зэвсэг хадгалж байгаа гэх нэгэн айлд нэгжлэг хийж эхэлсний дараа буудал­цаан эхэлжээ. 15 цагдаа­гийн болон нийгмийн ажилтан амь үрэгджээ. “Дээрмийн бүлэг”-ийн зургаан гишүүн алуулсан байна. Найман хүнийг баривчлав. Засгийн газ­рын интернэт сайтад Шинжаанд болсон хэрэг явдлыг “Террорист хүчир­хийллийн хэрэг” хэмээн нэрлэжээ.

Уйгурууд Шинжааны хүн амын дийлэнх олонхи буюу 80 орчим хувийг бүрдүүлж байсан билээ. Гэвч 1949 онд Маогийн коммунист зэвсэгт хүчний хяналтад шилжсэний да­раа Хятадын хан үндэст­ний урсгал Шинжаан руу чиглэжээ. Бээжингийн Засгийн газрын саяхны баримтаар, эдүгээ уй­гурууд Шинжааны хүн амын 46, хан үндэстэн 40 хувийг бүрдүүлж байна. Шинжааны нийт хүн ам 22 саяар тоологдож бай­на. 2009 оны долдугаар сард бүс нутгийн нийслэл Урумч хотод сүүлийн жи­лүүдэд гараагүй томоохон үндэстэн хоорондын мөр­гөлдөөн болсон юм. Энэ бослогын үеэр хятадууд голдуу 197 хүн амиа алдсан билээ. Үүний хариуд эрх баригчид уйгуруудын амь­дардаг байшин барилгыг нэгжиж, өргөн барив­чил­гаа явуулсан юм. Өнгөр­сөн гуравдугаар сарын сүүлчээр 20 орчим уйгур үндэстнийг 2009 оны бос­логын хэргээр таван жилээс бүх насаар нь хорих хүртэл ялаар шийт­гэжээ. Тэднийг “Шашны хэт даврах үзэл, террорист хүчирхийллийг дэвэргэж, салан тусгаарлах үзлийг өдөөсөн террорист үйлд­лийг удирдсан, зохион байгуулсан” хэмээн үзсэн байна.

Алс Дорнодын хү­рээлэнгийн мэргэжилтэн Александр Ларин “Шин­жаан дахь үндсэрхэг, са­лан тусгаарлагч хөдөлгөөн Хятадын Засгийн газрын байнгын толгойны өвчин болж байна. Эрх баригчид энэ үзлийг нухчин да­рахын тулд энхийн ч, хүчирхийллийн ч аргыг хэрэглэхэд хүрч байна. Тэд ард иргэдийн амьдралыг сайжруулахаасаа илүү ит­гэл, үнэмшлийг нь хянах, хязгаарлахыг эрмэлзэж байна. Уйгурууд гадуур­хагдаж, хавчигдсан хэ­вээр. ЗХУ задрахаас өм­нө хэд хэдэн бүгд найрам­дах улсад ийм нөхцөл бай­дал бий болчихоод байсан” хэмээн ярилаа.

Гадаадад үйл ажил­лагаа явуулдаг уйгуруу­дын байгууллага Шин­жаан дахь салан тусгаар­лах үзлийг дэвэргэдэг нь нууц биш. Зарим нь шууд терроризмд уриалж байгаа нь эргэлзээ төрүүлж бай­гаа юм. Тэр тусмаа Дорнод Туркестаны Лалын хөдөл­гөөн хэмээх байгууллага Шинжаан дахь уйгуруу­дыг Бээжингийн эрх ба­ригчдын эсрэг шууд халд­лага, дэлбэрэлт үйлдэхийг уриалж байна. Гадаадад төвлөрч үйл ажиллагаа явуулдаг энэ хөдөлгөөнийг БНХАУ төдийгүй АНУ, НҮБ алан хядагч бай­гуул­лага хэмээн хүлээн зөв­шөөрсөн билээ.

 

“Независимая газета”

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *