Хятадад жил бүр 1000 оюутан тэтгэлгээр суралцана

11-р сарын 6, 2013 10:09 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 681
Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ.

Б.ТУУЛ    

Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр эрхэм түшээд Хятад улсад   тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлж,  ирэх таван жилд  жил бүр 1000 орчим оюутанг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болсон. Тиймээс бид  энэ удаа Хятад улсын их, дээд сургуульд суралцах сонирхолтой оюутан залууст зориулан дараах мэдээллийг нийтэлж байна.

 

ХЯТАДАД СУРАЛЦАХАД ХЭЛНИЙ МЭДЛЭГ ХАМГИЙН ЧУХАЛ

 

Эдийн засгийн олон салбарт хамтарч ажилладаг хөрш оронд эдүгээ 5000 гаруй монгол оюутан залуус суралцаж байна.  Бээжин хотод 2600 монгол оюутан бий гэсэн тоо баримт байна. Тэдний олонх нь улсдаа дээгүүр байр эзэлдэг  Бээжингийн их сургууль, Ардын их сургууль, Гадаад харилцаа, Үндэсний их сургуулиудад суралцдаг юм байна.

Хэрвээ та Хятадад суралцах гэж байгаа бол юуны түрүүнд санхүүгийн асуудлаа шийдэж, хэлээ сайн сурах хэрэгтэй. Дараа нь суралцах сургуулиа маш сайн судал гэдгийг мэдэх нэг нь хэлж байна.  Яагаад гэвэл, тус улсын ихэнх их, дээд сургууль хятад хэлээр голчлон хичээлээ заадаг.  Их сургуулиудын номын сан дахь ном сэтгүүл, гарын авлага нь ихэнхдээ  хятад хэл дээр байдаг учраас,  энд суралцахаар ирж буй  гадаад оюутнууд заавал хятад хэлний мэдлэг эзэмшсэн байх шаардлагатай.  Хэрэв тус улсад  ирэхээсээ өмнө хятад хэл сурч амжаагүй бол  Хятадад ирснийхээ дараа 1-2  жил  хятад хэлний суурь мэдлэгт  суралцах хэрэгтэй. Тэгээд   их сургуулиудын  элсэлтийн  шалгалтад  тэнцвэл холбогдох мэргэжлээрээ цааш нь суралцаж болно гэдгийг туршлагатай оюутнууд зөвлөж байна.

Хятад хэлний төвшин тогтоох  шалгалтыг HSK гэж нэрлэдэг. Уг хэлийг анхан, дунд болон дээд гэсэн гурван шатанд ангилдаг гэдгийг  хэлний чиглэлээр суралцаж буй  оюутнууд  маань сайн мэдэх биз.   Хятадад суралцах сонирхолтой оюутан залууст зориулж, хэл судлалын багш нараас  зарим нэг зүйлийг асууж үзлээ.  “Хятад хэлийг  хэрэглээний төвшинд  суръя гэвэл хэдий хэр  хугацаа шаардагдах вэ” гэсэн асуултад тэд дараах хариултыг өгч байна. “Тус улсад хятад хэл сурахад их уян хатан байдаг. Хэдэн сараар,  хэдэн долоо хоногоор  курс дамжаанд хамрагдаж  болно. Мөн дөрвөн  жилийн хугацаатай үндсэн ангид бас суралцаж болно. Анхан шатанд ойролцоогоор  400-3000 үг байнга хэрэглэгддэг. Дунд шатанд 2000-5000, дээд шатанд 5000-8000  үг хэрэглэгддэг учраас түүнтэй холбогдох хэлний зүйг сайн эзэмшсэн байх шаардлагатай” гэсэн юм.

 

СУРАЛТЫН ТӨЛБӨР НЬ ХЯМД

 

Хятадад суралцахад  хэлний мэдлэг хамгийн чухал гэдгийг дээр дурьдсан. Харин энэ удаа нэмж зөвлөхөд, зарим их, дээд сургууль нь  элсэлтийн шалгалтын өмнө нэмэлт шалгалт авдаг  юм байна. Тиймээс өөрийн  суралцахыг хүссэн сургуулийнхаа тухай болон оюутан элсүүлэх зар, танилцуулга, анхаарах зүйл, сургалтын хөтөлбөр, төлбөр зэрэг нарийн мэдээллийг  суралцахыг хүссэн сургуулиасаа авбал  илүү найдвартай юм.

Одоогийн байдлаар  тус улсад  нийт 300 гаруй их дээд сургууль гадаадын оюутан элсүүлэн суралцуулдаг аж.  Гадаадын оюутан өөрийн оронд нь ирж дээд зэргийн боловсрол хүртэхийг Хятад улс ихэд чухалчлан үздэг. Учир нь, олон улс дахь  боловсролын статусаа дээшлүүлж, дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн их сургууль байгуулах нөхцлийн нэг гэж үздэг юм байна. Тиймээс  сүүлийн жилүүдэд тус улсад суралцах гадаад оюутнуудын тоо эрс нэмэгдэж байгаа ажээ. Түүнчлэн сургалтын төлбөр нь ч  хямд байдаг гэнэ.  Сургууль болон сурах мэргэжлээс шалтгаалан хоорондоо бага зэрэг ялгаатай байдаг ч  их, дээд сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр дунджаар 20 мянган юань.

 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС ОЛЖ АВАХ ВЭ?

 

Одоо та бүхэнд тус улсын их, дээд сургуульд суралцахад хэрэг болох зарим зүйлийн тухай товчхон зөвлөе. Хятадын их, дээд сургуульд  хэрхэн элсэх, суралцах тухай дэлгэрэнгүй мэдээлэл олж авах, өөрийнхөө хүрээнд  бяцхан судалгаа явуулах нь хамгийн чухал юм. Тиймээс  энэ талаарх  мэдээллийг олоход дараах сувгаар  хайж болох нь. Хамгийн эхэнд та интернэтийн сүлжээ ашиглаж, хэрэгцээт  мэдээллээ аваарай.  Хятадад  суралцах хүсэлтэй оюутан залуус  дараах хэдэн сайтад хандвал илүү дэлгэрэнгүй  мэдээлэл авч болох юм байна. Эдгээр сайт нь хятад болон англи хэл дээр бичигдсэн болохоор ашиглахад  ч дөхөм. Тухайлбал, Хятадын боловсрол болон эрдэм шинжилгээний компьютрийн сүлжээ www.edu.cn, гадаадад суралцагсдын сүлжээ www.csc.edu.cn, Хятадын гадаадад суралцагсдын сүлжээ www.cscse.edu.cn болно.  Хоёрдугаарт,  тус улсаас манай улсад суугаа элчин сайдын яам, Ерөнхий консулын газар болон  ба Хятад улстай  найрсаг харилцаатай байдаг төрийн бус байгууллага, төсөл хэрэгжүүлэгч  байгууллагуудаас  энэ талаарх  зөвлөгөөг авч болох нь.  Мөн БШУЯ-ны Гадаадад суралцах асуудал хариуцсан мэргэжилтэнд хандаж, энэ талаарх мэдээллийг авч болно. Түүнчлэн Хятадад суралцаж байгаа  хүнээс энэ тухай  асууж сонирхвол  бас илүүдэхгүй байх.

ОЮУТНЫ БАЙРАНД СУУХГҮЙ БОЛ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРЧ БОЛНО

 

Хэрвээ та сургуулийнхаа дотуур байранд амьдрахгүй гэвэл сургуулиас гадуур Хятадын оршин суугчдын гэр хороололд амьдарч болно. Суралцах хугацаандаа та  тус улсын ёс заншилтай танилцаж, хятад  иргэдтэй ойр дотно харилцаж, өөрөө өөртөө туршлага хуримтлуулж болно.  Оюутнууд ихэвчлэн хэл, соёл, түүх, анагаах ухаан зэрэг мэргэжлээр суралцдаг байсан бол сүүлийн жилүүдэд улам  өргөжин  хууль зүй, санхүү эдийн засаг, нягтлан бодогч болон байгалийн шинжлэх ухааны мэргэжлүүдээр суралцдаг болжээ.

 

2020 ОН ГЭХЭД  ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНУУДЫН ТООГ 50 МЯНГАД ХҮРГЭНЭ

 

Тэтгэлэг нь мэдээж,  буяны буюу хандивын, санхүүгийн боломжгүй оюутанд  олгодог урт хугацааны зээл  гэсэн хэд хэдэн хувилбартай. Гэсэн ч  Хятад улсад суралцахаар очиж буй гадаад оюутнуудад тэтгэлгээр суралцах боломж үргэлж нээлттэй байдаг аж. Учир нь, хөгжиж байгаа орнуудаас Хятадад ирж суралцах оюутнуудад тэтгэлэг олгох нь тус улсын боловсролын салбарын  бас нэг бодлого, шийдвэрийн нэг. Тэр утгаараа Хятад улс ирэх  таван  жилд тэтгэлэгтэй оюутнуудын тоог 10 мянгаар нэмэгдүүлнэ. 2020 он гэхэд, Хятад оронд суралцах хүний тоо 500 мянгад хүрэх бөгөөд тэтгэлэгтэй оюутнуудын тоог 50 мянгад хүргэнэ гэжээ. Тиймээс та тэтгэлгээр суралцахыг хүсвэл  шилдгийн шилдэг нь байх ёстой. “Би Монголоос ирсэн оюутан” гэдгээ бусдад мэдрүүлж, үнэхээр удирдагч манлайлагч болохоо харуулж чадвал тэтгэлгээр суралцах үүд хаалга танд үргэлж нээлттэй байх болно” гэдгийг  боловсролын салбарынхан онцолж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *