Хятадаас болгоомжилж буй Монгол

7-р сарын 16, 2013 9:59 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 959
“Блүүмберг” цахим хуудаснаа Монголын тухай ийм нийтлэл гарчээ.

Б.БАРС

 

“Блүүмберг” цахим хуудаснаа Монголын тухай ийм нийтлэл гарчээ.

Чингис хаан овог нэгтнүүдээ удирдан дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг цогцлоож байсан үеэс 800 гаруй жилийн дараахь монголчуудын бодит байдал өвөг дээдсээс нь огт өөр байна.

Монголын газар шороонд дор хаяж 1.3 триллион ам.долларын ашигт малтмал хадгалаг­даж байгаа юм. Энэ их баялаг дэлхийн ашигт малтмалын зах зээлд асар их өөрчлөлт дагуулж, Австралийн нүүрс, Бразилийн төм­рийн хүдэр, Чилийн зэ­сийн экспортын ноёрхолд цэг тавьж ч болзошгүй.

Нүүдэлчдийн уламжлалт соёлоо хад­галан үлдсэн энэ үндэстэн ашигт малтмалын дэлхийн хэрэгцээг даган баян чинээлэг амьдрах болсон цөөн хүн амтай Кувейт, Катарын хөгжлийн замаар явах боломж ч бүрэн бий.

Ер нь монголчууд хөгжлийн салаа замын өмнө ирсэн гэлтэй. Нэг талаас хөгжил цэцэглэлт урд нь харагдавч, нөгөөтэйгүүр хурдацтай дэвжих эдийн засаг уламжлалт соёлын өвд нь заналхийлж буй. Үүний дээр монголчууд өөрийн томоохон худалдааны түнш Хятадаас нэлээд болгоомжилж байгаа нь илт.

Хятад-Монголын хилээс 190 км зайд орших Өмнөговийн төв Даланзадгад хот гэхэд л нэгэнтээ хавартаа ямааны самнасан ноолуур экспортлодог, намар нь малын мах нядалдаг улирлын шинж чанартай эдийн засагтай байжээ. Тэгвэл өдгөө энэ хотод таксины үйлчилгээ, супермаркет бий болж, наймаачдын давхарга чамгүй ашиг олдог болсон аж. Бизнес эрхлэгч Тэгшжаргалын хэлснээр, гурван жилийн өмнө тансаг хэрэглээ гэгдэж байсан эд зүйл өдгөө  өдөр тутмын ердийн хэрэглээ гэгдэх болжээ. Тэрээр хоёр дэлгүүрийн эзэн бөгөөд хоёр давхар хаусанд амьдарч, сүүлийн үеийн жийп машин хөлөглөдөг байна.

Хэдий тийм ч Тэгшжаргал дийлэнх монголчуудын нэгэн адил Хятадын талаар хэт шовинист үзэлтэй. Гэвч Хятад улс гэнэт хилээ хаавал яана аа гэнэ.

1.3 тэрбум хүн амтай аварга том Хятад улс эх орныг нь өсөн нэмэгдэж буй эдийн засгийн хэрэгцээг нь хангах ойр дөт уурхай гэж үзэж байна гэж монголчууд харддаг. Мөн дийлэнх нь Хятадын хяналтад орсон уурхайнууд баялгийг нь ховх сороод байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэж ихээр болгоомжилдог байна.

Монголын хээр талд өнөөг хүртэл 250 мянга гаруй зээр тааваараа нүүдэллэдэг. Тэгвэл тэдгээрийн нүүдэллэдэг газрын дундуур 100 тонны даацтай ачааны машинууд 24 цагийн турш ар араасаа тоос татуулан хөвөрдөг болжээ. Энэ нь зэрлэг амьтад төдийгүй нүүдэлчин малчдын амьдралд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Монголын газар нутгийн 16 хувийг хэдийнэ уул уурхайн зориулалтаар ашиглаж, дахин 26 хувийг ойрын үед мөн л ашигт малтмал олборлолтын салбарт ашиглахаар төлөвлөж буй тухай АНУ-ын Виржиниад төвтэй “Nature Conservancy” байгууллага мэдээлжээ.

Тус байгууллагад ажилладаг Даваагийн Галаа, “Хэрэв бид энэ ноцтой байдлыг зогсоож чадахгүй бол бидний өвөрмөц зан заншил, соёл устах аюултай” гэж ярьсан юм.  

Монгол орон нүүрсээр дэндүү баян. Зөвхөн Тавантолгойд гэхэд л 6.4 тэрбум тонн нүүрс агуулагддаг. Монголын нүүрсний гол худалдан авагч нь мэдээж урд хөрш нь. Хятадын хилээс 20 км зайд орших Цагаан хад гэх нүүрс дамжин өнгөрүүлэх төв байнгын хар утаанд хучигдах болсон нь үүнтэй холбоотой. Харин Ж.Оджаргал захиралтай “Mongolian Mining” компани анх удаа Хятадыг чиглэсэн ашигт малтмал зөөвөрлөх засмал зам барьсан байна. Энэ замынхаа ачаар тус компани Тавантолгойн нүүрсний гол зөөвөрлөгч болжээ. Өнгөрсөн жилд гэхэд тус компани Хятад руу 5.6 сая тонн зөөвөрлөжээ.

Уолл-Стритэд ажиллаж байсан Ч.Ганбатын үзэж буйгаар, Монгол ашигт малтмалаа Хятад руу гаргахынхаа өмнө өөрийн нутагтаа боловсруулах нь чухал аж. Тэрээр, “Манай улс Хятадад түүхий эд нийлүүлэгч төдий хавсарга улс болж болохгүй” гэсэн юм. Дөрвөн жилийн өмнө АНУ-аас эх орондоо ирсэн тэрээр цөлийн голд 10 тэрбум ам.долларын өртөгтэй аж үйлдвэрийн цогцолбор цогцлуулах ажилд гар бие оролцож байгаа нэгэн.

Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын 10 жилийн төлөвлөгөө амьдралд хэрэгжвэл энд нүүрс болон зэс боловсруулах, төмөрлөгийн, цементийн, хувцасны зэрэг олон үйлдвэр ажиллаж эхлэх юм. Гэхдээ одоогоор цогцолборын ирээдүй тун бүрхэг байгаа аж.

Монголын 1100 км үргэлжлэх одоогийн төмөр замыг өнгөрсөн зуунд Зөвлөлтийн инженерүүд барьж өгчээ. Тэр үед Хятадыг эдийн засгийн хүчирхэг гүрэн болно гэж хэн ч төсөөлөөгүй нь мэдээж. Одоогийн өргөн царигтай төмөр зам нь Монголын худалдаанд шатахууны импортоос өөр чухал ач холбогдолгүй Оростой л шууд холбодог. Харин гол худалдааны түнш Хятадын төмөр зам нарийн царигтай билээ.

Монголын олон бизнесмен нарийн царигтай төмөр зам тавихыг хүсдэг ч улстөрчид өргөн царигийг тусгаар тогнолын нэгэн баталгаа гэж үздэг байна. Монголын түүхийн сэдэвтэй ном бичдэг АНУ-ын Жэк Вэзерфорд энэ талаар ярихдаа, “Төмөр замын царигийн ялгаа Хятадын довтолгоог зогсоож чадах хүчин зүйл биш гэдгийг монголчууд ойлгож байгаа.  Энэ нь зүгээр л тусгаар тогтнолын нэгэн бэлгэдэл болж байгаа нь чухал биз” гэсэн юм.

 

1 Сэтгэгдэлтэй

Cinderella
2016 оны 12-р сарын 2

You mean I don’t have to pay for expert advice like this anymroe?!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *