Хямралтай тэмцэж буй Монгол олимпийн медальтнуудынхаа мөнгийг төлж чадахгүйд хүрэв

8-р сарын 22, 2016 1:44 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 62
agaga

Б.БАРС

Австралийн “The Sydney Morning Herald” сонинд манай улсын Засгийн газар хямралын улмаас олимпийн медальтнууддаа сар бүр төлдөг мөнгийг өгч чадахгүйд хүрсэн тухай бичсэнийг орчуулан хүргэж байна.

Спортод хорхойтой монголчууд Риогийн олимпийн хоёр медальтандаа уухайлан баяр хүргэх авч тус улсын шинэ Засгийн газар эдийн засгийн хүндрэл улам гүнзийрэх болсноос үүдэн тамирчиддаа мөнгө төлөх боломжгүйд хүрч байна.

Дөрвөн жилийн өмнө Монгол Улс 12.3 хувийн эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, Лондоны олимпоор тус улсын таван тамирчин медалийн тавцан дээр зогссон юм.

Лондоны олимпийн медалиуд Монголд олон тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг даллаж оруулсан төсөл болох “Рио Тинто”-гийн Оюутолгойн уурхайгаас олборлосон алтыг агуулж байсан билээ.

Харин энэ жил дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдийн үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурснаас үүдэн тус улсад хямрал нүүрлэжээ.

Монголын төгрөг энэ наймдугаар сард дэлхийн хамгийн ихээр үнэгүйдсэн мөнгөн тэмдэгтээр тодорч, ам.доллартай харьцуулах ханш нь сарын эхнээс найман хувиар, оны эхнээс 12.9 хувиар унасан байна.

Тамирчид нь ч улсаас олгодог мөнгөө авч чадахгүйд хүрэх нь.

Тус улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэхдээ, хориод жилийн өмнөөс мөрдөж ирсэн журмын дагуу бокс, чөлөөт бөх, байт сурын харваа зэрэг хэд хэдэн спортын төрлийн 2069 тамирчинд насан туршид нь сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийн 1.7 тэрбум төгрөгийг ($980,650) олгох боломжгүй болж буй тухай дурджээ.

Журмын дагуу онцгой амжилт гаргасан тамирчдад сар бүр 500 мянгаас дөрвөн сая хүртэл төгрөг олгодог байсан бөгөөд олимпийн алтан медальтан хамгийн их тэтгэмж авсаар ирсэн аж. Харьцуулахад, тус улсын дундаж сарын цалин 871 мянган төгрөг юм.

Монголын Засгийн газар Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, парламентын гишүүдийн цалинг 30 хувиар танахаар төлөвлөж байна. Тус улсын Сангийн яамнаас мэдээлснээс үзвэл, Засгийн газрын доогуур албан тушаалтай түшмэдийн цалинг 20 хувиар бууруулж, харин төрийн энгийн албан хаагчдын цалинг хэвээр үлдээх аж.

Монголын Засгийн газрын цахим хуудаснаа Сангийн яамны татвар, санхүүгийн бодлогын хэлтсийн Ж.Ганбат, “Цалин бууруулж зардлыг гурван хувь багасгаснаар ирэх жил найман тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар байна” гэжээ.

Өнгөрсөн зургадугаар сард ялалт байгуулсан МАН-ын Засгийн газар нүүрс, зэсийн эрэлт буурч, гадаадын хөрөнгө оруулагчидтай санал зөрөлдсөний үр дүнд дөрвөн жилийн турш эдийн засгийн өсөлтийн хурд саарсны дараагаар 2016 онд тус улсын эдийн засгийн өсөлт зогсоход хүрнэ гэлээ.

Монголын Сангийн сайд мөнгөний гачигдалтай Засгийн газар албан хаагчдын цалин тавих, бусад зардлыг санхүүжүүлэх хүндрэлтэй учирсныг анхааруулсны дараа тус улсын бондын ханш огцом унасан билээ.

Монголбанк өнгөрсөн пүрэв гаригт мөнгөн тэмдэгтээ цаашдын үнэгүйдлээс хамгаалахын тулд бодлогын хүүгээ 4.5 хувиар нэмэн 15 хувьд хүргэн өсгөсөн байна.

Эх сурвалж: www.polit.mn  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *