Хууль бус журам ба 7 ашиглалтын тусгай зөвшөөрөл

1-р сарын 16, 2018 10:12 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 81
1-16-9

Ц.БАЯР

Ашиг малтмалын тухай хуульд заагаагүй зүйлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж эрх мэдлээ ашиглан 2016 оны нэгдүгээр сард   А/40 тоот тушаал гаргасан байдаг. Үүнийг үндэслэн АМГТГ өнгөрсөн онд хязгаарлагдмал тендер нэрээр таван аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон аж. Ингэхдээ орон нутгийн удирдлагуудтай хамтран байгуулсан төрийн өмчит компаниудын хүсэлтийг харгалзаж үзсэн хэмээж буй. Түүний нэг нь Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганд 15.548 га газрыг “Эрдэнэсийн эрэг” компанид АМГТГ-ын кадастарын хэлтсийн даргын өнгөрсөн оны долдугаар сарын 27-ны өдрийн XV020880 тоот тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнийг Заамар сумын иргэд эсэргүүцэж дээрх зөвшөөрлийг цуцлуулах шаардлагыг тус газарт хүргүүлсэн байна. Гэвч хариуд нь сайд асан Ц.Дашдоржийн гаргасан А/40 тушаалыг үндэслэн олгосон гэсэн тайлбар өгсөн талаар “Зууны мэдээ” сонин уул уурхайн асуудал хөндсөн цуврал нийтлэлээрээ хүргэсэн билээ. А/40 тушаалын дагуу долоон газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож дөрвөн тэрбум 280 сая гаруй  төгрөгийн төлбөр гарч буй. Тодруулбал,  Уул уурхайн сайдын 2015 оны X тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д Уул уурхайн сайдын 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр А/40 тоот тушаалаар нэмэлт оруулжээ. Тодруулбал, “Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно” хэмээн нэмсэн байна. Үүгээр хязгаарлагдмал сонгон шалгаруулалт явуулах эрх зүйн үндэс бүрдсэн.

Орон нутагт хязггаарлагдмал тендерээр эдгээр компаниудад хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.

Өнгөрсөн онд уг журмын дагуу аймгийн Засаг дарга нараас “Хязгаарлагдмал сонгон шалгаруулалт” явуулах тухай есөн хүсэлтийг АМГТГ-т ирүүлсний дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг долоон удаа зарлаж, таван удаагийн сонгон шалгаруулалтыг журмын дагуу үнэлж, дүгнэлт гарган баталгаажуулан долоон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тухай тус газрын орлогч дарга М.Энхжаргал хэлэв. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ байгалийн нөөц”, “Баянхишиг хараа”, Төв аймгийн Заамар суманд “Эрдэнэсийн эрэг”, Баянхонгор аймгийн “Корунд Гео”, Дорноговь аймгийн “Френдли майнинг консалтинг”, Алтика констракшн” компанид олгожээ. Харин үлдсэн хоёр талбайд зарласан хугацаанд сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авсан боловч иргэдээс ирсэн гомдлын дагуу АМГТГ-ын даргын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн а/196 тоот тушаал болон  аравдугаар сарын 23-ны өдрийн УУХҮ-ийн сайдын 01/2223 тоот бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу уг сонгон шалгаруулалтыг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан байна. Дээрх А40 тоот тушаал нь хүчингүй болсон боловч өнгөрсөн оны зургаадугаар сарын 29-ны өдрийн УУХҮ-ийн сайдын А/129 тоот тушаалын I зүйлийн 1.6 дугаар заалтад хэвээр хадгалагдсаар байгаа аж. Тиймээс энэ сарын 9-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Төмстий багийн иргэн Л.Амгаланбаяр, “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа, өмгөөлөгч Д.Баяр нар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд УУХҮ-ийн сайдын уг тушаалын I зүйлийн 1.6 дугаар заалтыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна. Учир нь дээрх заалтыг үндэслэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын олон мянган га талбайд ашигт малтмалын хайгуулын лиценз олгосноор нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Иймд нэхэмжлэгчдийн зүгээс уг тушаал буюу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт нь хууль зөрчиж батлагдсан хэмээн үзэж байгаа тул түүнийг хүчингүй болгуулахаар  шүүхэд нэхэмжлэлийг хүргүүлсэн байна. Дээрх заалт хүчингүй болсноор журмаар халхавчилсан газрын тонуул үгүй болох ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *