Хүүхдүүдээ уйлуулсаар байх уу?

9-р сарын 4, 2015 9:11 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 65
8588586514564654156

_MG_8170Х.МОНГОЛХАТАН

Хичээлийн шинэ жил эхэллээ. Сургууль, цэцэрлэг хүүхдийн инээд хөөр, дуу хуур, хөл хөдөлгөөнд дарагдав. Баяр хөөрийн хажуугаар багахан гуниглал, бяцхан уйлаан ч байна. Аав, ээжийнхээ өврөөс холдож анх удаа цэцэрлэг хэмээх том айл, багш гэх танихгүй хүн, үеийн жаалуудтай танилцаж байгаа хоёр настнуудад энэ өдрүүд хамгийн хүнд байгаа нь ойлгомжтой. Цэцэрлэгээ дүүргээд эрдэм номын өргөөнд элсэн орсон зургаан настай агаа, аниа нар уйлаад байхад хэл, хөлд гүйцэд ороогүй шахам жаахан амьтад аргагүй дээ. “Охиноо цэцэрлэгт нь уйлуулж үлдээгээд гарч ирэх эхнэрээ төрөх гэж өвдөж байгааг харахаас хүнд байлаагэх зэргээр эцэг эхчүүдийн эмзэглэл энэ өдрүүдэд цахим ертөнцөөр дүүрэн байв. Удалгүй хүүхдүүд маань шинэ орчиндоо, багшдаа, найз нартаа дасаад дуртай нь аргагүй цэцэрлэгтээ явдаг болно гэж бүх эцэг эх найдаж суугаа. Гэвч хүүхдээ цэцэрлэгт нь дасгахын тулд уйлуулахаас өөр арга байдаггүй гэж үү гэх бодол дотроос хатгаад зүгээр суулгахгүй нь.

УЙЛСААР ҮЛДЭХ ХОЁР НАСТНУУД

Сүүлийн дөрвөн өдөр ээж аавуудын хамгийн хүнд даваа өглөө хүүхдээ тэвэрч очоод уйлуулж үлдээгээд гарах болов. Анги дүүрэн уйлсан хүүхдүүдийг хараад нялх үр минь байтугай том хүн ч уйлмаар болно. Зарим нь мөөмнөөсөө ч гараагүй, хэлд ороогүй шахуу хоёр настай 30-40 хүүхэд нэгэн зэрэг эг маггүй уйлж орилон, үүд рүү тэмүүлэх нь зүрх зүсэм. Үүдэнд хашиж суугаа багшийгаа түлхэж цохиж, базах нь энүүхэнд. Ширээ, сандал доогуур мөлхөж, дээр нь авирах зэргээр аав, ээждээ гэртээ харих гэж хэрэндээ тэмцэх хоёр настнууд өрөвдмөөр. Ойртож ирсэн хэнээс ч болов аврал эрж, тэврүүлэх гэж тэмүүлнэ. Бяцхан ухаандаа энэ ангиас л гарчихвал аав, ээждээ очно гэж бодож байгаа бололтой.

Өөрийн ганц хүүх­дийнхээ учрыг олж чадахгүй сандарч байхад зэрэг уйлах 30-40 хүүхдийг хоёрхон багшид даатгаад явна гэдэг амаргүйГэвч багш нар эцэг эхчүүдийг анги руу орох, эргэж буцаж хүүхэдтэйгээ зууралдах, нүдэнд нь харагдахыг зөвшөөрөхгүй. Уг нь эцэг, эхчүүд хүүх­дээ уйлуулахгүй саа­туулж, сатааруулж, тайвш­руул­чихаад үлдээвэл баг­шид, хүүх­дэд, орхиод явах эцэг эхэд ч амар баймаар. Гэвч цэцэрлэгтээ дастал нь хүүхэдтэйгээ хамт байх анги танхимын боломж байхгүй учраас эхний хэдэн өдөр, эхний сар уйлаад дасна гэсэн хоцрогдсон аргыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй. Уг нь хүүхдийн нас, бие, сэтгэлзүйн онцлогт тааруулж орчин солигдох, гэнэтийн өөрчлөлтийн айдас түгшүүрийг мэд­рүүлэхгүй дасгах аргуудыг олон улс хэрэг­жүүлдэг юм билээ.

БУСАД ОРОНД ХҮҮХДЭЭ ДАСТАЛ ЭЦЭГ ЭХ НЬ ХАМТ БАЙДАГ

Германд хүүхдийг анх цэцэрлэгт өгөхөд орчиндоо, багш, ангийнхандаа дастал эцэг эх нь хамт явдаг. Хүүхэд уйлуулж огт болохгүй гэдэг байна. Мөн хэзээ гурван нас хүрнэ, тэр өдрөөсөө цэцэрлэгтээ явж эхэлдэг байна

Харин Японд эхний өдөр нэг цаг өгөөд, дараа нь өдөр өдрөөр цагаа уртасгаж дасгадаг байна. Цэцэрлэгт орохоос нь өмнө хүүхэд ээж аавтайгаа багш нартайгаа уулзалт ярилцлага хийдэг учраас багшаа хараад танихаар болдог байна.

Америкт цэцэрлэг нь яг л гэртээ байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр гэнэ. Нэг ангийн хүүхдийн норм дээд тал нь 20. Нэг багшид зургаан хүүхэд оногддог. Мөн л цэцэрлэг эхлэхээс өмнө хүүхдүүд аав ээжтэйгээ хамт ангидаа очиж багштайгаа танилцаж ариун цэврийн өрөө орох, гадаа талбай дээр тоглох зэргээр орчинтойгоо танилцдаг байна

Солонгост мөн дасгах долоо хоногийн хугацаа байдаг. Эхний өдөр ээж нь хамт байна, маргааш нь өдөр хальт гарч орох зэргээр бага багаар холдох хугацаагаа сунгасаар дасгадаг аж.

Шведэд эхний 7-14 хоног эцэг эхийг нь хамт явуулдаг. Мөн цэцэрлэг дээрээ байх хугацааг бага багаар нэмэгдүүлдэг байх юм. Ээж аавтайгаа хамт байгаа хүүхдүүд тайвнаар орчинтойгоо танилцаж дасдаг аж. Хэрэв хүүхэд уйлагнах л юм бол эцэг эхийг нь утасдаж дууддаг байна

Харин Казахстанд хүүхэд төрөхөд л цэцэрлэгт орох тасалбар өгч дараалалд ордог байна. Тэгээд ээлж нь болоод орон тоо гарвал тэр хүүхэд хавар намар хэзээ ч хамаагүй цэцэрлэгтээ ордог аж.

Энэ бол монгол­чуудын хамгийн түгээмэл зорч­дог, ажиллаж амьдар­даг улс орнуудын жишээ. Харин манайд эсрэгээрээ. “Уйлж байж хүн, майлж байж мал болногэсэн эртний үгийг даган нүдээ аниж чихээ дараад явж байна.

ХҮҮХДИЙГ СЭТГЭЛЗҮЙН ДАРАМТАНД ОРУУЛАХГҮЙ ДАСГАХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улс олон улсын жишигт нийц­сэн сургуулийн өм­нөх боловсролын тогтол­цоонд шилжихийн тулд ядаж хүүх­дээ уйлуулах­гүйгээр цэцэр­лэгт нь дасгадаг арга барилыг нэвтрүүлэх цаг болжээ. Өнөө үед улс орнууд хүүхдийн сэтгэлзүйг маш их анхаардаг болсон нь дээрх жишээнүүдээс харж болно.

Нэг л өглөө сэрээд мэдэх­гүй орчинд, таних­гүй хүмүүсийн дэргэд, уйлалдан орилолдох хүүхдүүдийн дунд орчихоороо хүүхдийн сэтгэл­зүйд ямар хүнд тусах нь ойлгомжтой. Хүмүүжлийнхээ 80-90 хувийг олж авдаг 2-6 насанд хүүхэдтэй зөв харьцах, хөгжиж хүмүүжих орчин нөхцлийг бүрдүүлэх нь ирээдүйн иргэнийг бэлдэхэд чухал үүрэгтэй. Хүүхдийг шинэ орчин, шинэ зүйлд бага багаар дасгах нь сэтгэлзүйн дарамтанд оруулахгүй, айдас түгшүүр төрүүлэхгүй, цочроохгүй, ааш занг нь өөрчлөхгүй сайн талтай. Тэр байтугай хүүхдийг хөхнөөс гаргахдаа ч нэг өдөр шууд гаргах бус бага багаар дасгаж гаргахыг эмч, сэтгэлзүйчид зөвлөж байгаа.

Мэдээж энэ бүхэнд эцэг эхчүүдийн ч үүрэг чухал. Нэгэнт хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр шийдсэн бол хүүхдийнхээ сэтгэлзүйг бэлдэж, хэдэн сарын өмнөөс цэцэрлэгт явна, гоё багш, хөөрхөн найзуудтай болж, гоё тоглоомоор тоглон, гоё хоол идэж, их юм сурна гэж ярьж ойлгуулж эерэг төсөөлөл бодол суулгах хэрэгтэй юм.

НЭГ БАГШИД 15-35 ХҮҮХЭД НОГДОЖ БАЙНА 

Тэгвэл бидэнд уйлуулж дасгадаг монгол аргаас өөр сонголт байна уу. Наймдугаар сарын 15-наас эхлээд цэцэрлэгийн асуудал яригдаж, эцэг эхчүүд бүртгүүлэх гэж хэдэн хоногоор дараалалд зогссон. Өөрт байгаа боломж бололцоо, танил тал, аз од бүгдийг шавхан гүйлдсээр хүүхдээ арайхийн цэцэрлэгт оруулсан. Бодит байдал ийм байхад бид бусад улс орны жишгээр цэцэрлэгтээ дастал эцэг эх нь хамт байх боломжийг мөрөөдөөд ч нэмэргүй нь. Учир нь манай цэцэрлэгүүд эцэг эхчүүд оруулах нь бүү хэл хүүхдүүдээ ч багтааж шингээж чадахгүй болсон.

Бидэнд хамгийн ойрын жишээ гэвэл дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлдэг БНХАУ байна.Энд нэг цэцэрлэг 500-600 хүүхдийн багтаамжтай. Тэнд 80-100 ажилтан байдаг бөгөөд нэг бүлэгт 30 хүүхэд 3-4 багштай ажилладаг байх юм. Харин Солонгост бага бүлгийн нэг ангид зургаан хүүхдийг хоёр багш хардаг. Энэ нь нэг багшид гурван хүүхэд ногддог гэсэн үг. Харин 3-5 насны хүүхдийн анги нь арай олон хүүхэдтэй ч арчилгаа бага шаарддаг, хичээл дугуйланд их хамрагддаг давуу талтай байдаг аж.

Харин манайд цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг 5,5 ам метр, нэг багшид ногдох хүүхдийг тоог 12,5-13 гэж гаргасан байдаг. Гэтэл хоёр настай бага анги дунджаар 30-50 хүүхэдтэй, харин дунд болон ахлах бүлэгт 40-70 хүүхэдтэй байна. Нэг багшид 15-35 хүүхэд ног­доно гэдэг ачаалал хэрээс хэтэрсний тод жишээ. Гэвч гэртээ цоожтой үлдэх хүүхдийн тоог багасгах гэж цэцэрлэгүүд өөрсдийн боломж бололцоогоор авсан нь энэ. Тиймээс нэг талаар тэднийг буруутгах биш харин ч баярламаар. Энэ байдалтай цэцэрлэгийн захиргаа, багш ажилчид, эцэг эхчүүд бүр төр засаг нь ч эвлэрсэн. Харин нөгөө талаас нь харвал эцэг, эхчүүдэд даац нь хэтэрсэн цэцэрлэгээс хүүхдээ гаргачихгүйн тулд шүд зуухаас өөр сонголт алга. Гэхдээ энэ байдлыг зөөлрүүлэхийн тулд цэцэрлэгийн багшийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байна. Ядаж л бага бүлгийн багшийн тоог нэмэх хэрэгтэй. Тэгж байж багш нарын ачаалал багасч, хүүхдүүдэд тавих анхаарал халамж нэмэгдэнэ.

Ерөөсөө өнөө мар­гаашгүй шинэ цэцэр­лэгүүд барьж чадахгүйгээс хойш маш олон болж буй Монголын үрсэд тайван амгалан өсөх боломжийг бүрдүүлж, багшийн тоог нэмж өгөөч гэж холбогдох яам, тамгын газар, шийдвэр гаргах төвшнийхэнд уламжлах байна.

_MG_8181ЧДийн 108 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш С.СоёлЭрдэнэ: НЭГ АНГИД ГУРВАН БАГШ БАЙВАЛ АЧААЛАЛ ХАМААГҮЙ ДЭЭР БОЛНО

Хоолоо өөрсдөө идэж чадахгүй, өмдөндөө шээж баадаг хоёрхон настай 38 хүүхдэд хоёр багш хүрэлцэхгүй байна. Нэг ангид ядаж гурван багш байвал ачаалал хамаагүй дээр болно. Багш нарын ажиллах чадвар ч сайжирна. Хэдий ажиллах нөхцөл боломж хүнд байгаа ч манай багш нар гомдоллодоггүй. Өөрсдийн хийх ёстой ажил, үүрэг хариуцлага л гэж хичээж ажилладаг.

Манай Чингэлтэй дүүрэг цөм хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Өнгөрсөн жил миний дааж байсан бэлтгэл анги жишиг бүлэг болж байсан. Манай ангийн жишгээр бусад ангиуд дагаж хийж байсан. Хэдийгээр энэ анги маань хоёр настай боловч цэцэрлэг, багшдаа дасаад уйлалдах нь багасаад ирэхээр цөм хөтөлбөрийн шинэ журмаар тоглонгоо суралцах хөтөлбөрөөр сургаж эхэлнэ.

 IMG_1954УИХын гишүүн С.Одонтуяа: БАГШ НАРТ НОГДОХ ХҮҮХДИЙН ТООГ ИХЭСГЭЖ БОЛОХГҮЙ

Ерөнхийдөө улсын хэмжээнд цэцэрлэгүүд 60-70 хувийн хэтрэлттэй байна. Өнөөдрийн нөхцөл байдлаас үүдээд хүүхдийг гэртээ ганцааранг нь байлгаж байхаар гээд цэцэрлэгт шахаж авсан. Харин багш нарын стандартыг хэзээ ч ингэж ихэсгэж болохгүй. Бид гэртээ 1-2 хүүхдээ харахад л ямар хэцүү байдаг билээ. Гэтэл багш нарын орон тоог заавал нэмж өгөх ёстой, стандартаа мөрдөх ёстой. Нэг багшид ногдох хүүхдийн тоог нэмэхээр ачаалал ихсээд чанар муудна. Тиймээс 2016 оны төсөвт цэцэрлэгийн багш нарын орон тоог нэмж баталж өгөх ёстой.

Бид бүх арга замаар л энэ асуудлыг шийдэх гэж үзэх ёстой. Тухайлбал, 0-2 настай хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө өгөх тухай яригдаж байна. Ээжүүд хүүхдээ 0-2 нас хүртэл өөрөө харах ёстой. Хүүхдээ өсгөнө гэдэг эх орондоо баялаг бүтээж буй ажил учир заавал цалинтай байх ёстой.

11949615_740705532740060_1467041281_nСэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэлзүйч Ц.Нямцэцэг: ХҮҮХДИЙГ ШИНЭ ОРЧИНД ЗӨВ ДАСГАХ ХЭРЭГТЭЙ

Хүүхэд насны тодорхой үечлэлээр өсч хөгждөг. Энэ хөгжлийн үедээ хүүхэд сэтгэлзүйн хувьд асар их өөрчлөлтөд орж байдаг. Энэ үед хүүхдийн тусгаар байдал буюу ичих эргэлзэх зөрчлийн үе нь эхэлдэг. Шинэ орчинд ороод хүүхэд айдаг. Анхнаасаа ээнэгшиж дотносоогүй хүнтэй үлдээхээр ээж аав минь намайг хаяж байна гэсэн мэдрэмж төрдөг. Тиймээс багш нар хүүхэдтэйгээ маш эергээр харилцах хэрэгтэй. Орчиндоо дасах нөхцлийг нь бүрдүүлж хугацаа өгөх ёстой. Хүүхдийнхээ мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эцэг эхчүүд болон багш нараас хүүхэд бат бэх холбоо, хүүхдийг хүлээн зөвшөөрөх, хүүхдийн мэдрэмжүүдийг ойлгох, хүүхдийг тайвшруулах дөрвөн төрлийн холбоо шаардаж байдаг. Энэ холбоо нь зөв явагдах юм бол хүүхэд эцэг эх болон багштайгаа зовлонгүй харилцаж сурахын зэрэгцээ өөртөө итгэлтэй бие даасан болно.

_MG_8160БСШУЯны сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга: БАГА БҮЛЭГТ 20-ООС ДЭЭШ ХҮҮХЭД АВАХ ЁСГҮЙ 

Улсын хэмжээнд 1225 цэцэрлэг энэ хичээлийн жилд үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн 777, хувийн 448 цэцэрлэг байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Он дуусахаас өмнө 47 цэцэрлэгийн барилга ашиглалтад орноӨнгөрсөн жил 5000 цэцэрлэгийн багш байсан бол энэ жил 7000-д хүрч байнаХоёр настай бага бүлгийн анги дүүргэлтийг маш сайн анхаарч, стандарт нормоор нь авах ёстой. Ер нь нэг бүлэгт 20-оос дээш хүүхэд авах ёсгүй. Гэвч амьдрал дээр цэцэрлэг хүртээмжгүй учраас аль болох боломжоор нь авч байна. Энэ асуудлыг шийдэхээр бид хоёр жилийн өмнө долоон цэцэрлэг дээр ээлжийн багш ажиллуулж үзсэн. Энэ загвар хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бага насны хүүхэдтэй ажиллахад багшийн тоо чухал юм. Нэг багшид оногдох хүүхдийн тоо хэтэрч байгаа учраас бид шинэчлэлийн хүрээнд багшийн тоог нэмэх саналаа оруулсан байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээсонин

1 Сэтгэгдэлтэй

Missy
2016 оны 12-р сарын 1

Grazi for manikg it nice and EZ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *