Хүүгийн дарамтгүй зээл хурдан төлөгдөнө

9-р сарын 8, 2015 8:25 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 50
Untitled-1dddaaa

Г.ГАНЧИМЭГ

Нийслэлийн иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэн ядуурлыг  бууруулах зорилгоорБичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийг НИТХаас өнгөрсөн оны хавар баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу нийслэлийн хороо тус бүр дээр байгуулсан Хадгаламж, зээлийн хоршоодоор дамжуулан бичил бизнес эрхэлж буй ч барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлагагүй, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэхийн тулд санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн юм.

Ингээд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн анхны хоршоод санхүүжилтээ авчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 152 хорооноос 112 хороонд Хадгаламж, зээлийн хоршоо байгуулаад байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгахаар Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сангийн дарга, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүн Д.Хүрэлбаатар нар өчигдөр хамтын ажиллагааны санамж бичиг байууллаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн хороодод шинээр байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоодыг дэмжихДэм дэмэндээхөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сангийн дарга Ц.БуяндалайЗээлийн санхүүжилтийн гуравны хоёр нь буюу 65 хувь нь иргэндээ очжээ. Энэхүү төсөл үр дүнтэйгээр хэрэгжиж буй гэдэгтэй санал нийлж байна. Өнөөдрийн байдлаар 10 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт иргэдэд олгогдсон. Мөн шинээр дөрвөн хоршоо, дээр нь 10 гаруй хоршоо үлдэгдэл санхүүжилтээ авлаа. Энэ нь мөнгөн дүнгээрээ тэрбум төгрөг болж буй юм. Гэхдээ хэнд зээл өгөх вэ гэдгийг шийдвэрлэх эрх нь хороондоо бий. Энэ нь хороон Засаг дарга биш зээл авахыг хүссэн иргэдийн нийлж байгуулсан байгууллага юмгэлээ.

Хороо бүрт 100 сая төгрөгийн санхүүжилтийг жилийн ганцхан хувийн хүүтэйгээр олгож байгаа нь иргэдийн хувьд бодит дэмжлэг болж байгаа аж. Хадгаламж, зээлийн нэг хоршоонд дунджаар 60 гишүүн бий. Тэгэхээр 152 хороонд өнөөдөр 8000-9000 хүн гишүүнээр элссэн байгаа. Гишүүдийн ар гэрийнхэн энэ зээлд мөн хамрагдаж байгаа гэсэн үг. Ингэж үзвэл энэ зээл 3000 өрх айлд өгөөжөө өгч буй аж. Өөрөөр хэлбэл, нийслэлд амьдардаг 100 өрх тутмын нэг нь энэ зээлийг авчээ. Хамгийн гол нь эзнээ олж очиж байгаад иргэд сэтгэл хангалуун байна.

Баянзүрх дүүргийн XXIII хорооныУлиастайн хөдөлгөгч хүчхадгаламж, зээлийн хоршооны дарга С.ХэрлэнбаярМанай хороон дээр гарсан тохиолдлуудаас ганцыг нь жишээ татъя. Зээл авч чадахгүй ч маш их хөдөлмөрлөдөг хүмүүс бий. Тухайлбал, манай хороонд гэр хийдэг, их уран гартай залуу амьдардаг. Даанч барьцааны хөрөнгөгүй. Ажлын байр нь чингэлэгт. Гэтэл хийж буй гэр нь иж бүрэн тавилгатай. Зах зээлийн ханшаараа 160 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл тэр хүнд үл хөдлөх хөрөнгө байхгүй учраас ямар ч банк, банк бус санхүүгийн байгууллага зээл өгдөггүй. Харин бид 160 сая төгрөгийн үнэтэй гэрийг нь барьцаалаад энэ хүнд зээл өгсөн. Тиймээс энэ төсөл иргэдэд маш их хүртээмжтэй хүрч байгаахэмээн дүгнэв.

Үүнээс өмнө иргэд сарын 10 хувийн хүүтэй гэдэг ч хачир дээрээ бараг 20 хувийн хүүтэй өдрийн зээлд хамрагддаг байжээ. Гэтэл сарын ганцхан хувийн хүүтэй зээл гараад ирэхээр иргэд их урам зоригтой ажиллаж, эргэн төлөлтөө ч цаг хугацаанд нь дуртайяа хийдэг аж. Өөрөөр хэлбэл, хүүгийн дарамтгүй зээл эргэж төлөгдөхдөө хурдан юм байна. Гэхдээ энэ зээлийг хэн хүссэн болгонд өгөхгүй нь мэдээж. Тухайн хороондоо дор хаяж нэг жил, тэгээд түүнээс дээш амьдарсан бол Хадгаламж, зээлийн хоршооноос зээл авах эрх үүсдэг юм байна.

Мөн ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоод бие биетэйгээ туршлага солилцохын тулд сард нэг удаа цуглардаг болно. Тиймээс одооноос бүсчилж, 4-6 зэрэгцээ оршиж буй хорооны Хадгаламж, зээлийн хоршоонуудыг нэгдэж, бие биеийнхээ туршлагаас суралц гэдэг зөвлөмжийг хотын удирдлагаас өглөө.

Нөгөөтэйгүүр, өнөөдөр эдийн засгийн хямрал хаа сайгүй явагдаж байна. ОХУ, БНХАУ гээд томоохон орнуудын эдийн засгийн өсөлтийн хурд буурч байгаа нь манай улсад ч гарцаагүй нөлөөлнө. Үүний үр дагаварт олон бизнес унаж, ашиг орлого нь 10-40 хувиар буурна гэдэг судалгааг ч эдийн засагчид гаргажээ. Ийм үед орлого муутай иргэдээ дэмжих үүргээ нийслэлийн захиргааныхан гүйцэтгэхээр хичээж буй нь энэ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *