Хуучин Засгийн газрын алдааг засахаар ажилдаа орлоо

8-р сарын 30, 2012 10:10 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 238

М.ГАН

 

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Шинэ парламент намрын чуулганыг хү­лээл­гүйгээр цаг алдалгүй шийдэх шаардлагатай асууд­луудыг хэлэлцэж эхэллээ. Юун түрүүнд манай улсын төсөв улайсан нь гишүүд, сайд нарыг сандаргаж байна. Энэ оны төсвийн орлого хүрэлцэхээргүй болж төсөвт тодотгол хийх шаардлагатай болсон. Энэ нь өмнөх Засгийн газрын алдаа гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж үг хэлэхдээ онцлов. Тэрээр “Өмнөх Засгийн газар хариуцлагагүй ажиллаж төсвийн орлогыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр та­салс­наас болж нийгмийн болон хөрөнгө оруулалтад шаардлагатай зарим санхүүжилт хүрэлцэхгүй байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрч­лөгдсөнтэй холбогдуулан төсвөө дахин хуваарилах, түүнчлэн үлдэж байгаа хугацаанд хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулах зорилгоор 2012 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэн шийдвэрлэнэ” гэсэн юм. Энэ оны төс­вийн орлогод Тавантол­гойгоос урьдчилгаа төлбөр авч төвлөрүүлэх байсан ч энэ орлого тасалджээ. Иймд зарим барааны татварыг нэмэх замаар төсвийн орлогыг  нэмж бүрдүүлэх тооцоог шинэ Засгийн газар хийж байгаа аж.

Мөн ээлжит бус чуулганаар хоёр сарын дараа болох аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах юм. Түрүүчийн УИХ-аар хэлэлцэж эхэлсэн УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ нь нам, эвслийн бүлэг завсарлага авахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт юм. Нам, эвслийн бүлэг УИХ-ын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахдаа тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан авдаг, мөн тодорхой хугацаатай байх, УИХ-ын үйл ажиллагаа бүтээлчээр цаг үеийн тулгамдсан асуудлыг сааталгүй түргэн шуурхай хэлэлцэн шийд­вэрлэх боломж бүрдүүлэ­хээр хуульд өөрчлөлт оруулж байгаа юм. Ээлжит бус чуулган ирэх сарын 19 хүртэл үргэлжилж 13 төсөл хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *