Хуучин хувилбар руугаа ухарлаа

5-р сарын 9, 2016 8:27 am Нийтлэгч: Ангилал Парламент , Сонгууль , Улс төр Уншсан: 41
5-9-2

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Пропорциональ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг өнгөрсөн пүрэв гаригт УИХ хүлээж авлаа. Ингэснээр өмнө нь улс төрийн хүрээнд яригдаж байсан жижиг 76 тойрогтой болох асуудал хуульчлагдав. Өөрөөр хэлбэл, зургаан сарын өмнө баталсан Сонгуулийн тухай хууль хүчингүй болж, шинэ хуулиараа удахгүй болох сонгуулийг мажоритар системээр явуулахаар тогтлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэж шүүмжлэх хууль зүйн гаргалгааг гишүүд хэлсэн. Тэд Цэц жагсаалтын 28 Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн болохоос 48 тойргийг хөндөөгүй. Гэтэл дээрх хоёр асуудлыг хольж, жижиг 76 тойрог болгож байгаа нь хууль бус гэдэг саналыг хөндсөн бол эмэгтэй гишүүдийн хувьд өмнөх хуульд заасан 30 хүртэлх хувийн квотыг 20 болгож бууруулсан нь ухралт болсон гэдгийг ч шүүмжилсэн.

Энэ асуудлаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан ажлын хэсгийн ахлагч А.Бакей, ажлын хэсгийнхэн болон гишүүдийн дунд өрнөсөн асуулт хариултыг тоймлов.

З.Баянсэлэнгэ:

Энэ парламентад суугаа дөрөв, таван намын төлөөлөл ажлын хэсэгт хэр орсон бэ. Хуульд өөрчлөлт орсноор дараагийн парламентад эмэгтэйчүүдийг оруулж ирэх бололцоотой гэж харж байна уу?

А.Бакей:

Ажлын хэсгийн баримталсан зарчим бол Үндсэн хуулийн 05 дугаар дүгнэлтэд хөндсөн заалтууд юм. Тиймээс хуульд том хэмжээний өөрчлөлт оруулаагүй. Ажлын хэсэгт О.Баасанхүү, С.Дэмбэрэл, С.Бямбацогт, Н.Энхболд, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нар орсон.

Л.Эрдэнэчимэг:

Ажлын хэсэгт эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулсан уу?

А.Бакей:

Энэ хуульд аль нэг хүйсийн төлөөлөл 30-аас доошгүй хувь нь байхаар заасан. Үүнийг заавал эмэгтэй гэж ойлгох албагүй. Эмэгтэй нь 70, эрэгтэй нь 30 хувь байж болно. Намууд 70, 80 хувьд нь эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлэх нь нээлттэй шүү дээ.

Р.Гончигдорж:

УИХын сонгууль болохоос 150 хоногийн өмнө сонгуулийн хороо байгуулагдах ёстой. Тэгэхээр санал хураахаас 39-өөс доошгүй хоногийн өмнө сонгуулийн хороог байгуулах ёстой гэдгийг тодорхой болгох шаардлага байна?

Н.Энхболд:

Үлдэж байгаа хоногтоо багтаагаад тооцоод үзэхээр санал хураахаас 45 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороо байгуулна гэж зааж өгөх нь зөв болов уу. Ингэхгүй бол хугацаа тулж байна гэснийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга боломжтой хугацаа хэмээн үзсэн ч 37 хоногийн өмнө байхаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэв.

Ингээд Сонгуулийн шинэ хууль 72.4 хувийн дэмжлэгтэйгээр батлагдав. Харин одоо 28 мандатыг тойргуудад хэрхэн хуваах, тохироог яаж хийх асуудал намуудын дунд ид яригдаж байгаа. Намууд хувилбаруудаа аль хэдийнэ дэвшүүлээд эхэлсэн. АНын хувьд хөдөөд 14, хотод 14 гэсэн хувилбарыг гаргасан бол МАН хөдөөд 20, хотод найман мандат гэсэн саналыг дэвшүүлсэн. Мэдээж намууд өөрсдөдөө ашигтайг судалж, хувилбаруудаа санал болгосон нь тодорхой.

Шинэ хуулиар нэр дэвшигчдийг энэ сарын 23-наас тодруулна. Ямартай ч намууд хэнийг хаана дэвшүүлэхээ ярилцаж, тохиролцоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. УИХд нэр дэвшигчдийн хугацааг ингэж сунгасан бол аймаг, нийслэлийн ИТХын сонгуульд нэр дэвшүүлэх ажил өнөөдөр дуусгавар болж байгаа.

Жижиг мажоритар нь улсыг 76 бүсэд хувааж, тойрог бүрт нэг хүн дэвшүүлнэ. Нэг намын гишүүд хоорондоо өрсөлдөхгүй ч тойрог наймаалцаг, сонгогчдын санал гээгддэг, бараг хоёр хорооны иргэдийн саналаар УИХын гишүүн болох боломжтой гээд энэ тогтолцоог сонгосноор гарах сөрөг үр дагавар олон бий. Сонгуулийн хуульд хийсэн өөрчлөлт ямар болох нь удахгүй болох сонгуулийн дүнгээр харагдах байх.

Энэ удаагийн өөрчлөлт ахиц биш ухралт болж буй. Учир нь өмнө нь туршиж үзсэн хувилбар буюу 1996, 2000, 2004 оны сонгуультай адилхан хэлбэртэй байх юм. Одоо УИХаар тойргийг дахин байгуулж, түүнд ногдох мандатын тоог тогтооно. Энэ тухай лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *