Хүрз хэрэглэхгүйгээр мод тарьж, услахгүйгээр ургуулж байгааг үзэв

6-р сарын 21, 2018 10:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 66
6-21-4й1

-Өөрчлөгдсөн 40 жилийг Өвөрмонголоос сурвалжиллаа-

Б.СОЛОНГО

Түрүүч нь Өвс иддэггүй хоньтой танилцаж, үзэсгэлэнт тосгоноор зугаалав

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн 40 жилд бий болсон бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнтэй танилцсан сурвалжлагыг үргэлжлүүлэн хүргэж байна.

ХӨВЧИЙН ЭЛСИЙГ БАЯНБҮРД БОЛГОСОН НЬ

Энгийн даралттай усаар элсээ нүхлэн мод суулгаж байна.

Хятадын хоёр дахь том мөрөн бөгөөд хүн амынх нь тал хувийг тэжээж байдаг Шар мөрөнг гатлан ӨМӨЗО-ы Ордос хотод хүрлээ. Цөлжилт бол газар нутгийн доройтлын хамгийн доод түвшин гэж тодорхойлдог юм билээ. Тэгвэл улс орон бүрт цөлжилттэй тэмцэх ажилд асар их ач холбогдол өгдөг. Ордос хотынхон ч энэ асуудлыг дайраад гарсан. Гарсан гэдгийн учир нь тэд арга шийдлийг нь олсон гэсэн үг. Бид Ордос хотын Хангин хошууны Дугуй тал багийн Амгалан хэмээх газарт байх Хөвчийн элсэн цөлийг 30 жилийн турш засч, ойжуулж байгаа “Элион” корпорацийн үйл ажиллагаатай танилцсан юм. Амьд амьтан үгүй халцгай элсэн манхнуудыг засч тэгшлэн өдгөө ой шугуй болгож чаджээ. Элсэн дээр мод ургуулах нь маш амархан болсныг бидэнд харууллаа. Хүрз хэрэглэхгүйгээр мод тарьж, услахгүйгээр ургуулж байгааг хараад багагүй гайхав. Хар шороо ч биш хуурай элсэнд ердөө 10-хан секундэд мод суулгаж байв. Тарьсан моднууд нь хоёр сарын дотор цэцэглээд эхэлчихсэн байсан юм. Ер нь ургамал тарьж ургуулна гэхээр усалгааг яах вэ гэсэн асуулттай тулгардаг. Тиймээс элсэн цөлд мод тарихад усалгааг хэрхэн шийдвэрлэснийг асуухаар яарч байв. Гэтэл нэгэнт тарьчихсан модоо дахиж усалдаггүй гэсэн гайхалтай хариулт сонсох нь тэр. Учир нь элс өөрөө ус юм байна. Элсний доор мод ургахад шаардлагатай хангалттай хэмжээний чийг байдгийг тэд хэллээ. Ямар нэг төхөөрөмжөөр биш гараараа ухаж үзээд л чийгнийх нь хэмжээг тодорхойлчихож байв. Ингээд бидэнд харуулсан гурван төрлийн аргыг сийрүүлье. Эхнийх нь хөрсний дор хангалттай хэмжээний чийг байхгүй нөхцөлд хэрэглэдэг арга. Энгийн даралттай усны хоолойгоор усаа гоожуулсан чигт нь элсээ нүхлэнэ. Нааш цааш нь хэд дахин холхиулж байгаад суулгацаа хийчихнэ. Суулгацны хувьд элсний бургас гэсэн бөгөөд манайд тарьдаг хар шорооны бургасыг энэ аргаар элсэн дээр суулгаж болно гэлээ. Хугацааны хувьд дээр хэлсэнчлэн ердөө 10 секунд л болов. Хоёр дахь аргыг хөрсний дор хангалттай чийгтэй үед хэрэглэх бөгөөд тусгай өрөм бүхий машинаар элсээ нүхлээд суулгачихаж байв. Ингээд багахан усаар услаад болчихов.  Гурав дахь аргаар мод тарьж үзүүлэхийн өмнө халуун тогоо шиг хэлбэртэй савыг бидэнд үзүүлэв. Тэр саваа модныхоо доор суулгаж усаар дүүргэлээ. Ингэх нь усаа удаан хугацаанд барих ач холбогдолтой. Харин нөгөө савыг модоор хийсэн тул буцааж авахгүй байгальдаа шингэнэ гэв. Ингээд нэгэнт тарьсан модонд дахиж усалгаа хийхгүй бөгөөд эдгээр аргуудаар 18700 км квадрат хэмжээ бүхий Хөвчийн элсний гуравны нэгийг бүрэн ойжуулжээ. Бидэнд үзүүлсэн мод тарих гурван аргыг фэйсбүүк сүлжээнд маш олон хүн хуваалцаж, говийн аймгуудаас хувь хүн болон компаниуд холбогдож, сонирхож байлаа. Монголд элсэн говийг ойжуулсан туршлага байдаг бөгөөд Өвөрмонголд үзсэн энэхүү технологитой зэрэгцүүлэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бид бэлтгэж байгааг дуулгая.

ЭЛСЭН ДЭЭР ЭМИЙН УРГАМАЛ УРГУУЛЖЭЭ

Нарны зайн хураагуур ашиглан цахилгаан гаргаад газрын гүнээс ус татан ногоогоо услаж байна

Элсэн цөлд мод байтугай жимс, ногоо, цэцэг, эмийн ургамал хүртэл ургуулж болдгийг “Элион” корпорацийн судалгааны хүрээлэнгээс харав. 30 гаруй нэр төрлийн ногоо, жимсийг хүлэмж, задгай талбайд тарьсан байх ба дээжээс нь бидэнд амсуулсан юм. Өргөст хэмх, улаан лооль, амтат гуа, тарвасаас эхлээд анхилам үнэрт лаванда цэцэг хүртэл ургасан харагдана. Мөн энэ компанийн брэнд бүтээгдэхүүн бол чихэр өвс. Зөвхөн чихэр өвснөөс жилд тэрбум гаруй юанийн ашиг олдог. Энэ нутгийн иргэд ч чихэр өвсийг тариалах бөгөөд ургацыг нь “Элион” компанийнхан худалдан авч орлого оруулдаг гэнэ. Усалгааны систем нь нарны зайн хураагуураас цахилгаан авдаг, аргал болон хонины хорголоор борддог гээд сонирхолтой шийдэл олон байв.

ГАЗРАА ТҮРЭЭСЛҮҮЛСЭН МАЛЧИН ЧИН НЯМБУУГИЙНД ЗОЧЛОВ

Хоёр сар ургасан уд мод

Элсэн дээр ургасан өргөст хэмх, редиск

Малчин Чин Нямбуу бол Хангин хошууны Дугуй тал балгасанд насаараа амьдарсан 70 дөхөж яваа настан юм. Элсний нүүдлээс болж таван жил тутамд бууриа сэлгэж, “зугтсаар” сүүлдээ нүүх ч газаргүй болж. Зах хязгааргүй элсэн цөлөөс залхаж, амьдрал нь доройтлын туйлд хүрсэн ч нутгаа орхиж чадахгүй л байж. Харин 20 жилийн өмнө “Элион” компани газрыг нь 30 жилийн хугацаатай 600 мянган юаниар түрээслэн авчээ. Тухайн үедээ эргэлзэж байсан ч нэгэнт ашиглах боломжгүй элсэн манхан болсон газрыг түрээслэхийг зөвшөөрчээ. Компаниас өгсөн мөнгөөр амьдрал ахуйгаа дээшлүүлж, малаа маллахын хажуугаар газар тариалан, мод тарихад амьдралаа зориулсан байна. Одоо жилдээ мод тарьж 70 мянга, газар тариалангаас 40 гаруй мянган юанийн орлого олж, малын тоо нь хэдэн зуу болон өсчээ. Нутгаа орхин нүүх шаардлагагүй болсон тул 5-6 өрөөтэй, цэвэр, бохироо шийдчихсэн тохилог байшинтай болсон байна. Одоо 10 жилийн дараа газраа буцааж авах бөгөөд нэгэн цагт элсэн манхан байсан газар нь ой модоор бүрхэгдсэн байгааг харахад сайхан байгааг тэрээр хуучилж байв. Хятад улсад компаниудад нийгмийн хариуцлагыг өндөрт тавьсан байдгийн тод жишээ нь “Элион” корпораци юм байна.

Ийнхүү элсэн цөлийг баянбүрд болгосон бүтээн байгуулалттай танилцсаны дараа Ордос хотын Хиа багш дүүрэгт хүрч, Чингис хааны сүнсэн онгоныг тахиж, аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа дархадуудтай уулзсан билээ. Энэ талаарх нийтлэлийг дараа нь хүргэх болно.

Аяллын зурган сурвалжлага болон дүрст мэдээллийг www.polit.mn сайтаас дэлгэрэнгүй унших боломжтой. Хятадын ноос, ноолуурын компаниуд Монголоос ноолуур худалдан авч бэлэн бүтээгдэхүүн болгож байгаа тухай болон Өвөрмонголын ууган “Улаанмөчир” урлаг, соёлын чуулганы талаар дараагийн нийтлэлээс уншаарай.

Үргэлжлэл бий

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *

Фото Мэдээ

Мэдээний архив

Зууны мэдээ