Хөрөнгө оруулалтын сан бол хамтын өмчлөл

2-р сарын 27, 2018 9:57 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 89
12

Эдийн засагч Г.ЭНХНАСТ

 Хөрөнгө оруулалтын сан бол институцийн хөрөнгө оруулагчдаас хамгийн том нь. 2011 онд дэлхийн хөрөнгө оруулалтын сангуудын нийт хөрөнгө 29 их наяд 400 тэрбум ам.долларт хүрсэн. Хөрөнгө оруулалтын сан бол хүмүүс хөрөнгөө нийлүүлэн сан үүсгээд, хамтарч хөрөнгө оруулалт хийдэг, түүнээсээ өгөөж хүртдэг санхүүгийн институци юм. Мэргэжлийн баг хөрөнгө оруулалтын санг удирдан, хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулахдаа багцууд үүсгэдэг. Хувьцааны сан, тогтмол орлогын саниндексийн сан, мөнгөний зах зээлийн сан, биржийн арилжааны сан, хэдж сан, хувийн хувьцааны сан, холимог сан, үл хөдлөх хөрөнгийн сан, вэнчур сан, таваарын сан, валютын сан зэрэг  хөрөнгө оруулалтын маш олон төрлийн багцууд байдаг.

Хөрөнгө оруулалтын сан хаалттай, нээлттэй гэсэн хоёр төрөл байдаг. Нээлттэй хөрөнгө оруулалтын санд хүмүүс хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийж болдог. Ингэхдээ хөрөнгөө оруулахыг хүссэн хүн хөрөнгө оруулалтын сангаас нэгж эрх худалдаж авдаг. Нэгж эрхийг хэдэн ч тоогоор авч болно. Мөн хүссэн үед нэгж эрхээ хөрөнгө оруулалтын санд буцаан өгч оруулсан хөрөнгөө татаж болдог. Харин хаалттай хөрөнгө оруулалтын сан бол хөрөнгө оруулагчдын тоог хязгаарладаг ба хүссэн үедээ гарах боломжгүй

Хамтын сан (mutual fund) бол нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн хамгийн түгээмэл хэлбэр юм. Хамтын сан хамрах цар хүрээ болон хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулалтын хаалттай сангаас харьцуулшгүй томТухайлбал, 2015 оны байдлаар АНУд 90 сая хүн есөн мянга гаран хамтын санд хөрөнгөө оруулаад байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө 15 их наяд 900 тэрбум ам.долларт хүрлээ. Нэг өрхөд 103 мянган ам.долларын хөрөнгө оруулалт ногдож байна. Харин 568 хаалттай хөрөнгө оруулалтын сан байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгө ердөө 289 тэрбум ам.доллар байна.

Швед улс хамтын санг богино хугацаанд амжилттай хөгжүүлж чадсан. Шведэд 1980-аад он хүртэл хөрөнгө оруулалтын сан хөгжөөгүй байлаа. Шведийн Засгийн газар хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэхээр 1984 ондАллеманс фондер” (Хүн бүрийн сан) нэртэй татваргүй хамтын сангийн бодлогоо танилцуулжээ. 1998 онд Шведийн хамтын  сангуудын нийт хөрөнгө 52 тэрбум ам.долларт хүрсэн бол 2017 онд 464 тэрбум ам.долларт хүрлээ. Өнөөдөр Шведийн бараг насанд хүрсэн хүн бүр (94 хувь) хамтын сангийн гишүүн болжээ. Ийм улсыг хөрөнгө оруулагч үндэстэн гэж хэлэхээс аргагүй.

 ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЗОВЛОН

 Эдийн засагч Жианнетти, Кошинен нар саяхны судалгаагаар хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоо сул газар хувьцаанаас олох ашиг бага, өмчлөл илүү төвлөрсөн, хөрөнгийн зах зээлд хүмүүсийн оролцоо сул байгааг тогтоожээ. Жижиг хувьцаа эзэмшигчид компанид хяналт тавьж чадахгүй байх нь том хувьцаа эзэмшигчид ба компаний удирдлагад, ашиг хулгайлах, орлого нуун дарагдуулах, бүтээгдэхүүн, өмч хөрөнгийг өөрсдийн эзэмшдэг компанид хэт доогуур үнээр шилжүүлж хөрөнгийг зувчуулах, компаниас боломжуудыг дайжуулах, ногдол ашгийг хойшлуулах, багасгах, мэдээлэл нуух, буруу мэдээлэх, шинээр хувьцаа гаргаж, бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувийг бууруулах (Хувьцаа сүлэх луйвар гэж нэрлэдэг. Оросын Юкос, Сибнефть компаниуд ийм аргаар олигархиудад очсон) удирдах албан тушаалд чадвар сул төрөл саднаа авах, гүйцэтгэх удирдлагын зардлыг хэт өндөр тогтоох, захиалгат дампуурал зарлах ( Орост 2000 оны үед гучин мянган компани дампуурал зарласнаас 30 хувь нь захиалгат дампуурал байсан гэж үздэгзэрэг маш олон луйвар хийх боломжийг олгодог. Манайд улсын үйлдвэр, газруудыг зориудаар алдагдалтай ажиллуулж байгаад үнэгүйдүүлж авдаг луйврын арга түгээмэл.

Түрүү жилАПУкомпанийн жижиг хувьцаа эзэмшигчидАПУ трэйдингкомпанийн талаар маргаан үүсгэсэн. Тэд компаний удирдлагууд өөрсдийн байгуулсан компанидАПУ”-гийн бараа бүтээгдэхүүнүүдийг маш бага үнээр нийлүүлжборлуулалтын зөрүүнээс их хэмжээний ашгийг зувчуулж байна гэж гомдоллосон. Энэ хардлага үнэн байлаа ч манайд ийм гомдлыг шийдвэрлэх, хариуцлага тооцох механизм байхгүй. Жижиг хөрөнгө оруулагчдийн эрхийг сайн хамгаалдаг улсад ийм үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд гэмт хэрэгт тооцогддог. Учир нь жижиг хөрөнгө оруулагчид хохирох нь компанийн өмчлөлөөс дайжихад хүргэдэг. Энэ нь хөрөнгийн зах зээлийг царцааж, хумих аюултай. Хүмүүсийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо буурвал санхүүгийн зах зээлд, цаашлаад улсын эдийн засагт хор хохиролтой.

Жижиг хөрөнгө оруулагч нар нэгдэжкомпанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болж чаддаг нь хамтын сангийн маш том давуу тал юмХамгийн том хувьцаа эзэмшигч байна гэдэг хамгийн том эрх мэдлийг авч, компанид хяналтаа тогтоох боломжийг олгодог. Дэлхийн корпорациудын өмчлөлийн бүтцийг эдийн засагчидХувьцаа эзэмшигчдийн ардчиллаас хувьцаа эзэм­шигчдийн дарангуйлал руу хөрөнгийн зах зээл шилжиж байнагэж тодорхойлох болсон. Үүнийг Америкийн жишээнээс харж болно. 2016 онд АНУын хувьцаат компаниудын нийт хувьцааны 42 хувийг 10 институцийн хөрөнгө оруулагч өмчилж байна. Тухайлбал, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компаниБлэк РокАмерикийн таван компани тутмын нэгт хамгийн том хувьцаа эзэмшиж байна

Жижиг хөрөнгө оруулагчдын бас нэг зовлон бол хөрөнгийн зах зээлийн мэдлэг хомс байдал. Хөрөнгө оруулалт бол нарийн мэргэжлийн мэс заслын эмчийн ажилтай зүйрлэхээр өндөр мэдлэг, чадвар шаардсан ажил юм. Тиймээс шилдэг мэргэжлийн багтай хамтын санд хандах нь хөрөнгөө алдах эрсдэлийг үлэмж бууруулж, хөрөнгө оруулалтаас өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог.

 ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 10 ХУВЬ БА ОРД ГАЗРУУД

 Хөрөнгө оруулалтын сангууд корпорациудын өмчлөлийн бүтцэд маш том нөлөө үзүүлдэг хамтын өмчлөлийн хэлбэр юм. Шведийн топ 50 компаниас 28 компанийн хувьцааг институцийн хөрөнгө оруулагчид  тэр дундаа хамтын сангууд давамгай эзэмшиж байна. Мөн есөн компани ямар нэг давамгай хувьцаа эзэмшигч байхгүй хувьцаа нь жигд тарсан байна. Төрийн өмчлөлд есөн компани байна. Эндээс харвал Шведийн топ 50 компанаас 46 компани нийтийн өмчлөлд байна. Харин гэр бүлийн өмчлөлд ердөө дөрвөн компани байна.

Монголын төр саяхан Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг ард түмэндээ үнэ төлбөргүй хувьчлах шийдвэр гаргалаа. Энэ бол корпорациудын өмчлөлийн бүтцэд өөрчлөлт оруулахад чиглэсэн маш зөв шийдвэр юм. Гэхдээ бодох ёстой зүйлүүд байна. Авилгалд идэгдсэн нийгэмд төрийн өмчит үйлдвэрийн газрууд улс төрчид, дарга нарын саалийн үнээ болдог. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг тойрсон авилга, хулгай, луйвар зогсохгүй нь тодорхой. Үүнийг зогсоож, үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд ард түмэндээ үлдэх 90 хувийг ч бас өгөх хэрэгтэй. Ингэхдээ хүн бүрт багахан хувьцаа хувааж өгөхөд бус, хамтын сангуудыг багцалсан том хувьцаа эзэмшигч болгох замаар ард түмэнд үйлдвэрийг мэдэх, хянах боломжийг олгоход чиглэгдэх учиртай. Хамтын сангуудад мэдээж өндөр шалгуур тавина. Нэг хүн хэт өндөр хувь эзэмшихгүй байх, оролцох хүмүүсийн доод хязгаар тогтоох гэх мэт.

Цаашдаа, Монголын төр Оюутолгой, Тавантолгой, Хармагтай, Багануур, Шивээ Овоо, Төмөртэйн овоо, Асгат зэрэг үнэ цэнэтэй том орд, газрууд дахь өөрийн мэдлийн хувиа хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан ард түмэндээ  өгөх хэрэгтэй. Ингэж чадвал   чинээлэг дундаж давхарга бүрэлдэн тогтоход асар том нөлөө үзүүлнэ. Энэ болГазрын хэвлийн баялаг ГАГЦХҮҮ ард түмний мэдэлд байнагэсэн Үндсэн Хуулийн заалт  үл биелэх (утопи) тунхаглал биш болж, биелэлээ олж байгаа хэрэг юм.

Өмчлөл бол эрх мэдлээс гадна хариуцлага юм. Ард түмэндээ үндэсний том үйлдвэр, орд газруудаа  өмчлөх боломж олгосноор, Монгол төр ард түмнээ хариуцлагатай болгох юм. Ард түмэн хоосон амлалтанд хууртаж, таван төгрөгөөр саналаа худалдахаа болино. Хариуцлагатай ард түмэн л улстөрчдөөс хариуцлага нэхэж, шаардаж чадна. Хариуцлагатай, зөв улстөрчид л улс орноо зөв удирдан залж, хөгжилд хөтлөх нь тодорхой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

willliams owen
2018 оны 5-р сарын 14

ЗӨВЛӨГӨӨЛӨГЧИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨ Сайн байцгаана уу Та санхүүгийн хэрэгцээ Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00 хамгийн багадаа 100,000,000.00 ам.доллараар хангаж, тохиромжтой хугацаа нь 18 жил ба түүнээс дээш жилүүдэд маш бага 3% хүүний түвшинтэй байна. Та бизнесийн зээл хэрэгтэй юу? Та хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна Та дахин санхүүжилт хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхэд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу: E-mail us fundservice0@gmail.com

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *