Хөрөнгийн биржийн хувьчлалд хүмүүсийн оролцоог чухалчлав

12-р сарын 2, 2015 9:18 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 43
suul624

Д.ЧИМЭГ

Ирэх оны төсөвт Монголын Хөрөнгийн биржийг таван тэрбум төгрөгөөр хувьчлахаар тусгажээ. Үүнийг ирэх оны эхний хагас жилд багтаахаар Сангийн яам төлөвлөөд байгаа юм. Үнэт цаасны “Новел Инвестмэнт” компаниас Монголын хөрөнгийн биржийн хувьчлалтай холбоотойгоор төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Тус компаниас санаачилж буй төсөл нь Монголын хөрөнгийн биржийн хувьчлалд иргэн бүрийн оролцоог хангахад чиглэсэн байна. Хувьчлалд орох хүсэлтэй хүн 100 мянга болон түүнээс дээш төгрөгөөр нэгдэнэ. Ингэснээр олон нийтээс санхүүжилт бүрдүүлэх боломжтой хэмээн төсөл санаачлагчид тайлбарлалаа. Мөн хувьчлалд олон хүн хамрагдсанаар Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон нийтийн хяналттай болгох юм. Нөгөө талаас тус байгууллага ашигтай ажиллах хэрээр оруулсан хөрөнгө нь өсөх боломжтой гэдгийг “Новел Инвестмэнт” компанийн захирал Д.Ангар хэллээ. Уг төсөл энэ сарын дундуур хэрэгжиж эхлэх бөгөөд Хөрөнгийн биржийн хувьчлалд зориулж иргэдийн хуримтлуулсан мөнгийг 100 хувь эрсдлээс хамгаалагдсан Засгийн газрын үнэт цаасанд байршуулах аж. Хөрөнгө оруулалт хийсэн иргэн дурын үед оруулсан мөнгөө эргүүлэн татах боломжтой. Ингэхдээ хувьцаа эзэмшсэн хугацааны туршид хугацаагүй хадгаламжийн хүүнээс өндөр буюу жилийн найман хувийн өгөөжийг тооцох юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *