Хөрөнгийн биржийн Д.Ангар

10-р сарын 12, 2015 11:43 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 177
10-12-9a1

Д.ОЮУНЧИМЭГ, Д.БАТБААТАР

Амьдралын тойрог”-ийн энэ удаагийн зочноор “Novel investment” компанийн захирал Д.Ангарыг урилаа. ТүүнийгХөрөнгийн биржийнД.Ангар гэвэл хүмүүс илүүтэй мэднэ. Тэрээр Хөрөнгийн биржийн захирлын ажлаа өгөөд удаагүй байгаа. Гэхдээ шинэ ажил эхлүүлээд удаагүй бөгөөд хөрөнгийн захаас хэрхэн мөнгө босгож болохыг харуулахаар зорьж буй ажээ. Д.Ангар АНУын Төв Арканзасын их сургуульд бакалавр, Их Британийн Ливерпүүлийн их сургуульд олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.

АЗАРГАН ТАХИА

10-12-9a2

“Өег” компанийн 25 жилийн ойд зориулсан ширээний теннисийн тэмцээний үеэр аавтайгаа.

 

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч асан Д.Ангар гэвэл хүмүүс андахгүй. Тэрээр энэ ажлыг хийхээс өмнө Сангийн яаманд 10 орчим жил ажилласан туршлагатай.Мөн 2011-2014 онуудад Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн албыг хашиж байжээ. Тиймээс унтаа байсан хөрөнгийн захыг сэрээсэн хүн хэмээн салбарын мэргэжилтнүүд түүнд “100+” гэдэг үнэлгээг өгсөн байдаг. Харин Д.Ангарын бага нас, амьдрал төдийлөн олонд ил гарч байгаагүй билээ. Түүний аав Г.Даваасүрэн Баянхонгор аймгийнх. Харин ээж Н.Алтанцэцэг нь Булган аймгийн харъяат. Энэ хоёр эрхэм ОХУын Краснодар хотод их сургууль төгсөөд Дархан хотын /хуучнаар/ хүнсний комбинатад томилогдсон байдаг. Ийнхүү Д.Ангарын бага нас Дархан хотод өнгөрчээ. Зах зээлийн нийгэмд шилжих үеэр ноён Г.ДаваасүрэнӨегнэртэй хувийн анхны пүүсийг үүсгэн байгуулжээ. Өдгөө тэдний компани хүнсний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй. Д.Ангар долоодугаар анги хүртлээ Дарханд сурч байсан. Харин 8-10 дугаар ангидаа нийслэлийн физикматематикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургуульд суралцан, дүүргэжээ

10-12-9a3

Аав Г.Даваасүрэн, ээж Н.Алтанцэцэг нар, ОХУ, Краснодар хот. 40 жилийн дараа төгссөн сургуулиараа оров.

1990-ээд оны үед Дарханыхан гэхээр
хүмүүст хулигаан ихтэй, айхтар ширүүн газар гэх дүр зураг сэтгэгдэл буудаг. Харин атаман хотын даруухан хүү Д.Ангар бага ангийнхантайгаа цахим ертөнцөд тааралдах болсноо олзуурхаж байв. Сүүлийн үед хүмүүссошиал медиа”-гаар эрлийн үзүүрийг мухарладаг болсон тухай ярих болсон. Үүнийг нийтлэлийн баатар маань ч гажсангүй. Ангийнхантайгаа цахимаар хуучилж байхад бага насны олон сайхан дурсамж сэргэдэг юм. Хэдийгээр зав цаг муутай ч уулзсан мэт ярилцаж байгаа нь технологийн дэвшилтэй холбоотой юмуу даа хэмээн ярьж суусан. Түүнийг бага ангийнхан ньАзарган тахиахэмээн хочилдог байсан аж.Харин тэрээр энэхүү хочоо санахгүй байсан бололтой. Учир ньНамайг ийн хочилсон нь 1-3 дугаар ангидаа дүрсгүй байсантай холбоотой болов уу гэж бодож байна. Харин дөрөвдүгээр ангиас хойшхийг санахад би даруухан хүүхэд байсан юм шүү дээхэмээн инээмсэглэж суулаа.

Хулигаан хотын хүү даруухан байна гэхээр нэг л дүрслэгдэхгүй байна гэхэд миньМэдээж тухайн үеийнхэн Дарханыхан гэхээр хулигаан гэдэг байсан нь үнэн. Гэхдээ тэр хотын бүх хүн хулигаан, атаман байж болохгүй. Тэгэхээр даруухан хүмүүсийнх нь тоонд би байсан хэрэгхэмээн инээлээ. Шинэ Дарханы шинэ хороололд IX сургуулийн босгыг анх алхаж орсон жаалхүү тоонд дуртай нэгэн байв. Долоодугаар ангид байхад нь Улсын математикийн олимпиадад Дархан хотод болсон байна. Тэр үеэс математикт шимтэн тооны сургуульд орох хүсэлтэй байгаагаа аав, ээждээ дуулгажээ. Түүний хүсэлтийг биелүүлэн тооны сургуульд оруулахаар нийслэлийг зорьж жаалхүү өвөө, эмээ дээрээ хотод ирсэн байна.

ДАРХАНЫ ХУВИЙН ХЭВШИЛ Г.ДАВААСҮРЭНГЭЭС ЭХЛЭЛТЭЙ

Зах зээлийн нийгэмд шилжин хувийн өмч бий болсон тэр үед Дарханы анхны пүүсийг байгуулсан түүх Г.Даваасүрэн гуайгаас эхлэлтэй. Түүний байгуулсанӨегпүүс нарийн боов үйлдвэрлэдэг байжээ. Хүнсний комбинатын ерөнхий инженер Г.Даваасүрэн гэхээр Дарханыхан андахгүй хэмээн Д.Ангар захирал ярьсан юм. Ааваараа бахархаж суугаа энэ эрхэм Монголын хөрөнгийн биржийг хэрхэн удирдаж, зохион байгуулсныг салбарын мэргэжилтнүүд андахгүй. Түүний удирдах, зохион байгуулах авъяас нь ааваас нь өвлөгдсөн юм байна хэмээн бодож суулаа. Хүний сэтгэлд хоногшин, олны танил байх нь тухайн хүний хүн чанар, ажилч хичээнгүй байдлаас шалтгаалдаг болов уу. Тиймдээ ч Хөрөнгийн бирж гэх айлын ашигтай ажиллаж болдгийг богинохон хугацаанд харуулж чадсан нь түүний мэргэжлийн ур чадварыг илтгэнэ. Д.Ангарын аавын удирддагӨегпүүс өдгөө гурилын бизнес эрхэлдэг компани болон өргөжсөн. Өнгөрсөн жил түүний аав Г.Даваасүрэн худалдааныГавъяат ажилтанцол тэмдгээр шагнуулсан байна. Тэр үед Дархан хотын хүнсний комбинатаас төрсөн анхны гавъяат хэмээн хүндэтгэл үзүүлснийг Д.Ангар онцолж байв.

 

УРЛАГИЙН ОХИН, ИНЖЕНЕР ХҮҮ

 

Эхнэр Б.Намуунбилэг, охин А.Ундрам, хїї А.Билгїїн нар Францын Шамони хотод.

Эхнэр Б.Намуунбилэг, охин А.Ундрам, хїї А.Билгїїн нар Францын Шамони хотод.

Д.Ангар эхээс хоёулаа. Түүний охин дүүг Д.Сэлэнгэ гэдэг. Гадаад харилцааны чиглэлээр өмнөд хөршид суралцсан. Гэвч эмч болох зорилго өвөртөлсөн дүү нь өдгөө уламжлалтын эмч болохоор сурч буй. Мэдээж түүний ажлын амжилт гэр бүлтэй нь холбоотой. Учир нь эр хүний өнгөтэй, өөдтэй явах нь эхнэрээс шалтгаална хэмээн монголчууд ярьдаг. Тэрхүү эрхэм албыг залгуулж яваа бүсгүй бол Б.Намуунбилэг. Тэрээр Буурал Шаагаа гэдэг хүний ач охин. Түүний өвөөг прокурор, хорих байгууллагынхан анддаггүй гэнэ. Д.Ангарынх охин, хүү хоёртой. Охиныг А.Ундрам, хүүг А.Билгүүн гэдэг.

Аливаа зүйлд охид аавтайгаа, хөвгүүд ээжтэйгээ нэг тал болдог нь бидний амьдралд байдаг л үзэгдэл. Харин Д.Ангарынх хоёр талцахгүйгээр эв найрамдалтай амьдардаг байна. ТэрээрХоёр хүүхэд минь жаахан болохоор хуваагдах зүйл алга. Хүүхдүүдээ харахаар өхөөрдөм, хайр татам байгаа нь хэн нэгнийг нь онцлох санаа төрүүлдэггүйгэв. Түүний санааг зовоож байгаа зүйл нь боловсролын тогтолцоо, сургах арга барил. Хичээлээс ирээд амрах, тоглох завгүй гэрийн даалгаварт даруулах нь зөв арга биш гэдгийг хэлж байсан юм. Хэт ачаалалтай байх нь хүүхдийг ядаргаанд оруулдаг хэмээн эцэг эхчүүд гомдоллодог. Гэтэл сургууль дээр зааж амжаагүй хичээлээ гэрийн даалгавар болгоод өгч байна уу гэдэг хардлага тээж яваагаа нийтлэлийн гол баатар маань нуусангүй. Оройд хоёр хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх том ажил тулгамдсан асуудал болдог байна. “Ер нь л боловсролын тогтолцоо буруу замаар явж байна уу даа гэж боддог. Хүүхэд орой 22:00 унтах учиртай. Гэтэл гэрийн даалгавраа хийж дуусгах хэрэгтэй болдог. Тэгэхээр хэт орой унтсан хүүхэд өглөө эрт босох нь ядаргаанд орохын эхлэл. Тиймээс энэ байдлыг нухацтайгаар шийдэх ёстой гэж бодож байнахэмээн тэрээр ярьж байлаа.

Эцэг, эхчүүд өөрсдийн эзэмшсэн мэргэжлээ хүүхдэдээ өвлүүлнэ гэлцдэг. Гэтэл хүнсний мэргэжилтэй гэр бүлийн ууган хүү Д.Ангар санхүүч болсон түүх өөр. Тоонд дуртай хүү санхүүч болсон юм. Нийтлэлийн баатар маань хоёр хүүхдээ ямар мэргэжилтэй болохыг нь заахгүй гэнэ. Охин А.Ундрам урлагийн хүн болох сонирхолтой аж. Харин хүү А.Билгүүн өвөөгийнхөө мэргэжлийг өвлөн инженер болох болов уу гэж бодож байгаагаа хэлэв. Гэхдээ хоёр хүүхдээ ямар мэргэжилтэй болохыг ярих нь эрт байна хэмээв.

Д.Ангар багаасаа амьтан сонирхдог байжээ. Саяхан охиндоо хөөрхөн гөлөг авч өгчээ. Тэрээр багадаа авч чадаагүй хүслээ охиноороо далимдуулан биелүүлсэн нь тэр гэнэ.

 

ТӨСӨВ, УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ЯРЬСААР ЭХНЭРЭЭ НАЙРАВ

 

Эхнэр, нөхөр хоёрыг гэрийн хоёр багана гэдэг. Эхнэр Д.Намуунбилэгтэй танилцсан түүхээ хуучилж суухдааХоёр талын найзуудынхаа дэмээр танилцсан даахэмээн инээв. Одоог хүртэл түүний найз ЗолбооБи та хоёрыг танилцуулсан шүүхэмээн үе үе сануулдаг байна.

Д.Ангарын түших багана нь яахын аргагүй түүний эхнэр. ТэрээрЭхнэр минь өндөр боловсролтой хэдий ч гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө золиослосон. Нэг талаас харамсмаар хэдий ч хайрлаж, хүндэлмээр их тэвчээр юм даа гэж боддог. Ер нь боловсролын төвшнөө яривал миний хань чинь Америкийн Техас мужийн нэртэй сургуулийн магистрийг улаан дипломтой төгссөн хүн шүү дээ. Надаас ч илүү боловсролтой эмэгтэйхэмээн ярихдаа сэтгэлийнхээ гүн дэх нууцхан харамслыг дарахыг хичээх шиг болов. Сүүлийн үед эмэгтэйчүүд нийгэмд идэвхтэй ажиллаж, дуу хоолойгоо хүргэдэг болсон. Тэр хэрээр улс төр, төрийн албанд бүсгүйчүүдийн эзлэх хувь өссөөр байгаа. Гэхдээ хоёр салаа замын аль нэгийг сонгох заагаас амьдралаа, гэр бүлээ сонгосон нь бахархмаар байлаа. Хатагтай Д.Намуунбилэг бол манайхны хэлдгээр өндөр боловсролтой бүсгүйчүүдийн нэг. Одоогоор хувийн бизнес эрхэлж байгаа аж.

Эхнэртэйгээ танилцаж байх үедээ утсаар их ярьдаг байснаа дурсав. Сангийн яаманд ажилладаг мэргэжилтэн залууТөсөв, орлого, зарлага, улсын эдийн засаг гэх мэтээр их л сүрхий юм ярьдаг байсан болов уухэмээн инээмсэглэнэ. Магадгүй олон чухал зүйл ярьсан ажил хэрэгч залуугийн эхнэрээ уургалах нэг арга нь байсан биз ээ.

 

ААВ БОЛООД АСГАРТАЛ УЙЛЖЭЭ

 

10 жилийн сургуулиа төгссөн Д.Ангар хүү 18 настайдаа АНУд сурахаар хилийн дээс алхжээ. Түүний дараа эхнэртэйгээ танилцаж ууган охин А.Ундрам мэндлэв. Анхны үрийнхээ зулайг үнэрлээд асгартал уйлсан эрхэм мааньҮгээр хэлж, дүрслэхийн аргагүй мэдрэмж байсангэв. Д.Ангарын энэхүү сэтгэл хөдлөл зарим хамаатнаа хэрэгт оруулсныг дурссан юм. Эгч, дүү нар нь Д.Ангар хүүхдээ хараад уйлж байна. Гэтэл ийм сэтгэлийн хөдөлгөөн гаргаагүй нь ямар учиртай вэ гэх асуулгад орсон аж. Хүн хүний сэтгэлийн хөдлөл, илэрхийлэл өөр байдаг нь бичигдээгүй хууль. Анхныхаа хүүхдийг охин, хүү аль нь байх нь хамаагүй гэж бодож байсан. Гэхдээ охин А.Ундрамыгаахүүгэдэгт итгэсэн байжээ. Гэдэсний хэлбэр болон бусад хүмүүсийн хэлж байгааг анхааралтай сонсч, хүлээж авдаг нь залуухан аав, ээжид тохиолддог зүйл. Тиймээс л ууган хүүхэд миньхүүбайна гэдэгт бат итгэлтэй байсан гэнэ. Хүүтэй болно хэмээн эрэгтэй хүүхдийн нэр бодсон байснаа хуучлав. Түүнээс охин, хүү байх нь зүгээр гэдэг бодол тээж байгаагүй ажээ.

 

ЦАГИЙН ЭРХЭЭР БҮДГЭРДЭГГҮЙ АНДУУД АНГАРЫНХ

 

Д.Ангар найз нарынхаа хүчээр өдий зэрэгтэй явж байгаагаа онцолсон. Ажил хэргээр холбогдсон андууд нь өдгөө ч үнэнч хэвээр байдагт тэрээр баярладаг тухайгаа ярив. Цагийн эрхээр бүдгэрдэггүй андууд нь түүнийг өдгөө ч дэмжсээр байдаг. Энэ нь түүний шударга, хөдөлмөрч, нийцтэй байдаг нь найз нартайгаа он удаан жил нөхөрлөх үндэслэл болдог гэнэ. Ямар ч үед багын найз нар сэтгэлд ойр байдаг хэдий ч цагийн аясаар хол байдаг нь анзаарагддаг тухай тэрээр хуучиллаа. Түүний найз нар улс төр, бизнес, санхүү гээд салбар бүрт бий. Харин түүнийг улс төрд хүч үзэх нь гэх хардлагыг эрс няцаав. Учир нь улс төрийг сонирхох нөхцөл гарч байгаагүй гэнэ. Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч улс төрд орохыг хориглосон байна. Тиймээс найз нөхөд, хамтран зүтгэгчид нь түүнийг жинхэнэ төрийн албан хаагч гэдэгтэй санал нийлдэг ажээ.

Альпийн нурууны Монблан оргил

Альпийн нурууны Монблан оргил

БАГШ АНГАР

Д.Ангар ажлын анхны гараагаа Сангийн яамнаас эхлүүлжээ. 2002 онд мэргэжилтнээр ажиллаж эхлэсэн тэрээр Төрийн сангийн газарт ажилладаг байж. Тухайн үедээ Нийслэл болон 21 аймгуудыг хамарсан санхүүгийн систем хийж, түүнийг орон нутгийнханд сурталчлан таниулахад анхаарч ажилласан байна. Энэ үед нь аймаг нийслэлийн төрийн сангийнхан түүнийгБагшаахэмээн хүндэлдэг байв. Түүнчлэн түүнийг хүмүүс Ангар гэхээс илүүтэй Ангараг гэх нь бий. Түүний нэрийн утгыг сонирхоход Эрхүү хотод төрсөн бяцхан хүүд аав ньАнгархэмээх алдрыг хайрласан байна. Магадгүй Ангар мөрөнтэй холбоотой өгсөн болов уу хэмээн хуучилж сууна. Тэрээр 2002 оноос хойш өнгөрсөн сарын 29-нийг хүртэл Сангийн яаманд данстай байсан юм.

Харин өдгөө “Novel Investment” гэх компанийг удирдаж буй. Манайд бизнес хийхэд тийм ч таатай хөрс бүрдээгүй гэдгийг баялаг бүтээгчид хэлдэг. Тэр дундаа хөрөнгийн зах зээлд хөл тавьж, ашигтай ажиллах нь тун чиг бэрх зүйл. Яагаад гэвэл энэ зах зээлийн талаарх иргэдийн ойлголт нимгэн. Гэтэл Д.АнгарСанхүүгийн чиглэлээс өөр ажил хийж чадахгүй юм билээ. Ер нь ч энэ чиглэлийн ажил хийхэд бусад бизнестэй харьцуулбал элдэв тоног төхөөрөмж, байр сав гэхгүй. Компьютер, ширээ сандал, шүүгээ байхад болно. Мэдээж мэргэжлийн брокер, дилер ажиллах хэрэгтэйгэлээ. Тэрээр хөрөнгийн зах зээлд хэрхэн ажиллаж, мөнгө босгож болохыг харуулахыг зорьжээ. Мэдээж ямар арга барилаар ажиллах нь нууц. Энэ бизнес рүү орохдоо манай улсад санхүүгийн зах зээлд ажиллах орон зай, боломж байгааг нуусангүй. Зээ хүүгийнхээ бизнесийг дэмжин урам өгөхөөр түүний өвөө Г.Намхайдорж ерөөл айлтгажээ. Мөн үнэт цаасны данс нээлгэн Засгийн газрын бондоос тавыг авах захиалга өгсөн байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ХӨГЖИХ БОЛОМЖ БИЙ

Манай улсын санхүүгийн зах зээл тийм ч сайн хөгжилтэй биш гэдгийг сүүлийн хэдэн жил мэргэжилтэн, судлаач, эдийн засагчид хэлсээр байгаа. Уг нь аливаа зүйл цогцоороо хөгжснөөр эдийн засагт үр өгөөжтэй байх боломжтой. Ганц хөгжсөн нь банкны салбар. Бусад санхүүгийн салбар нь хөгжөөгүйгээс зээлжих зэрэглэлээ хүртэл дотооддоо тогтоож чадахгүй байгаагийн шалтгаан хэмээн Д.Ангар хэллээ. Манайхан зээлжих зэрэглэлээ тогтоолгохын тулд Америк, Хонгконг, Лондонгийн компаниудад ханддаг. Түүнээс гадна хүний итгэл даагаад ажиллах дотоодын аудитын компани байхгүй байгаа зэрэг олон асуудал түүнийг зовоодог тухай ярьж байсан юм. Биднийг ярилцах зуур үйлчлүүлэгчид тасарсангүй. Хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл, мэдлэг хомс байгаагаас ард түмэн энэ зах зээлийг сонирхохгүй байна гэдэг бодол минь бага боловч сарнисан юм. Хэдийгээр төдийлөн сайн хүрэхгүй байгаа ч санасныг бодоход гайгүй мэдээлэлтэй болсон юм уу гэх бодол төрлөө. Энэ нь Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Эл байгууллага хэрхэн ажиллаж байгаагаас хөрөнгийн зах зээлийн хөгжил шууд хамаарна. Хэрэв энэ зах сайн ажиллавал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх голлох хүчин зүйлийн нэг нь хөрөнгийн зах гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Манай улсын хувьд санхүүгийн салбар хөгжих боломж бийТиймээс энэ салбарт ажиллахаар шийдсэн тухайгаа ярьсан юм. Тэр дундаа хөрөнгө оруулалт, үнэт цаасны салбарт ажиллахаар шийдсэн байна. Бизнес эрхлэхэд хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. Үүний тулд банкнаас бус хөрөнгийн захаас мөнгө босгох боломжийг хүмүүст таниулахын төлөө ажиллахаар шийджээ. Түүний толгойлж буй “Novel investment” компани энэ салбарт хүч үзэхээр болсон шалтгаан ердөө л энэ. Мэдээж азаа туршиж, харанхуй нүх рүү ороогүй. Тиймээс дунд хугацаандаа санхүүгийн салбарын томоохон тоглогч болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.

Биднийг ярилцаж суух зуур үйлчлүүлэгчид ирсээр байсан юм. Хэдийгээр бизнесээ эхлээд цөөхөн хонож байгаа ч хүмүүсийн хандалт гайгүй, дансанд мөнгө орж байгаа нь урам, эрч хүчийг өгч байгааг онцолсон. Төрийн албанд 14 жил зүтгэсэн залуу бо­лов­сон хүчин маань нэг хэсэг­тээ завсарлага авч, хувийн бизнесээ өргөжүүлэхээр сэтгэл шулуудсан байна. Түүний эрхэлж буй бизнес эдийн засагт гол хүч, том түлхэц болох учиртай. Тиймээс алдаж, бас зогсч болохгүй хүрдийг эргүүлсэн Д.Ангар­таа ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

Rochi
2016 оны 12-р сарын 1

If your arlcites are always this helpful, “I’ll be back.”

Teige
2016 оны 12-р сарын 3

You mean I don’t have to pay for expert advice like this ane?mryo!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *