Хөрөнгийн бирж

3-р сарын 15, 2016 9:07 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 93
angar

Санхүүгийн зах зээл буюу тэнцвэр 

Хөрөнгийн бирж гэж юу вэ? Энгийнээр үүнийг санхүүжилт босгодог олон нийтийн талбар гэж ойлгож болно. Санхүүжилт шаардлагатай төслүүдийг илүүдэл хуримтлалтай хөрөнгө оруулагч нартай уулзуулдаг үнэт цаасны брокеруудын сүлжээ юм. Үүсэл гарлын хувьд хөрөнгийн бирж нь Англи, Голландын колончлолын үетэй холбогддог. Усан онгоц шинээр барих, буу шийдэм худалдан авах, цэрэг татах зэрэг санхүүжилт ихээр шаардагддаг колончлолын үйл ажиллагаанд анх хувьцаа гаргаж их хэмжээний санхүүжилт татаж чадсан нь дэлхийн хамгийн хүчирхэг Британийн Эзэнт Гүрэн  (British Empire)-г бий болгоход чухал нөлөө үзүүлжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн том биржүүд нь АНУ, Их Британи, Япон улсуудад байх бөгөөд үүнээс өндөр хөгжилтэй улсуудад хөрөнгийн бирж нь хамгийн их хөгжсөн байдаг юм гэсэн өнгөц дүгнэлт хийж болохоор харагдаж байна. Тэгэхээр энэхүү асуудлыг илүү дэлгэрүүлэн авч үзье. Хөрөнгийн биржийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь тухайн биржээр дамжин бий болсон санхүүжилтийг тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаагаар харж болно.

Дээрх хүснэгтээс авч үзвэл хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсуудын хувьд хөрөнгийн биржээр дамжин бий болсон санхүүжилт буюу тухайн биржийн зах зээлийн үнэлгээ нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцүү эсвэл дээгүүр байдаг байна. Үүнээс л хөрөнгийн биржийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг харж болно. Хөрөнгийн биржийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны, өртөг багатай санхүүжилтийг шийдэж чаддагт байгаа юм. Аж ахуйн нэгж компаниуд санхүүжилтийн шийдлээ зөв олсноор өртөг зардлаа бууруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, зах зээлд нэр хүндээ өсгөх, хэрэглэгчдийн хүрээг тэлэх зэрэг давуу талуудыг хөрөнгийн биржээс олж авдаг байна. Иймээс л тухайн улсын хамгийн том компаниуд нь тухайн улсынхаа Хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. Тухайлбал, Японы Toyota, Sumitomo, Honda зэрэг хамгийн том компаниуд бүгд Японы хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй байдаг бол мөн АНУ-ын Walmart, Apple, General Motors зэрэг хамгийн том компаниуд бүгд л Нью-Йоркийн Хөрөнгийн Бирж эсвэл NASDAQ биржид бүртгэлтэй байдаг. Хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгж, компаниудын гол шаардлага нь нээлттэй ил тод байдал, компанийн сайн засаглал байх бөгөөд энэ нь эргээд тухайн компаниудын удирдлага, үр ашгийн тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг.

Харин Монгол Улсын хувьд байдал ямар байна вэ? 2016 оны 1 дүгээр сард 25 жилийн ойгоо тэмдэглэсэн Монголын Хөрөнгийн биржийн хувьд асуудал нь анхнаасаа өөр замаар өрнөжээ. 1 дүгээрт, Монголын Хөрөнгийн биржийг санхүүжилт босгох талбар гэхээсээ илүүтэй төрийн өмчийг иргэдэд үнэгүй хувьчлах талбар байдлаар эхлүүлснээр биржийн гол зорилго нь алдагдаж энэ нь өнөөг хүртэл засагдахгүй хэвээр байсаар байна. 2005 оноос хойшхи хугацаанд дөнгөж 10 гаруй компанийн шинэ хувьцаа шинээр арилжигдсанаас хамгийн том нь болох Анод банк ХК, Зоос банк ХК-иуд нь дампуурчээ. Хоёрдугаарт, Монголын хамгийн том аж ахуйн нэгжүүд ч хөрөнгийн биржээс гадуур ХХК байдлаар сонирхол өнөөдрийн хүртэл давамгайлсаар байна. Хамгийн харамсалтай үзүүлэлт нь Алтан Тариа, НИК, Спирт бал бурам зэрэг томоохон хувьцаат компаниуд өмнө нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй байсныгаа цуцалсан байна. Гуравдугаарт, өнөөдрийг хүртэл банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлого хангалтгүй явснаар Монголын Хөрөнгийн биржийн нийт санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээ хоёр хувиас хэтрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Дараагийн дугааруудаар Монголын зах зээлийг хөгжүүлэх боломж, шийдлүүдийн талаар нийтлэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин