Хурд сааруулагчгүйгээс хүүхдүүд зам тээврийн осолд өртсөөр байна

5-р сарын 15, 2017 9:09 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 8
1195442322195589779ryanlerch_Speed_Bump_Sign.svg.med

М.ЗҮЙР

Монгол Улсын хүн амын 11 хувь, нийслэлчүүдийн дөрөвний нэг нь Баянзүрх дүүргийн иргэн. Өөрөөр хэлбэл, тус дүүрэгт 330 гаруй мянган хүн амьдарч байна гэсэн үг. Мөн улсын чанартай томоохон зах, худалдааны төв, төрийн өмчийн байгууламж чухал обьект байршдаг олны хөл хөдөлгөөн төвлөрсөн нутаг дэвсгэр юм.

Хүн амын тоо өсөхийн хэрээр сүүлийн үед тус дүүргийн сургууль, цэцэрлэг болон төвлөрсөн байршлуудын гол гудамж, зам дагуу зам тээврийн осол гарах нөхцөл өндөр болжээ. Судалгаанаас харахад энэ оны эхний гурван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдсан бөгөөд хоёр нь Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн тоо бусад дүүрэгтэй харьцуулахад их байдаг аж. Иргэд болон эцэг эхчүүдийн зүгээс хүн ам олноор төвлөрсөн газруудад, ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчинд хурд сааруулагч тавиулах хүсэлтийг их гаргадаг юм байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга П.Сумьяасүрэнгээс тодрууллаа.

Эцэг эхчүүдээс сургуулийн ойр орчмын замд хурд сааруулагч тавиулах хүсэлт их байдаг гэсэн. Энэ тал дээр дүүрэг чухам ямар ажил хийж байна бэ?

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байгаад өртдөг байна. Судалгаанаас харахад хүүхдүүд зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг хэдий ч жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй байдаг. Тиймээс дүүргийн Засаг даргын Тамгын газраас замын хөдөлгөөний эрчим өндөр, хэрэг зөрчил ихээр гардаг 28 байршлын судалгааг гаргаж Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүргүүлээд байгаа.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын сааруулагчгүй буюу хүүхдэд эрсдэлтэй зам, уулзвар 28 байна гэсэн үг үү?

Тийм ээ. Энэ байршлууд бол маш эрсдэлтэй буюу зайлшгүй хурд сааруулагч, замын тэмдэг тэмдэглэгээ, хайлс хашлага хэрэгтэй байгаа газрууд гэсэн үг. Жишээ нь, 48 дугаар сургуулийн хойд зам, Орос цэргийн оршуулгын хойд талын автобусны буудлын гарц, 79 дүгээр сургуулийн урд зам, Батлан хамгаалахын их сургуулиас Улаан­хуарангийн эцэс хүртэлх замд гэх мэтчилэн 28 байршил байгаа юм. Мэргэжлийн байгуул­лагаас хийсэн судалгаагаар тус дүүрэгт зам тээврийн осол хамгийн их гардаг бөгөөд 2015 оны байдлаар 262 хүүхэд зам тээврийн осолд өртөж гурван хүүхэд амь насаа алдсан байдаг. Өнгөрөгч онд нийт 251 хүүхэд осолд өртсөн байх жишээтэй.

Та бүхэн санал хүргүүлж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэсэн хэдий ч үр дүн л  хамгийн чухал?

-Тэгэлгүй яахав. Эхний ээлжинд дүүргийн Тамгын газар, Замын цагдаагийн хэлтэс хамтран судалгаа хийж шинээр хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээ хийх шаардлагатай байгааг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, дүүрэг судалгаагаа хийж, саналаа хүргүүлдэг боловч дээд шатны холбогдох байгууллагуудаас шийдвэрлэх хугацаа урт, удаан байдаг. Гэтэл зам тээврийн осол гэдэг хэдхэн минут, секундийн л асуудал байдаг шүү дээ. Манай улс замын хөдөлгөөний аюулгүй байдлын хүндхэн нөхцөлтэй улс орны тоонд ордог. Гурван сая гаруй хүнтэй боловч 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 1.5 сая орчим жолоочтой. Тиймээс шаардлагатай байршлуудад авто замын хурд сааруулагч, тэмдэг, тэмдэглэгээг байршуулснаар замын хөдөлгөөний ослын тоо буурах, явган зорчигч авто замаар саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ. Ер нь зам тээврийн ослын хохирогчдын 10 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болдог гэсэн судалгаа байдаг юм билээ. Тийм учраас замын хөдөлгөөний аюулгүй байдал зайлшгүй анхаарах асуудал мөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *