Хунгийн хувцасны хувьсал

5-р сарын 7, 2018 12:39 pm Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 12
_MG_6901

Ч.ГАНТУЛГА

Бүжгэн жүжиг тэр тусмаа “Хунт нуур” гайхалтай. Тэнгэрт дүүлэн нисэх мэт үзэсгэлэнтэй хун бүсгүй дэвнэ. Үнэнч хайрын бэлгэдэл болсон тэднийг харин ямар хувь заяа хүлээж байгаа бол. Балетын урлагийн оргил нь “Хунт нуур” билээ. Өмнө нь театрын хаалгаар орж үзээгүй бяцхан хүүхэд ч бүжгийн хувцастай жүжигчдийг хараад шууд л “Хунт нуур” гэж мэддэг. Тэгвэл тэднийг хун болгон хувиргадаг дэрэвгэр хормойтой шидэт өмсгөлийнх нь тухай бид хэр мэддэг билээ. Хун гэхээр яа­гаад бөөрөнхий, эгц хормой­той даашинзаар гоёдог юм бол. Балетын урлагийг XV зуунаас эхтэй гэж үздэг. Мэргэжлийн бүжигчин болохын тулд багаасаа бэлтгэгддэг учир тэдний бие, бялдар  хамгийн төгс байдаг. Төгс биеийн гоо сайхныг илүү тодруулдаг балетын хувцас олон онцлогтой аж.

ЭНЭ ЦАГИЙН БҮЖИГЧИД ТЮТЮГЭЭР ГОЁДОГ

Анх балетын хувцас урт, шулуун байж. Энэ нь бүжигчдийн хөдөлгөөнд саад учруулж, урт үзэсгэлэнтэй хөлийг нь нууж  байсан учир он цагийн эрхэнд богиноссоор өнөөгийн загвар руу дөхсөн байдаг. Энгэр нь битүү байсан бол бүжигчний нарийхан хүзүү, тэгшхэн мөр, урт хурууг илүү тод харагдуулах гэж загвар нь илүү задгай тал руугаа хөгжсөн түүхтэй. Харин энэ цаг үед “Хунт нуур” балетын бүжигчид тютю өмсдөг. Энэ нь тал тал тийшээ эгц байдлаар дэрвийсэн богино хормойтой даашинз. Энэ хувцас хурууныхаа үзүүр дээр тогтон өөдөө тэмүүлж буй бүжигчний дүрийг ч энэ нь улам тодруулдаг. Дэрэвгэр хормойтой тютю тийм ч амар өнөөгийн дүр төрхөө олсонгүй. Эхэндээ төмөр цагираг ашиглан хормойгоо дэрвийлгэж, корсет өмсөн бэлхүүсээ тодруулдаг байсан учраас эмэгтэй бүжигчдэд амаргүй байв. Тэдэнтэй хамтран бүжиглэж байгаа эрчүүд ч өргөх, тэврэх хөдөлгөөн хийхэд бэрхшээлтэй байжээ. Тиймээс энэ бүхнийг шинэчлэх тэмүүлэл үргэлжилсээр XIX зуунд өнөөгийн төрхөө олсон байдаг.

2013 ОНД ХУНГИЙН ХУВЦСЫГ ШИНЭЧИЛЖЭЭ

Энэ урлаг жинхэнэ сонгодог хэлбэрээрээ хөгжиж байгаа цөөхөн орны нэг нь Монгол билээ. Тиймээс дөнгөж оргилж буй ариун дагшин булагтай зүйрлэх нь бий. Өдрийн ихэнх цагийг бэлтгэлийн зааландаа өнгөрөөдөг манай бүжигчид ч тютюгээр гоёдог. Анхны тэргүүн хун Ю.Оюун агсны үеэс өмсч байсан хунгийн хувцас хийц загварын хувьд төдийлөн өөрчлөгдөлгүй, хэв шинжээ агуулсаар өдийг хүрчээ. Харин энэ хугацаанд хэд хэдэн удаа шинэчлэл хийсэн байдаг. Хамгийн сүүлд 2013 онд театрын захи­рал Ч.Мөнхзулын санаа­чил­гаар шинэчил­жээ. Тэрээр “2013 онд хун­гийн хувц­сыг шинэчилсэн. Мөн 2016 онд 24 ширхэг эмэгтэй өмсгөл авсан байдаг.  Манай оёдолчид хунгийн хувцасны зөвхөн цээж хэсгийг өөрсдөө оёдог. Харин доод хормойг нь худалдаж авдаг” гэсэн юм. Хормойг эгц байлгахын тулд тор, төмөр, хуванцар ашигладаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *