Хөлбөмбөгийн ДАШТ эхэллээ

6-р сарын 14, 2018 10:07 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 58
world_cup_2018_ap_416317339250_b

Х.ОЮУНБОЛД

Өнөөдөр хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн өдөр. Тэд ОХУруу хараа сунган, дэлгэцийнхээ өмнө сууж хайртай баг, тамирчдаа дэмжинэ. ДАШТий эргэн тойронд өрнөж буй мэдээллийг хүргэе.

БАГУУД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА

ДАШТ-д оролцох орны шигшээ баг ОХУ-д ирж, бэлтгэл сургуулилтдаа ороод байна. Тухайлбал, Португаль, Франц, Испани, Мексик, Египет, Саудын Араб, Панам, Серб, Дани, Швейцарь, Австралийн баг иржээ. Харин өчигдөр Колумбийн шигшээ баг Казань хотод ирлээ гэж тус багийн сэтгүүлч Александра Руэда цахим хуудастаа бичсэн байна. Колумбийн шигшээ Японы багтай энэ сарын 19-нд Саранск хотод тоглох юм. Харин Сочи хотод ирсэн Бразилийн шигшээ багийн довтлогч Неймар тэмцээний өмнөх анхны бэлтгэл сургуулилтыг үзэж дэмжсэн ОХУ-ын шүтэн бишрэгчиддээ баярласнаа илэрхийлжээ. Тэрээр “Энд бүх юм төгс сайхан байна. Биднийг үзэж, дэмжиж байгаа шүтэн бишрэгчиддээ хайртай.  Биднийг дэмжиж байгаад баяртай байна” гэснийг Бразилийн хөлбөмбөгийн холбоо мэдээлжээ. Тэдний бэлтгэл сургуулилтыг  ойролцоогоор 4000 хүн үзсэн байна. Бразилийн шигшээ нөгөөдөр Доны Ростов хот руу явах юм байна. Тэд 17-нд Швейцарийн багтай тоглоно.

ТЭМЦЭЭНИЙ ӨМНӨ ХӨЛБӨМБӨГЧИД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ

Тэмцээн эхлэхийг хүлээж алдартай хөлбөмбөгчид далайн эрэгт биеэ шарж, дэмжигчиддээ гарын үсгээ зурж өгөх, Грозный хотын цэнгэлдэх хүрээлэнд очих зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа зурагаа цахим орчинд тавьж эхэлжээ. Тухайлбал, Бразилийн хөлбөмбөгчин Неймар, Филипп Луйс нар Сочид далайн эрэгт наранд биеэ шарахаар шийджээ. Доод Новогород хотод байгаа Уругвайн шигшээгийнхэн бэлтгэл сургуулилтын дараа дэмжигчидтэйгээ зурагаа авахуулах, гарын үсгээ зурах гэх мэтээр цагийг өнгөрүүлж байна. Мөн Египетийн шигшээгийн довтлогч Мохамед Салах Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыровтой уулзаж, цэнгэлдэх хүрээлэнд нь зочилжээ. Мөн Францын шигшээгийн тоглогч Антуан Гризмман зочид буудлын өмнө сельфидсэн зурагаа цахим ертөнцөд нийтэлсэн байна. Аргентины алдарт хөлбөмбөгчин Лионель Месси багийнхаа бусад тоглогчийн адил орос шүтэн бишрэгчиддээ гарын үсгээ зурж өгч байгаа аж. Харин Испанийн шигшээгийн ахлагч Серхио Рамос инстаграммдаа  Крас­нодор хотын барилгын ханыг чимэглэж байгаа түүний зургийг авч ний­тэл­сэн байна. Германы хөлбөмбөгчин Месут Озиль дор нь оросоор ОХУ, түүний ёс заншил,соёлтой танилцахыг хүсч байгаагаа бичсэн зургийг цахим хуудастаа тавьжээ.

ХАГАС ШИГШЭЭД ҮЛДЭХ БАГИЙГ НЭРЛЭВ

Манчестер Юнитед багийн дасгалжуулагч Жозе Моуринью хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм, хагас шигшээ тоглолтод үлдэх багуудыг нэрлэсэн байна. Тэрээр “Уругвай, Португаль, ОХУ, Испани, Франц, Нигери, Аргентин, Австрали, Бразил, Герман, Бельги, Сенегалын баг үлдэнэ гэжээ. Харин хагас шигшээд Бразил,Португаль, Герман, Аргентин шалгарна” гэж таамаглаж байгаагаа хэлсэн байна. Түүнчлэн Франц, Пор­тугаль, Герман, Испа­нийн баг таарах магад­лалтай. Герман, Испа­нийн  баг таарч тогловол хоёр сайн баг хоорондоо тоглоно гэсэн үг гэв.

МЕКСИК ДУУЧИД НЭЭЛТЭД ОРОЛЦОНО

Мексикийн дуурийн алдарт сопран дуучин Оливиа Горра, баритон дуучин Армандо Пена Лопес нар төгөлдөр хуурч Рогелио Риохастай хамтран хөлбөмбөгийн ДАШТ эхлэхээс өмнө Москвад тоглоно гэж телевизийн “Мир 24” суваг мэдээллээ. “Мексикийн гайхалтай дуу” нэртэй тоглолт олон улсын дуу хөгжмийн “Дууны ертөнц” XVI наадмын хүрээнд Москвагийн  Консер­вативийн Ражманиновын нэрэмжит танхимд болсон байна. Тэд ДАШТ-ий нээлтийн үеэр дуулах аж. Тэднээс гадна ОХУ, Саудын Арабын шигшээ багийн тоглолтын өмнө дуучин Робби Уильямс, ОХУ-ын дуучин Айда Гаруфиллина, Бразилийн хөлбөмбөгчин Роналдотой хамт 80 мянган үзэгч цугларах Лужник цэнгэл­дэх хүрээлэнд дуулах юм байна. Дуучин Робби Уильямс хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд дуулахыг хүүхэд байхаасаа хүсдэг байсан гэж ярьжээ.

В.ПУТИН ХУРАЛД ОРОЛЦЖЭЭ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр дэлхийн хөлбөмбөгийн холбооны 63 дахь удаагийн  хуралд оролцсон гэж Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Мөн түүнийг  хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан алдарт дуурийн дуучдын  тоглолтод оролцоно гэсэн байна. Тэрээр энэ удаагийн ДАШТ-д Испанийн баг түрүүлэх багийн нэг гэж үзэж байгаагаа сэтгүүлчдэд ярьсныг “EFE” агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *