Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуут дохиотой болох тэгш хүртээмжийг хүсэв

12-р сарын 4, 2018 9:39 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 5
47358935_322758235002888_8815869212007333888_n-e1543843490141

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллаас 500 гаруй төлөөлөгчийг хамруулсан үндэсний хэмжээний томоохон чуулганыг зохион байгууллаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад төр, ТББ-ын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болсон чуулганы үеэр салбарын төлөөллүүд өргөн хүрээтэй  олон чухал асуудлыг хөндөж байв.

Манай улсад 103.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь хүн амын гурван хувьтай тэнцэж буй учраас тэдэнд төрийн үйлчилгээг тэгш хүргэх, хөгжих, хөдөлмөрлөх эрхийг хангах боломж, нөхцлийг бүрдүүлэх нь чуулганы зорилго оршиж  байна.

12 МЯНГА ГАРУЙ ИРГЭНД 8.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

 Чуулганы эхэнд ХНХ-ын сайд С.Чинзориг төрийн бодлого шийдвэрийг танилцууллаа. Тэрээр “УИХ-аас 2016 онд  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан нь бусдын адил нийгмийн харилцаанд оролцох, боломжийг бүрдүүлэхэд томоохон түлхэц үзүүлсэн. Мөн ХНХ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан нь хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зэрэг чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа” гэдгийг илтгэлдээ дурьдсан юм.

Мөн ХНХ-ын яамнаас баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2017-2018 онд 12 мянга гаруй иргэнийг хамруулж, 8.6 тэрбум төгрөг зарцуулсныг онцлоод, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний бусдаас онцлог, өвөрмөц хэрэгцээ шаардлагыг гэр бүл, ойр дотныхон, нийгэм хамт олны оролцоо дэмжлэггүйгээр бүрэн хангах боломжгүй. Тиймээс Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөөх ТББ-уудтай хамтран ажиллахыг илүү үр дүнтэй гэж үзэж байна.  Монгол Улсад 19.3 мянган ТББ үйл ажиллагаа явуулж байгаагийн 600 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай. Төрөөс дэмжлэг хүссэн байгууллага бүртэй гэрээ байгуулан санхүүжилт олгох боломж хомс. Тиймээс ТББ-ууд төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхийн тулд өөрсдөө хөгжих, чадавхижих, зохион байгуулалтаа боловсронгуй болгох, аль нэг чиглэлээр дагнан мэргэших хэрэгтэй. Иргэдийн оролцоо, хяналтгүй ТББ-ын үйл ажиллагаанд төрийн үйлчилгээг хариуцуулах боломжгүй” гэлээ.

ААН-ҮҮД НИЙТ АЖЛЫН БАЙРНЫХАА ДӨРВӨӨС ДЭЭШ ХУВЬД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН АЖИЛЛУУЛНА

 Чуулганд ирүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын илгээлтэд  хөгжлийн бэршээлтэй иргэдийг дэмжих чиглэлээр баталсан эрх зүйн баримтын  хэрэгжилт хангалтгүй байгааг дурьджээ.

Чуулганы үеэр 25 ба түүнээс дээш ажилтантай ААН-үүд нийт ажлын байрныхаа дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах заалтыг хэрэгжүүлээгүй бол сар бүр төлбөр авч санд төвлөрүүлэх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, жирийн хүмүүстэй ажиллах, амьдрах боломжийг бүрдүүлэхэд зарцуулах асуудлыг хөндсөн юм.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, зургаан аймагт нэмж байгуулахаар болсон. Ирэх онд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхдэд өдрөөр үйлчилгээ үзүүлэх, 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай иж бүрэн төв, Спорт цогцолбор барих бэлтгэлийг хангаж байгаа аж. Засгийн газраас 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд 21.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн эдгээр иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Үүнээс гадна чуулганд оролцогчид нэн тэргүүнд нийгмийн тэгш, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай. Тухайлбал, гэрлэн дохиог дуут дохиотой болгох, томоохон ААН, байгууллагуудыг налуу замтай болгох зэрэг нийгмийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг энгийн иргэдийнхтэй адил байлгахад анхаарах санал хэлж байв.

Тухайлбал, иргэн С.Алтанцэцэг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, үйлдвэрлэлийн төвд 34 жил ажиллаж байна. Ам бүл 3, ганц би ажил хийдэг. Цалингаасаа зээлээ төлөөд, байрны түрээсээ төлж, амьжиргаагаа залгуулдаг. Сүүлийн үед бараа, бүтээгдэхүүний үнэ өсч,амьжиргаагаа залгуулахад туйлын хүнд боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг 240 мянган төгрөгөөр тогтоодог. Энэ нь амьдралаа залгуулахад хүндрэлтэй” гэлээ.

Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан, “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр иргэний нийгмийн болон ТББ-уудын үйл ажиллагаа хангалтгүй байна. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 500 гаруй ТББ байгаа нь бидний хүч хэт тарамдсан байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэ бүх байгууллагыг нэгтгэн зангидаж, төрдөө нэмэлт хүч болон ажиллах нь туйлын чухал. Төрийн зүгээс ч ТББ-уудтай гэрээ байгуулах чиглэлээр ч зүтгэл гарган ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин С.УЯНГА

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *