Худалдсан “бараа”-гаа буцааж авахад нь хуулийн мафийнхан оролцдог уу?

11-р сарын 13, 2018 7:20 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 16
11-12-1

Б.ДАМДИН-ОЧИР

ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ

Ерөөс Салхитын мөнгөний ордын хайгуулын гурван лиценз бүхий “Жи Пи Эф” ХХК-ийг 800 мянган ам.доллараар худалдсан Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар буцааж авахын тулд хэд хэдэн арга хэрэглэсэн байгаа нь баримтаас харагдаж байгаа юм.

Нэгдүгээрт, “…Хувь­цаа худалдсан гэрээ, эрх шижлүүлэх гэрээн дэх гарын үсэг хуурамч  байна. Нотариатч байхгүй хүний гарын үсгийг баталгаажуулсан байна” гээд шүүхэд ханджээ.

Ш.Мөнгөншагайгийн шүү­хэд гаргасан нэхэмж­лэлд “……Нотариатч М.Саранцэцэг нь Нотариатын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн. Нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайгийн эзгүйд “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгч Ш.Мөнгөншагайн зөвшөөрөл байхгүй байхад “Жи Пи Эф” ХХК-ийн 40 хувийн хувьцаатай холбоотой Г.Жаргалангийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хүчин төгөлдөр бус, хуурамч Хувьцаа худалдах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг 2012 оны долдугаар сард үйлдсэн боловч Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг зөрчих зорилгоор гэрээнүүдийн огноог 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болгож өөрчилсөн. Нотариатч М.Саранцэцэг болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хууль бус үйлдлүүд нь нотлох баримтаар нотлогдсон” гэсэн байгаа юм.

Үүнийг нь шүү­хийн шинжээчид “дэмжиж”, нотариатаар батал­гаажуулсан Ш.Мөнгөн­шагайгийн гарын үсэг асуудалтай гэсэн дүгнэлт гаргаснаар хэрэг асуудлыг улам бүр ээдрээтэй болгосон байна. Уг нь 2009 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4.1.Шүү­хийн шинжилгээ хий­хэд дараахь зарчмыг баримтална: 4.1.1.хууль дээдлэх; 4.1.2.хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; 4.1.3.хараат бус байх; 4.1.4.нууцыг хадгалах; 4.1.5.шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх гэж заасан байдаг байна. Гэвч ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Бичиг, баримтын шин­жилгээний лабораторийн мэргэшсэн шинжээч Э нь 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн  4433 дугаартай шинжээ­чийн дүгнэлтээр  “…Ш.Мөн­гөн­шагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд бай­гуу­лагдсан гэх 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдагч …Шарав овогтой Мөнгөншагай гэсний ард зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Щ.Мөнгөншагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна”, 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний компанийг үүсгэн байгуулагч “…Шарав овогтой Мөнгөншагай” гэсний ард зурагдсан гарын үсэг Ш.Мөнгөн­шагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна.

… 2012 оны дол­дугаар сарын 30-ны өд­рийн 05 тоот хувьцаа эзэм­шигчдийн шийд­вэрийн “Хувь­цаа эзэмшигч Ш.Мөнгөн­шагай гэсний өмнө гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Гэтэл Ш.Мөнгөн­шагай нь гарын үсгээ санаатай болон санам­саргүйгээр олон янзаар зурдаг болохыг хэрэгт авагдсан материалуудаас харж болохоор байгаа аж.

Харин шинжээчийн дүгнэлтэд түүний гэх нэг хуудас дүүрэн гарын үсэг нь нэг ижил хэлбэртэй. Өөрөөр хэлбэл, дээрх бичиг баримтад зурсан шигээ олон янзаар зураагүй байна.

Иймд шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарах боломжгүй тул түүнийг “хөдөлбөргүй үнэн нотлох баримт” гэж үнэлэх боломжгүй юм байна.

Дээрх баримтуудаас харахад нэхэмжлэгч нь нэг бол өөрийн гарын үсгийг ийм олон янзаар зурдаг эсвэл зориуд өөр этгээдээр зуруулдаг гэж үзэхээр байгаа юм. Нэгэнт Ш.Мөнгөншагай нь компанийг шилжүүлэхтэй холбоотой бүх бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Г.Жаргаланд олгосон бөгөөд Г.Жаргалан нь энэ бүх хэлцлийг биечлэн хийсэн тул Ш.Мөнгөншагайн өмнөөс өөр хүн гарын үсэг зурсан байсан ч түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй болж таарч байгаа юм.

Харамсалтай нь шат шатны шүүх энэ дүгнэлтийг үндэслэл болгоод явчихсан байна.  Уг нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх үүрэгтэй юм. Энэ үүргээ давж заалдах шатны шүүх хэрэгжүүлж чадаагүй гэж “Си Си Эм Икс” ХХК-ийнхан үзсэн байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны долдугаар сарын 29-ний өдрийн 4433 дугаартай шинжээ­чийн дүгнэлтээр Ш.Мөнгөншагай болон “Си Си Эм Икс” ХХК-ийн хооронд байгуулсан гэх 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Жи Пи Эф” ХХК-ийн 60 хувийн хувьцаатай холбоотой “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдагч …Шарав овогтой Мөнгөншагай гэсний ард зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч Щ.Мөнгөн­шагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна”, 2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний компанийг үүсгэн байгуулагч “…Шарав овогтой Мөнгөншагай” гэсний ард зурагдсан гарын үсэг Ш.Мөнгөн­шагайгийн гарын үсэг, гар бичвэрийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлтээр маргааны гол баримт болж байгаа хоёр гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтооход ач холбогдолтой гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх энэ дүгнэлтийн талаар огт дурдалгүй орхисон атлаа 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн “Хувь­цаа эзэмшигч Ш.Мөнгөн­шагай гэсний өмнөх гарын үсгэнд хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэсэн шинж илэрсэн байх тул шинжилгээнд тэнцэхгүй гэсэн хэсгийг “шин­жилгээнд тэнцэхгүй” гэснийг “Ш.Мөнгөн­шагайн гарын үсэг шинжилгээнд тэнцэхгүй” гэх бүхэл утгаар хууль бус дүгнэлт хийжээ. Энэхүү дүгнэлт нь эсэргээрээ Ш.Мөнгөншагайн гарын үсгийг хуулбарлаж, хэвлэгчээр хэвлэн гэрээнд оруулсан хууль бус ажиллагааг нотолсон баримт юм. Нөгөөтэйгүүр хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргах, няцаах, дахин шинжээч томилох хүсэлт гаргаагүйг шүүх анзаарсангүй.

Ингэснээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болж таарч байгаа юм.

Улсын Дээд шүүх ч “…Хариуцагч тал нэхэмж­лэгч Ш.Мөнгөншагайг гарын үсгээ өөр өөрөөр зурдаг гэж гарын үсгийн хэлбэрийн талаар маргасан боловч гар бичвэрийн зөрүүтэй байдлын талаар ямар нэг тайлбар өгөөгүй, шинжээчийн дүгнэлтийг баримтаар үгүйсгээгүй, шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй болно.

“Жи Пи Эф” ХХК-ийн хувьцааны 60 хувийг “Си Си Эм Икс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн гэх дээрх хоёр гэрээнд Ш.Мөнгөншагай гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй тохиолдолд шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ” гэж шийдсэн байна.

Харин хариуцагч “Си Си Эм Икс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа “…Маргаан бүхий гэрээнүүдийг үнэн зөв болохыг гэрчилсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нотариатч М.Саран­цэцэгийн шүүхэд өгсөн тайлбарт Ш.Мөнгөн­шагай, Г.Жаргалан нар нь өөрсдөө ирж, хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан болохыг баталдаг.

…Компанийн тухай хуулиар компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь өөрийнх нь хувьцаа бусдад шилжсэн болохыг огт мэдэлгүй бүтэн дөрвөн жил өнгөрөх ямар ч боломжгүй.

…Нэгэнт Ш.Мөн­гөншагай нь компанийг шилжүүлэхтэй холбоотой бүх бичиг баримт бүрдүүлэх, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Г.Жаргаланд олгосон бөгөөд Г.Жаргалан нь энэ бүх хэлцлийг биечлэн хийсэн тул Ш.Мөнгөншагайн өмнөөс өөр хүн гарын үсэг зурсан байсан ч түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм” гэсэн байна.

Хамгийн гол нь нотариатч М.Саранцэцэг 2016 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр өмгөөлөгч Банзрагч гэдэг хүн утсаар холбогдон Мөнгөншагай гэдэг хүний нэхэмжлэлтэй хэргийн талаар ярьж, түүний нэхэмжлэлийг надад танилцуулсан. Уг нэхэмжлэлд дурдсанаар Ш.Мөнгөншагай нь өөрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй, ийм гэрээ хийгдсэнийг огт мэдээгүй мэтээр бодит байдлыг дэндүү гуйвуулан бичжээ. Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Отгоо, мөн эрэгтэй, эмэгтэй хятад хүмүүс миний таньдаг Бямбарагчаа гэдэг эмэгтэйн хамт над дээр ирсэн тул бодит байдлыг маш сайн санаж байна.

Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай нар нь өөрсдөө биечлэн ирж, “Жи Пи Эф” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын гэрээг батлуулсан юм. Уг компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Г.Жаргалан нь 40 хувь, Ш.Мөнгөншагай нь 60 хувийг тус тус эзэмшиж байсан. Хоёулаа өөр өөрсдийн хувьцаагаа бусдад шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Тэд өөрсдөө миний өрөөнд ирээд, гэрээгээ уншиж танилцаад, хүсэл зоригоо илэрхийлээд ямар нэг татгалзал, дарамт шахалтгүйгээр гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ өгөөд гэрээний ар талд нь хуулбарлуулан гэрчлүүлж бүртгүүлсэн. Иймд миний хувьд Нотариатын хуулийг зөрчиж хууль бусаар гэрээ гэрчилсэн зүйл байхгүй.

Гэрээний он, сарын тухайд талууд өөрсдөө надаас “Манай компани ямар ч ашиггүй байгаа, хөрөнгө оруулагч олдсон дээр нь бушуухан шилжүүлмээр байна, он сарыг нь урагшлуулах хэрэгтэй байна” хэмээн гуйсан. Хамгийн гол нь гэрээ байгуулах үед талууд бүгдээрээ байсан. Гарын үсгээ зурсан, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Гэрээний агуулга нь яг адил байсан тул он, сарыг өөрчилсөн гэрээн дээр нь би тамга тэмдгээ дарсан. Гэхдээ энэ нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл биш учир аль аль гэрээ нь хүчин төгөлдөр юм.

Г.Жаргалан, Ш.Мөн­гөн­шагай нар компаниа шилжүүлж байх үед хуучин Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан. Уг хуулиар үнэн хэрэгтээ хувьцаа эзэмшигчдийн буюу үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахад ямар нэг гэрээ шаардлагагүй байсан. Одоогийн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар хуулийн этгээдийн эрх шилжүүлэхэд “Иргэний хуульд заасан гэрээ” л гэсэн байгаа. Иргэний хуулиар энэ төрлийн гэрээг заавал батлуулах, өөрөөр хэлбэл, нотариатчаар батлуулж байж хүчин төгөлдөр болох тухай зохицуулалт байхгүй. Иймд заавал батлуулах шаардлагагүй гэрээг талууд өөрсдөө хүссэн тохиолдолд батлуулж болдог. Өөрөөр хэлбэл, гэрээг хэдийд ч байгуулж болно. Түүнийгээ хэдийд ч батлуулж болно.

Иймд дээрх гэрээнүүдийг баталсан миний үйлдэл нь үнэн зөв бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Харин Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан яаж ингэж ичгүүр сонжуургүй худлаа ярьж, бусдыг гүтгэж байгаад үнэхээр гайхаж байна. Хэрвээ үнэхээр шаардлагатай бол би шүүх дээр энэ хүмүүстэй нүүрэлдүүлэн байцаалт өгч болно” гэжээ.

Мөн тэрээр Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст энэ талаар мэдүүлэхдээ “…Би тухайн үед хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж гэрээг гэрчилсэн. Тухайн компанийг шилжүүлэхэд тухайн компанийн эзэмшигч бүх хүмүүс бүгд байж байгаад гэрээг хийсэн. Тэр үед Г.Жаргалан, Ш.Мөнгөншагай, нэг нь Бямбарагчаа гэх хүн нөгөө талаас нь нэг хятад иргэн орчуулагчтай байсан. Г.Жаргалан гэх хүн уг компанийн 40 хувь, Ш.Мөнгөншагай гэх хүн 60 хувийг эзэмшиж байсан. Тэр Ш.Мөнгөн­шагай, Г.Жаргалан нар нь “Жи Пи Эф” ХХК-ийг хятад иргэний нэр дээр шилжүүлсэн. Тэр компанийг шилжүүлэхэд тэр хүмүүсийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтыг шалгаж хуулийн дагуу үйлдсэн. …Тэр гэрээнүүдийн эх хувь төв архивт байгаа байх. Надад бол байхгүй. …Миний ярьсан бүгд үнэн. Миний хувьд хуулийн дагуу ажиллагааг хийсэн. Хууль бус үйлдэл хийгээгүй” гэж ярьжээ.

Хоёрдугаарт, “Жи Пи Эф” ХХК-тай хамт худалдсан Салхитын мөнгөний ордын хайгуулын гурван лицензийг Ш.Мөнгөн­шагай, Г.Жаргалан нарт худалдсан “Их Монгол майнинг” гэх компани ч давхар булаацалдаад гарч ирсэн байна. “Их Монгол майнинг” ХХК-ийн нэхэмжлэлээр уг лицен­зүүдийг Ш.Мөнгөн­шагай, Г.Жаргалан нарт худалдсан Б.Сүхбат, “Жи Пи Эф” ХХК-д холбогдох анхан шатны шүүх хурал Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I шүүх дээр 2014 оны аравдугаар сарын 3-нд болжээ.

Энэ шүүх хурлаар “Их Монгол майнинг” ХХК, “Жи Пи Эф” ХХК-ийн хооронд 2010 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан “Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах тухай” 11/01, 11/02, 11/03 тоот гэрээг хүчингүй болгох эсэхийг хэлэлцжээ. Учир нь  дээрх гэрээнүүдийг байгуулЧах үед “Их Монгол майнинг” ХХК нь Б.Сүхбат, Ц.Нямсүрэн, Т.Батхуяг нарын гурван хувьцаа эзэмшигчтэй байсан. Гэтэл Б.Сүхбат нь нөгөө хоёртоо мэдэгдэлгүйгээр өмнөөс нь шийдвэр гаргаж,  гарын үсэг зураад лицензийг худалдсан байна гэж  “Их Монгол майнинг” ХХК нэхэмжлэл гаргасан байна. Гэвч анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Улмаар Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх ч “Их Монгол майнинг” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсээгүй байна.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *