Хүчтэй байхын зовлон буюу АН-ын үзээгүй юмны тухай

7-р сарын 2, 2013 9:54 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 426
Монголын улс төрийг Ардчилсан нам бүхэлд нь атгалаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд Ардчилсан намынх.

Б.ОНОН

 

Монголын улс төрийг Ардчилсан нам бүхэлд нь атгалаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд Ардчилсан намынх. Ард түмэн тэдэнд итгэсэн. Энэ бол улс төрийн нам болгонд олдоод байдаггүй тавилан.

Энэ их хувь заяаг хэр зэрэг удаан эдлэх вэ, үүнийг ашиглаж намынхаа нэр хүндийг хэдий хэрийн өндөрт гаргаж чадах вэ гэдэг нь тэдэнтэй л холбоотой. Тэд гэдэг нь Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нар. Тэгээд бусад фракц, бүлэглэлүүдийнх нь толгойлогчид орно. Энэ намынхан 1990-ээд онд ардчилсан хувьсгалыг эхлүүлснээс хойш Монголын улс төрөөс салаагүй яваа ч анх удаа төрийн эрхийг жолоо, цулбуур, ташууртай нь атгаж байгаа нь энэ.

Ардчилсан намынхан 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан улбаагаараа унаа хийж, УИХ, Орон нутгийн сонгуульд илүүрхэж чадсан юм.

Одоо тэд урьд өмнө огт тулж үзээгүй нэгэн шинэ зовлонтой учирна. Учраад ч эхэлсэн бололтой юм билээ.

Энэ бол нам хүчтэй, бяртай байхын зовлон. Төрийн бүх эрх гарт нь байна гэдэг өнөөдрийн цаг дор бүх зүйлийг өчүүхэн жижиг болгон харагдуулж буй. Жижиг намууд, жил гаруйхны өмнө Монголын улс төрөөр “тоглож” байсан Ардын намынхан  жижгэрч харагдаад эхэлсэн байгаа. Жам юм болов уу даа, энэ.

Монгол ардын нам /өмнө нь МАХН байсан/ гэж Монголын улс төрийн цорын ганц тоглогч байлаа. Аль 1921 оноос түүхээ бичсэн энэ нам жил гаруйхны өмнө л төр барьж байлаа. Тасралтгүй 90 гаруй жил улсын, төрийн оргил булаалдаж оршсон Ардын намыг өнөөдрийнх шиг царайтай болчихсон сууна гэж хэн ч, хэзээ ч төсөөлж байгаагүй биз ээ.

Засгийн эрхийг барьж, төрийн гурван өндөрлөг дээр өөрсдийнх нь хүмүүс сууж байсан тэр цагт гурван толгойгоо дагасан талцал ужгирсаар тун хүнд үр дагаварт хүрдгийг судлаачид онолын хэлээр олонтаа бичиж тэмдэглэсэн нь бий. Нөгөө талаар улс төрд мөнхийн дайсан байхгүй, харин мөнхийн эрх ашиг бий гэдэг тэр зарчмаар  хотын, жигүүрийн…өөр юу  юу ч гэлээ, олон фракц бүлэглэлүүд төрийн институциудад таран байршсан байв. Энэ нь намын задралыг улам түргэтгэсэн биз ээ.

Монгол ардын намд явагдаж буй энэхүү процессыг харьцангуй удаан, энэ нь олон жил болсон “зузаан хундаам”-тай холбоотой гэж тайлбарлацгааж байна. Гэхдээ хүрэх цэг нь тов тодорхой харагдаж байгаа гэх.

МАН-ын ноёрхлыг халж, улмаар албыг нь залгамжлан хүлээж авсан АН-д дээрх шинж тэмдэг илэрч эхлэх шиг байна, хэрэв ингэвэл дараагийн сонгууль хүрэхгүйгээр “үр дүн” нь гарна хэмээн улс төрийн шинжээчид ярьж эхэллээ.

Ардчилсан нам маш олон фракцтай. Хэдий­гээр үүнийгээ “нам доторх ардчилал” хэмээн гоё нэр томъёогоор нэрлэдэг ч үе үеийн дарга нарынх нь шүдний өвчин болсоор ирсэн. Энэ өвчнөө тэд хэзээ ч дарж үзээгүй. Магадгүй, төрийн эрх мэдлийн гадна байхад нь олон фракцын тэмцэл өрсөлдөөн Ардчилсан нам амьд байна гэсэн дуу хоолой болж өгдөг байсан биз. Тэгэхээр ашигтай байсан гэсэн үг. Одоо бол үгүй. Саяхныг болтол энэ тэмцлээ хийн, намын даргын суудлын төлөө ҮЗХ-ныхоо хурал дээр ил цагаан тэмцэлдэж байсныг бодвол энэ араншин нь төрийн жолоо, цулбуур, ташуурыг атгаад ч арилж, намба суухгүй нь бололтой.

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болж намынх нь Ц.Элбэгдорж ялж, энэ сэнтий Ардчилсан намд үлдэв. Ерөнхийлөгч нь тангаргаа ч өргөж амжаагүй байтал, засгаар оролдох тухай яриа хөөрөө доохно хавиас нь гарч, бор шувуунууд нисээд эхэллээ. Хэв­лэлээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Женко” Х.Баттулга хоёрын хэн нь дараагийн Ерөнхий сайд вэ ч гэх шиг хачин сонин мэдээлэл цацагдаж байна. Бас Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ч энэ суудалд “хайртай” хүний нэгээр тодроод авав. Сонин, телевиз зүгээр ч нэг, ор үндэсгүй бор шувуу нисгэдэггүйг гадарладаг учир мэдэх хүмүүс “Энэ яриа худлаа биш” гэж хэлэхтэй ч таарч байна. Чухамдаа Д.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, бас Х.Тэмүүжин ч “Таныг намын дарга, Ерөнхий сайд болгоё” гэвэл дуртай л толгой дохих эрхмүүд. Далдуур энэ сэнтийг хүсэмжилж, мөрөөдөж суугааг ч үгүйсгэх аргагүй юм.

Харин одоогийн Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг яачихаад байгаа юм, түүнийг огцруулах шатгаан нь юу юм бэ гэдгийг энэ мэдээлэлтэй хамт огт дайхгүй байгаа юм. Бас хэн тэгтлээ шинэ даргыг хүсээд байна. Гишүүд үү, хэн нэг эрх мэдэлтэн үү, нөгөө фракцууд уу гэдгийг ч ярихгүй байгаа. Харин солино, дараагийн хүн бол тэр гэсэн битүү утга л хүмүүсийн нүд, оюунд дасал болж илгээгдээд байх шиг. Үүнээс үзэхүл, Ардчилсан нам дотооддоо тун удахгүй бужигнаж эхлэх нь.

Мөн АН-ын хамгийн хүчтэй лидер бол дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ц.Элбэгдорж. Хэдийгээр намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдэл Н.Алтанхуягт байгаа ч Ц.Элбэгдорж яаж ийгээд түүнээс дээгүүрт эрэмбэлэгдээд байгаа аж. Янз бүрийн шалтаг, шалтгаантай л холбож байна.

Тиймээс яг одоо АН-ын нэг хэсэг нь Ц.Элбэгдорж руу, нөгөөдүүл нь Н.Алтанхуяг руу ханарцгааж байна. Гоё, хачин нэртэй олон фракц бүгд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт хуваагдаад дагаар орчихсон. Ингэснийгээ хэзээ ч хэн ч их буугаар буудаад ч даахааргүй бат бэх хуяг дуулга, хамгаалалтад орчихсон гэж үзэх аж. Ийм ланжгар хамгаалалттай гэж итгэсэн хүмүүс юу эсийг хийнэ гэж. Өнөөдөртөө тэдэнд цаг хугацаа зогсчихсон мэт, үлгэрийн мэт эрх мэдэл нь үүрдийн юм шиг л бодогдож буй гэх.

Хамгийн гол нь бие биеэ хүлээн зөвшөөрөлгүй, талцан тэмцэлдэх, нэг нь нөгөөгөө улс төрийн, бизнесийн талбараас арчиж хаяхын тулд хийж болох бүхнийг хийх ажээ.

Яг үнэндээ хувьсгал хийснээсээ хойш дагавар магнайд төр түшилцсээр ирсэн АН-ын лидерүүд ийм зүйл үзээгүй. Үзээгүй болохоор мэдэхгүй. Гэтэл энэ нь тоглоом биш. Зүгээр л намын дарга, эсвэл фракцийнхнаа албан тушаал руу зүтгүүлж буй бүлэглэлийн сонирхлоор хязгаарлагддаг “нам доторх ардчилал” биш ажээ.

Энэ бол хүчтэй байхын зовлон буюу төрийн бүх эрхийг атгагчдын шүдний өвчин. Үүнийг эс дарваас гуравхан жилийн дараа болох сонгуулийн дараа дахин дагавар магнайгаас улс төрөө хийж эхэлнэ гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *