ХСИС шинэ сонсогчдоо хүлээж авлаа

8-р сарын 31, 2018 8:52 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 25
40353228_312995189461397_8046156118457581568_n

Б.СОЛОНГО

Дүрэмт хувцсаа үе үе засч, малгайгаа тэгшлэн зогсох аавын хөвгүүд, ээжийн охид. Догдолсон, түгшсэн, сандарсан, тэгсэн хэрнээ нэг л тийм бахархсан, итгэлтэй харцууд. Дөнгөж гуравхан сарын өмнө сурагчийн ширээнээ  тохой нийлүүлэн сууж, нэгнээ шоглон гүйж явсан хүүхдүүд ард иргэдийнхээ амгалан тайван амьдралыг хамгаалж, хууль ёсыг сахиулах албан хаагчид болж, чин шударгаар зүтгэхээ тангараглахаар жагсаж зогссон нь энэ.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэшсэн хүний нөөцийн 80 хувийг бэлтгэн гаргадаг Хууль сахиулахын их сургууль өчигдөр шинэхэн сонсогчдоо хүлээн авсан юм. “Нар гарчихлаа, хүү минь халууцаж байгаа байх даа” гэсээр гартаа цэцэг барьсан нэгэн ээж хажуугаар зүтгэв. Харин аав, ээждээ алдрай жаахнаараа ч сурагчаас сонсогч цолонд хүрсэн шинэхэн оюутнууд хэзээний цэрэг хүн шиг цэх зогсоно. Арга ч үгүй юм.

Энэ сургуульд элсэн орох оюутнууд бусдаасаа ялгаатай. Тэд хичээл эхлэхээс өмнө нэг сарын хугацаанд цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдсан. Тэд энэ хугацаанд цэргийн анхан шатны мэдлэгт суралцахаас гадна сэтгэлзүйн бэлтгэл, тэсвэр тэвчээр олж авах, зөв хүн болж төлөвших, багаар ажиллах, төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх зэрэг олон чадварт суралцдаг байна. Ийнхүү нэг сарын хугацаанд сургалтаа амжилттай дуусгасан 300 гаруй шинэ элсэгч цэргийн тангараг өргөж, Хууль сахиулахын их сургуулийн үндсэн сонсогч болсон баярт өдөр байлаа.

“ХУУЛЬ САХИУЛАГЧ БОЛОХ АНХНЫ АЛХМАА ХИЙЛЭЭ”

Хууль сахиулахын их сургууль хууль сахиулагчдыг бүх шатны сургалтаар дагнан бэлтгэдэг, энэ чиглэлээр судалгааны ажил явуулдаг Монгол Улсын цорын ганц их сургууль билээ. Их сургуулийн дүрэмд заасны дагуу багш, албан хаагч, сонсогчид нь цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгой байдлын албаны нөөц хүч болж, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын хил хамгаалах, гамшигтай тэмцэх, авран хамгаалах зэрэг ажиллагаанд дайчлагдан ажилладгаараа онцлогтой. Тус сургууль нь Хууль сахиулахын удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Шинжлэн магадлахуйн институт зэрэг бүрэлдэхүүн 10 сургуультайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг. Шинэ элсэгчдэд сонсогч цол олгож, тангараг өргүүлэх үйл ажиллагааны нээлтийн үеэр тус сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийг шударгаар хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажиллах амаргүй албанд зүтгэх сонголтыг хийж, Хууль сахиулахын их сургуульд суралцахаар сэтгэл шулуудсан залуус та бүхнээр Их сургуулийн удирдлага, эрдмийн хамт олон бахархаж байгааг илэрхийлэхэд таатай байна. Та бүхэн эх  орны хүүхдүүд болж, төрийн тусгай албаны ажилтан, хууль сахиулагч болох анхны алхмаа хийж байна. Цэргийн анхан шатны бэлтгэл, сорилд хамрагдсан энэ өдрүүдэд ирээдүйн ажил, амьдралд тань тустай олон зүйлст суралцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Бие бялдрын болон тэсвэр хатуужил нь бэрхшээл, сорилыг даван туулахад ямар чухал болохыг та нар мэдэрсэн байх. Цэрэгжилч байдал, дэг журам, сахилга бат, хувийн зохион байгуулалт ямар их зүйл бүтээж болдгийг ойлгосон. Захирах, захирагдах ёс, хүний үг даах, бусдыг ойлгох, хүндэтгэх, дэмжин туслах зэрэг эрхэм чанарууд ямар эрхэм болох, “эрх чөлөө”, “шударга ёс”, “нөхрийн ёс”, “эвсэг, нийтэч хандлага” зэрэг ухагдахуун ямар үнэ цэнэтэйг ирээдүйн хууль сахиулагч, эрхэм сонсогч та ухаарсан байх. Энэ бүхэн та нарт ихээхэн тус нэмэр болох болно” гэж онцоллоо.

100 ГАРУЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД ЦУГЛАВ

Шинэ элсэгчдэд сонсогч цол олгож, тангараг өргүүлэх үйл ажиллагааны нээлтийн үеэр тус сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Та бүхэн эх орны хүүхдүүд болж, төрийн тусгай албаны ажилтан, хууль сахиулагч болох анхны алхмаа хийж байна” гэж онцоллоо.

Хууль сахиулах их сургуулийн удирдлага, зохион байгуулалт, менежмент, эмх цэгттэй байдлаас зарим их, дээд сургуулийн удирдлагууд санаа авч, суралцах хэрэгтэйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сургуулийн өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцах үеэрээ онцолж байжээ. Тиймээс шинэ элсэгчдийн тангаргийн баяртай давхцсан бас нэгэн үйл явдал бол манай улсын 100 гаруй их, дээд сургуулийн удирдлагууд тэнд цугласан явдал байлаа. Салбарын сайдынх нь хэлсэнчлэн сургалтыг зохион байгуулж, туршлага солилцон, танилцахын зэрэгцээ тангарах өргөх ёслолыг мөн үзэж сонирхсон юм. “Сургалтыг бид яагаад Хууль сахиулахын их сургууль дээр хийсэн бэ гэхээр энэ сургууль бол Монгол Улсын нийгмийн амьдралын хэм хэмжээг зохицуулах маш том үүрэгтэй сургууль. Энэ сургуулийн оюутнууддаа хандаж байгаа байдал, багш нарын үйл ажиллагаа нь нийгмийн төлөө гэсэн онцлогтой байдаг” гэж БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргал онцлов. “Монгол Улсын хуулийн чиглэлийн сургуулиудыг нэгтгэсэн нь их зөв шийдвэр болсон. Энэ сургуулийн талаар олон нийтэд сайн сурталчлах хэрэгтэй. Хууль хүчний сургууль гэдэг аливаа улсын төрийн дархлаа хүчирхэг байгааг илэрхийлдэг онцлогтой. Монгол Улсын хувьд төрийн албан хаагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд хүчний байгууллагын сургуулийн оюутнуудад сайн хөтөлбөрөөр сайн мэдлэг өгч байгаа нь маш ач холбогдолтой. Бид гадны туршлагаас илүү дотоодын ийм менежментүүдээ илүү сайн судлах ёстой юм” гэж Олон улсын Улаанбаатарын их сургуулийн дэд захирал Ц.Сүхбаатар ярилаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *