Хоёр хөршийн “хэрүүлийн том алим” буюу түүхэн сургамж

6-р сарын 20, 2018 4:49 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 77
6-20-12

Г.АМАРСАНАА

“Хэрүүлийн алим” гэсэн хэлц үг бий. Тэгвэл бас хэрүүлийн томоос том  алим гэж байдаг юм байна. Энэ нь хоёр удаагийн хэлэлцээрээр Хятадын нутгаас оросууд авчихсан бидний зүгийн муу зүүн хойно орших  газар нутаг юм. Монгол Улсын газар нутагтай хэмжээгээр яг адилхан учраас л том гэхээс өөр аргагүй. Энэ хэрүүл хэзээ нэгэн цагт дахин эхлэхэд монголчууд аль нэг тал руу нь хальтраад орчихолгүй, хоёр хөршийнхөө дунд дэлхийн II дайны үеийн Швейцари шиг бүрэн бүтэн үлдэхийн тулд манай иргэн бүр энэ явдлыг ялангуяа түүхэн сургамжийг нь мэдэж байх зайлшгүй шаардлагатай юм. Энэхүү хэлэлцээрүүдийг ойлгохын тулд “Хар тамхины” гэгддэг I болон  II дайныг мэдэх ёстой. Үүнийг мэдэхийн тулд Крымын дайныг мэдэх ёстой. Үүнийг ойлгохын тулд Осмааны эзэнт гүрний үүсэл мөхлийг мэдэж байх ёстой болж байгаа билээ. Иймээс Осмаанаас нь  эхлэе.

Осмааны эзэнт гүрэн.

Манай эрний өмнөх 27 оноос манай эрний 476 он хүртэл 16 зуун буюу 1600 жил дамжин оршсон Ромын эзэнт гүрэн цагийн эрхээр сулран Өрнө буюу Баруун, Зүүн буюу Дорно гэсэн хоёр хэсэгт хуваагдлаа.

Баруун Ромын Британий арлыг 440 оны үед англи, саксчууд болон ютачууд эзлэн суув. 450 болон 452 онд хүннүгийн довтолгоон энэ улсыг ихээхэн сулруулав. 455 онд босогчид Ромыг эзлэн сүйтгэж Сицил, Сардин болон Корсик арлуудыг эрхэндээ оруулав. 475 онд бургундчууд Рон голын сав нутгийг эзлэн Бургундын хаант улсыг зарлав. Эцэст нь Баруун Ромын сүүлчийн хаан Ромул Август 476 онд хаан ширээнээс зайлуулагдлаа. Ийнхүү Баруун Ромын эзэнт гүрэн 395 – 476 он хүртэл 81 жил оршин 476 оны есдүгээр сарын дөрвөнд оршин тогтнохоо болив. Харин Дорнод  буюу Зүүн Ромын гэгддэг Византийн эзэнт гүрэн 395—1453 он хүртэл 977 жил оршин тогтносны эцэст турк-османы цэрэгт бут цохигдон түүх болон үлдлээ. Византи гэдэг нь  өнөөгийн Станбул хот бөгөөд Константинополь  гэдэг нь иргэдийн дунд тархсан энэ хотын  албан бус нэр  юм. Византиин суларч байсан үе буюу 14 дүгээр зуунд турк овгуудаас бүрдсэн Анатолии улс Византийн мэдлийн хэсэг нутаг болох Бага Азид бий боллоо. Анатолии гэдэг нь барууны, өрнийн гэсэн грек үг бөгөөд тухайн үедээ одоогийн бага Азийг ийн нэрлэж байв. Ийнхүү эрхшээлдээ оруулсан газар нутгийн хэмжээгээр монголчуудын дараа орох Оттоманы буюу Осмааны эзэнт гүрэн бий болж 1922 онд бие даасан Турк улс бий болтол оршин тогтносон юм. Анатолии улсын бүрэлдэхүүнд байсан овгуудын нэг нь бусдыгаа нэгтгэн захирсан бөгөөд энэ овгийн тэргүүн нь Осмаан(Оттоман) нэртэй байжээ. Ийнхүү энэ эзэнт гүрэн анхныхаа султаны нэрээр нэрлэгдэн түүхэнд үлджээ.

Османы эзэнт гүрний сүүлчийн султан М Стамбулаас хөөгдөж буй нь.

Осмааны хүү Орханы дараа түүний хүү Мурад 1 хаан ширээнд залран султан болов. Тэрээр 1389 онд Косовын талд сербийн армийг бут цохин Дунай мөрний өмнөд хэсгийг эзлэн авснаар Европ тивд цаашид нөлөөгөө тэлэх боломжтой болжээ. Османчууд монголчуудын жишгээр эзэлсэн улс, орныхоо ёс заншил, шашин шүтлэг, төрийн зохион байгуулалтыг хэвээр хадгалдаг байсан нь амжилтынх нь гол суурь болж байв. Османчууд европчуудыг ялсан хамгийн том ялалт нь 1396 онд Дунай мөрний эрэгт болсон том тулалдаан байлаа. Ингэснээр Османы гүрэн жинхэнэ эзэнт гүрэн болов. Гэвч амжилтандаа эрдсэн Баязид (Мурадын хүү) султаны  хэт олон эмэгтэйчүүдээс бүрдэх ордны  гарем, байнга болдог яг л ромчууд шиг хэтэрхий тансаг найр наадам нь иргэд төдийгүй олон ноёдын дургүйг хүргэж бүр үзэн ядах болжээ. Мөн  Баязид султан Бага Азийн шашин, цус нэгт  овог улсуудыг довтлон дээрэмдэх болсон нь орон нутгийн Бей гэгдэх ноёдын тэвчээрийг барлаа. Ингээд Бей нар нэгдэн Монголын “Доголон” хочит Төмөр хаан(Тэрээр Чингисийн удмын хүн биш болохоор өөрийгөө Эмир гэж нэрлүүлж байв)-д дагаар орж Баязидыг хашрааж өгөхийг гуйжээ. Төмөр хаан 1402 онд Биязид султаны армийг бут цохиж өөрийг нь олзлон авав. Хотыг нь эзлэн авсан монгол хаан султанд хандан хотын хэрмэндээ ийм том төмөр хаалга хийлгэж байхаар энэ төмрөөр сэлэм хийлгэсэн бол чи ялагдахгүй байсан. Энэ их алт, эрдэнэсийг хадгалж байхаар цэргүүд болон жанжнууддаа өгсөн бол чи ялагдахгүй байсан гэж хэлээд хоол гуйх болгонд нь нэг гулдмай цул алт  явуулсаар султаныг өлсгөж алсан гэдэг домог Төмөр хаан болон  Баязид султан нартай холбогдон яригдах нь бий. Төмөр хааны дараа дараагийн довтолгоон энэ эзэнт гүрнийг хэсэгчлэн хуваав. Гэвч Османы эзэнт гүрэн өөрийн гэсэн эзэмшил нутагтай үлдсэн бөгөөд 15 дугаар зууныг улс орноо эмхлэн байгуулахад зориулжээ. Ингэснээр дараагийн 16 зуун энэ гүрний хувьд “алтан зуун” болов. Энэ үед Османы эзэнт гүрнийг Сулейман 1 султан удирдаж байсан бөгөөд улсынхаа хүч чадлыг ялангуяа далайн цэргийн хүчийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарчээ.16 дугаар зууны дундуур энэ гүрэнд уран зохиол, архитектор цэцэглэн хөгжлөө. Энэ үед улс нь феодалын харилцаатай цэрэгжсэн удирдлагатай байсан боловч хуулийн засаглалтай байсан нь тухайн үедээ ойр тойрныхоо бусад улсыг бодвол нийгмийн дэвшилтэд харилцаанд оршиж байсан гэсэн үг юм. Иймээс Сулейман 1 султан эзэнт гүрний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн билээ.

Сулейман 1 султанаас хойш ийм хүчтэй султан энэ гүрний түүхэнд дахиж гараагүй юм. Учир нь султан болсон нь үлдсэн  бусад хан хүүг цаазалдаг байсан харгис ёсыг халж 1603 оноос султан болоогүй хан хөвгүүд хааны ордны тусгай хэсэгт байрлан улсын хэргээс бүрэн тусгаарлагдан тансаг амьдралд умбаж, султаныг амь үрэгдвэл хамгийн ахмад нь султан болж бусад нь үлдэн хуучнаараа амьдардаг арай зөөлөн ёс заншил тогтсон билээ. Иймээс ихэнх насаа амьдралаас таслагдсан нөхцөлд өнгөрүүлсэн 17-18 зууны султан хаадын улсаа удирдах ур  чадвар ялангуяа улс төрийн мэдлэг авах юмгүй боллоо. Ийнхүү эзэнт гүрэн суларч эхлэв. Суларсан байдлыг нь далимдуулан эртний өрсөлдөгч Австри-Унгарын эзэнт гүрэн Босни болон Герцеговиныг булаан авчээ. Италитай хийсэн 1911-1912 оны дайнаар Османчууд Ливийг алдав. Балканы холбооны улсууд дайн зарлан Балканы хойгийн бүх эзэмшил нутгийг нь булаан авав. 1711 оноос Османы эзэнт гүрэн оросын Цагаан хаантай хийсэн долоон дайнд бүгдэд нь ялагдал хүлээв. Чухамхүү энэ үед оросуудын европын болон Ойрхи Дорнодын нөлөөг таслахын тулд Крымын дайнд англи, францчууд османчуудыг мөнгө хөрөнгө, зэр зэвсгээр дэмжсэн боловч ялж чадахгүй байсан учир удалгүй  өөрсдөө шууд оролцон ялалт байгуулсан юм. Үүний дараа Азийн нөгөө хэсэгт оросуудын нөлөөг таслахын тулд Манж Чин улстай хийж байсан “Хар тамхины дайн”-ыг ялалтаар дуусгаж санасандаа хүрсэн билээ. Харин Османчууд дэлхийн нэгдүгээр дайнд хамтрагчдынхаа эсрэг “Төвийн эвсэл” гэж нэрлэгдсэн Герман болон Австри-Унгарын  талд орсон нь эзэнт гүрний хувьд “морио унасан” явдал боллоо. Осмааны эзэнт гүрэн  Ойрхи Дорнод болон Кавказад байлдан хэд хэдэн том ялалт байгуулсан боловч эцэст нь ялагдав. Ядаж байхад Ойрхи Дорнодын арабын босогчидтой байлдаж хүчээ сарниулав. Ингээд дайны дараа ялсан эвслийн улсууд ялагдсан Германы нутгаас таслан аваад зогсохгүй Австри-Унгарын эзэнт гүрнийг  хуваан мөхөөсөнтэй адил хувь заяаг  Османы эзэнт гүрэн үүрсэн билээ. Орчин үеийн туркийн нутгийг туркуудын өвөг сельжууд эзлэн авахад энэ нутагт христийн шашинтай ром болон армянчууд амьдарч байв. 18 дугаар зуунд ч гэсэн бүх хүн амын 2/3-ыг эдгээр үндэстэн бүрдүүлж байлаа. Харин дэлхийн нэгдүгээр дайны сүүлчээр туркийн арми, курд, турк, черкес, туркмен  цагдаа  нар нутгийн  уугуул үндэстэн болох  шашин өөр  грек, ассир, армян,  христийн шашинт езид курд нарыг хайр найргүй хоморголон устгасан юм. Үүнийг геноцид гэдэг. 1915 оны дөрөвдүгээр сард армянчуудыг устгасан геноцид эхлэв. Ийнхүү эзэнт гүрний хагаран бутралт эрчимжиж “өрөм гаднаасаа төдийгүй дотроосоо өтөв”. Удалгүй 1916 онд Ойрхи Дорнодод арабуудын хүчит бослого дэгдэж Антантын гэрээ­ний эвслийн улсуудад ашигтай байдал авчрав. 1918 онд Мудросскийн найрамд­лын тохирол­цоогоор дэлхийн нэгдүгээр дайн дуусав. Османы эзэнт гүрний газар нутгийг ялсан улсууд хуваан  мэдэлдээ авлаа. Антантын эвслийнхэн Константинополь болон  Измир гэсэн далайн боомт хотуудыг эзлэн авсан нь туркийн үндэсний хөдөлгөөн үүсэхэд шууд нөлөөлөв. Туркийн  тусгаар тогтнолын төлөө, шинэчлэгч, улс төрч, төрийн зүтгэлтэн, гарамгай жанжин, Туркийн бүгд найрамдах намын анхны дарга, Турк улсын анхны ерөнхийлөгч Мустаф Кемал Ататюркээр удирдуулсан  эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг явуулсан 1919-1922 оны дайн ялалтаар дуусаж 1922  оны арваннэгдүгээр сарын 17-нд  Османы эзэнт гүрний сүүлчийн султан хаан, Антантын улсуудын байгуулсан тоглоомын улсын тэргүүн  Мехмед VI-ийг эх нутгаасаа хөөн гаргав. 1923 оны аравдугаар сарын 29-нд өнөөгийн Турк улс тусгаар тогтнолоо зарлав. Ийнхүү 623 жил оршин тогтносон Османы эзэнт гүрэн түүх болон үлдлээ.

Крымийн хойгийн далайн боомт болон Хар тэнгисийн хойд хэсгийг Османы эзэнт улс 18 дугаар зууны эцсээр  Цагаан хаанд алдсан учир газар нутгаа эргүүлэн авах гэж 1806-1812, 1828-1829 онд дайн хийж ялагдан Кавказын нурууны хэсэг газар, Бессарбийг нэмж алдлаа. Бессарби гэдэг нь Днестр болон Прут мөрний хооронд орших ихэнх нь өнөөгийн Молдавын нутаг, үлдсэн нь Одесс мужын өмнөд хэсэг нутаг  юм. Оросууд  Хар тэнгист өөрийн флотыг оруулахыг тулган шаардаж Османчуудын мэдэлд байсан  Балканы хойгийн христийн шашинт иргэдэд туслан бослого тэмцэл өрнүүлэх болсон нь Османы эзэнт улсын тэвчээрийг барав. Ойрхи Дорнод болон европ дахь Оросын нөлөөг таслан өөрсдийн нөлөөг тогтоохын тулд Англи, Франц, Австри улсууд эдийн засаг, цэрэг зэвсгээр османчуудыг  дэмжихээ илэрхийлэв. Ингээд хоёр талаасаа дайн эхлэх нөхцөл бүрдэв. Удалгүй шашны зөрчлөөр шалтаглан оросууд 1853 оны зургадугаар сард Османы хилийг нэвтрэв. Цагаан хаан Францыг 1848 оны хувьсгалаас сэргэж чадаагүй байгаа, Англичууд Кипр, Египетийг авах учир бидэнд саад болохгүй гэж тооцоолсон байна. Гэвч энэ нь маш том алдаа болсон юм. Ингээд Османчууд 1853 оны аравдугаар сард оросуудад дайн зарласнаар 1853-1856  оны Крымын дайн албан ёсоор эхлэв. Крымын дайныг үндсэн хоёр хэсэгт хувааж болно.1853 оны аравдугаар сараас 1854 оны дөрөвдүгээр сар. Энэ үе нь  зөвхөн оросууд болон османчууд  Крымын буюу Хар тэнгисийн, Дунай мөрөн болон Кавказын нурууны гэсэн гурван фронт дээр дангаараа байлдсан үе. Энэ үед үндсэндээ оросууд ялж байв. Дараагийн үе нь1854 оны дөрөвдүгээр сараас 1856 оны хоёрдугаар сар. Энэ үед Англи, Францын цэрэг дайнд шууд оролцож Османчуудыг дэмжин оросуудтай байлдав. Ийнхүү энэ дайн оросуудын ялагдлаар дуусаж 1856  оны гуравдугаар сарын 6-нд  Парижийн Энхийн гэрээ байгуулагдан Крымын дайн дуусав. Энэхүү хэлэлцээрээр оросууд Карсу бэхлэлтийг османчуудад буцаан өгч Хар тэнгисийн флоттой байх эрхээ хасуулж,  энэ тэнгисийг олон улс эзэмшиж байхаар болов. Мөн оросууд Дунай мөрнөөс хол байхаар болж Бессарбийн ихэнх хэсгийг  Молдавын ханлигт шилжүүлэв. Энэ дайн оросууд барууны өрсөлдөгчдөөс цэрэг техникийн хувьд хоцрогдсон гэдгийг батлан харуулсан юм. Энэхүү дайнд оросууд 47.5, Англичууд 2.8,  Францууд 10.2, Османчууд 11 мянган хүнээ алдсан байна. Харин  энэ дайнд албан ёсоор оролцоогүй ч Дунайн эрэгт оросуудтай байлдсан том тулалдаанд  Австри-Унгарчууд хэдэн хүнээ алдсан нь тодорхойгүй үлджээ. Чухамхүү Крымын дайнд ялж өрсөлдөгч оросын сул талыг мэдэж,  шинэ дэвшилтэд цэрэг, техникээ  туршин сайжруулж, байлдааны туршлага хуримтлуулсан нь Англи, Францад Ази тивийн нөгөө хэсэгт туршилт маягтай явуулсан дайныг  ялалтаар дуусгаж өөрсдийн эрх мэдлийг нэмэгдүүлэн Оросын нөлөөг бүрэн таслах боломж байгааг баталсан явдал  болсон билээ. Ази тивийн нөгөө хэсэг гэдэг нь Манж Чин улс байлаа.

Манж Чин гүрэн

XIX зууны Манж Чин улс Европчуудад хаалттай баян чинээлэг улс байжээ. Энэ нь өөрсдөө иргэдийнхээ хэрэгцээт бүх зүйлийг үйлдвэрлэж гадны гарыг хардаггүй байсан гэсэн үг. Харин евопчууд энэ улсаас шаазан эдлэл, торгоноос авахуулаад маш олон зүйлийг экспортлон авдаг байв. Энэ нь гадаад худалдааны алдагдлыг бий болголоо. Энэ үед манафактур дээрээ уурын хөдөлгүүрийг инноваци болгон нэмэн жинхэнэ аж үйлдвэржсэн улс болж, эдийн засгийн шинэчлэл хийсэн Англи тэргүүтэй улс цэрэг, техникийн ололт амжилтандаа тулгуурлан нөлөөгөө тэлэхэд бэлэн болоод байв. Хүн ам  нягт сууршсан олон иргэдтэй Манж Чин улс европын маш том зах зээл болох байлаа. Гэвч манжууд “цагаан луйварчдыг цухуйлгаж ч болохгүй” гэсэн хатуугийн хатуу, хаалттай бодлого баримталж  байв. XIX зууны дунд үед европын наймаачид зөвхөн Гуанжоу боомтод наймаа хийдэг бөгөөд тус боомтод байрлах газраас цааш ганц ч алхах эрхгүй байв. Европчуудтай худалдаа хийх эрхтэй манжийн 13-хан компани байсан учир дуртай цагтаа үгсэн хуйвалдаж үнээ нэмж байлаа. Энэ 13 компанийг улсаас хатуу хянаж улсынхаа тухай ямар нэгэн мэдээ европ худалдаачдад дамжуулах, хятад, манж хэл заахыг хатуу хориглож зөрчвөл бөндгөртэй нь ярьдаг байжээ. Эдгээр компаниуд бараагаа зөвхөн алт, мөнгөн зоос, гулдмайгаар зардаг тул европт үнэт металлын хомсдол үүсэж ялангуяа фунт стерлингийн ханш уналаа. Иймээс европчуудад худалдааны алдагдлыг засан Хятадад маш их эрэлт үүсгэн завсаргүй зарагдах бараа олох хэрэгтэй болов. Үүнийгээ ч олов. Энэ нь хар тамхи байлаа.

XVIII зуунаас Энэтхэгийн худалдааг хариуцсан Английн ”Ост-Инд” компани Бенгалийн хар тамхийг худалдан авах монополь эрхтэй байжээ. Энэ компани XIX зууны эхээр хар тамхиа Хятадын зах зээлд амжилттай борлуулж эхэлсэн байна. 1834 оноос энэ компаниас гадна олон англичууд хар тамхины наймаа эрхлэх болж монополь эрх цуцлагдсанаар хятадад нийлүүлдэг хар тамхи хэдэн арав дахин нэмэгдэв.  Үүнээс өмнө Манж Чин улс хар тамхийг маш бага хэмжээгээр, зөвхөн эмийн зориулалтаар хэрэглэдэг байжээ. Ийнхүү Манж Чин улсад хар тамхи тахал болон тархаж удалгүй жирийн иргэдээс гадна төрийн албан хаагчид, цэрэг армийнхан хүртэл хэрэглэдэг болов. Англичууд хар тамхийг зөвхөн цэвэр мөнгөөр зарж байсан нь гадаад худалдааны алдагдлыг арилган бүр ашигтай болгож үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтмол барих боломжтой болгов. Манж Чин улсын хаан зүгээр байсангүй. Хар тамхийг хориглосон маш хатуу арга хэмжээ авч  явууллаа. Ингээд хар тамхины гэж нэрлэгдсэн дайн эхлэх боломж хоёр  талаасаа бүрэн бүрдэх нь тэр.

1840 онд Манж Чин улсын усан хилд английн флот хүрч ирэв. Ингээд Манж Чин улсаас хурааж авсан хар тамхины үнийг төлөх, адил тэгш эрхтэйгээр худалдаа явуулах боломж олгохыг шаардав. Бээжин  зэвсэгт эсэргүүцэл үзүүлсэн боловч барууны зэвсгийн хөгжлийн өмнө хүчин мөхөсдөв. Англичууд чухал түшиц газруудыг  ээлж дараалан эзлэн авч бүр Бээжинд тулж ирлээ. Ингээд  удтал хэлэлцэний эцэст 1842 оны наймдугаар сарын 26-нд Нанхийны энхийн хэлэлцээр байгуулагдаж Бээжин  Лондонд олон сая мөнгөн зоос төлөх, Хонгонк арлыг Английн мэдэлд өгөх, далайн гол боомтуудаа Английн худалдаачдад нээх үүрэг хүлээлээ. Үүнээс нэг их удалгүй Крымын дайныг амжилттай дуусгасан Англи, Францчууд Бээжинтэй дахин байлдах шалтаг хайж эхлэв. Ийм шалтаг ч олдлоо. Манж Чин улс Английн далбаатай Хонгонкийн “Эрроу” гэх худалдааны  хөлгийг далайн дээрэм хийсэн хэмээн олзлон авсан нь дайн хийх сайхан шалтаг болов. Энэ удаа Манжийн эсрэг анличуудаас гадна холбоотон францчууд ч хамтран  довтлов. 1857 онд англичууд Гуанжоу боомтыг эзлэн авав. Гэтэл Энэтхэгт сипаечуудын зэвсэгт бослого гарсан нь байлдааныг цаашид өргөжүүлэх англичуудын  боломжийг хаав. Ингээд 1858 онд энхийн хэлэлцээр эхэлжээ. Англи, Франц болон Манжийн хэлэлцээрт орос, америкчууд хүртэл оролцов. Оросууд сиймхийг ашиглан манжуудтай дангаар гэрээ хийж хүн амсаад байх юмгүй ч маш их баялагтай, далайд гарах чухал түшиц газар болох нэг сая ам. км газар нутгийг нь салгаж амжив. Энэ үед хятадууд гадны шахалтнаас гадна дотооддоо Манжуурт гарсан  бослогыг яая гэж байсан учир англи, франц, америкийн  бүх болзлыг хүлээн авсан Тяньжины гэрээ байгуулагдав. Ийнхүү европчууд Манж Чин улсын бүх нутагт чөлөөтэй худалдаа эрхлэх эрхтэй болж хэд хэдэн далайн чухал боомтуудад нэмж эзэн суух болсон төдийгүй хятадад христийн шашин дэлгэрүүлэх эрхтэй болжээ. Гэхдээ энэ гэрээг Манжийн эзэн хаан баталж байж хэрэгжих байв. Иймээс хаан элдэв шалтаг заан гэрээг баталсангүй. 1860 оны зун англи, францын шинэ довтолгоо эхлэв. Энэ удаа далайгаас гадна хуурай замаар довтолжээ. Харин  манжууд тэдний эсрэг монгол цэргүүдийг татан авчирсан байлаа. 1860 оны есдүгээр сард  Монголын Сэнгэринчин ноёноор удирдуулсан манжийн(тэр үед хятад иргэд цэрэг болох эрхгүй байв) 60 мянга орчим цэрэг англи, француудыг довтлон жижиг тулаанд амжилт үзүүлж байсан ч шийдвэрлэх тулалдаанд 3000 цэрэг 27 үхэр буугаа алдан ялагджээ.  Бялтат буунд цахиур буу, их буунд үхэр буу ялагдав.  Торох саадгүй болсон гадны цэргүүд ялалт байгуулсаар  Бээжинд нэвтрэн орж эзэн хааны  зуны ордныг тонон дээрэмдэв. Манжийн эзэн хаан Сяньфэн нутгийнхаа захад  байх ордон руу зугатсан учир гэрээ байгуулах хүн байсангүй. Үүнийг оросууд овжноор ашиглан зуучлагч болов. Англи, францчуудад Крымын дайнд ялагдсан оросуудад  Манжийн нутгаас ирээдүйд хэрэг болох түшиц газар аргалж аван сэтгэлээ цайруулахаас өөр зам үлдсэнгүй.  Ингээд Бээжингийн гэрээ байгуулагдан манжаас бусад нь сэтгэл амар үлдэв. Энэ гэрээнд АНУ, оросууд хүртэл оролцож өөрсдийн эрх ашгийг хангав. Манжууд  газар нутгаасаа оросуудад нэмж алдан, англи, францчуудад дайны төлбөр төлөхөөс гадна бүр олон  шинэ боомтуудад эзэн суух эрх найр тавин өгч “кули” гэх хямд ажиллах хүч болсон хятадуудыг европт гаргахыг зөвшөөрчээ. Ийнхүү манжийн гүрэн европыг хямд бараа,түүхий эд болон ажиллах хүчээр хангадаг хагас колони байдалтай улс болов. Энэ байдал ХХ зууны хагас хүртэл үргэлжилсэн бөгөөд Маогийн тэргүүлсэн коммунистуудын ачаар дахин бие даасан нэгдмэл улс болсон билээ. Харин одоо Манж Чин улсын 1 500 000 ам.км газар яагаад оросуудын мэдэлд  шилжсэнийг арай  тодруулъя.

Айгуний болон Бээжингийн гэрээгээр шилжсэн газар нутаг

XVI зуунаас оросууд  байгалийн баялаг ихтэй Алс Дорнодыг сонирхох болж  1587 оноос орос иргэдийг  Байгаль нуур болон Амар мөрний орчим байгалийн хишиг ялангуяа үслэг ан олзворлуулан суурьшуулах болов. 1650 оноос эхлэн орос манжууд энэ нутгийг булаацалдан 40 жилийн турш байсхийгээд л зэвсэгт мөргөлдөөн хийсний эцэст  1689 онд Нерчинскийн гэрээ байгуулж Амар мөрний орчим нутаг манжийн мэдэлд үлджээ. Гэхдээ нарийн хил гэж байсангүй. 1858 онд Амар мөрний орчим нутаг, Камчатк, Уссурийн хязгаарыг нэгтгэсэн Примори муж байгуулагдав. Эцэст нь 1858 оны тавдугаар сарын 28-нд  манжийн Айгунь хотод энхийн  гэрээ байгуулагдлаа. Түүхэнд “Айгуний гэрээ” гэж нэрлэгдсэн энэхүү гэрээгээр хар тамхины хоёрдугаар дайнд ялагдаад байсныг нь далимдуулан Амар мөрний эргээр хил тогтоох гэсэн оросын саналыг хоёр фронт дээр тулалдахгүйн тулд  манжууд хүлээж авахаас өөр арга байсангүй. Мөн Амар болон Уссур мөрнөөр зөвхөн  манж, оросын  хөлөг  явах  эрхтэй  боллоо.  Энэ нь тухайн нутагт барууны улсууд нэвтрэхийг хорьсон хаалт байв. Ингэснээр манжууд “Эзэн хааны ангийн дархан цаазат газар”  хэмээн монгол цэргүүдээр мануулан  хятадуудын хөлийг хорьж байсан нэг сая орчим ам.км газар нутгаа оросуудад алджээ. Удалгүй оросууд манжийн арга ядсан байдалд орсоныг нь  ашиглан зэвсгийн болон мөнгөн тусламж үзүүлэх болзолтойгоор 1860 оны Бээжингийн гэрээгээр Амар мөрний хилийг тэлж  Уссурийн хязгаарын 500 мянга гаруй ам.км  газрыг нэмж авчээ. Хоёр хөршийн хэрүүлийн алим буюу байгалийн асар их баялагтай, бараг хүн суудаггүй, далайн гарц бүхий 1 500 000  ам.км нутаг Хятадаас оросуудад шилжсэн  түүхийг товч  дурдвал ийм байна. Гэхдээ энэ түүх монголчууд бидэнд “Сиймхий гаргаж болдоггүй юм байна” гэсэн түүхэн сургамж үлдээсэн нь   маш чухал  юм. Харин сиймхий гаргахгүй байхын тулд, Нэгдүгээрт, газар нутгаа эзэнгүй үлдээж болдоггүй юм байна. Эзэнтэй болгохын тулд орон нутагт яг л оросууд эзэнгүй нутагт иргэдээ яаж  суурьшуулсан тэр аргыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь хөдөө орон нутагт олон улсын конвенци болон одоо байгаа хуулийн дагуу байгалийн баялгийг зохистой ашиглах боломж олгон валютын тогтмол орлоготой дундаж давхаргыг бий болгож эзэн суулгах явдал юм. Хоёрдугаарт, гадны иргэдийн  хэрэгцээнд нийцсэн өндөр технологи буюу оюуны өмч шингэсэн инноваци бүхий бараа бүтээгдэхүүн экспортлож гадаад худалдааны тэнцлийг хангах. Ингэхийн тулд төрийн авилга, хүнд суртлыг арилгахын тулд яам агентлагуудыг цомхотгож, баялаг бүтээгчдэд саад болдог бус дэмждэг тогтолцоонд яаралтай шилжих. Гуравдугаарт, гадны хөрөнгө оруулалт буюу хоёр, гуравдахь хөршийн эрх ашгийг хамгаалах. Энэ нь гадныхныг ад үздэг манжууд шиг үзэл бодол гаргаж буй хэнд ч гэсэн  улс, эх орны эрх ашгийн үүднээс   хуулийн дагуу хариуцлага тооцдог болно гэсэн үг. Ингэснээр Монголд НҮБ-ын харъяа олон улсын салбар байгууллагууд байрлах боломж бүрдэнэ. Олон улсын байгууллагууд байрлах нь гадны хувь хүн, компаниуд мөнгөө Монголд хадгалах баталгаа болно. Иймээс хэрэв бид Улаанбаатарт АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулж чадвал  маш чухал ач холбогдолтой  том алхам болох нь гарцаагүй. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал хэзээ нэгэн цагт байгалийн асар их баялагтай, далайн гарц бүхий 1 500 000 ам.км газар нутгийн асуудал босож ирэхэд  монголчууд бид дэлхийн II дайны үеийн Швейцари улс шиг бүрэн бүтэн үлдэх нь дамжиггүй. Эцэст нь хэлэхэд англичууд зөвхөн манжид төдийгүй Японд үүд хаалгаа нээх болзол зэрэг тавьсан юм. Япончууд энэ болзлыг хүлээн авч удалгүй аж үйлдвэрийн хүчирхэг гүрэн болсон. Хэрэв манжууд япончууд  шиг нээлттэй бодлого явуулсан бол мэдээж энэ их баялагтай өргөн,  уудам газар  нутгаа алдахгүй байсан. Гэхдээ монголчууд бидний хувь заяа хэрхэх байсан бол.Түүх эсрэгээрээ давтагддаг болохоос эргэж буцдаггүй нь юутай сайхан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *