Хоёр ерөнхийлөгчийн уулзалт чухал гэв

6-р сарын 29, 2018 10:01 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 25
6-29-7

Х.ОЮУНБОЛД      

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар  ирэх сарын дундуур уулзана гэж төлөвлөөд байна  гэж Цагаан ордноос мэдэгдсэн. Иймээс  АНУ-ын ерөнхийлөгчийн  үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөх Жон Болтон Москвад айлчилж байна. Тэрээр ОХУ-ын эрх баригчидтай Кремлийн ордонд хийсэн хэлэлцээрийн дараа болсон хэвлэлийн хурлын үеэр “Ерөнхийлөгч Дональд Трамп, ерөнхийлөгч Владимир Путин нар хэлэлцээр хийх нь  олон улсын тогтвортой байдалд нөлөөлөхүйц чухал ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч  байгааг мэдэгджээ. Тэд хоёр орныг хамарсан нийтлэг асуудлыг авч хэлэлцэн судлах, хамтран ажиллах салбарыг хайж олох хэрэгтэй хэмээн үзэж байгаа. Учир нь хоёр орны  хамтарсан харилцаа дэлхийн орнуудын  тогтвортой байдалд нөлөөлж байна гэв. Тэдний уулзах гэж  байгаад гайхах зүйл алга. Дональд Трамп олон орны тэргүүнтэй уулзаж, хэлэлцээр хийж байна. Жон Болтон ерөнхийлөгч Дональд Трамп надаас ОХУ-ын эрх баригчидтай уулзаж ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийх боломж байгаа талаар хэлэлцээд ирэхийг хүссэн гэж ярьжээ. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар энэ уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд уулзана гэдгийг үгүйсгэсэнгүй. Үүний өмнө ерөнхийлөгчийн зөвлөх Юри Ушаков хоёр ерөнхийлөгчийн уулзах газар, цагийг хэлэлцэж тохиролцсон гэж хэллээ. Тэрээр тэд уулзалтын үеэр стратегийн тогтвортой байдал, олон улсын алан хядлагын эсрэг тэмцэх, бүс нутагт өрнөсөн  зэвсэгт мөргөлдөөн, хоёр орны харилцааг хэвийн байдалд нь оруулах талаар хэлэлцэнэ гэв.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгчийн  үндэсний аюулгүй байдал эрхэлсэн зөвлөх Жон Болтон тэдний  хийх уулзалтаас нааштай үр дүн гарна  гэж найдахгүй байгаа юм.  Түүний үзэж байгаагаар уулзалт хийгээгүй удсан хоёр орны хувьд ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп хүссэн сэдвээ сонгож ярилцах боломжтой өргөтгөсөн хурал хийвэл зүгээр байх гэж хэлсэн байна. Мөн Дональд Трамп Владимир Путинтэй хурал хийх нь ашигтай  гэж үзэж байна гэжээ. Үүнээс гадна  зөвлөх Жон Болтон хоёр орны тэргүүнүүд гэрээ байгуулж болохыг үгүйсгэсэнгүй. Үүнээс гадна   ОХУ их долоо, их наймын бүлэгт  дахин нэгдэж болох талаар уулзах үеэрээ хэлэлцэж болно гэв. Тэрээр ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путинтэй холбоотой утгагүй мэдэгдэл их байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь тэдний хийсэн, хийх гэж байгаа уулзалтын цаана Дональд Трампын ялалт байгуулсан ерөнхийлөгчийн сонгуультай  холбоотой баталгаа   нуугдаж байна гэж хардаж байгаа нь утгагүй гэв. Ирэх сард тэдний уулзахаар төлөвлөж байгаа уулзалтын гол зорилго нь  үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэрээ байгуулахад чиглэж байгаа юм гэж хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *